| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/018 |
| Огноо | 2017-02-06 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 06 өдөр
Дугаар 2017/ШЦТ/018
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дауренбек даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.С,
улсын яллагч: Т.С,
орчуулагч: Н.Б,
хохирогч: Т.К,
шүүгдэгч нарын өмгөөлөгч: Д.А,
шүүгдэгчид Т.Ж, Х.Х нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Тн Ж, Ш овогт Хн Х нарт холбогдох 201704000005 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Т.Ж: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, А овогт Тн Ж, ****регистрийн дугаартай, 1991 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эхнэр, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 39/А дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Х.Х: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ш овогт Хн Х, ******регистрийн дугаартай, 1973 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, 1 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч Т.Ж, Х.Х нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Ж, Х.Х нар бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэл рүү явах зам дагуу “Келин төбе” гэх газраас 1 адуу /700000 төгрөг/ хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Т.Ж шүүхийн хэлэлцүүлэгт: “... Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Шүүгдэгч Х.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
- Хохирогч Т.К шүүхийн хэлэлцүүлэгт: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын үед “Урал” маркийн /3 дугуйтай/ мотоциклтой 2 хүн миний адуун сүргийн хажууд ирж зогсож, адуунуудын хажууд очиж эргэлдээд явж байсныг гэрт сууж байгаад дурангаар хараад ямар учиртай хүмүүс юм байна, очиж уулзъя гэж бодоод өөрийнхөө мотоциклтой адууны хажууд ойрхон ирсэн үед нөгөө хоёр залуу адуунуудын хажуунаас холдож явж байхад би очиж уулзаж, нөгөө хоёр залуугаас хаанаас явж байна, та нарыг хэн гэдэг бэ гэж асуухад бүдүүн шар царайтай залуу өөрийгөө Т гэдэг хүний хүүхэд гэж хэлсэн, нөгөө нэг нь бор царайтай залуу бас нэг хүний нэрийг хэлсэн тэрийг одоо санахгүй байна. Дээрх залуус надад “хүрэн зүсний зөв талын гуянд ташуур тамгатай азарга хайж” явж байна гэж хэлсэн. Хүрэн зүсний азаргыг “Их Булан” гэдэг газраас алдсан, хэд хоногийн өмнө аймгийн төвд байдаг малын ченж нараас худалдаж авсан байсан гэж хэлж байсан юм. Би нөгөө хоёр залуугаас ямар унаагаар явж байгааг асуухад мотоциклтой явж байна гэхээр нь тэдний унаж явж байсан “Урал” маркийн мотоциклын хажууд очиж улсын дугаарыг харж авсан. Тэгээд би энэ хоёр залуу хулгай хийх гэж байгаа юм байх гэж дотроосоо бодсон. Тэгээд шууд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд гэрийн хүмүүст хэлээд, мөн аймагт байдаг ах Т.Ш рүү болсон асуудлыг хэлсэн үед Т гэдэг хүнд тийм хүүхэд байхгүй, Урал маркийн мотоциклтой явж байсан бол Т гэдэг хүний хүүхэд нь Ж байж магадгүй, чи энэ талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн нь зөв байх гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлсэн болно. Цагдаагийн алба хаагч нар хэргийн газрын үзлэг хийж, гэрэл зураг дарсан. Би 2 цагдаатай өөрийн машинаар гэртээ ирсэн” гэв.
- Мөн шүүх хуралдаанд: Мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Т.Кийг хохирогчоор байцаасан тэмдэглэл, шинжээч Х.Ыын 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүгдэгч Т.Ж, Х.Х нарын гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Т.Ж, Х.Х нар бүлэглэн, шунахайн сэдэлтээр 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 17 цаг 30 минутын үед Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэл рүү явах зам дагуу “Келин төбе” гэх газраас 1 адуу /1700.000 төгрөгийн/ хулгайлахыг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-05 дугаар хуудас/,
- Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 6 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.Хийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-17 дугаар хуудас/, - Шүүгдэгч Т.Жийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
- Хохирогч Т.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн цагаар хонь хариулж гэрийн ойролцоо бэлчээрт үлдээгээд гэрт ирсэн. Орой 17 цаг 30 минутын үед “Урал” маркийн /3 дугуйтай/ мотоциклтой 2 хүн миний адуун сүргийн хажууд ирж зогсож, адуунуудын хажууд очиж эргэлдээд явж байсныг гэрт сууж байгаад дурангаар хараад ямар учиртай хүмүүс юм байна, очиж уулзъя гэж бодоод өөрийнхөө мотоциклтой адууны хажууд ойрхон ирсэн үед нөгөө хоёр залуу адуунуудын хажуунаас холдож явж байхад би очиж уулзаж, нөгөө хоёр залуугаас хаанаас явж байна, та нарыг хэн гэдэг вэ гэж асуухад бүдүүн шар царайтай залуу өөрийгөө Т гэдэг хүний хүүхэд гэж хэлсэн, нөгөө нэг нь бор царайтай залуу бас нэг хүний нэрийг хэлсэн тэрийг одоо санахгүй байна. Өөрсдийнхөө нэрийг хоёулаа надад хэлээгүй. Бүдүүн шар царайтай залуу надад “хүрэн зүсний зөв талын гуянд ташуур тамгатай азарга хайж” явж байна гэж хэлсэн. Хүрэн зүсний азаргыг “Их Булан” гэдэг газраас алдсан, хэд хоногийн өмнө аймгийн төвд байдаг малын ченж нараас худалдаж авсан байсан гэж хэлж байсан юм. Уг хоёр залуу энэ хавьд ойролцоо нэг айлд хонож, маргааш дахин эрж хайна гэж хэлсэн. Тэгээд би энэ хоёр залуу хулгай хийх гэж байгаа юм байх гэж дотроосоо бодож нөгөө хоёр залуугийн унаж явж байсан “Урал” маркийн мотоциклын хажууд очиж улсын дугаарыг харахад ****** байсан. Тэгээд шууд гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд гэрийн хүмүүст хэлээд, мөн аймагт байдаг ах Т.Ш рүү болсон асуудлыг хэлсэн үед Т гэдэг хүнд тийм хүүхэд байхгүй, Урал маркийн мотоциклтой явж байсан бол Т гэдэг хүний хүүхэд нь Ж байж магадгүй, чи энэ талаар цагдаагийн байгууллагад тэмдэглүүлсэн нь зөв байх гэж хэлсэн. Тэгээд би цагдаагийн байгууллагад энэ талаар мэдээлсэн болно. ... Гэгээн цагаан өдөр адууг маань хулгайлах гэж ирсэн хоёр залууд маш их гомдолтой байна. Би адуу малаа гэрийн ойролцоо хариулж, манаад байлгаагүй байсан бол хэдэн адуу алдагдах байсан. Тийм учраас хулгай хийх гэж ирсэн хоёр залууд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,
- Гэрч Т.Ший мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн орой 16 цагийн үед байх цагийн яг тодорхой хараагүй гэрт байхад миний дүү болох Т.К над руу утсаар холбогдож “саяхан манай адууны хажууд үл таних 2 залуу “Урал” мотоциклтой эргэлдэж явж байхад нь очиж уулзахад хүрэн зүсний азарга хайж явж байна гэж хэлсэн, тэр хоёр залуу өөрсдийгөө Ты хүүхэд гэж танилцуулсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Т гэдэг хүнд “Урал” мотоцикл байхгүй, цэнхэр өнгөтэй “Урал” мотоцикл Т гэдэг хүний мотоцикл шүү дээ. Тн хүүхдүүд байж магадгүй, адуу мал хулгайлах гэж явж байгаа юм биш үү, чи энэ асуудлыг цагдаагийн байгууллагад хэлээд тэмдэглүүлсэн нь зөв байх гэж хэлсэн. Тэгээд би дараа нь сонсоход нөгөө “Урал” маркийн мотоциклтой явж байсан хоёр залуу адуу хулгайлах гэж явж байгаа нь тогтоогдож, цагдаагийн байгууллага шалгаж байна гэж сонсон юм” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,
- Гэрч Х.Зийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр нөхөр маань гэрт байж байгаад хадам аавын гэрт очно гэж үдээс хойш 14 цагийн үед гэрээс гараад яваад өгсөн. Нөхөр болох Ж хэсэг хугацааны дараа гэртээ хадам аавын “Урал” маркийн мотоциклтой хүрээд ирсэн. Гэрт сууж байхад миний төрсөн ах болох Х зах дээр очиж тамхи авахаар явах гэж байхад Ж би мотоциклтой явж байна хамт яваад ирье гэж хоёулаа гарч яваад гэрт орой 19 цагийн үед ирсэн. Ах Х, Ж хоёр гэрт ороод ганц, хоёр цай ууж байхад цагдаа нар гэрт ирээд аваад явсан. Юу болсныг мэдээгүй, дараа нь нөхрөөс асуухад адуу мал хулгайлах гэж байгаад баригдаж, цагдаад шалгагдаж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,
- Гэрч С.Тгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний хүү 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш гэрт ирээд нүүрс хүргэж авна гэж миний “Урал” маркийн мотоциклыг гуйж унаж явсан. Тэгээд гэрт буцаж ирээгүй ба орой цагдаагийн газраас манай гэрт утасдаж Ж, Х хоёр адуу хулгайлах гэж баригдаж цагдаагийн газарт байна. Та ирж энэ хоёр хүнийг хүлээж авна уу гэж хэлсэн. Тэгээд би гэрээс ирж хүү Ж, худ Х хоёрыг хүлээж авсан ба мотоциклыг цагдаагийн газрын хашаанд оруулчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Т.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гэрийн ажил хийж байгаад шинэ жил тэмдэглэх мөнгө хэрэгтэй болоод хулгай хийхээр дотроо бодож байгаад аймгийн төвд ойролцоо адуу хулгайлъя гэж шийдэж, гэрээс гараад аавын гэрт 14 цагийн үед очиж, аавын “Урал” маркийн мотоциклыг гэрт нүүрс хүргэж өгнө гэж гуйж авч гараад гэрт очиж хадам ах болох Хийг дагуулж гарсан. Гэрээс гарахдаа эхнэртээ хадам ах захаас тамхи авна гэж байна хамт яваад ирье гэж гараад зах дээр ирсэн. Хадам ах болох Х захаас тамхи авсны дараа хоёулаа гүүрний саад талд гарч Р ШТС-аас бензин авч байхад би Х ахад нэг адуу хулгайлж гэрт авч ирээд нядалж зарж мөнгийг нь хувааж авъя гэж хэлсэн. Хадам ах ч гэсэн миний тавьсан саналыг зөвшөөрч, за тэгье гэж хэлсэн. Хадам ах бид хоёр аймгийн төвөөс 15 цагийн үед гарсан ба Цагааннуур тосгоны чиглэлийн зам руу хөдөлж явж байхад зам дагуу бэлчиж байсан адуу малтай тааралдсан. Тэгээд тэр адуун сүргийг дагаж аймгийн төвөөс нилээн зайтай, бараг 10 гаруй км яваад харанхуй болохыг хүлээж, мөн барьж авах адууг сонгохоор мотоциклыг нэг газарт тавьж адуун сүргийн хажууд очиж, барьж авах адууг сонгож явж байхад Хятад мотоциклтой нэг хүн хүрч ирээд бид нартай мэндэлж, хаанаас ямар ажлаар явж байгаа талаар асуухад бид хоёр нэг тооны хүрэн зүсний азарга алдсан. Түүнийг хайж явж байна гэж худлаа хэлсэн. Уг хүн бид хоёроос азарганы им, тамгыг асуухад би зөв талын гуянд ташуур тамгатай, хэдэн хоногийн өмнө ченж нараас худалдаж авсан байсан “Их Булан” гэх газраас алдагдсан гэж худлаа хэлсэн. Мөн нөгөө хүн надаас хэний хүүхэд бэ гэж асуухад би Т гэдэг хүний хүүхэд нь байна гэж худлаа хэлсэн, өөрийнхөө нэрийг хэлээгүй, хадам ах Х гэдэг хүний хүүхэд болно гэж үнэн ээ хэлсэн ба өөрийнхөө нэрийг мөн хэлээгүй. Тэгээд бид хоёр нөгөө хүнд өнөөдөр харанхуй болчихлоо. Энэ хавьд ойрхон айлуудын нэгэнд хонож аваад, маргааш азарга үргэлжлүүлэн хайх болно гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд хадам ах бид хоёр хоорондоо ярилцаад одоо хулгай хийвэл шууд баригдах юм байна, шууд гэр лүүгээ явъя гэж ярилцаад гэрт ирэхэд 18 цаг 30 минут болж байсан. Цагдаа нар гэрт 19 цагийн үед ирээд хадам ах бид хоёрыг дагуулж цагдаагийн газарт авч ирж болсон асуудлыг тодруулахад эхэндээ худлаа хэлж байгаад сүүлд нь бүх үнэн ээ хэлж, хулгай хийх гэж байснаа хэлж өгсөн. Хадам А тохиролцож бусдын малыг хулгайлах гэж очсон миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Адуу хулгайлах санаачилгыг би гаргаж хадам ахад хэлсэн, хадам ах ч за тэгье гэж зөвшөөрсөн байсан. Адуу барьж авах аргамжийг би гэрээс авч гарсан ба уг аргамж одоо “Урал” маркийн мотоциклын хойд талын багажинд байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52, 54-55 дугаар хуудас/,
- Шүүгдэгч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Миний бие 2016 оны 10 дугаар сарын дундуур Цагааннуур тосгонд байдаг нэг эмэгтэй хүний гэрт очиж хамтран амьдарч байгаад 12 дугаар сарын 22-ны өдөр аймагт байдаг хүргэн хүү Жийн гэрт ирсэн. Жийн гэрт 3, 4 хоног хоносон ба 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүргэн болох Ж гэрээс гарч яваад үдээс хойш аавынхаа “Урал” маркийн мотоциклтой гэрт хүрээд ирсэн. Тэгээд би захаас тамхи авахаар болж гарах гэж байхад Ж мотоциклтой хамт яваад ирье гэж надтай хамт гарсан, хоёулаа зах дээр ирсэн, би тамхи авсны дараа Ж гүүрийн саад талд байдаг “Р” ШТС-аас бензин авсан, бензин авч байхад Ж надад “шинэ жил тэмдэглэхэд мөнгө байхгүй байна, хоёулаа нэг адуу хулгайлж, нядлаад зарж мөнгийг хувааж авах уу” гэж асуусан үед би юу ч бодоогүй за гээд зөвшөөрчихсөн. Тэгээд бид хоёр Цагааннуур тосгоны чиглэл рүү явж байгаад нэг адуун сүрэгтэй тааралдаж, уг адуун сүргийг дагаж орой харанхуй болохыг хүлээж “Келин төбе” гэх газрын ойролцоо мотоциклыг үлдээгээд нөгөө адуун сүргийн хажууд очиж, барьж авах адууг хараад явж байхад мотоциклтой үл таних нэг хүн ирж бид хоёроос хаанаас явж байгаа талаар асуухад Ж хүрэн зүсний, ташуур тамгатай азарга хайж явж байна гэж хэлсэн. Нөгөө үл таних залуу бид хоёроос хэний хүүхдүүд вэ гэж асуухад би аавынхаа нэрийг хэлсэн, Ж Т гэдэг хүний хүүхэд гэж худлаа хэлсэн, бид хоёр өөрсдийнхөө нэрийг хэлээгүй. Нөгөө хүн яваад өгсөн ба бид хоёр хоорондоо ярилцаад хулгай хийж болохгүй юм байна гээд шууд гэр лүүгээ буцаж, Жийн гэрт ирж цай уух гэж байхад цагдаа нар ирж “Урал” мотоциклын хамт Ж бид хоёрыг цагдаагийн газарт авч ирсэн. Надаас цагдаа нар асуухад би бүх үнэн ээ хэлж өгсөн. Хулгай хийх гэж хөдөө хээр бэлчиж байсан адуунуудын хажууд очиж, харанхуй болохыг хүлээгээд байсныг хэлж өгсөн. Хүргэн хүүтэй хамт адуу хулгайлах гэж хөдөө хээр бэлчиж байсан адуунуудын хажууд очсон миний буруу, би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би анх удаа ийм хэрэгт холбогдож байна, хүргэнтэй бүлэглэн хулгай хийхээр очсон нь миний буруу, маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-59, 61-62 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларч, бэхжүүлэгдсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь хулгайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Т.Ж, Х.Х нарт холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон бөгөөд тэдний гэм бурууд нь тохирсон хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Мөрдөн байцаалтын явцад шалгавал зохих нөхцөл байдлуудыг бүрэн шалгасан, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчөөгүй, нотлох чадвараа алдах, шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй нотлох баримт байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3-т гэмт хэрэг үйлдэхэд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг бүрэн хийгээгүйгээ тухайн этгээд ойлгосон бөгөөд түүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг туйлдаа хүрээгүй бол төгсөөгүй завдалт гэж хуульчилсан ба шүүгдэгч Т.Ж, Х.Х нар нь гэмт үйлдлийг бүрэн хийгээгүйгээ ойлгосон байх тул тэдний үйлдлийг төгсөөгүй завдалт гэж үзлээ.
Мөн шүүгдэгч Т.Ж, Х.Х нарын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасан уг гэмт хэргийг гардан үйлдсэн гэх үйлдэл нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон өөрсдийнхөө үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлгээр тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Т.Ж, Х.Х нарыг бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцож, тэдний эд хөрөнгийг хураахгүйгээр, хуульд заасан баривчлах ялаар шийтгэж, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар оногдуулсан баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3-т гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэлд оногдуулах ялын дээд хэмжээ нь энэ хуулийн тусгай ангид тухайн төгссөн гэмт хэрэгт оногдуулахаар заасан аль хүнд төрлийн ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрэхгүй байна гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч нарт ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг тус тус журамлах нь хэргийн жинхэнэ байдалтай тохирно гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарт шүүхээс ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан баривчлах ялыг ялгамжтайгаар оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч .Ж, Х.Х нарт ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг /Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.9/ ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч нарт ял оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал байхгүйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ж, Х.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Т.Жийн аргамжийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Жийн 150,000 төгрөгийн үнэ бүхий 5 эм ямаа, шүүгдэгч Х.Хийн 500,000 төгрөгийн үнэ бүхий 10 эр, эм ямааг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхийг завдахад ашигласан ****** улсын дугаартай, “Урал” маркийн мотоциклыг өмчлөгч нь болох иргэн С.Тд буцаан олгож, мотоциклын үнэ 600000 төгрөгийг шүүгдэгч Т.Ж, Х.Х нараас гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Т.Ж нь урьд Баян-Өлгий аймгийн Сум дундын шүүхийн 2012 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын баривчлах ялаар, мөн шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 39/А дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж, уг ялыг биечлэн эдэлсэн ба Улсын Их Хурлаас 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялгүйд тооцох хугацааг өршөөн хэлтрүүлсэн тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Х нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байна.
Т.Жийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Х.Хийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Ж, Х.Х нарт гадагш явахгүй байх тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286 дугаар зүйлийн 286.1.1-286, 286.1.9, 286.1.11, 290 дүгээр зүйлийн 290.3, 294 дүгээр зүйлийн 294.1-294.2, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.2, 298.1.4-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Тн Ж, Ш овогт Хн Х нарыг бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр бүлэглэж хулгайлах гэмт хэрэг үйлдэхийг завдсан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 /хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.3, 35 дугаар зүйлийн 35.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Хийн эд хөрөнгийг хураахгүйгээр 1 /нэг/ сар, 1 /нэг/ хоногийн хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Жт оногдуулсан 2 /хоёр/ сарын баривчлах ял, Х.Хт оногдуулсан 1 /нэг/ сар, 1 /нэг/ хоногийн баривчлах ялыг тус тус нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Т.Ж, Х.Х нар нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдож байгаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн шүүгдэгч Т.Жийн аргамжийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1-д зааснаар шүүгдэгч Т.Жийн 150.000 төгрөгийн үнэ бүхий 5 ямаа, шүүгдэгч Х.Хийн 500.000 төгрөгийн үнэ бүхий 10 ямааг тус тус битүүмжилсэн тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхийг завдахад ашигласан ****** улсын дугаартай, “Урал” маркийн мотоциклыг өмчлөгч нь болох иргэн С.Тд буцаан олгож, мотоциклын үнэ 600000 төгрөгийг шүүгдэгч Т.Ж, Х.Х нараас гаргуулан улсын орлого болгосугай.
8. Т.Жийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг, Х.Хийн эрүүл мэндийн даатгалын дэвтэр 1 ширхэг, иргэний цахим үнэмлэх 1 ширхэг зэргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.
9. Шүүгдэгч Т.Ж, Х.Х нарт гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Ж, Х.Х нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр нь үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК