| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунхүүгийн Оюунсүрэн |
| Хэргийн индекс | 112/2022/0026/З |
| Дугаар | 112/ШШ2022/0031 |
| Огноо | 2022-10-03 |
| Маргааны төрөл | Бусад, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2022 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 112/ШШ2022/0031
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Оюунсүрэн би тус аймгийн Прокурорын газраас аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Мт холбогдуулан гаргасан 2022 оны 06 сарын 10-ны өдрийн №0045823 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Нийг 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг өөрчлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Г би, Говь-Алтай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчны хяналтын улсын байцаагч Мөнхцэцэг ...Ш.Н нь 2022 оны 05 сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв хойд толгойн ар талын толгод дунд хог асгасан ... гэх гомдлыг шалгаад холбогдогч Ш.Нид Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан Аюултай хог хаягдлыг түр хадгалах журам зөрчсөн гэж 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй байна.
Мөн Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан зөрчил үйлдсэн хүнд 300.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар хуульчилсан атал 30.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хууль буруу хэрэглэжээ.
Хог хаягдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар энгийн хатуу хог хаягдал, цацраг идэвхт хог хаягдлаас бусад хий, шингэн, хатуу төлөвт орших аюултай хог хаягдал гэж хог хаягдлыг 2 ангилдаг. Хог хаягдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д "хог хаягдал" гэж өмчлөгч этгээд хэрэглэхгүй болсон эд юмс, материалыг, 4.1.2-т "аюултай хог хаягдал" гэж тэсрэмтгий, шатамхай, урвалын идэвхтэй, исэлдүүлэгч, агаар болон устай харилцан үйлчилж хортой хий ялгаруулдаг, халдвартай, идэмхий, хүн амьтанд богино болон удаан хугацаанд хортой нөлөөлөл үзүүлдэг, байгаль орчинд хортой шинж чанартай, устгасны дараа аюултай шинж чанартай ялгарал үүсгэдэг хог хаягдлыг, 4.1.3-т "энгийн хог хаягдал" гэж аюултай хог хаягдлаас бусад хог хаягдлыг, 4.1.4-т "ахуйн хог хаягдал" гэж айл өрхөөс гарах энгийн хог хаягдлыг хэлнэ гэж нэр томьёоны хувьд заажээ.
Шийтгэл оногдуулсан материалд аюултай хог хаягдал болохыг нотолсон бичгийн баримтууд байхгүй тул аюултай хог хаягдал гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасан Иргэн аж ахуйн нэгж байгууллага нь хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж, тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн №0045823 дугаартай шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулуулахаар дүгнэлт бичих нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон эрх бүхий албан тушаалтан Ш.Мийн Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж 2022 оны 06 сарын 10-ны өдрийн №0045823 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Нийг 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулуулахаар прокурорын дүгнэлт бичив.
Хариуцагч Ш.М шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны хяналтын улсын байцаагчаар ажилладаг. Иргэн Нанзаддоржийг Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр торгож хуулийн заалтыг андуурч шийтгэл оногдуулснаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ..., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг, хуулийн 112 дугаар зүйлд тусгай журмаар шийдвэрлэх маргаан, 112.4.3-т хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, ... 6.10... 6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ...7.17 дугаар зүйлд заасан зөрчилд шийтгэл оногдуулж болно гэж хуульчилсан байна.
Энэ утгаараа хариуцагч эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй ба ийнхүү эрх бүхий албан тушаалтан хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, иргэн Ш.Нид зориулалтын бус газар малын гаралтай шингэн, хог хаягдал хаясан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30000 /гучин мянган/ төгрөгөөр торгож шийтгэл оногдуулжээ.
Харин аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Ггаас Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн 04-018/032 дугаартай хэргийг хянахад материалд цугларсан нотлох баримтуудаар Ш.Н нь малын сэвс, өтгө зэрэг хог хаягдлыг хаясны улмаас хөрс бохирдоогүй нөхцөл байдал тогтоогдсон байх бөгөөд түүний гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т заасан хог хаягдлаа зориулалтын хогийн сав болон цэгт хаях, эсхүл хог хаягдал цуглуулж, тээвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлээгүй зөрчил үйлдсэн гэж үзэхээр байхад хууль буруу хэрэглэсэн гэх дүгнэлтийг аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байна.
Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх ... эрхтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасныг баримтлан уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Мийн Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэн гэж үзэж 2022 оны 06 сарын 10-ны өдрийн №0045823 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Нийг 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг Прокурорын дүгнэлтэд дурдсан Зөрчлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2 дахь заалт болгож өөрчилснөөр торгуулийн мөнгөн дүн өөрчлөгдөхгүй 30000 /гучин мянга / төгрөг хэвээр байх ба ингэснээр зөрчилд холбогдогч Ш.Нийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байна. Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлан, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасныг баримтлан тус аймгийн Прокурорын газрын Хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Х.Ггийн аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Байгаль очрны хяналтын улсын байцаагч Ш.Мийн 2022 оны 06 сарын 10-ны өдрийн №0045823 дугаартай шийтгэлийн хуудсаар Ш.Нийг 30 нэгж буюу 30.000 төгрөгөөр торгож шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан Прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Ч.ОЮУНСҮРЭН