Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00099

 

                             “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаар  шийдвэртэй, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.Б, “Ж” ХХК-д холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Тасхын, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан, С.Нургайып нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн Худалдах-худалдан авах гэрээг цуцалж, хохирол 37000000.00 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлд: “..."А” ХХК нь “Ж” ХХК-тай амаар харилцан тохиролцож, “Ж” ХХК-ийн эзэмшлийн гэх ZL30 маркийн хүнд механизмын машиныг 2015 оны 7 дугаар сарын дунд үед 3000000.00 төгрөгөөр үнэлэн худалдаж авахаар болсон. Худалдах-худалдан авах гэрээ хийгдэх үед бэлэн мөнгөний бололцоогүй байсан тул өөрийн компанийн эзэмшлийн тракторыг 10 сая төгрөгөөр үнэлж, үлдсэн 20 сая төгрөгийн 5 сая төгрөгт цемент, 15 сая төгрөгт тоосго өгөхөөр болж тохиролцсон. Манай компани ZL30 маркийн хүнд механизмын машиныг албан ёсоор хүлээж аваагүй байхад “Ж” ХХК нь бидний эзэмшлийн Универсал-80 маркийн тракторыг гэрээ байгуулсан өдөр шууд шилжүүлэн авсан. Харин бидэнд 1 хоногийн дараа ZL30 маркийн хүнд механизмын машиныг хүргэж өгсөн. Ачигч машин нь өөрөө явж ирсэн тул доголдол байхгүй гэж үзсэн. Гэхдээ хүлээн авч байх үед л доголдолтой байсан бөгөөд ачигч нь ажилладаггүй байсныг 3 долоо хоногийн дараа компанийнхаа ажил эхлүүлэхдээ мэдсэн. Мөн авто ачигчийн техникийн гэрчилгээ нь бусдын зээлийн барьцаанд тавигдсан байсан. Энэ талаар доголдолтой гэдгийг мэдмэгц буюу 2015 оны 8 дугаар сарын үед албан ёсоор мэдэгдэхэд “Ж” ХХК-ийн захирал А.Б ”...ачигч машиныг танай компанийн нэр дээр шилжүүлнэ, мөн эвдрэлтэй хэсгийг засахад маш амархан, энгийн зүйл байна. Тиймээс асуудалгүй болгож засварлаж өгнө..” гэсэн. Түүний үгэнд итгэж 20 сая төгрөгийн тоосгыг “М” ХХК-ний удирдлагатай зөвшилцсөний үндсэн дээр ачуулж, мөн 7 сая төгрөгийн цементийг Ховд аймгийн жолооч Х гэгчээс миний бие бэлнээр авч, “Ж” ХХК-нд шилжүүлсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл ZL30 маркийн хүнд механизмын машиныг манай компанийн нэр дээр шилжүүлж өгөөгүй, машины эвдрэлтэй эд ангийг засварлаж хэвийн байдалд оруулаагүй байх тул худалдах-худалдан авах гэрээг цуцалж 37000000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

            Хариуцагч Б.Б-гийн тайлбарт: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн 30000000.00 төгрөгийн үнэтэй ZL30 маркийн авто ачигчийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлж, үүний оронд 10000000.00 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг авч, үлдсэн 20000000.00 төгрөгийн 5000000.00 төгрөгт нь цемент, 15000000.00 төгрөгт нь тоосго авахаар болж арилжааны гэрээг бичгээр байгуулсан. Уг гэрээний дагуу 15000000.00 төгрөгийн үнэ бүхий тоосго болон 5000000.00 төгрөгийн үнэ бүхий цементийг авч хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан. 10000000.00 төгрөгийн үнэ бүхий Универсал-80 маркийн тракторыг одоо хэрэгцээнд ашиглаж байгаа. ZL30 маркийн авто ачигчийн хувьд тухайн үед буюу дээрх арилжааны гэрээг байгуулах үед ZL30 маркийн авто ачигч бүрэн ажиллагаатай байсан бөгөөд худалдан авагч үүнийг бүрэн бүтэн байдлыг болон ажиллагааг бүрэн шалгаж авсан болно. Үүнийг нотлох олон баримт байгаа. Хэрэв шаардлагатай бол эдгээр нотлох баримтыг шүүхэд гаргаж өгнө. Одоо 3 гаруй жилийн дараа ийм доголдолтой гэж байгааг ойлгохгүй байна. Би ZL30 маркийн авто ачигчийг эзэмшиж ашиглаж байхдаа, түүнчлэн худалдах үед ямар нэгэн доголдол байхгүй байсан. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.”  гэжээ.

            Хариуцагчийн “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирлын тайлбарт: “”А” ХХК-ний захирал Р.Т-гийн нэхэмжилж буй мөнгө ZL30 маркийн авто ачигчийн үнэ гэх ба ZL30 маркийн авто ачигч нь “Ж” ХХК-нд ямар ч хамааралгүй, иргэн А.Б-гийн өмч болно. Энэ тухай А.Б 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт “тухайн үед би өөрийнхөө эзэмшлийн 30000000.00 төгрөгийн үнэтэй ZL30 маркийн авто ачигчийг... “ гэж өөрийн эзэмшлийн авто ачигч болохыг баталж бичсэн. Бас надад ч гэсэн уг авто ачигч өөрийн хувийн өмч болох тухай гарын баримт гаргаж өгсөн. ZL30 маркийн авто ачигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр мөн өмчлөгч А.Б болох нь батлагдаж байна. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Р.Т ба А.Б хоёрын хооронд байгуулсан худалдах-худалдан авах гэрээнд А.Б ”Ж” компанийн захирал гэж бичсэн болохоос ямар ч тамга тэмдэг хэрэглээгүй ба компанид огт холбогдолгүй болно. Нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон учраас “Ж” ХХК-ний захирал намайг хамтран хариуцагчаар татан оролцуулсныг зөвшөөрөх боломжгүй байна.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаар шийдвэрээр: “1.  Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1, 274.3, 255 дугаар зүйлийн 255.1.1-ийг тус тус баримтлан хариуцагч А.Б-д холбогдох 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн “Худалдах-худалдан авах тухай гэрээ”-г цуцалж, хохирол 37000000.00 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч “А” ХХК-ний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ хэргээс хамтран хариуцагч “Ж” ХХК-нд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.   

 

            Нэхэмжлэгч “А” ХХК-ийн  захирал А.Т-гийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэг, 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Манай компани “ZL-30B-11” маркийн хүнд механизмын ачигчийг шилжүүлж авах үед ачигч машин нь 35 км-ийн зайтай газраас явж ирсэн байх тул ямар нэгэн доголдол байхгүй гэж үзсэн. Гэхдээ хүлээн авч байх үед л доголдолтой байсан бөгөөд ачигч нь ажилладаггүй байжээ. Худалдан авагч “А” ХХК нь үүнийг хожим 3 долоо хоногийн дараа компанийнхаа ажлыг эхлэх явцад олж мэдсэн. Тухайн “Худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулахдаа ямар нэгэн баталгаат хугацаа тогтоогоогүй болохыг дурдаж байна. “ZL-30B-11” ачигчийн ачигч хэсэг нь ажилладаггүй гэдгийг мэдсэнээс хойш худалдан авагч “А” ХХК нь А.Б-гээс доголдолгүй ачигчаар сольж өгөхийг удаа дараа амаар шаардсан ба худалдан авагчийн энэхүү шаардлагад А.Б нь “...ачигчийн эвдрэлтэй хэсэг нь засварлахад маш энгийн зүйл, та санаа зоволтгүй...” гэх, дараагаар нь “...ачигчийг өөр ачигчаар сольж өгнө...” гэх хариу өгч, өөрөөр хэлбэл худалдан авагчийг удаан хугацааны туршид хууран мэхэлж иржээ. Уг явдалд дүгнэлт хийхэд, худалдагч А.Б нь ачигч нь доголдолтой гэдгийг хүлээн зөвшөөрсөн, нөгөөтээгүүр худалдан авагч “А” ХХК нь ачигчийг эвдрэлтэй гэдгийг мэдэх боломжгүй, харин энэ доголдлыг худалдан авагч нь худалдагчид заавал мэдэгдсэн байх ёстой бөгөөд маргааны үйл баримт, нэхэмжлэгч талын шүүхэд гаргаж өгсөн С.Б, Б.М, Ж.Б нарын 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор ачигч нь эвдрэлтэй байсан нь бүрэн нотлогддог. Мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Ж.Т шүүхэд мэдүүлэхдээ “...ачигч нь зүгээр ажиллаж байсан, 35 км-ийн зайтай газраас ирж байх үедээ А.Б-гийн хэлснээр нэг “ЗИЛ-31” маркийн машинд чулуу ачсан...” гэх боловч мэдүүлгийнхээ сүүлд нэмж хэлэхдээ “...би нэхэмжлэгч А.Т гэх хүнд маш их гомдолтой, миний цалинг бүтнээр өгөөгүй... “ гэж хэлснээр урьд өгсөн мэдүүлэг нь бүрэн үгүйсгэгдэж байгаа буюу шүүхэд худал мэдүүлэг өгсөн нь илэрхий болсон. Гэтэл шүүх Ж.Т-ийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь буруу болжээ. Нэгэнт худал мэдүүлэг өгч байгаа нь, эсхүл яах аргагүй эргэлзээтэй мэдүүлэг өгч байхад түүний мэдүүлгийг ач холбогдолтой гэж үзсэн нь шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэх боломжгүй. Үүнийг давж заалдах шатны шүүх анхаарч үзнэ үү.

Мөн уг маргааныг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, шийдвэрээ уншиж сонсгосны дараа шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсгийг тайлбарлахдаа “...нэхэмжлэгч тал шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн...” гэх боловч бичгээр гаргасан шийдвэртээ хөөн хэлэлцэх хугацааны талаар дурдаагүй байгаа нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т гомдлын шаардлага гаргах эрхүүдийг заасан. Шаардлагаа 254.6-д заасан хугацаанд буюу 6 сарын хугацаанд багтааж гаргах ёстой байх. Маргааны агуулгаас харахад, нэхэмжлэгч 6 сарын дотор шүүхэд гомдол гаргаагүй, гэхдээ хуулийн зохицуулалт нь шаардлагаа худалдагч талд гаргасан байхыг ойлгоно. Учир нь, энд Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т заасантай тулгуурлана. Тэгэхээр ачигчийг шилжүүлж авснаас хойш 3 долоо хоногийн дараа худалдан авагч “А” ХХК нь доголдлыг олж мэдсэн. Энэ цаг мөчөөс Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-ийн дагуу 3 жилийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхэлдэг. Иймд, шүүх дээрх үйл баримтыг ойлгоогүйгээс гадна шаардлага гаргах, хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтуудыг буруу тайлбарлаж, хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна.  

2. Анхан шатны шүүхийн шийдвэрээр “...А.Б “ZL-30B-11” ачигчийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөгүй, нэхэмжлэгчийн нэр дээр буулгаж өгөөгүй зэрэг эрхийн зөрчилтэй гэх боловч энэ нь тухайн “ZL-30B-11” ачигчийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглахад саад болсон тухай нотлох баримт байхгүй...” гэжээ. “ZL-30B-11” ачигч нь биет байдлын доголдолтойгоос гадна бичиг баримтын хувьд эрхийн зөрчилтэй эд хөрөнгө байсан. Шүүх энэхүү маргааныг шийдвэрлэхдээ салбар хуулиудыг судлаагүй байгаа нь харагдаж байна.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 8-д “...Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол...”, 9-д “...Жолооч Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиггүй хүнд тээврийн хэрэгслийг шилжүүлсэн бол...”, 10-т “...улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ...техникийн хяналтын үзлэгт оруулаагүй, ...тэнцээгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол...” зэрэг зөрчлүүдийг гаргасан нөхцөлд 10 нэгжээс 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заажээ. Энэ тохиолдолд шүүхээс “....“ZL-30B-11” ачигчийг нэхэмжлэгч эзэмшиж, ашиглахад саад болохгүй...” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй бөгөөд эзэмшиж, ашиглахад саад учирсан эсэхийг хөндлөнгийн нотлох баримтаар нотлох шаардлага байхгүй болно. Иймд анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарласан байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй боловч талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааны төрлийг буруу тодорхойлсон, хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг тодруулах үүднээс хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй зэрэг зөрчил гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах нь зүйтэй байна.

           

Нэхэмжлэгч “А” ХХК нь хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулж “Автомашин худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 37000000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргаж, анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 813 дугаар шүүгчийн захирамжаар уг нэхэмжлэлд хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулж иргэний хэрэг үүсгэжээ. Шүүх нэхэмжлэлийн хувийг “Ж” ХХК-ийн захирал гэх А.Б-д гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан ба түүний 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хариу тайлбарт “нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан тээврийн хэрэгсэл нь А.Б-гийн өөрийн өмчлөлд байхдаа нэхэмжлэгч хуулийн этгээдэд худалдсан,   нэхэмжлэгч нь хариуцагчийг буруу тодорхойлсон” талаар дурджээ.

           

Нэхэмжлэгчээс 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд “2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр “А” ХХК нь “Ж” ХХК-ийн захирал А.Б-тэй худалдах-худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд А.Б нь тус компанийн захирал хэвээрээ байх тул хариуцагчаар хэвээр үлдээх, харин гүйцэтгэх захирал нь С.Х томилогдсон байх тул түүнийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, “Ж” ХХК-тай байгуулсан гэх худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 37000000.00 төгрөг гаргуулж өгнө үү” гэж гаргасан хүсэлтийн агуулгаас үзвэл, нэхэмжлэгч нь тус хэргийн (жинхэнэ) хариуцагчаар “Ж” ХХК-ийн захирал гэх, иргэн А.Б-г хэвээр нь үлдээж, хамтран хариуцагчаар “Ж” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж, нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлээ тодруулжээ. Харин шүүх уг хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ “Ж” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах байтал “Ж” ХХК-ийн гүйцэтгэх захирал “С.Х-ыг” хамтран хариуцагчаар татан оролцуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.3.-т заасан журмыг зөрчсөн байна.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, нэхэмжлэгчээс дээрх хүсэлтийг гаргасны дараа урьд нь “Ж” ХХК-ийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож байсан А.Б-гийн “Иргэн Р.Т-гийн маргаж буй ZL30 маркийн ковш бол миний хувийн өмч ба “Ж” ХХК-д ямар нэгэн хамааралгүй” гэх тодорхойлолт, 00740097 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ хэрэгт авагджээ. 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох CHENG CHONG, ZL30B-11 маркийн, 9978 УБ улсын дугаартай, шар алаг өнгийн ачигч тээврийн хэрэгсэл нь иргэн А.Б-гийн өмч мөн болох үйл баримт тогтоогдсон учраас анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан хүсэлтийг иш үндэс болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.-т заасан журмын дагуу хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагч А.Б-гээр солих ажиллагаа явуулах байсан боловч хуулийн уг заалтыг хэрэгжүүлээгүйгээс хариуцагч нарын эрх зүйн байдал тодорхойгүй үлдсэн байна.

           

Гэвч шүүх 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр 130/ШШ2018/00427 дугаартай шийдвэр гаргаж, маргааныг хянан шийдвэрлэхдээ хариуцагч нарын эрх зүйн байдлыг тодорхой болгож, нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Автомашин худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 37000000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийн (жинхэнэ) хариуцагчаар иргэн А.Б-г, хамтран хариуцагчаар “Ж” ХХК-ийг тодорхойлсон /хх-124/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлүүд нь хэргийн оролцогч нарын процессын эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хязгаарлаагүй, зөрчөөгүй, (жинхэнэ) хариуцагч А.Б болон хамтран хариуцагч “Ж” ХХК-ийн энэхүү эрх зүйн байдлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хэн аль нь маргаагүй байх тул шийдвэрийг энэ үндэслэлээр хүчингүй болгох шаардлагагүй гэж дүгнэв.

Хэрэгт цугларсан нотлох баримтууд, зохигчийн тайлбар зэргээс дүгнэвэл, нэхэмжлэгч “А” ХХК болон хариуцагч А.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр А.Б-гийн өмчлөлийн ZL30B-11 маркийн, ачигч тээврийн хэрэгслийг “А” ХХК нь 30000000.00 төгрөгөөр худалдан авах нөхцөлтэй, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байхад анхан шатны шүүх уг гэрээг мөн хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ. Гэрээний бусад нөхцөлөөс үзвэл, талууд худалдах-худалдаан авах гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийн үнийг 30000000.00 төгрөгөөр тогтоосон боловч худалдан авагч нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн үнэд тооцож Универсал-80 маркийн тээврийн хэрэгслийг 10000000.00 төгрөгөөр үнэлж, үлдсэн 20000000.00 төгрөгт нь цемент, тоосго өгөхөөр талууд харилцан тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “худалдаж авсан тээврийн хэрэгсэл нь эд хөрөнгийн доголдолтой, зээлийн барьцаанд байгаа, бичиг баримтын зөрчилтэй” гэж тайлбарлах боловч “А” ХХК болон хариуцагч А.Б нарын хооронд 2015 оны 7 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээний зүйл болох ZL30B-11 маркийн, ачигч тээврийн хэрэгсэл нь Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.-т зааснаар биет байдлын болон мөн хуулийн 252 дугаар зүйлийн 252.1.-т зааснаар эрхийн доголдолтой эсэх нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэйг тэмдэглэх нь зүйтэй.

Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр “А” ХХК-ийн худалдаж авсан ZL30B-11 маркийн, ачигч тээврийн хэрэгсэл нь худалдагч А.Б-гийн нэр дээр бүртгэлтэй буюу худалдагч А.Б нь худалдсан тээврийн хэрэгслийн баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ одоог хүртэл биелүүлээгүй нь тогтоогджээ.  Энэхүү үйл баримт нь тухайн тээврийн хэрэгслийг эрхийн доголдолтой гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй ба нэхэмжлэгч “А” ХХК нь худалдаж авсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг өөрийн нэр дээр шилжүүлж өгөхийг худалдагчаас шаардах эрхтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 130/ШШ2018/00427 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 251 дүгээр зүйлийн 251.1, 252 дугаар зүйлийн 252.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн хариуцагч А.Б-д холбогдуулан гаргасан “Автомашин худалдах-худалдан авах гэрээг цуцалж, 37000000.00 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дугаар заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “А” ХХК-ийн хамтран хариуцагч “Ж” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК