Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 182/ШШ2021/00353

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

        

           Нэхэмжлэгч: Б.У-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: У.О-д холбогдох,

 

“Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У, хариуцагч У.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бид 2008 онд хамт амьдарч эхлээд 2009 онд гэрлэлтээ батлуулж, 2009 онд охин О.А, 2012 онд хүү О.А-О нар төрсөн. Бидний зан харилцаа таарамжгүй байдлын улмаас бид цааш хамт амьдрах боломжгүй болж 2012 оноос тусдаа амьдрах болсон. Одоо хүртэл тусдаа амьдарч байгаа. Хүүхдүүд миний асрамжид байдаг. Бидний дунд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн маргаан байхгүй тул гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож өгнө үү” гэв.

 

 Хариуцагч У.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2006 онд танилцаад 2008 оноос хамт амьдраад 2009 онд охин О.А, 2012 онд хүү О.А-О нар төрсөн. Хоорондоо таарамжгүй, үзэл бодол нийлэхгүй учраас 2012 оноос тусдаа амьдрах болсон. Хэн хэн нь тус тусдаа амьдралтай болсон учир баталгаагаа салгуулж, хоёр хүүхэд маань ээж дээрээ байдаг. Миний бие Б.У-той гэрлэлт цуцлуулахад эд хөрөнгө болон хүүхдийн асрамж, тэтгэлгийн маргаан байхгүй. Хүүхдүүд ээж дээрээ байдаг. Миний хувьд хэрэгтэй хувцас, хичээлийн хэрэгсэл зэргийг бэлдэж өгдөг. Иймд бид хоёрын гэрлэлтийг цуцалж өгнө үү” гэв. 

 

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.У нь хариуцагч У.О-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 

Б.У нь У.О-д холбогдуулан гэрлэлт цуцлах асуудлаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргасан ба эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хийгдсэн боловч эвлэрүүлэн зуучлал үр дүнд хүрээгүй, амжилтгүй болсон зэргийг үндэслэн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Б.У, У.О нар 2006 оны 00 дугаар сарын 00-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 00 дугаар сарын 00-ны өдөр Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн бөгөөд тэдний дундаас 2009 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр охин О.А, 2012 оны 00 дугаар сарын 00-ны өдөр хүү О.А-О нар төрсөн болох нь хэрэгт авагдсан №00000,  дугаарт бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, охин О.А №0000, хүү О.А-О №0000 дугаартай хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

 

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдлаас шалтгаалж, 2012  оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, бие биенээ гэх хайр халамжгүй, эхнэр нөхрийн дотно харьцаагүй, гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй, талуудыг эвлэрүүлэх зорилгоор эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан байгаа боловч, гэрлэгчид эвлэрээгүй, хэн аль нь гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байгаа, нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь өөр бусадтай хамтын амьдралтай болсон бөгөөд нэхэмжлэгчийн хувьд одоо өөр бусадтай хамтын амьдралын явцад хоёр хүүхэдтэй болсон, хариуцагчийн хувьд одоо өөр бусадтай хамтын амьдралын явцад нэг хүүхэдтэй болсон зэрэг хэргийн бусад нөхцөл байдлыг харгалзан тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй

 

            Хариуцагч У.О нь хүүхдийн асрамжийн талаар маргаагүй бөгөөд эхийн асрамжид үлдээх тайлбар гаргасан тул 2009 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин О.А, хүү О.А-О нарыг эх Б.У-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг У.О нь охин О.А, хүү О.А-О-ыг эх Б.У-гийн асрамжид үлдсэн эсэхээс үл хамааран асарч, халамжлах, тэжээн тэтгэж байх үүргээсээ чөлөөлөгдөхгүй, мөн энэ үүргээ гүйцэтгэхэд эх Б.У саад болох учиргүйг дурдах нь зүйтэй юм.

 

Охин О.А, хүү О.А-О нарыг эх Б.У-гийн асрамжид үлдээн шийдвэрлэсэн нь У.О-гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй бөгөөд тэд хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ гүйцэтгэхэд хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй юм.

 

Гэрлэгсэд хүүхдийн тэтгэлэг болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

            ТОГТООХ НЬ:

 

            1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.У, У.О нарын гэрлэлтийг цуцалсугай.    

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2009 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин О.А, 2012 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн хүү О.А-О нарыг эх Б.У-гийн асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар зохигчдод хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.У-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.О-гээс 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.У-д олгосугай.

 

5. Шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Батбилэгт даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      И.АМАРТӨГС