| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03854/И |
| Дугаар | 182/ШШ2021/00355 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2021/00355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Э-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ЗГАБ улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдох,
“Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин болох 989,403 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Э нь миний бие Засгийн газрын 10 дугаар бааз улсын төсөвт үйлдвэрийн газар жолоочоор ажиллаж байгаад 2020 оны 07 дугаар сарын 08-нд ажлаас үндэслэлгүйгээр халагдаж, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүхээс 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрийн 182 дугаараар шийдвэр гаргасан. Шүүхийн шийдвэр гарснаас хэдэн сарын дараа буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ажилд эргүүлэн томилж, тушаал гаргасан. Ажил олгогч зохих ёсны хугацаанд хийгээгүй үйлдлээс шалтгаалж миний бие 2020 оны 09 дүгээр сарын 29-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр хүртэлх нэг сарын цалингийн хөлс авалгүй хохирч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал тасалдахад хүрээд байна. Иймд ЗГАБ улсын төсөвт үйлдвэрийн газарт нэг сарын ажилгүй байсан хугацааны хөлстэй тэнцэх 989,403 төгрөг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү” гэв.
Хариуцагч ЗГАБ улсын төсөвт үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЗГАБ улсын төсөвт үйлдвэрийн газар нь жолооч Б.Э-ийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020802179 дүгээр шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,669,076 төгрөгийг олгосон.
Уг шүүхийн шийдвэрт ажилд нь эгүүлэн тогтоохыг даалгасан тул зохих хууль журмын дагуу жолооч Б.Э-ийг ажилд нь авч одоогоор ажиллаж байгаа болно.
Иймд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02179 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газарт холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны 1 сарын цалин болох 989,403 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн Б/38 тоот тушаалаар жолоочийн ажлаас чөлөөлөгдсөн байх ба, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02179 дугаартай шийдвэрээр хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 2,669,076 төгрөгийг “Засгийн газрын авто бааз” улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2020 оны 10 дугаар сарын 29-ны өдөр ажилд эргүүлэн томилж, тушаал гаргасан. Ажил олгогч зохих ёсны хугацаанд хийгээгүй үйлдлээс шалтгаалж миний бие 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүртэлх нэг сарын цалингийн хөлс авалгүй хохирч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал тасалдахад хүрээд байна...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...ЗГАБ улсын төсөвт үйлдвэрийн газар нь жолооч Б.Э-ийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020802179 дүгээр шийдвэрийн дагуу ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,669,076 төгрөгийг олгосон.
Уг шүүхийн шийдвэрт ажилд нь эгүүлэн тогтоохыг даалгасан тул зохих хууль журмын дагуу жолооч Б.Э-ийг ажилд нь авч одоогоор ажиллаж байгаа болно.
Иймд 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/02179 тоот шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэж маргажээ.
Шүүх Б.Э-ийг ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, түүнийг урьд эрхэлж байсан “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газрын жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,669,076 төгрөгийг “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газраас гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг үүрэг болгож шийдвэрлэсэн байх ба уг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.
Ажил олгогч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газар нь нэхэмжлэгч Б.Э-ийг урьд эрхэлж байсан ажилд нь 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/101 дүгээр тушаалаар Б.Э-ийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Авто баазын жолоочийн ажилд эгүүлэн томилсон болох нь зохигчдын тайлбар, “ЗГАБ” улсын өмчит үйлдвэрийн газрын захирлын 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Б/101 дугаар тушаал зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 12 дугаар тал/
Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Б.Э ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газраас шаардах эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй тохиолдолд анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Э ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.
Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана.
“ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 182/ШШ2020/02179 дугаар шийдвэрийн заалтыг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Э шүүхэд нэхэмжлэлээ 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гаргасан байх тул нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацаанд гаргасан гэж үзнэ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.
Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Б.Э-ийн сарын дундаж цалинг 989,403 төгрөг гэж тодорхойлсон байх тул ажилтны сарын дундаж цалинг 989,403 төгрөг гэж тооцсон болно.
Нэхэмжлэгч Б.Э-ийн ажилгүй байсан хугацаа нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл байх ба энэ хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу түүний урьд авч байсан сарын дундаж цалин хөлс 989,403 төгрөгөөр тооцож, нэг сарын цалин 989,403 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газраас 989,403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгох нь зүйтэй.
Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газраас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 989,403 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-од олгосугай.
2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Б.Э болон хариуцагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг “ЗГАБ” улсын төсөвт үйлдвэрийн газарт даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 28,296 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС