Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/215

 

 

 

 

 

 

 

 

 

 2024       08         20                                           2024/ШЦТ/215

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2024/0198/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Батсүрэн, 

Улсын яллагч Н.Амгалан,

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******д холбогдох эрүүгийн 2439000000245 дугаартай хэргийг 2024 оны 8 дугаар  сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Чүлтэм овогт *******гийн *******, 1997 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Хэнтий аймгийн Норовлин сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 02 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгүүлж байсан, регистрийн ******* дугаартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зоогийн газрын гадна О.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар О.*******ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархай ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000000245 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол хүлээн асван тухай тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),

Хохирогч О.*******ын (хх-ийн 7-8-р хуудас), гэрч Б.*******ийн (хх-ийн 11-12-р хуудас), гэрч Б.*******ийн (хх-ийн 13-14-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 294 дугаартай дүгнэлт  (хх-ийн 25-26-р хуудас),

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, (хх-ийн 43-86-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2439000000245 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч Н.Амгалан шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Х.******* нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ...гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Шүүгдэгч Х.******* нь 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” зоогийн газрын гадна О.*******тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар О.*******ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархай ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:

Шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...О.*******тай маргалдаж, хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна....хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч О.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 30-ны өдөр тус сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах "*******" цайны газарт хоол идэхээр сууж байх үед гаднаас тус аймгийн Норовлин сумын иргэн Намжаа гэх залуу орж ирсэн. Ингээд миний бие тухайн Намжаа гэх иргэнтэй маргалдаж, тус цайны газарт зодолдсон. Ингээд Намжаа гэх хүн миний нүүрэн тус газар нэг удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед миний бие архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан учир Намжаа гэх иргэнтэй юунаас болж маргалдсан гэдгийг сайн санахгүй байгаа, нэг ухаан ороход тухайн цайны газарт зодолдож байсан, тэгээд гадаа гарах үед Намжаа намайг дахин баруун хөлөөрөө өшиглөх шиг болсон. Тэгээд Намжаа бид хоёрыг ******* гэх хүн салгасан...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас),

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр тус сумын 6 дугаар багт ******* цайны газарт оройн 17 цагийн орчимд хоол идэхээр сууж байх үед тус цайны газрын гадна Батноров сумын 4 дүгээр багийн иргэн ******* нь үл таних нэг залууд зодуулан доор нь орчихсон нөгөө залуу дээр нь гарчихсан цохиж зодож байсан. Ингээд тухайн залууг салгаад *******ын босгох үед нөгөө үл таних залуу дахин ирж *******ыг цохиж, өшиглөөд байсан. Ингээд удалгүй тус цайны газраас сумын иргэн ******* гарч ирж нөгөө залууг салгаад явуулсан. Ингээд *******ын хамт тус цайны газарт орж нүүрийг нь угаах үед нилэнхийдээ цус болчихсон байсан. Тухайн үед *******аас юун хүн талаар тодруулахад Норовлин сумын Намжаа гэх залуу гэж хэлж байсан. Ингээд ******* гэртээ харьлаа гээд явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12-р хуудас),

Гэрч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 17 цагийн орчимд тус сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах ******* нэртэй цайны газарт хоол идчихээд гадаа гарах үед тус сумын иргэн ******* зүс мэдэх залуутай маргалдаж зодолдсон байдалтай, дундуур нь ******* орчихсон салгаад зогсож байсан. Ингээд намайг очих үед зүс таних цээж нүцгэлсэн залуу *******т хандан би чамайг ална гэж сүрдүүлж байсан. Тэгээд удалгүй нөгөө залуу яваад өгсөн. Ингээд *******ыг аваад цайны газарт ороход нүүр нь нилэнхийдээ цус болчихсон, Норовлин сумын Намжаа гэх залуу нүүр лүү өшиглөчихлөө гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн Д.Намуунтөгсийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 294 дугаартай дүгнэлтэд:

1. О.*******ын биед хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархай ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3.4 Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт тогтоогдлоо.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 25-26-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.  

Тодруулбал шүүгдэгч Х.******* нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч О.*******тай хамт байсан буюу шүүгдэгчээс өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нь хохирогчийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед хамар ясны хугарал, 2 талын нүдний ухархай ясны хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Д.Намуунтөгсийн 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 294 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Д.Намуутөгсөд хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч О.*******ын биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Х.*******ын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба хохирогч О.******* нь хохирол төлбөр, эмчилгээний зардал нэхэмжилсэн талаар баримт ирүүлээгүй байх тул хохирлыг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч О.******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Н.Амгалан шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.

Иймд шүүгдэгч Х.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Х.******* нь урьд Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 213 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 55-56-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 57-86-р хуудас)-аар тогтоогдож байна.  

Шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, малчин зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Х.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

Шүүгдэгч Х.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000245 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Чүлтэм овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******д оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.******* нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн 2439000000245 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.******* нь эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Х.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Б.УУГАНБАЯР