Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 212/МА2018/00100

 

С.Х-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00519 дүгээр шийдвэртэй, С.Х-ын нэхэмжлэлтэй, Ү.Ха-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Нургайып, хариуцагчийн өмгөөлөгч А.Серикжан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, тараасан худал мэдээллийг аймгийн радио, фейсбүүкээр  няцаах үүрэг өгч, сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн хохиролд 25000000.00 төгрөг гаргуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Тус сумын Засаг даргын тамгын газар нь албаны машингүй байсан тул аймгийн 2018 оны Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс 40,0 сая төгрөг шийдвэрлэн өгч, аймгийн Орон нутгийн өмчийн газрын харьяа худалдан авах ажиллагааны албанаас Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу цахим тендер шалгаруулалт явуулж энэ оны 3 дугаар сарын эхээр Land Cruizer 100 маркийн машинтай болгосон. Гэтэл уг машиныг авснаас хойш С сумын 5 дугаар багийн иргэн Ү.Ха үүнийг улс төржүүлэн “Сумын Засаг дарга С.Х машин авах нэрийдлээр мөнгө угааж, 15.0 сая төгрөгийн үнэтэй машиныг 40.0 сая төгрөгөөр үнэлэн авч, 25.0 сая төгрөгийг завшин татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж явна” гэж удаа дараа олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслийг ашиглан намайг гүтгэн доромжилж олон нийтэд худал мэдээлэл тарааж миний болон ажил хэргийн маань нэр хүндэд бүдүүлгээр халдаж байна. Миний бие уг машиныг хүлээж авах комиссын бүрэлдэхүүнд ашиглагч байгууллагын төлөөлөл болж аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон комисс дотор орсон болохоос тендер зарлах, үүнийг дүгнэх, гэрээ байгуулах эсвэл шууд худалдан авалт хийх зэрэг давуу эрхгүй этгээд бөгөөд уг машины үнэ аймгийн төсвөөс гарч байгаа тул худалдан авах эрх нь аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн Засаг даргад л байдаг. Машиныг хэзээ, ямар компаниас, яаж, ямар үнээр авсан талаарх бүх нотлох баримтууд нь аймгийн Орон нутгийн өмчийн газарт эх хувиараа бэлэн байна. Энэ талаар би иргэн Ү.Ха-т ойлгуулж хэлсэн боловч зориудаар улс төржүүлэн хэд хэдэн удаа гүтгэн доромжилж, нэр төрийг маань унагааж, зөвхөн намайг биш эхнэрийг минь хүртэл доромжилж сэтгэл зүйн дарамтад оруулж байна.

Иймд иргэн Ү.Ха-т надтай холбоотой цахимаар тараасан худал мэдээллийг аймгийн радио, фейсбүүкээр няцаах үүрэг өгч, сэтгэл санааны болон нэр төр алдар хүндийн маань хор, хохирлыг 25.0 сая төгрөгөөр үнэлэн хариуцагч Ү.Ха-аас гаргуулан өгч нэр төрийг маань сэргээж хохирлыг арилгуулан, хариуцагчид торгуулийн арга хэмжээ авч өгөхийг хүсье.” гэжээ.

           

Хариуцагчийн тайлбарт: “Нэхэмжлэлийг  бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж нэхэмжлэгчийг мөнгө угаасан, 25 сая төгрөгийг завшсан гэсэн агуулгатай мэдээлэл тарааж байгаагүй. Энд нэг андуурал байна. Сүүлийн үед хүний нэрийг барьж цахим сүлжээг ашиглан бусдыг гүтгэсэн шинжтэй мэдээлэл тараах явдал ихэссэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд миний нэртэй ижил төстэй хаяг үүсгэх байдлаар янз бүрийн мэдээлэл түгээсэн байж болзошгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан материалуудад агуулагдсан зүйлийг хараад би ч гэсэн гайхаж байна. Энэхүү баримт жинхэнэ бодит эсэхэд эргэлзэж байна. Би энэ талаар цагдаагийн байгууллагад тусдаа гомдлоо гаргаж шалгуулах болно. Надад хэн нэгэн хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй.  Тийм зав байхгүй гэдгийг дахин хэлье. Шаардлагатай бол миний цахим хуудаст үзлэг хийж шалгаж үзсэн ч болно, зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

           

            Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00519 дүгээр шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар С.Х-ын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, Ү.Ха-ын facebook хуудсанд “Х С сумын ЗДТГазарт авсан Land 100 машинаас 15 сая төгрөгийн ашиг олж зугаацаж явж байгаа” гэж бичигдсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй, худал мэдээ болох талаар тараасан хэлбэрээр буюу facebook хуудсанд 3 хоног байршуулж, няцаалт хийхийг хариуцагч Ү.Ха-т үүрэг болгосугай.

2. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т зааснаар нэхэмжлэгч С.Х-ын сэтгэл санааны болон нэр төр, алдар хүндийн хохирол болох 25000000 /хорин таван сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

            Хариуцагчийн давж  заалдах гомдолд: “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 519 тоот шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

1. Миний бие цахим мэдээллийн хэрэгсэл ашиглаж нэхэмжлэгчийг мөнгө угаасан, 25 сая төгрөгийг завшсан гэсэн агуулгатай мэдээлэл тарааж байгаагүй. Энд нэг андуурал байна. Сүүлийн үед хүний нэрийг барьж цахим сүлжээг ашиглан бусдыг гүтгэсэн шинжтэй мэдээлэл тараах явдал ихэссэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн этгээд миний нэртэй ижил төстэй хаяг үүсгэх байдлаар янз бүрийн мэдээлэл түгээсэн байж болзошгүй байна. Нэхэмжлэлд хавсаргасан материалуудад агуулагдсан зүйлийг хараад би ч гэсэн гайхаж байна. Энэхүү баримт жинхэнэ бодит эсэхэд эргэлзэж байна. Надад хэн нэгэн хүнийг гүтгэх ямар ч шаардлага байхгүй, тийм зав ч байхгүй гэдгийг дахин хэлье. Одоо цагт бараг хүн болгон шахуу фейсбүүк цахим сүлжээг ашигладаг болсон. С.Нургайып өмгөөлөгч өөрийнхөө ашигладаг фейсбүүк сүлжээнд нэвтэрч ерөнхий хайлт гэсэн хэсэгт “У.Ха” гэсэн нэр оруулж хайж үзэхэд У.Ха болон Ү.Ха гэсэн хоорондоо ижил төстэй 2 илэрц олдсон байна. Эдгээр илэрцийн хоёуланд нь хариуцагч байж болох хүний нүүр зураг гарч ирсэн байна. Үүнийг өмгөөлөгч С.Нургайып нь Баян-Өлгий аймаг дахь Нотариатчийн дэргэд баримтжуулж авсан байна.

2. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн фейсбүүк хаягаас авсан гэх баримтууд эргэлзээтэй учраас миний бие зөвшөөрөхгүй. Миний сонгож авсан өмгөөлөгчөөс Үмитхан Ха болон У. Ха нарын аль нь жинхэнэ хариуцагчийн хаяг болохыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг шүүх үндэслэлгүйгээр татгалзсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар хариуцагч нэхэмжлэлийн татгалзлын үндэслэлээ өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Өөрөөр хэлбэл, шүүх миний нэхэмжлэлийг үгүйсгэх нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх эрхийг минь зөрчсөн.

3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Ү.Ха нь өөрийн фейсбүүк  хаягт латин үсгээр “С-гаас Land 100 байвал авна үнэ хамаагүй 40 сая байсан ч авна” гэж нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтыг нотлох баримтаар үнэлсэн явдалд гомдолтой байна. Учир нь: Монгол Улсын Үндсэн хуулийн наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг монгол хэлээр явуулж, төрийн албан хэрэг хөтлөх бичгээр бичиж баримтжуулна...”, 7.4-т “Гадаад хэлээр бичигдсэн нотлох баримтыг албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагч, хэлмэрчээр монгол хэл дээр орчуулуулсан байна” гэж заасан байна. Гэтэл шүүхээс “ Sagsaigaas land 100 baiwal awna une hamaagui 40 say baisanch awna. utas  99947566 yaraltai shvv.” гэж хаанахын ямар хэл дээр бичигдсэн нь тодорхойгүй баримтыг нотлох баримтаар үнэлсэн явдалд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэж байна. Тэгээд ч энэхүү зар нэхэмжлэгчийн нэр төрд халдсан шинжгүй байна.

4. Шүүхээс “Х С сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 машинаас 15 сая төгрөгийн ашиг олж зугаацаж явж байгаа" гэж бичигдсэн мэдээлэл нь бодит байдалд нийцэхгүй гэжээ. Гэвч гэвч хавтаст хэрэгт “Х С сумын Засаг даргын Тамгын газарт авсан Land 100 машинаас 15 сая төгрөгийн ашиг олж зугаацаж явж байгаа” гэж Монгол хэл дээр бичигдсэн ямар ч нотлох баримт байхгүй. Ингэснээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3.-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй.” гэж заасныг зөрчсөн.

5. Нэхэмжлэгч иргэн С.Х нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа хариуцагчийг нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж тайлбарласан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заасан. Энэхүү хэргийн нэхэмжлэгч нь Баян-Өлгий аймгийн С сумын Засаг дарга С.Х биш учраас иргэн С.Х-ын эрх ашиг зөрчигдөөгүй.

Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй учир Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дүгээр сарын 10-ны өдрийн 519 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Х нь хариуцагч Ү.Хат холбогдуулан “Нэр төрөө сэргээлгэх, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ гутаасан худал мэдээ тараасан хэлбэрээр буюу аймгийн радио, фэйсбүүкээр няцаах үүрэг хүлээлгэж эдийн бус гэм хорын хохиролд 25000000.00 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “хариуцагч Ү.Ха нь өөрийн фэйсбүүк хуудсаар дамжуулан нийтийн цахим сүлжээгээр “Х С сумын Засаг даргын Тамгын газарт худалдаж авсан Ланд-100 маркийн автомашинаас 15000000.00 төгрөгийн ашиг олсон гэсэн, түүгээрээ зугаацаж яваа” гэх худал мэдээллийг тараасан” гэжээ. Харин хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “уг мэдээллийг би түгээгээгүй, харин хэн нэгэн этгээд миний фэйсбүүк дэх “Ү.Ха” гэх бүртгэлийн нэртэй ижил, төстэй “У.Ха” /хх-81/ гэх бүртгэл үүсгэж, дээрх мэдээллийг түгээсэн байж болзошгүй” гэж хариу тайлбар ирүүлсэн байна.

 

            Фэйсбүүк дэх “Слыктар” гэх оноосон нэртэй бүлэгт “У.Ха” гэх хэрэглэгчийн 2 дугаар сарын 11-ний өдрийн 05:38 цагт оруулсан “Sagsaigaas land 100 baiwal awna vne hamaagui 40 say baisanch awna.utas 99947566 yaraltai shvv” гэсэн /хх-5/ мэдээллийн доор мөн хэрэглэгч “Х С сумын Засаг даргын Тамгын газарт худалдаж авсан Ланд-100 маркийн автомашинаас 15000000.00 төгрөгийн ашиг олсон гэсэн, түүгээрээ зугаацаж яваа” гэж /хх-6, 11/ бичсэн мэдээлэлд 8 хэрэглэгч “таалагдсан” гэж тэмдэглэл үйлдсэн ба Фэйсбүүк дэх уг бүлэг нь хаалттай, эсхүл нээлттэй гишүүнчлэлтэй бүлэг эсэх нь тогтоогдоогүй байна. Түүнчлэн уг бүлэгт хэдэн хэрэглэгч элссэн, дээрх мэдээллийг хэдэн хэрэглэгч хүлээж авах боломжтой эсэх нь тодорхойгүй буюу дээрх мэдээллийг “У.Ха” гэх фэйсбүүкийн хэрэглэгч нийтийн сүлжээгээр тараасан цар хүрээг тодорхойлох боломжгүй байна.

 

            Нэхэмжлэгч С.Х-аас гаргаж өгсөн хариуцагч Ү.Ха-тай урьд нь фэйсбүүк сүлжээгээр харилцаж байсан гэх баримтуудаас үзвэл, тэрээр фэйсбүүкийн “Ү” /хх-54/, “Ү.Ха” /хх-61/ гэх хэрэглэгчтэй мэдээлэл солилцож байжээ.

 

            С сумын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн, 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хурлын тэмдэглэл, Үнэлгээний хорооны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн зөвлөмж, С сумын Засаг даргын 2018 оны 01/16 дугаар албан бичиг, аймгийн Засаг даргын 2018 оны А/76 дугаар захирамж, С сумын Засаг даргын Тамгын газарт автомашин худалдан авах ажлын гэрээгээр /хх-15/ тус газарт худалдан авах автомашиныг 40000000.00 төгрөгөөр нийлүүлэхээр ирүүлсэн саналыг хүлээн авч, нийлүүлэгч нь Ланд-105, эсхүл түүнтэй дүйцэхүйц автомашиныг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 3 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцжээ.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон дээрх үйл баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан дүгнэвэл, хариуцагч Ү.Ха нь нэхэмжлэгч С.Х-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан эсэхийг хуульд заасан журмын дагуу, хуулиар харьяалуулсан эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж тогтоогоогүй, энэ талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх дээрх үнэн зөв эсэх нь эргэлзээтэй мэдээлэл агуулсан баримтуудыг үндэслэж, Ү.Ха нь фэйсбүүк хуудсанд С.Х-ийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

            Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан хүнд Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах ба уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 6.8.-д зааснаар цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан харьяаллын дагуу шалгаж тогтооно.

 

Хуулиар харьяалуулсан эрх бүхий албан тушаалтнаас Ү.Ха-т холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, тэрээр С.Х-ийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтийн сүлжээгээр тараасан зөрчил үйлдсэн нь эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр тогтоогдоогүй байхад иргэний хэргийн анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчид мэдээ тараасан хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээлгэж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т заасан зохицуулалтыг хэрэглэх урьдчилсан нөхцөл тогтоогдсон эсэхийг анхаараагүйгээс гадна мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-т заасныг буруу тайлбарлажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорыг арилгуулах талаар хариуцагчаас 25000000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2.-т зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө гэж хуульчилжээ.

 

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр анхан шатны шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 130/ШШ2018/00519 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч С.Х-ийн хариуцагч Ү.Ха-т холбогдуулан гаргасан “Нэр төрөө сэргээлгэх, нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ гутаасан худал мэдээ тараасан хэлбэрээр буюу аймгийн радио, фэйсбүүкээр няцаах үүрэг хүлээлгэх” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 3 дугаар заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282950.00 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200.00 төгрөгийг төрийн сангийн зохих данснаас шүүгчийн захирамжаар гаргуулж, түүнд буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК