| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 135/2023/00815/И |
| Дугаар | 001/ХТ2025/00011 |
| Огноо | 2024-12-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2024 оны 12 сарын 27 өдөр
Дугаар 001/ХТ2025/00011
Ц ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Н.Баярмаа, Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэр,
Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00077 дугаар магадлалтай,
Ц ийн нэхэмжлэлтэй,
Д-д холбогдох
22,438,337 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэл,
29,018,071 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г, хариуцагчийн өмгөөлөгч Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Ц нь Д-д холбогдуулан 22,438,337 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, 29,018,071 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
2. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ц ийн хариуцагч Д-д холбогдуулан гаргасан хохирол 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн 29,018,071 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270,142 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00077 дугаар магадлалаар: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдолд: Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 209/МА2024/00077 дугаар магадлалтай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч би ИХШХШТХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2.3, 172.2.4-т заасныг баримтлан дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь дараах байдлаар үндэслэлгүй байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт: "... Нэхэмжлэгч нь захиргааны акт буюу сумын Засаг даргын захирамжийн талаар маргахгүй, уг захирамжийн дагуу байгуулсан гэрээний талаар ч маргаагүй гэж тайлбар гаргасан боловч уг гэрээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцсон байна. Мөн захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс олгох нөхөх олговор олгож хохирлыг барагдуулж болохыг, нөхөх олговрыг олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулахаар хуульчилсан байх ба уг үйл баримттай холбоотой асуудлын талаар холбогдох хууль, журам тогтоогоогүй байна” хэмээн дүгнээд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх магадлалын үндэслэх хэсэгт “... “А” тал болох Ц нь туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна, ... гэж заасан, өөрөөр хэлбэл, ... суурьшлын бүс рүү туслах аж ахуйгаа нүүлгэн шилжүүлж байрлуулахад гарах эрсдэлийг өөрт хариуцуулсан байна.” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Энэхүү дүгнэлтээс үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүх дараах 2 зүйл дээр хууль зүйн үндэслэл бүхий үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэр, магадлалынхаа үндэслэх хэсэгт дээрх 2 гэрээг дурдаад энэхүү гэрээтэй нэхэмжлэгч маргаагүй мөн тус гэрээгээр талууд түлшний мөнгө, нүүлгэлтийн зардлын талаар тохиролцсон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Харин нэхэмжлэгч тал гэрээний хугацаа дуусаж гэрээ дуусгавар болсон тул гэрээгээр тохиролцсон гэх тохиролцоо болон тухайн дуусгавар болсон гэрээний үүрэг шаардах эрх аль аль талд нь байхгүй буюу аль аль тал нь гэрээг хугацаанд нь хэрэгжүүлээгүй, гэрээ биелэгдээгүй тул дуусгавар болсон гэрээтэй маргах шаардлагагүй. Маргах нь ч өөрөө ач холбогдолгүй гэж мэтгэлцсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний хугацаа дуусгавар болсон энэ тохиолдолд гэрээний хугацааг сунгах эсвэл гэрээг шинээр байгуулах тухай хууль зүйн ойлголт үүсэх юм. Мөн гэрээний аль нэг тал гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээний хугацаанд зохих ёсоор биелүүлсэн тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй нөгөө талаасаа гэрээний үүргийн биелэлтийг шаардаж болох бөгөөд энэ тухай шаардах эрх үүсэх юм. Гэтэл тус хэргийн тухайд дээрх хууль зүйн ойлголтуудын аль аль нь үүсээгүй. Харин гэрээний хугацаа дуусаж тус гэрээний хүчин төгөлдөр байдал, заавал биелэгдэх нөхцөл өнгөрсөн байна. Хэрвээ дээрх байдал үүсээгүй байсан бол хариуцагч талаас гэрээний үүргийн биелэлтийг сөрөг болон үндсэн нэхэмжлэлээр нэхэмжлэгчээс шаардах үндэслэл үүснэ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд хугацаа буюу үйлчлэл нь дуусгавар болсон гэрээнд үндэслэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Нөхөх олговор олгох талаар холбогдох хууль, журам тогтоогоогүй. Нөхөх олговор уу?, хохирол уу? Энэ тал дээр хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Хууль зүйн утгаараа бол нөхөх олговор, хохирол 2 бол тус тусдаа бие даасан ойлголт юм. Шүүх энэ 2 ойлголтыг хольж хутгасан байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагыг төдийлөн ойлгоогүй болох нь харагдаж байна. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийг огт гаргаагүй, харин захирамжийн биелэлтийг хэрэгжүүлэхэд өөрөөс гарах зардал буюу гарах ёсгүй байсан зардал гарах болсон нөхцөл байдалд сумын Засаг дарга шууд хамааралтай гэдэг утгаар хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүх аль аль нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ИХ-ийн 227 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хохиролд хамааруулан ойлгоно гэж зөв тодорхойлсон. Тэр ч утгаараа ЗЕХ-ийн 104 дүгээр зүйлд зааснаар Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж хандсан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын тухай ойлгомжгүй дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй шийдвэр гаргахад нөлөөлсөн байна. Холбогдох хууль, журамд тогтоогоогүй гэх ойлгомжгүй дүгнэлт хийсэн. Хуулиар зохицуулаагүй, журамд заагаагүй гэдэг нь иргэн хүн хохироод үлдэх ёстой гэсэн үг огт биш юм. Энэ мэтчилэн тухайн үйл явдал, баримттай холбоотой асуудлын талаар холбогдох хууль, журам тогтоогоогүй гэсэн хууль зүйн үндэслэл бүхий бус иргэний эрх ашгийг ноцтойгоор хохироосон шийдвэрийг анхан болон давж заалдах шатны шүүхүүд гаргаад байна. Иймд гомдлыг минь хүлээн авч, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой энэхүү хэрэгт Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.06.13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэртэй, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.09.17-ны өдрийн 209/МА2024/00077 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлүүдийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.03-ны өдрийн 001/ШХТ2024/01535 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6. Нэхэмжлэгч Ц нь Д-д холбогдуулан 22,438,337 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргаж, үндэслэлээ “...Би Дархан сумын 1-р багт 2000 оноос хойш хувиараа гахай, шувууны аж ахуй эрхэлж байгаа, сумын Засаг даргын хот суурьшлын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргах тухай шийдвэрийг зөвшөөрч байна. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдээ нүүлгэн шилжүүлэхэд их хэмжээний зардал гарахаар байна. Тус захирамжийн хэрэгжилтийг хангахад гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар огт дурдаагүй нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон үйлдэл байна. Миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг мэргэжлийн төсөвчнөөр тогтоолгоход 22,438,337 төгрөг байхаар гарсан тул хохиролд тооцож, нөхөх олговор олгох зохицуулалтын дагуу нэхэмжилнэ. Харин гэрээний дагуу надад газар олгосон зүйл байхгүй, би нүүж очоогүй, тог цахилгаан хэрэглээгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан.
Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, 29,018,071 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган үндэслэлээ “...2022 онд Иргэдийн төлөөлөгчийн хурлын 14-р тогтоолыг үндэслэн сумын Засаг дарга ... дугаартай захирамж гаргасан. Үүнтэй холбоотой туслах аж ахуй эрхэлж байгаа айлуудтай гурван талт гэрээ байгуулсан. Шатахууны зардлыг 100,000 төгрөгөөр тооцож олгож байгаа, үүнээс цааш мөнгө олгох боломжгүй, Ц той хийсэн гэрээгээр нүүж очвол 10,000 м.кв газрыг олгож байгаа, гэрчилгээг нь гаргаж өгөхөөр тохирсон. Орхон сум, 2 дугаар баг Энх талын туслах аж ахуйн суурьшлын бүсэд гаргасан зардлыг нэг өрхөд хуваахад газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг Ц оос гаргуулна.” гэжээ.
7. Анхан шатны шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...нэхэмжлэгч нь 2023 онд өөрийн өмчлөлийн туслах аж ахуйг Дархан сумын бүсээс гаргаж Орхон туул суманд байршуулсан үндэслэлээр оршин суугаа багийн тооллогод бүртгүүлээгүй болох нь Дархан сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021-2023 оны тооллогоор тогтоогдож байна. ... Нэхэмжлэгч нь сумын Засаг даргын захирамжийн талаар маргахгүй, уг захирамжийн дагуу Хот суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт 2022.05.10-ны өдрийн 04 дугаартай гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг нэхэмжлэгч хариуцахаар харилцан тохиролцсон байна. Мөн захиргааны байгууллагын хууль ёсны үйл ажиллагаанаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөний улмаас хохирол учирсан бол төрөөс олгох нөхөх олговор олгож хохирлыг барагдуулж болохыг, нөхөх олговор олгох журмыг хуулиар тусгайлан зохицуулахаар хуульчилсан байх ба уг үйл баримттай холбоотой асуудлын талаар холбогдох хууль, журам тогтоогоогүй” гэсэн дүгнэлт хийж, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Харин сөрөг нэхэмжлэлийн тухайд “...нэхэмжлэгч өмнө нь сумын Засаг даргын захирамжаар авсан газар дээрээ одоог хүртэл гараагүй бөгөөд дахин гэрээний дагуу 10,000 м.кв газрыг авахаар бол газрын суурь үнэлгээний анхны үнэ нь 12,000,000 төгрөг, цахилгааны зардал 14,637,384 төгрөг, худаг гаргасны зардал 2,380,687 төгрөг, нийт 29,018,071 төгрөгийг төлж 10,000 м.кв газар авах эрх үүснэ гэж үндэслэлийг тодруулсан боловч талуудын хооронд байгуулсан гэрээгээр уг газрыг үнэ төлбөргүй эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба уг гэрээгээр цахилгааны зардал, худаг гаргасны зардлыг нэхэмжлэгч хариуцах талаар тохиролцоогүй байх тул хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй. Мөн өмнө нэхэмжлэгч Ц ид олгосон газар нь ДДын 2022.04.05-ны өдөр хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай ... дугаар захирамжийн дагуу байгуулсан гэрээгээр олгосон газартай холбоотой гэж хариуцагч маргаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт хийжээ.
8. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн ба “...Иргэний эрх зүйн хохирол хариуцах зарчмаар хариуцагч талын гэм буруугийн асуудал зайлшгүй шаардагдах бөгөөд Сумын Засаг дарга хуульд заасан эрх хэмжээгээ хэрэгжүүлж, 2022 онд хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай ... дугаар захирамж гаргасан, уг захиргааны акттай нэхэмжлэгч маргаагүй. Хэрэгт авагдсан Хот, суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээгээр ... А тал буюу нэхэмжлэгч Ц нь туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг өөрөө хариуцна гэж заасан, өөрөөр хэлбэл, ...суурьшлын бүс рүү туслах аж ахуйгаа нүүлгэн шилжүүлж байршуулахад гарах эрсдэлийг өөрт нь хариуцуулсан байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу биш” гэж үзсэн байна.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
10. Дархан-Уул аймгийн Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 14 дүгээр Мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийг тогтоох тухай тогтоолоор Дархан сумын мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарын өөрчлөлтөд хамрагдах мал, туслах аж ахуйтай иргэдийг нүүлгэн шилжүүлэх болон бусад холбогдох арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг Дархан сумын засаг даргад даалгажээ.
11. Дархан сумын Засаг дарга 2022.04.05-ны өдөр гаргасан ... дугаар Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжаар тус сумын 1-3, 5-8,15 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа туслах аж ахуйг /гахай/, 5-8, 15 дугаар багийн мал бүхий өрхүүдийг холбогдох хууль, журмын дагуу Эрчимжсэн мал аж ахуй, Туслах аж ахуйн суурьшлын бүсэд 2022.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд нүүлгэн шилжүүлэх, энэ ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар баталж, шинэ суурьшлын бүсэд шилжин суурьших боломжгүй өрхүүдийг мал, туслах аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс заагдсан хугацаанд бүрэн гаргахыг ажлын хэсэгт даалгаж шийдвэрлэжээ.
12. Дархан сумын Засаг даргын Тамгын газраас ... дугаар захирамжийг хэрэгжүүлэхийг мэдэгдэж Ц-д мэдэгдэх хуудас өгсөн байна.
13. Ц нь ...гахайн аж ахуй эрхлэн явуулж буй хашаа, уг аж ахуйн байрны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээ туслах аж ахуйн суурьшлын бүс рүү нүүлгэн зөөвөрлөхөд хэдий хэмжээний зардал гарах талаар Тэргүүлэх төсөвчин Ч гэгчээр төсөв, зардлыг тооцуулсан байх ба уг төсөвчин Ц ийн буулгах барилга байгууламж, буулгасан барилгыг барих ажлын зардлын нийт төсөвт өртөг 22,438,337 төгрөг гэжээ.
14. Нэхэмжлэгч Ц нь 01 тоот мэдэгдэх хуудсыг 2022.04.12-ны өдөр хүлээн авч танилцаад “... Засаг даргын захирамжид нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн атлаа тус захирамжийн хэрэгжилтийг хангахад зайлшгүй шаардлагатай аж ахуйг нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй, миний хувьд гахайн аж ахуйгаа нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хэр хэмжээний зардал гарах талаар мэргэжлийн төсөвчнөөр үнэлгээ гаргуулахад нийт 22,438,337 төгрөг гарахаар тогтоосон, энэхүү зардлыг шийдвэрлэн өгч ... дугаар захирамжийн хэрэгжилтийг бодитоор хангаж ажиллана уу” гэсэн гомдлыг Дархан сумын Засаг даргад гаргасан байна.
15. Дархан сумын Засаг дарга нь 2023.04.17-ны өдөр 01/436 тоот албан бичгээр “...хотын төвөөс мал, туслах аж ахуйгаа гаргасан өрх тус бүрт нүүлгэлтийн шатахууны зардалд 100,000 төгрөг зарцуулахаар төсөв батлагдсан тул таны нэхэмжилсэн зардлыг олгох боломжгүйг мэдэгдэж байна” гэсэн хариуг Ц-д өгчээ.
16. Хот, суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйн бүс рүү шилжин суурьших иргэн Ц / А тал/, Дархан сумын Засаг дарга/ Б тал/, Орхон сумын Засаг дарга / В тал/ нарын хооронд 2022.05.10-ны өдөр 04 дугаартай Хот, суурин газрын гэр хорооллын бүсээс туслах аж ахуйг /гахай/ гаргахад хамтран ажиллах гурван талт гэрээг байгуулсан байна./1-р хх-67, 213/
17. Энэхүү гэрээгээр эрчимжсэн мал аж ахуйн шинэ суурьшлын бүсийг Дархан-Уул аймгийн Орхон сум Энхтал 2 дугаар баг Ноён хонгор багт 10,000,000 м.кв газрыг иргэн Ц шинэ суурьшлын бүсэд туслах аж ахуйгаа бүрэн шилжүүлсний дараа гэрчилгээг Орхон сумын ЗДТГ-аас олгох, нүүлгэн шилжүүлэхтэй холбогдон гарах зардлыг туслах аж ахуйгаа шилжүүлэн байршуулах зардлыг иргэн хариуцах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой шатахууны зардалд тодорхой хэмжээний дэмжлэгийг Дархан сумын Засаг дарга үзүүлэх, иргэн 2022.06.01-ний дотор 240 толгой мал, амьтныг хот суурин газрын гэр хорооллын бүсээс гаргах үүрэг хүлээж тохиролцсон.
Дээрх гэрээг хугацаа дууссан үндэслэлээр хэрэгжилтийг дүгнэж, улмаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 2023.05.18-ны өдрийн ... дугаартай захирамжаар гэрээг цуцалсан байна.
18. Талууд дахин 2023.06.12-ны өдөр 04 дугаартай гэрээ байгуулахдаа өмнөх гэрээний гол нөхцөлийн талаар тусган, хугацааг 2023.07.15-ны өдрийн дотор байхаар тохиролцсон ба Дархан сумын Засаг даргаас гэрээний үүрэг биелүүлэх албан мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлжээ.
19. Захиргааны Ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно” гэж, 5.1.1.-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага; ... гэж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Аймаг, сум, баг, нийслэл, дүүрэг, хороо нь нийтийн эрх зүйн этгээд байна гэж заасан ба Дархан сумын Засаг дарга нь нийтийн эрх зүйн субъект байх бөгөөд тэрээр 2022 онд ... дугаар Хориглосон бүсэд байгаа мал, туслах аж ахуйг нүүлгэн шилжүүлэх тухай захирамжийг нийтийн эрх ашгийн тулд гаргасан гэж үзэхээр байна.
20. Захиргааны ерөнхий хуульд зааснаар захиргааны гэрээ нь захиргааны үйл ажиллагааны нэг хэлбэр байх захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцогч гэж захиргааны байгууллагад өргөдөл, хүсэлт гаргасан этгээд, захиргааны акт, захиргааны гэрээний эрх зүйн үйлчлэл шууд болон шууд бусаар чиглэсэн этгээд болон захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагаанд татан оролцуулсан этгээдийг хэлдэг байна. Түүнчлэн захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох хуулийн тусгайлсан зохицуулалт үйлчилж байна.
21. Зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтаас дүгнэхэд энэ нь гэм хорын харилцаанаас үүдэлтэй хувийн эрх зүйн маргаан гэхээс илүүтэй хувийн өмчийн харилцааг нийтийн эрх ашгийн үүднээс дуусгавар болгоход чиглэсэн нийтийн эрх зүйн маргаан гэж үзэхээр байна. Тодруулбал, холбогдох этгээдийн хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорыг нөхөн төлүүлэх бус, харин нөхөн олговрын харилцаа хөндөгджээ. Хэдийгээр нэхэмжлэгч нь Засаг даргын захирамж болон гурван талт гэрээ байгуулсан тухайд маргаагүй гэх боловч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь гэрээ хэрэгжих, Засаг даргын захирамж биелэгдэх нөхцөл бүрдээгүй, улмаар аж ахуй эрхлэгчийн хувьд өөрийн хөрөнгөө шинэ суурьшлын бүс рүү нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зардлыг шийдвэр гаргасан этгээд хариуцах ёстой гэсэн агуулгаар тайлбарласан байх бөгөөд захиргааны гэрээ байгуулахад хуульд заасан журмыг хэрэгжүүлсэн эсэх талаар иргэний хэргийн шүүх дүгнэх, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх үндэслэлгүй юм. Түүнчлэн Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам зэрэг эрх зүйн актыг энэхүү маргаанд хэрэглэх эсэх нь тодорхойгүй байна.
Маргааны үйл баримтад хамаарах Засаг даргын захирамж болон түүн дээр үндэслэн хийгдсэн гурван талт гэрээ нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны үйл ажиллагаа байх бөгөөд зохигчийн хооронд үүссэн маргааныг иргэний хэргийн шүүх хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д нийцэхгүй бөгөөд үүнийг захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, Ц ийн нэхэмжлэлтэй, Д-д холбогдох 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 29,018,071 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 135/ШШ2024/00810 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 209/МА2024/00077 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Ц ийн нэхэмжлэлтэй, Д-д холбогдох 22,438,337 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, нэхэмжлэгч Ц оос 29,018,071 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д-ын сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 270,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД