Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2024/ШЦТ/121

 

 

2024      03          20                                           2024/ШЦТ/121

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Н.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Бт холбогдох эрүүгийн 2425000500176 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 38 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт зэвсгийн мэргэжилтэй, .......................... ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сумын Уртын гол баг 000000 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, Х ургийн овогт П-гийн Б, /регистрийн дугаар: ...................../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.Б нь такси үйлчилгээгээр үйлчлүүлэхээр 2023 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б” баарны гадна авто зогсоолд зогсож байсан П.Б-ны эзэмшлийн 000000 улсын дугаартай Приус 20 загварын тээврийн хэрэгслийн арын суудалд суухад уг тээврийн хэрэгсэлд жолоочтой хамт сууж байсан хохирогч С.Б нь “арын тээврийн хэрэгсэлд суучих, энэ машин явахгүй” гэснээс үүдэн тээврийг хэрэгслээс буусан хохирогчийг гартаа барьж явсан шилтэй пивоор нүүр, толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, хүзүүнд шарх, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

               1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч П.Бийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг,

   эрүүгийн 2425000500176 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан, талуудаас шинжлэн судалсан

        -Б баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-5-р тал/

 -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 7-р тал/

-Хохирогч С.Б мэдүүлсэн: ...2023 оны 12 дугаар сарын 17-ны орой 21 цаг өнгөрч байх үед Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг "Б" бааранд найз П, П эхнэр нэрийг нь мэдэхгүй байна, Г, Т, Г, Д нарын хамт орсон. Бааранд ороод бид нар 2-3 шил архи хувааж уусан. Би 22-23 цагийн хооронд тамхи татахаар ганцаараа баарнаас гарсан. Баарны үүдний хэсэгт зогсоод тамхи татаж байтал зогсоол дээр байсан приус 20 маркийн тээврийн хэрэгсэл сигналдаад жолоочийн эсрэг талын цонхоо буулгахаар нь хэн юм бол гээд гайхаад хартал Булганд амьдардаг нутгийн ах Б байсан. Тэгэхээр нь би явж очоод жолоочийн эсрэг талын урд суудал дээр суусан. Үүний дараа би Булгаа ахтай ойр зуурын зүйл ярингаа буу халсан. Нээх удалгүй Б ахын машины арын суудал руу 40 орчим настай, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамц, гадуураа эрээн өнгийн хувцас өмссөн нэг эрэгтэй орж ирж суусан. Уг эрэгтэй таксинд явах уу гэж асуухаар нь би таксинд явахгүй гэж хариулаад баар руу орохоор машинаас буусан. Намайг дөнгөж машинаас буух үед саарал өнгийн юүдэнтай цамц өмссөн эрэгтэй миний зүүн чихний ар хэсэг руу пивоны бүтэн шилээр цохисон. Энэ үед уг эрэгтэйн намайг цохисон пивоны шил хагарсан. Үүний дараа би эргэж хараад уг эрэгтэйтэй зууралдаж газар унагаад дээр нь гарч суугаад хоолойг нь боосон. Мөн тэр залуутай ноцолдож байх үедээ би баруун нүднийхээ хөмсөг хэсэг рүү цохиулсан. Намайг уг эрэгтэйн дээр гарч суусан байх үед миний толгойноос цус гоожиж намайг цохисон залуугийн дээр дусаад байсан. Тэгтэл уг эрэгтэй за ахынх нь буруу, учир зүйгээ ольё гэхээр нь би газраас босгосон...Ингээд намайг зодсон залуу бид хоёр таксинд суугаад БОЭТ-ийн яаралтай тусламжийн тасагт очсон. Энэ үед эмч миний зүүн чихний ар хэсэгт 2 оёо, баруун хөмсөг хэсэгт бас оёо тавьсан. Би яг хэдэн оёо тавиулсан гэдгээ мэдэхгүй байна.... Цагдаад өргөдөл өгсний дараа би намайг зодсон эрэгтэй болох Бтай уулзахад "ахын дуу учир зүйг ольё, хэн хэнийх нь буруу зөв байгаа байх, би ч гэсэн ажил төрөлтэй гэж хэлж байсан. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлээд байх зүйл байхгүй, шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй, шүүх хуралдаанд суухгүй. Тийм учраас энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15-р тал/

- Гэрч Ц.Г-ийн “... Дотор бүжиглэж байтал 23 цаг өнгөрч байхад гаднаас зүс таних Б гэж дууддаг манай нутгийн ах орж ирээд баарны гадаа хүнд шилээр цохиулчихлаа гэж хэлсэн. Үүнийг сонсоод бид нар шууд гадаа гарсан ба гадаа гарахад Б нүүр өмсөж явсан хувцас зэрэг нь цус болчихсон газраар нэг пивоны шилний хэлтэрхийнүүд байсан. Мөн Б дэргэд Быг пивоны шилээр цохиж, зодсон гэх куртик болон өмд нь эрээн өнгийн нэг төрлийн ажлын хувцас өмссөн эрэгтэй байсан. Бид нарыг хараад тэр эрэгтэй нэг үнэмлэх гаргаж ирээд би ийм албан тушаалтай гэж хэлсэн тэгэхээр нь би чиний ямар албан тушаалтай байх бид нарт хамаагүй гэж хариулсан....”гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-Гэрч П.Б-ны ...Тухайн өдөр би өөрийн эзэмшлийн 000000 улсын дугаартай цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад орой 22 цагийн үед Б нэртэй баарны гадна үүд хэсэгт зогсож байхад Булган аймгийн Баян-Агт сумын манай нутгийн дүү Б ганцаараа тамхи татаад зогсож байгаад намайг хараад шууд миний машинд орж ирээд миний хажууд урд суудал дээр суугаад мэнд ус мэдээд юм яриад сууж байсан. Тэгсэн удалгүй тухайн баарнаас эрээн өнгийн хувцастай гартаа 1 шил пиво барьчихсан танихгүй залуу гарч ирээд миний машины хойд хэсэгт буюу Б ард талд суугаад нэг зочид буудлын нэр хэлээд хүргээд өгчих гэж хэлсэн чинь Б тухайн залууд хандаж та ард талын таксинд суучих гэсэн чинь чи бас мэдэх юм уу, гэж хэлсэн чинь Б тамхиа татах гээд машинаас буухад ард талд нь сууж байсан залуу шууд араас нь зэрэг шахуу буугаад гартаа барьж байсан пивоороо Б хөмсөг руу шилтэй пивоо хага цохисон аль талынх нь хөмсөг рүү цохисон талаар би одоо санахгүй байна. Тэгээд тэр 2 хоорондоо барилцаад авахаар нь би баарны хамгаалагч дуудахаар дотогшоо баар руу ороход хамгаалагч нь байгаагүй. Намайг баарнаас гарч ирэхэд Б болон нөгөө эрээн хувцастай залуу хоёр баарны үүдэнд замын хашлага дээр сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22-р тал/

-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Б-ын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №69 дугаартай “...С.Б биед баруун хөмсөг, хүзүүнд шарх, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир ирмэг болон мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /26-27-р тал/

-шүүгдэгч П.Б хохирогч С.Бд 300,000 төгрөг шилжүүлсэн тухай баримт /хх-ийн 65-р тал/

-шүүгдэгч П.Бийн яллагдагчаар мэдүүлсэн:...Би эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Надад тогтоолтой холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй....Найзтайгаа хамт пиво ууж байгаад орой 23 цагийн үед гэртээ харихаар болоод 1 ширхэг шилтэй пиво гартаа бариад баарнаас гарсан. Баарнаас гарахад баарны үүдэнд цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл зогсож байхаар нь таксидахаар хойд хэсгээр нь орж суугаад таксинд явах уу гэхэд жолооч нь таксинд явахгүй гэж хэлж байхад хажуугаас жолоочийн хажууд сууж байсан залуу сохор юм уу, хүн сууж байхад гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаад машинаас бууцгаасан. Машинаас буугаад би гартаа барьж байсан пивотой шилээр тухайн залуугийн нүүрэн тус газарт цохиж гэмтэл учруулсан..." гэх мэдүүлэг /xx-ийн 50-51-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

    Шүүгдэгч П.Б нь 2023 оны 12 дугаар сарын 17-ны шөнө 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Б” бааранд үйлчлүүлээд гараад гадна авто зогсоолд зогсож байсан  000000 улсын дугаартай приус 20 загварын тээврийн хэрэгслийн арын суудал орж суугаад “явах”уу” гэхэд уг тээврийн хэрэгсэлд жолоочтой хамт сууж байсан хохирогч С.Б нь “арын тээврийн хэрэгсэлд суучих, энэ машин явахгүй” гэхэд нь гартаа барьж явсан шилтэй пивоор нүүр, толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “баруун хөмсөг, хүзүүнд шарх, зүүн чамархайд зулгаралт, баруун нүдний алиманд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, камерын бичлэг, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч П.Б-ийн үйлдлийн улмаас С.Б биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        Шүүгдэгч П.Бийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч П.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

         Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.          

         Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

 -шүүгдэгчийн өмгөөлөгч З.Б: Шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, ялаас чөлөөлнө үү гэж тус тус санал дүгнэлт гаргасан.     

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.

         Шүүгдэгч П.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул, Эрүүгийн хуулийн  5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

       6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны  дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн байх боловч,

           шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж  заасныг баримтлан, прокурорын санал болгосон 700,000 төгрөгөөр торгох ялыг бууруулан 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Шүүгдэгч анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн, хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон түүний хувийн байдлыг харгалзан үзсэн болно.

          Харин өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх саналыг үндэслэлгүй гэж үзлээ.

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

        Хохирогч С.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 300,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 65-р тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг СД хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х ургийн овогт П-гийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ