Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2025/00007

 

“ӨМХК” ХХН-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02385 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2024/01802 дугаар магадлалтай,

“ӨМХК” ХХН-ийн нэхэмжлэлтэй

“А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП, “Ф” ХХК-д тус тус холбогдох

Гэм хорын хохиролд 481,328,761 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, өмгөөлөгч П.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч У.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, өмгөөлөгч П.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.А, өмгөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“ӨМХК” ХХН нь “А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП, “Ф” ХХК-д тус тус холбогдуулан Гэм хорын хохиролд 481,328,761 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

2.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02385 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч “А” ХХК-с 64,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ӨМХК” ХХН-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 417,128,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч ЦВП, “Ф” ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, хариуцагч ЦВП, “Ф” ХХК нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч “ӨМХК” ХХН нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “А” ХХК-с 478,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2024/01802 дугаар магадлалаар: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШШ2024/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 478,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, өмгөөлөгч П.Ц нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...нэхэмжлэлийн шаардлагаас 417,128,761 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх “И” ХХК-тай хийсэн гэрээнд шууд хамааралтай заалтыг нарийн тодорхойлж, хавсралтаар баталгаажуулсан хамгаалах талбайтай холбоотой бичгийн баримтыг үнэлэхгүй орхигдуулсан.

“А” ХХК-ийн хууль бусаар жонш олборлосон үйл ажиллагааны улмаас “Б” ХХК-ийн эзэмшлийн хайгуулын талбайд олон тооны 20 метр хүртэл гүн нүх ухагдсанаас тухайн орчинд аюултай байдал бий болгож, нутгийн эрх бүхий байгууллагын шаардлагаар нэмэлт хамгаалалт авсан тул харуул хамгаалалтын гэрээнүүдийг байгуулж, гэрээний дагуу төлбөрүүд төлөгдөх болсон. Өөрөөр хэлбэл, “А” ХХК-ийн дайрч орсон талбайд ил жонш ихээр үлдсэн, олборлох зам талбайг бэлтгэсэн нь бусад хүмүүс дайрч орох боломжтой болсноос гадна “А” ХХК хүмүүсийг санаатайгаар өдөөн турхирч хамгаалалтын албаны хүмүүст нөлөөлөх, хамтран жонш хулгайлах, мал, хүн амьтан нүхэнд унаж бэртэх, хулгайгаар жонш олборлогч хүмүүсийн амь насанд аюул учрах нөхцөл байдал үүссэн. “А” ХХК-ийн өөрийн ашиглалтын лиценз бүхий талбайд ямар ч саад бэрхшээлгүйгээр ажиллаж буй хамгаалалтын ажлын цалин хөлс зардлыг “Б” ХХК-ийн дээрх байдлаар хамгаалалт авсан ажлын хөлс, зардалтай харьцуулж дүгнэсэн нь үндэслэлгүй.

“А” ХХК-ийн хууль бусаар ашигт малтмал олборлосон талбайд л харуул хамгаалалт гаргасан нь гэрээний хавсралт, солбилцол, засаг даргын тодорхойлолт, харуул хамгаалалтын компанийн албан тоот зэргээр нотлогдож байхад шүүх “бүх лицензийн талбайг хамарсан харуул хамгаалалтын төлбөр” мэтээр дүгнэсэн нь хэт нэг талыг баримталсан байна. Шүүхийн шийдвэрээр “Б” ХХК ба “И” ХХК нарын хооронд байгуулагдсан 5,600,000 төгрөгийн харуул хамгаалалтын гэрээний үнийн дүнг харгалзаж, “Б” ХХК ба “Д” ХХК нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн гэрээний үнийн зөрүүг 2,400,000 төгрөгөөр тооцох нь зөв гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, гэрээний чөлөөт байдлын зарчмыг зөрчсөн. ...Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5.Хариуцагч нарын өмгөөлөгч У.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.4-т зааснаар гомдол гаргаж байна. ...Нэхэмжлэгч өөрийн газрыг хамгаалуулсантай холбоотой зардлын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдал, хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжтой нийцэхгүй. ...нэхэмжлэгчийн ашигт малтмалын лицензэд хамаарч буй талбайд өөр гуравдагч этгээдүүд довтолж, хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан тул нэхэмжлэгч нь харуул хамгаалалт авсан талаар дурдаж, шүүхэд ч энэ тайлбараа гаргадаг. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан, шүүхийн шийдвэрээр гаргуулахаар шийдвэрлэж буй төлбөрийг хариуцвал зохих этгээдүүд нь уг довтолгоог хийж, хууль бусаар ашигт малтмал олборлож байсан гэх этгээдүүд юм. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

6.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А, өмгөөлөгч П.Ц, хариуцагч нарын өмгөөлөгч У.Т нарын гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.05-ны өдрийн 001/ШХТ2024/01582 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

7.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

8.Нэхэмжлэгч “ӨМХК” ХХН нь хариуцагч “А” ХХК, “Ф” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП нарт холбогдуулан гэм хорын хохиролд 382,128,761 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Ф” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП нараас татгалзаж, хариуцагч “А” ХХК-с гэм хорын хохирол 481,328,761 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлжээ. Нэхэмжлэгч нь “Б” ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дүгээр тогтоолоор “А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП нарын “Б” ХХК-д учруулсан гэм хорын хохирлыг нэхэмжлэх, шаардах эрх болон гэм хор учруулснаас үүссэн өр төлбөрийг шаардах эрхийг шилжүүлэн авсан байна. (2хх 175-188 тал)

Нэхэмжлэлийн үндэслэлээ: Хариуцагч “А” ХХК нь өөрийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас хэтэрч, хил залгаа орших манай эзэмшлийн талбайд хууль бусаар жонш олборлолтын үйл ажиллагаа явуулж, зохих нөхөн сэргээлтийг хийгээгүйн улмаас том хэмжээтэй гүнзгий нүхнүүд бий болсон. Эдгээр нүхэнд хүн, мал амьтан унаж, бэртэх эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улмаар орон нутгийн иргэдэд ашигт малтмалыг хууль бусаар олборлох боломжийг олгосон, нөгөө талаас сум орон нутгийн удирдлагаас өөрсдийн эзэмшлийн талбайд харуул хамгаалалт гаргахыг шаардаж, гаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах саналыг эрх бүхий төрийн захиргааны байгууллагад хүргэх талаар сануулсан. Иймд бидний зүгээс харуул хамгаалалтын зардал гаргахаас өөр аргагүй болсон бөгөөд энэ нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаар шийтгэх тогтоолоор нотлогдоно. Иймд харуул хамгаалалтын гэрээний дагуу “И” ХХК-д төлсөн 274,200,000 төгрөг, “Д” ХХК-д төлсөн 198,128,761 төгрөг, шинжээчийн зардалд “Э” ХХК-д төлсөн 5,000,000 төгрөг, “Г” ХХК-д төлсөн 4,000,000 төгрөг, нийт 481,328,761 гаргуулахаар шаардах эрхтэй гэж тодорхойлжээ.

Хариуцагч “А” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, харуул хамгаалалтын зардал нь “А” ХХК-ийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоогүй, шийтгэх тогтоолоор нэхэмжлэгчийн эзэмшлийн 1,46 га талбайд хамаарах талбайд олборлолт хийсэн болохыг тогтоосон. Гэтэл нэхэмжлэгчийн гаргасан гээд байгаа харуул хамгаалалтын зардал нь уг 1,46 га талбайг, эсхүл тусгай зөвшөөрөл бүхий талбайг бүхэлд нь хамгаалж байгаа эсэхийн аль нь болох нь тодорхойгүй. Түүнчлэн, хариуцагчийн эзэмшлийн талбайд орон нутгийн ярианы хэлээр нинжа гэж нэрлэгдсэн хууль бусаар ашигт малтмал олборлодог иргэд довтолж байсан. Энэ үйлдлийг хамгаалуулах зорилгоор нэхэмжлэгч тал харуул хамгаалалт авсан учраас хариуцагчийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол учирсан гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдохгүй, харуул хамгаалалтын хөлс нь зах зээлд ижил төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа үнэ ханшаас хэт өндөр, ийм хэмжээний зардал гарах ч боломжгүй гэж маргажээ.

9.Анхан шатны шүүх хариуцагч “А” ХХК-аас 64,200,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ӨМХК” ХХН-д олгож, үлдэх 417,128,761 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь хариуцагч ОХУ-ын иргэн ЦВП, “Ф” ХХК нарт холбогдох шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрт: хариуцагч “А” ХХК-ийн хууль бусаар жонш олборлосны улмаас “Б” ХХК-ийн эзэмшлийн лицензтэй талбайд осол гарах, хүн мал унаж осолдох аюултай нөхцөл байдал бий болсонтой холбоотойгоор харуул хамгаалалтын хөлс нэмэгдсэн тул энэ хэмжээгээр нэхэмжлэгчид хохирол учирсан, нэхэмжлэгчээс гарсан харуул хамгаалалтын нэмэлт зардлын хэмжээг “Б” ХХК, “И” ХХК нарын хооронд байгуулагдсан 5,600,000 төгрөгийн үнийн дүн бүхий харуул хамгаалалтын гэрээ, “Б” ХХК, “Д” ХХК нарын хооронд байгуулагдсан 8,000,000 төгрөгийн үнэ бүхий харуул хамгаалалтын гэрээний үнийн зөрүү 2,400,000 төгрөгөөр тооцож, 2020 оны 02 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийт 55,200,000 төгрөгийн гэм хорын шалтгаант холбоо тогтоогдож байна, харин “И” ХХК-тай байгуулсан харуул хамгаалалтын үйлчилгээ нь ашигт малтмалын хайгуулын болон олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй хуулийн этгээдийн ердийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор эсхүл хариуцагч “А” ХХК-ийн хууль бус олборлолтын үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн хөрс бүхий талбайг хамгаалалтдаа авах аль нь болох нь тогтоогдохгүй байх тул “И” ХХК-д төлсөн харуул хамгаалалтын хөлсийг гэм хор учруулагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэхгүй, ...нэхэмжлэгч нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад шинжээчийн зардал 9,000,000 төгрөгийг өөрөөсөө төлсөн байх тул шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаад хэвээр үлдээсэн байна.

10.Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэлээр зохигчийн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

11.“Б” ХХК-ийн 2023.05.12-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 01 дугаар тогтоолоор “А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП нараас гэм хорын хохирлыг нэхэмжлэх, гэм хор учруулснаас үүссэн өр төлбөрийг шаардах эрхийг “ӨМХК” ХХН-д шилжүүлснээр нэхэмжлэгч нь “А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

11.1.“Б” ХХК нь ******** аймгийн *****, *** сумын ************ нэртэй газарт орших 23062.99 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын М-******** дугаартай тусгай зөвшөөрөл, харин хариуцагч “А” ХХК нь ******** аймгийн *** сумын ****** нэртэй газарт орших 310 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын 6-******** дугаартай тусгай зөвшөөрөл, мөн ******** аймгийн *** сумын ****** нэртэй газарт орших 43 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглалтын 6-****А дугаартай тусгай зөвшөөрлийг тус тус эзэмшдэг байна. (2хх 204-206, 3хх 79-80)

11.2.Хариуцагч “А” ХХК нь ******** аймгийн *** сумын ****** нэртэй газарт 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэлх хугацаанд M-****А дугаартай ашиглалтын талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулахдаа нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эзэмшлийн Х-****4 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайн 1,46 га газарт хууль бусаар жонш олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021.07.29-ний өдрийн 2021/ШЦТ/66 дугаартай шийтгэх тогтоол, Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.10.27-ны өдрийн 2021/ДШМ/11 дугаартай магадлалаар (1хх 6-31) тогтоогдсон, шүүгдэгч ОХУ-ын иргэн ЦВП-г хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн журмыг сахин хангуулах үүрэг бүхий этгээд энэ үүргээ биелүүлээгүйгээс хүний бие эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан, хүний амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, хууль бусаар ашигт малтмал ашиглаж олборлосны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож ял оногдуулжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалаар “... шүүгдэгч ОХУ-ын иргэн ЦВП болон “А” ХХК-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль бусаар олборлолт явуулж олсон ашигт малтмалын үнэ болох 1,169,294,000 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, байгаль орчин нөхөн сэргээлтийн төлбөр болох 105,913,328 төгрөгийг гаргуулж ******** аймгийн *** сумын З газарт олгож өөрчлөлт оруулсан байна. (1хх 25-31 тал) Д****Ш газрын 2022.12.26-ны өдрийн 01/01 дүгээр тогтоолоор “А” ХХК, ОХУ-ын иргэн ЦВП-д холбогдох 22410095 дугаар гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. (2хх 245 тал)

12.Шаардах эрх шилжүүлж авсан “ӨМХК” ХХН нь гэм хорын хохирлыг 2017.03.06-2019.12.31-ний өдрийг хүртэл “И” ХХК-тай сарын 5,600,000 төгрөгийн хөлстэйгөөр, 2020.01.24-2020.12.31 хугацаагаар “Д” ХХК-тай нэг сарын төлбөрийг 8,000,000 төгрөг байхаар тус тус харилцан тохиролцож байгуулсан харуул хамгаалалтын гэрээ, эдгээр гэрээг сунгасан, улмаар “И” ХХК-д 190,400,000 төгрөг, “Д” ХХК-д гэрээний төлбөрт 272,000,000 төгрөгийг төлсөн (1хх 88-103,129-151, 3хх 216-219 тал) баримтаар тодорхойлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4.-т зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг дахин нотлохгүй тул хариуцагч талын хууль бус ажиллагаа, гэм буруугийн асуудал энэ хэргийн маргааны зүйл болоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Мөн зүйлийн 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгддөг.

Хариуцагчийн гэм буруу шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байх ба нэхэмжлэгчид учирсан гэм хор хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх асуудал зохигчийн хоорондох маргааны зүйл болжээ.

13.Ийнхүү хариуцагчийн хууль бус ажиллагаа тогтоогдсон боловч нэхэмжлэгчээс гаргасан харуул хамгаалалтын зардал нь хариуцагчийн хууль бус үйлдэлтэй шалтгаант холбоотой эсэх нь эргэлзээтэй болохыг хоёр шатны шүүх анхаараагүйгээс гадна хамгаалалтын хөлсний зөрүүгээр хохирлын хэмжээг тогтоосон нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм хор, хохирлын ойлголт болон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд нийцээгүй, хууль хэрэглээний алдаатай болсон байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоос үзвэл хариуцагч нь 2012 оноос 2014 оны 06 сар хүртэл хугацаанд “Б” ХХК-ийн эзэмших эрхтэй талбайн 1,46 га газарт хууль бусаар нэвтэрч жонш олборлосон, уг жоншны үнийг улсын орлого болгож, нөхөн сэргээлтийн зардлыг Засаг даргад олгохоор шийдвэрлэсэн. Харин “Б” ХХК нь үүнээс хойших хугацаанд буюу 2017.03.06-2019.12.31-ний өдрийг хүртэл “И” ХХК-тай сарын 5,600,000 төгрөгийн хөлстэйгөөр, 2020.01.24-2020.12.31 хугацаагаар “Д” ХХК-тай нэг сарын төлбөрийг 8,000,000 төгрөг байхаар харилцан тохиролцож харуул хамгаалалтын гэрээ байгуулсан, эдгээр гэрээг сунгасан, улмаар “И” ХХК-д 190,400,000 төгрөг, “Д” ХХК-д гэрээний төлбөрт 272,000,000 төгрөгийг төлсөн гэж байгаа боловч нөхөн сэргээлтийн зардлыг шүүхийн шийдвэрээр шийдвэрлэсэн, уг шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон үйл баримтаас үзэхэд шүүхийн шийтгэх тогтоолоор олгосон нөхөн сэргээх зардлаар зөрчигдсөн эрхийг арилгах боломжтой болохоос гадна хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас “Б” ХХК-ийн эзэмшлийн лицензтэй талбайд осол гарах, хүн мал унаж осолдох аюултай нөхцөл байдал бий болсон нь нөхөн сэргээх зардалд хамаарахгүй, өөр хор уршиг гэдгийг нэхэмжлэгч баримтаар нотлоогүй, харуул хамгаалалтын зардлыг зайлшгүй хохирол гэдгийг хангалттай нотлоогүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан хор уршиг нь хариуцагчийн хууль бус үйлдлийн улмаас үүссэн, хохирлын хэмжээ нь зөрчил, хууль бус үйлдэлд тохирсон, зайлшгүй шинжийг агуулсан нөхцөлд хамгаалах зүйл болдог. Нэхэмжлэгч нь гэмт хэрэг гарснаас хойш үргэлжлүүлэн харуул хамгаалалтын зардал гаргасан нь дээрх шинжийг агуулсан, зайлшгүй арилгах гэм хор болох нь тогтоогдоогүй байв.

Хоёр шатны шүүх нэхэмжлэгчид учирсан гэм хор, гэм хор учруулагчийн хууль бус үйлдлийн шалтгаант холбоог үндэслэл бүхий дүгнэж чадаагүй тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497.1-д нийцээгүй, иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангав.

14.Харин “Б” ХХК нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Г” ХХК-д байгаль орчны хохирлын үнэлгээний шинжээчийн ажлын үнэ 4,000,000 төгрөгийг, 2015.03.03-ны өдөр “Э” ХХК-д 5,000,000 төгрөгийг тус тус төлсөн, (2хх 40, 101 тал), шийтгэх тогтоолоор шинжээчийн зардлыг шийдвэрлээгүй, уг зардал нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохирол мөн тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангасан шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

15.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно” гэж заасан.

“Б” ХХК нь шаардах эрхээ “ӨМХК” ХХН-д шилжүүлсэн байхад шүүх “ӨМХК” ХХН-ийг эрх залгамжлагчаар тогтоосон нь буруу боловч энэ зөрчил нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй байна. (2хх 180-182, 199-200) Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д зааснаар хуулийн этгээд татан буугдсан, эсвэл хүн нас барсан тохиолдолд эрх залгамжлагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж ирэх боломжтой байдаг ба ийм нөхцөл үүсээгүй тул “ӨМХК” ХХН нь эрх залгамжлагч биш бөгөөд харин шаардах эрхийг шилжүүлж авсан этгээд юм.

Нөгөөтэйгүүр, Өмгөөллийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “Өмгөөллийн хуулийн этгээд өмгөөллийн үйл ажиллагаанаас бусад төрлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж заажээ.

Өмгөөллийн тухай хуулийн зорилго, өмгөөллийн үйл ажиллагааны үндсэн зарчмын хүрээнд “шаардах эрх шилжүүлэх” замаар хууль зүйн туслалцаа үзүүлэх үйл ажиллагаа явуулах нь хуулийн дээрх заалтыг зөрчих бөгөөд шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Б” ХХК-аас гаргасан бодит зардал буюу шинжээчийн зардлыг хариуцагчаас гаргуулсан болохыг дурдах нь зүйтэй байна.

16.Иймд энэ тогтоолын хянавал хэсгийн 13, 14, 15-д зааснаар хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, харин нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2024/01862 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 183/ШШ2024/02678 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...64,200,000...” гэснийг “...9,000,000...” гэж, “...417,128,761...” гэснийг “...472,328,761...” гэж, шийдвэрийн 3 дахь заалтад “...478,950...” гэснийг “...158,950...” гэж тус тус өөрчлөн, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “А” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.11.07-ны өдөр төлсөн 478,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАТЧИМЭГ

                    ШҮҮГЧИД                                                      Н.БАЯРМАА

                                                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                               Д.ЦОЛМОН

                                                                                               Х.ЭРДЭНЭСУВД