| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Азжаргал |
| Хэргийн индекс | 161/2016/0000/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/020 |
| Огноо | 2017-02-20 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.Серикжан |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2017/ШЦТ/020
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж
Нарийн бичгийн дарга Ц.С
Улсын яллагч: Т.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч: К.Е
Орчуулагч: А.Е
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Дн Дд холбогдох эрүүгийн 201604000264 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1993 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн, 23 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, эрэгтэй, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын *** дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгэлгүй, С овогт Дн Д. РД:*****.
Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 00-01 цагийн хооронд Баяннуур сумын 3 дугаар багийн иргэн А.Аийн 5 хонийг тус багийн нутаг Даваа гэдэг газарт орших иргэн О.Д-ын хотноос хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан, 2016 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 01-02 цагийн үед Баяннуур сумын 3-р багийн иргэн Х.Хийн 3 хонийг тус багийн нутаг Бүдүүн хар гэдэг газарт байрлах иргэн Х.Еий хотноос хулгайлж 195000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Хохирогч А.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...Би Баяннуур сумын Цагаан арал багаас шилжиж ирээд Өлгий сумын 3 дугаар багт амьдарч байгаа. Гэхдээ миний эзэмшлийн мал хөдөө байдаг бөгөөд иргэн О.Дат хөлсөөр хариулж байна. Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баяннуур сумын төвд дүү болох А.Кийн гэрт очоод хоноод маргааш нь О.Д-ын гэрт байгаа малнаасаа идэш гаргаж авах гэж байсан. Тэгээд 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш 15 цагийн үе байх С.А утсаар яриад танай таван хонийг Д.Д хулгайлаад, авч ирж өгсөн, энд байна. Та нар ирээд малаа бүртгэж үзээрэй, нөхөр О.Дат шал согтуу нөгөө хүмүүс нь мөн согтуу байгаа гэхээр нь сумын хэсгийн төлөөлөгчийг дагуулаад очсон юм. Бид нар очиход нөгөө залуучууд бүгд явчихсан байсан ба мал хариулдаг О.Дат согтуу байсан. Д.Дын хулгайлаад, буцаагаад авч ирсэн таван хонийг үзэхэд миний эзэмшлийн нас бие гүйцсэн эр хонь байсан, ..Хоёр нь улаан зусмийн, нэг нь улаан толгойтой цагаан, нэг нь цагаан зүсмийн, нэг нь хөх алаг зүсмийн эр хонинууд байсан. Тавуулаа ижил имтэй, зүүн чих нь ухмал, баруун чих нь малтмал имтэй... " гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/
- Хохирогч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Би Баяннуур сумын Цагаан арал багийн төвд өвөлжиж байгаа. Өөрийн хэдэн малаа тус багийн иргэн Х.Ед өгч хөлсөөр хариулуулж байгаа болно. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр миний гар утас руу Х.Е залгаад манай гэрт ирсэн Д.Д гэж залуу таны хонийг хулгайлж авч явж байгаад баригдсан, та ирээд малаа бүртгэж аваарай гээд хэлсэн юм. Тэгээд би Цагаан арал багаас гараад Х.Еий гэрт шөнийн 04 цагт очсон. Намайг очих үед цагаан саарал өнгийн Фургон машин байсан бөгөөд Ж.Б, Х.Т, Д.Д, О.С нар байсан. Болсон асуудлыг асуухад Х.Е энэ залуучууд шөнө 01 цагийн үед манай гэрт Ж.Б, Х.Т нар орж ирээд нэг цай уугаад гарсан юм. Тэгээд араас нь дагаж гарах үед хотноос мал чирж гаргасан мөр байхаар нь араас нь очих гэж байтал авсан хонийг машинаас буулгасан, тэр үед таны хонийг хулгайлсан гэдгийг мэдсэн гэж хэлсэн. Машинаас буулгасан 3 хонь уул руу гараад олдоогүй гээд өглөө олж ирэхэд нэг нь миний нас бие гүйцсэн эх хонь байсан юм. Фургон машин дотор байсан хонийг үзэхэд мөн миний эзэмшлийн нас бие гүйцсэн хоёр эр хонь байсныг буулгаж авсан. Машин дотор үлдсэн 3 хонь болон уулнаас авч ирсэн хоёр, нийт 5 хонийг өөр айлаас хулгайлсан гэдгээ Д.Д хэлсэн. Надаас Д.Д таны хотноос 3 хонь согтуудаа хулгайлчихсан байна, уучлаарай гэсэн би тухай үед уучлалт өгсөн үнэн. Өглөө болоход нь бүх малаа нэг бүрчлэн тоолоход бүрэн бүтэн байсан. Д.Д би ганцаараа, энэ залуучуудад мэдэгдэхгүй хулгайсан гэдгээ мөн хэлсэн. Ж.Б болон хажууд нь байсан залуучууд хулгай хийснийг нь мэдээд хонийг буулгасан гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/
- Гэрч О.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Манай гэр Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бүдүүн харын наад талд байдаг Даваа гэх газар өвөлжиж малаа хариулж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 00 цаг болж байхад манай гэрт цагаан саарал өнгөтэй Фургон машин ирсэн. Тэгээд гэрт Ж.Б, Ж.Т нар орж ирсэн нэг багт амьдарч байсан болохоор сайн таньдаг. Тэр хоёр залуу Улаан уулнаас барагшуунгийн баас түүгээд ирлээ, олдохгүй байна гэж хэлсэн. Та нар хэдүүлээ явж байна гэж асуухад жолооч С машин дотор согтуу унтаж байгаа гэж хэлсэн. Тэр хоёр нэлээд согтуу байсан бөгөөд Б нэг шил Сангийн далай нэртэй архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан юм. Эхнэр маань унтаж байсан, босоод цай чанаж өгье гэхэд хэрэггүй гээд босгоогүй. Манай гэрт эхнэр бид хоёроос өөр хүн байгаагүй. Манай гэрт дуу дуулаад ойролцоогоор 30-40 минут болоод Б, Т нар хоёулаа гараад машинаа асаагаад явчихсан юм. Тэд нар машинаа асаагаад явах үед гадаа гарсан, хонь хулгайлсан талаар огт мэдээгүй. Машиныг Т жолоодож явах шиг болсон. Маргааш өдөр нь 12 цагийн үед Т, Б, Д, жолооч С нар нөгөө Фургон машинаараа ирээд дотроос нь 5 хонь буулгаад энэ таны хонь байна, өчигдөр орой Д согтуу байж байхдаа хулгайлсан, уучлаарай гээд өгөх үед нь хонь хулгайлсан гэдгийг мэдсэн юм. Нас бие гүйцсэн 5 эр хонь хулгайлж аваад буцааж авч ирж өгсөн. Алга болсон 5 хонь А.Аийн хонь байсан, бид нар А.А, А.К нарын хонийг хөлсөөр маллаж байгаа юм" гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
- Гэрч А.Кийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Манай гэр Баяннуур сумын төвд өвөлжиж байгаа, өөрсдийн малаа ах А бид хоёр Бүдүүн харын наад талд байдаг Даваа гэх газар өвөлжиж байгаа О.Датад мөнгө өгч хариулуулж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр үдээс хойш 15 цагийн үед О.Д-ын эхнэр С.А над руу утсаар өнгөрсөн шөнө Б, Т, Д нар 5 хонь хулгайлж аваад, авч ирж өгсөн. Та нар ирээд малаа бүртгээрэй гэхээр нь очсон юм. Очоод болсон асуудлыг асуухад өчигдөр шөнө 00 цагийн үед Цагаан арал багт байсан Б, Т нар ирээд нэг шил архи уусан, тэр үед нөхөр маань согтоод мэдээгүй юм байна. Машин дотор нь байсан Д 5 хонь хулгайлж аваад сая авч ирж өгсөн гэсэн. Тэр хулгайлсан 5 хонь нас бие гүйцсэн эр хонинууд байсан бөгөөд тавуулаа А.Аийн хонь гэсэн. Тэгээд бүх малаа бүртгэж үзэхэд бүрэн бүтэн байсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/
- Гэрч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн " 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр шөнө 00 цаг болж байхад манай гэрт цагаан саарал өнгөтэй фургон машин ирсэн. Тэгээд гэрт Цагаан арал багт байдаг байсан Б, Т нар орж ирсэн, тэр хоёр Улаан уулаас барагшуунгийн баас түүгээд ирлээ, олдохгүй байна гэж хэлсэн. Би унтаж байсан бөгөөд босоод цай чанаж өгье гэхэд хэрэггүй бид хоёр удахгүй явлаа гэсэн юм. Та нар хэдүүлээ явж байгаа гэж асуухад жолооч С машин дотор согтуу унтаж байгаа гэж хэлсэн. Тэр хоёр нэлээд согтуу байсан бөгөөд Б нэг шил Сангийн далай нэртэй архи гаргаж ирээд манай нөхөр гурвуулаа хувааж уусан юм. Манай гэрт дуу дуулаад ойролцоогоор 30-40 минут болоод Б, Т нар гараад машинаа асаагаад явчихсан юм. Маргааш өдөр нь үдийн 12 цагийн үед Т, Б Д, жолооч С нар нөгөө Фургон машинаараа ирээд 5 хонь буулгаад энэ таны хонь байна, өчигдөр орой Д согтуу байж байхдаа хулгайлсан, уучлаарай гээд өгөх үед хонь хулгайлсан гэдгийг мэдсэн юм. Тэгээд болсон асуудлыг малын эзэн болох А, К нарт хэлсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/
- Гэрч Х.Еий мөрдөн байцаалтын шатанд өгсөн "Манай гэр Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бүдүүн хар нэртэй газар өвөлжиж малаа хариулж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 01 цаг өнгөрч байхад манай гэрт цагаан саарал өнгөтэй Фургон машин ирсэн. Тэгээд гэрт Ж.Б, Х.Т нар орж ирсэн, тухайн үед бид нар унтаж байсан. Тэр хоёр залуу суугаад Улаан уулаас барагшуунгийн баас түүгээд ирлээ олдохгүй байна гээд ярилцсан. Машин дотор хүн байсан эсэхийг би мэдээгүй, гэрт орж ирсэн хоёр залуу нэлээд согтуу байсан. Ж.Б нэг шил сангийн далай нэртэй архи гаргаж ирэхээр нь би архи хэрэггүй гэхэд шууд задалсан, тэр архинаас би нэг хундага уусан, өөрөө нэг хундага уугаад үлдээсэн. Х.Т гэрт ирээд шууд газар хэвтэж унтсан. Манай гэрт ойролцоогоор 20-30 минут болоод Ж.Б, Тыг босгоод дагуулаад гараад машинаа асаагаад явсан юм. Миний хүү З надад сая гадаа гарахад машин дотор мал байх шиг болсон, малын хөлийн хөдлөх чимээ гарсан гэсэн. Тэгээд хоёулаа хонь хулгайлсан биш үү гээд малын хашаанд ойртож очоод гар чийдэн тусгаад харахад хашаанаас хонь машин руу чирсэн ул мөр байхыг хараад мэдсэн. Хүү бид хоёулаа мотоцикль асаагаад тэр машины хойноос очиход гэрээс 500 метр зайтай зогсоод хонь буулгаж байхаар нь яасан бэ гэхэд Ж.Б "Д.Д малаас хонь хулгайлж авсан байсныг сая мэдээд буулгаж байна, та уучлаарай" гэсэн. Таниас айгаад дахин очиж чадсангүй гэхээр нь би хүний мал хариулж байгаа, хэд нь алга болсныг би мэдэхгүй, эзэн нь Х.Хт хэлээд маргааш малаа тоолж байгаад та нарыг явуулна гэсэн. Тэгээд буулгасан 3 хонь уул руу гараад алга болсон. Гэрт ирээд сумын цагдаа болон Х.Хт болсон асуудлын талаар хэлсэн. Цагдаа Нурлан болон Х өглөө 05 цагийн үед ирсэн. Машин дотор нь 5 хонь мөн байсан. Маргааш өглөө нь үзэхэд машин дотор нь байсан 5 хонины 2 нь миний хариулж байсан Хийн 2 хонь байсан, уулнаас өглөө олж ирсэн 3 хонины нэг нь мөн Хийн хонь байсан. Машинаас хонь буулгаж явуулж байхад очоод Баас та нар хэдүүлээ явж байгаа вэ гэж асуухад дөрвүүлээ явж байсан, хонь хулгайлсан Д уул руу зугтаагаад явчихсан гэхээр нь уул руу гараад дуудахад машинд ирээд суусан юм. Д.Д би таны гурван хонийг хулгайлсан, согтуудаа хулгайлсан гээд уучлалт гуйсан. Маргааш өдөр нь малаа тоолоход 3 хонь байхгүй байсан бөгөөд машин дотор байсан 5 хонины хоёр нь, уулнаас олж ирсэн 3 хонины нэг нь миний хонь байсан, тэгээд буцааж авсан юм. Маргааш өдөр нь тэд нарын машин дотор байсан 5 хонийг эзэн болоорой гээд цагдаа Нурлан үлдээгээд явсан, тэр таван хонийг үдээс хойш Ж.Б нар ирээд эзэнд нь өгөхөөр болсон гээд аваад явсан. Манай хотноос алга болсон гурван хонины нэг нь улаан зүсмийн эх хонь, нэг нь мөн улаан зүсмийн эр хонь, нэг нь цагаан зүсмийн эр хонь хулгайлсан байсан. Хулгайлсан 3 хонины зүүн болон баруун чих нь ухмал имтэй, нуруун дээр нь ногоон будагтай байсан юм" гэх мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/
- Гэрч Е.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн " Манай гэр Баяннуур сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Бүдүүн хар гэдэг газар өвөлжиж малаа хариулж байгаа. 2016 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цаг өнгөрч байхад манай гэрт цагаан саарал өнгөтэй Фургон машин ирсэн. Тэгээд гэрт Б, Т нар орж ирсэн, тухайн үед аав бид хоёр унтаж байсан. Тэр хоёр залуу суугаад Улаан уулаас барагшуунгийн баас түүгээд ирлээ, олдохгүй байна гээд ярилцсан. Машин дотор хүн байсан эсэхийг би мэдээгүй, гэрт орж ирсэн хоёр залуу нэлээд согтуу байсан. Б нэг шил Сангийн далай нэртэй архи гаргаж ирэхэд нь аав архи хэрэггүй гэхэд шууд задалсан, тэр архинаас аав нэг хундага уусан. Ж.Б нэг хундага уугаад үлдээсэн юм. Т гэрт орж ирээд шууд газар хэвтэж унтсан, Манай гэрт тэд нар ойролцоогоор 20-30 минут болоод Б Тыг босгоод дагуулаад гараад машинаа асаагаад явсан юм. Би тэд нар явахаас өмнө гадаа гарахад машин дотор мал байх шиг малын хөлийн хөдлөх чимээ гарсан гээд аавд хэлсэн. Тэгээд хонь хулгайлсан байж магадгүй гээд малын хашаанд ойртож очоод гар чийдэн тусгаад харахад хашаанаас хонь машин руу чирсэн ул мөр байхыг хараад мэдсэн юм. Мотоцикль асаагаад тэр машины хойноос очиход гэрээс 500 метр зайтай газар зогсоод хонь буулгаж байхаар нь яасан бэ гэхэд Б Д танай малаас хонь хулгайлж авсан байсныг сая мэдээд буулгаж байна, та нар уучлаарай гэсэн, та нараас айгаад дахин очиж чадсангүй гэхээр нь бид хүний мал хариулж байгаа хэд нь алга болсныг бид мэдэхгүй, эзэн нь Хг хэлээд, маргааш малаа тоолж байгаад та нарыг явуулна гэсэн" гэх мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/
- Гэрч Ж.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн "...нэг мэдэхэд Цагаан Арал багийн Даваа гэртэй газарт нэг айлын хажууд ирсэн байсан бөгөөд зогсож тэр айлд Т бид хоёр орсон юм. Ороход нэг багийн иргэн танил О.Д-ын гэр байхаар нь нэг шил архи хамт хувааж уусан. Машин дотор согтуу жолооч С, Д нар үлдсэн. Тэдний гэрт ороод нэг их удаагүй байх архиа уугаад гарч ирэхэд жолооч С унтаж байхаар нь сэрээгээд Цагаан арал багт орж хонохоор явж байхад нэг айл харагдахаар нь очсон юм. Тэр айлд мөн Т хоёулаа ороод таньдаг Х.Еий гэр байсан болохоор өвөрт байсан нэг шил архийг гаргаж дунд ортол нь уусан юм. Энэ айлд ороход Т шууд согтоод унтсан би, ойролцоогоор 30 минутын дараа гарч ирээд хөдлөөд 300 метр орчим явж байхад хонь хөдөлж малын дуу чимээ гарах үед хонь хулгайлсан гэдгийг нь мэдээд асуухад Д.Д би саяны очсон хоёр айлаас хонь хулгайлсан гэсэн. Тэр үед бид нар уурлаж яагаад хонь хулгайлсан юм бэ нэг айлаас хэдэн хонь хулгайлсан гэхэд 3 хонь гэхээр нь машинаас гурван хонь буулгаад тавьж байхад эзэн нь Х.Е ирсэн, Х.Еээс уулчлалт гуйж болсон асуудлыг хэлж Д.Д хулгайлсан гэдгийг хэлсэн, тэр үед Д зугтаад явчихсан байсан. Дыг дуудахад машин дотор ирсэн ба уул руу явсан хонийг хайгаад ирсэн гэсэн. Тэгээд тэр айлд хоноод маргааш нь уул руу зугтсан гурван хонийг олж өгөөд эхний айлаас хулгайлсан хонийг хүргэж өгөөд буцсан. ...Д ганцаараа бид нарт хэлэлгүй хулгайлсан, Т бид хоёр айлд зүгээр орсон. Хулгай хийхээр тохирсон ямар нэгэн асуудал байхгүй. Эхний айлд зогсоод хөдлөөд нөгөө айлд ирэх хүртэл машин дотор хонь байсан гэдгийг мэдээгүй. Х.Еий айлд ирээд хөдөлж дуу чимээ гарах үед мэдсэн " гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/
- Гэрч О.Сн мөрдөн байцаалтын шатанд өгсөн "тухайн үед би Дыг хулгай хийсэн байсныг мэдээгүй, намайг машинаар хөлсөөр явах уу гэхэд нь явсан, хааяа боломжтой үед хөлсөөр явдаг байсан. Тэр үед би өөрийн өмчлөлийн УАЗ-3962 маркийн 3065-БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр явсан юм. Уг тээврийн хэрэгслийг би 2012 онд Буянт сумын иргэн Тогтохын Баянмөнх гэдэг залуугаас 1500000 төгрөгөөр худалдан аваад 2014 онд нэр дээрээ буулгаж авсан юм. Миний уг машин хуучин, засвар их шаарддаг бөгөөд хааяа нэг хөдөө явдаг, байнгын ашиглах боломжгүй, одоо гэрийн хашаан дотор байгаа, та битүүмжилсэн тул худалдахгүй өөрөө эзэн болж байх болно. ...Машиныг худалдан авах үедээ 1500000 төгрөгөөр худалдан авсан хэдий ч машин авсны дараа мотор, кроп, урьд хойд мостыг нэг бүр шинээр засаж, мөн тэр үед шинэ дөрвөн дугуй тавьсан юм. Түүний дараа бас жижиг засварууд хийж байсан тул машины үнэ тогтооход хохирогчийн үнэлгээн дээр 2500000-3000000 төгрөгөр бодож хэлсэн юм. Хуучин, 2000 онд үйлдвэрлэгдсэн хэрэглэж байгаа УАЗ-3962 маркийн Фургон машин нь 2500000-3000000 төгрөгийн үнэтэй байгаа" гэх мэдүүлэг /хх-ийн 174-р хуудас/
- Гэрч Х.Тын мөрдөн байцаалтын шатанд өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр танил залуу болох Ж.Б, Д Д гурвуулаа зах дээр тааралдаж ярилцаж байгаад зүгээр байж байхаар Баяннуур сумын "Цагаан арал" багийн нутаг дэвсгэр болох Уушгийн улаан уулнаас барагшингийн баас түүхээр болж тохирсон юм. Тэгээд явах машин хайгаад машин олдохгүй болохоор би урьд нь таньдаг байсан жолооч О.Сд очоод хөдөө хөлсөөр явах эсэхийг асуугаад үзье гэсэн. О.Сд очоод хэлэхэд машинаа засаж байгаа орой дуусаад яваад ирье гэсэн. Тэгээд орой аймгийн төвөөс 20 цагийн үед гарахдаа жолооч Сд 50 литр бензин хийж өгөөд барагшингийн баас түүхэд хүн туслах хүн олдвол өгье гээд "Цамбагарав" нэртэй дэлгүүрээс "Сэрүүн" нэртэй 2.5 литрийн 6 ширхэг пиво, сангийн далай нэртэй 500 граммын архинаас 20 ширхгийг тус тус авч явсан юм. Тэгээд аймгийн төвөөс гараад бүгдээрээ авсан архинаасаа эхлээд Бугат сумын хажууд зогсоод уусан. Тэр газраас хөдөлж яваад "Хатуу"-гийн хөтөлд очоод дахин хоёр шил архи уусан. Дараа нь замын "Шовгор" гэх нэртэй газар зогсоод дахин архи уугаад согтсон байсан, нэг мэдэхэд "Цагаан Арал" багийн "Даваа" нэртэй газарт нэг айлын хажууд ирсэн байсан бөгөөд зогсож тэр айлд Ж.Б хоёулаа орсон юм. О.Д-ын гэр байсан ба нэг багийн иргэн байсан болохоор нэг шил архи хамт хувааж уусан. Машин дотор согтуу О.С, Д.Д нар үлдсэн. Тэдний гэрт ороод нэг их удаагүй нэг шил архиа хувааж уугаад гарч ирэхэд жолооч О.С унтаж байхаар нь сэрээгээд Цагаан арал баг орж хонохоор явж байхад нэг айл харагдахаар нь очсон юм. Тэр айлд мөн Ж.Б хоёулаа ороод таньдаг Х.Еий гэр байсан болохоор нэг шил архийг гаргаж дунд ортол нь уусан юм. Ойролцоогоор 30 минутын дараа гарч ирээд хөдлөөд 300 метр орчим явж байхад хонь хөдөлж малын дуу чимээ гарах үед хонь хулгайлсан гэдгийг нь мэдээд ямар хонь бэ гээд асуухад Д.Д би саяны очсон хоёр айлаас хонь хулгайлсан гэсэн. Тэр үед бид нар уурлаж яагаад хонь хулгайлсан юм бэ энэ айлаас хэдэн хонь хулгайлсан гэхэд 3 хонь гэхээр нь машинаас гурван хонь буулгаад тавихад уул руу зугтсан тэр үед эзэн болох Х.Е ирсэн. Х.Еээс бүгдээрээ уучлалт гуйж болсон асуудлыг хэлж Д.Д хулгайлсан гэдгийн хэлсэн тэр үед Д.Д зугтаад явчихсан байсан. Д.Дыг дуудах үед машин дотор ирсэн байсан ба уул руу явсан хонийг хайгаад ирсэн гэсэн. Тэгээд тэр айлд хоноод маргааш нь уул руу зугтсан гурван хонийг олж өгөөд эхний айлаас хулгайлсан хонийг хүргэж өгөөд буцсан гэх мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/
- Шүүгдэгч Д.Дын мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг
- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-5-р хуудас/
- Малд үзлэг хийсэн хийсэн тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/
- Мал хулгайлахад ашигласан тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 8-10-р хуудас/
- Хонинд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-р хуудас/
- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-р хуудас/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65-р хуудас/ болон бусад бичгийн баримтыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгч Д.Д нь 2016 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнийн 00-01 цагийн хооронд УАЗ-3962 маркийн ************ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3-р баг “Даваа” гэдэг газарт оршин суух О.Д-ын хотноос иргэн А.Аийн 5 хонийг хулгайлж 350000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2016 оны 11 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө 01-02 цагийн үед УАЗ-3962 маркийн ************ улсын дугаартай автомашин ашиглан Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын 3-р баг “Бүдүүн” хар гэдэг газарт оршин суух Х.Еий хотноос иргэн Х.Хийн 3 хонийг хулгайлж 195000 төгрөгийн хохирол учруулж хулгайн гэмт хэргийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж үйлдэн бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хохирогч А.А, Х.Х, гэрч О.Дат, Х.Е, А.К, С.А, Е.З, Ж.Б, О.С, Х.Т нарын мэдүүлэг, тээврийн хэрэгсэл, мал, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, хонинд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хохирогч болон гэрч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр давхар батлагдаж байна гэж үзлээ.
Харин гэрч О.С нь согтуугаар автомашин жолоодоогүй гэж мэтгэлцсэн тухай баримт хавтаст хэргийн 171-т авагдсан боловч шүүх уг баримтыг О.Сн хавтаст хэрэгт Эрүүгийн хуулийн 254, 255-р зүйл заалтыг сануулж гэрчээр асуугдахдаа ”согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явснаа хүлээн зөвшөөрсөн” тухай мэдүүлгээр үгүйсгэгдэж байгаа бөгөөд мөн гэрч Ж.Б, Х.Т, шүүгдэгч Д.Д нарын мэдүүлгээр Л.С нь архи ууж автомашин жолоодсон нь батлагдаж байна.
Иймд шүүгдэгч Д.Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн 145-р зүйлийн 145.2-д зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүх урьдаас бодож төлөвлөн, давтан үйлдлээр гэмт хэрэг үйлдэж байгааг дүгнэн ял хөнгөрүүлэх Эрүүгийн хуулийн 55.1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн” гэдэгт хамаарахгүй, харин үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлийн 55.1.9-д заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56-р зүйлийн 56.1.10-д зааснаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцон, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд баривчлах ялыг оногдуулж, тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох иргэн О.Сн ************ улсын дугаартай УАЗ-3962 маркийн автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, уг автомашины зах зээлийн үнэлгээ болох /хх-ийн 55-р хуудас/ 2500000 төгрөгийг шүүгдэгч Д.Доос гаргуулан улсын орлогод оруулах үндэслэлтэй байна.
Хохирогч нарын хэрэгт авагдсан мэдүүлгүүдийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх хохирол, төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Доос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан автомашины үнийг буюу 2500000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах шийтгэх тогтоолын биелэлтийг хангах зорилгоор шүүгдэгчийн өмчлөлийн 5 эр хонь, 5 эм хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Уг битүүмжилсэн хонинуудын үнэлгээг зах зээлийн үнэлгээгээр гаргасан шинжээчийн дүгнэлтээр тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад шилжүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Дн Дыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Дыг эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51-р зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан 3 сар 20 хоногийн баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49-р зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан иргэн О.Сн эзэмшлийн ************ улсын дугаартай УАЗ-3962 маркын автомашиныг битүүмжлэлээс чөлөөлж, уг автомашины үнэ 2500000 төгрөгийг шүүгдэгч Д.Доос гаргуулан улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.1-т зааснаар шүүгдэгч Д.Дын өмч болох нэг бүр нь 70000 төгрөгийн үнэтэй нас бие гүйцсэн 5 эр хонь, нэг бүр нь 55000 төгрөгийн үнэтэй нас бие гүйцсэн 5 эх хонь битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны тогтоолыг хэвээр үлдээж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны мэдэлд шилжүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчийн эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, иргэний цахим үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албад шилжүүлсүгэй.
7. Шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ