Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 212/МА2018/00101

 

Х.А-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

           

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, шүүгч Д.Мөнхөө, Ерөнхий шүүгч  С.Өмирбек нарын бүрэлдэхүүнтэй, тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан  шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00442 дугаар  шийдвэртэй, Х.А-ийн нэхэмжлэлтэй, Өлгий сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургууль, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв. 

 

            Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар К.Еркежан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Тилеугавал, хариуцагч Ерөнхий боловсролын  сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Р нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн математикийн багшийн ажилд  томилуулах тухай.

 

Нэхэмжлэлд: “Миний бие Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны 01 сарын 27-ны өдрийн № А/50 тоот захирамжаар тус сургуулийн захирлаар томилогдож ажиллаж ирсэн. Ажилласан хугацаанд ажлаа шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгэж ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн магадлалын дагуу Х.Б-ыг Өлгий сумын Ерөнхий боловсролын 1 бүрэн дунд сургуулийн захирлаар 2018 оны 01 сарын 19-ний өдрөөс эхлэн томилох аймгийн Засаг даргын захирамж гарч, уг захирамжийн 3-р заалтад намайг ажилтай болгох талаар сургуулийн захирал Х.Б-д үүрэг болгосон. Гэтэл X.Б нь Б/06 тоот захирамжийн 3 дугаар заалтыг биелүүлээгүй ба X.Б өөрөө ажиллаж байсан дунд ангийн математикийн багшийн хичээлийн орон тоо байхад дээрх орон тооны цагийг 4-5 математикийн багш нарт хичээлийн илүү цаг болгон хуваан өгч, надыг ажилтай болгох санаачилга гаргахгүй байна. Сургуулийн захирал Х.Б-д 2018 оны 01 сарын 30-ны өдөр математикийн багшийн орон тоонд ажиллуулж өгөх талаар өргөдөл гаргасан боловч 2018 оны 3 дугаар сарын 05-ны өдөр сургуульд батлагдсан орон тооноос илүү хүн ажиллаж байгаа тул шинээр хүн авч ажиллуулах боломжгүй байна гэсэн хариу ирүүлсэн. Ажил олгогч сургуулийн захирал Х.Б нь Аймгийн Засаг даргын гаргасан захирамжийн холбогдох заалтыг биелүүлээгүй ба миний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байна. Иймд миний гомдлыг зохих журмын дагуу хянан үзэж зөрчигдсөн эрхийг хамгаалж Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 тоот захирамжийн 3 дугаар заалтыг хангуулан математикийн багшийн орон тоонд тогтоолгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн тайлбарт: “Х.А-ийн нэхэмжлэлд дурдсан "Баян-Өлгий аймгийн Засаг дарга 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 тоот захирамжийн 3 дугаар заалтыг хангуулан математикийн багшийн орон тоонд тогтоолгох" тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

1. Тус сургуульд 2017 ба 2018 онуудын батлагдсан төсөвт 112 ажилтан байсан боловч 125 үндсэн ажилтан, цагийн багш 2 нийт 127 орон тоогоор 2018 оны 01 сарын 19-ний өдөр хүртэл ажиллуулж байсан байна. Өөрөөр хэлбэл 13 хүн илүү авсан ба сургуульд багшийн орон тоо хичээлийн жилийн эхэнд буюу тухайн оны 9 дүгээр сард нэмэгддэг болохоос хичээлийн жилийн дунд буюу эцсээр шинэ ажлын байр гарах боломжгүй атлаа нэхэмжлэгч Х.А нь захирлын ажлыг гүйцэтгэж байхдаа дуртай үед цаг гаргуулан шинээр багш авч ажиллуулж байсан нь дээрх нөхцөл байдал бий болгоход хүргэсэн юм.

2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/61 тоот тушаалаар батлагдсан "Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө" мөн аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын даргын тушаалаар батлагдсан тухайн хичээлийн жилд мөрдөгдөх "Хос хэлээр сургалт явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн 2017-2018 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө"-ний дагуу тус сургуульд 6 дугаар анги 4 бүлэг, 7 дугаар анги 5 бүлэг, 8 дугаар анги 4 бүлэг, 9 дүгээр анги 4 бүлэг, 10 дугаар анги 3 бүлэг, 1 анги 3 бүлэг, 12 дугаар анги 5 бүлэг хичээллэж байгаа нь дээрх сургалтын төлөвлөгөөний дагуу 1132-оос хэтрэхгүй байх ёстой боловч 1260-аад болгон төлөвлөгөөнөөс давсан цаг гарган илүү ажлын байр бий болгож ажиллуулсан байна.

3. Нэхэмжлэгч Х.А нь Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Нийгмийн Хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 307/91/237 тоот тушаалаар батлагдсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын 1.5-д заасны дагуу Гадаад хэл, Мэдээлэл зүйн хичээлийг мэргэжлийн багшийн хүрэлцээ, сургуулийн цалингийн сангийн хэмжээ, материаллаг орчин нөхцөлийг харгалзан дэд бүлгээр хичээллүүлж болно" гэснийг албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж батлагдсан төсвөөс тус сургуулийн илүү ажлын байр болгосон нь 2017 оны эцсээр байгууллага нийт 91 сая төгрөгийн өрөнд орсноос аймгийн төрийн сангаас жилийн эцсийн тодотголоор 40 сая төгрөгийг барагдуулан өгсөн боловч 51,7 сая төгрөгийн өр гарахад хүргэж байна.

4. Тус сургуулийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн бүх багш, ажилчдын зөвлөлийн хурлаас гадаад хэл, мэдээлэл зүйн хичээлүүдийн дэд бүлгийг нэгтгэх, цагийн нягтрал хийх зэрэг шийдвэр гарсан ба одоогоор 1256 цагаас 1232 цаг хүртэл нягтрал хийн багш нарыг ажиллуулж байна.

5. Математикийн нийт 121 цаг байснаас математикийн үндсэн багш нар Х.Д 19 цаг, Ш.Б 19 цаг, Х.Е 19 цаг, Х.К 19 цаг, Х.А 19 цаг, Ж.Х 19 цаг, цагийн багш Н 4 цагийн хичээл зааж байгаа нь математикийн багшийн орон тоо шинээр нэмж ажиллуулах боломжгүй байна. Иймд нэхэмжлэгч Х.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

           

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00442 дугаар шийдвэрээр: 

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 0 сарын 19-ний өдрийн Б/06 тоот захирамжийн 3-р заалтыг хангуулж тус сургуулийн математикийн багшийн ажилд тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн давж  заалдах гомдолд: “ 1. Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 0 сарын 19-ний өдрийн Б\06 дугаартай “Х.Б-ыг ажилд томилох тухай” тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалт Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 212\МА2016\00011 дугаартай магадлалыг үндэслэн Х.Б-ыг Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захирлаар 2018 оны 0 сарын 19-ний өдрөөс эхлэн томилсон ба энэхүү захирамжийн 3 дахь заалтаар захирлаар ажиллаж байсан Х.А-ийг ажлын байраар хангахыг сургуулийн захирал Х.Б-д үүрэг болгосон байна. Үүнийг иргэний хэргийн анхан шатны шүүх үзэхдээ аймгийн Засаг даргын захирамжаар Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн захиралд үүрэг хүлээлгэсэн нь хуульд нийцээгүй байна гэж үзлээ гэж үндэслэх хэсэгт заасан боловч ямар хуульд нийцээгүй болох нь тодорхой бус байна.

Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлд аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн талаар тусгасан байна. Мөн хуулийн 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх тухай тусгасан нь аймгийн Засаг дарга нь сургуулийн захиралд үр дүнгийн гэрээний хүрээнд эсвэл захирамжаар үүрэг хүлээлгэх боломжтой гэж үзэж байна.

3. Захиргааны ерөнхий хуулийн 37.1-д “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанаас бусад тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно.”, 37.4-д “Эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт гэж эрх зүйн үйлчлэл чиглэсэн этгээдэд эрх олгосон, эсхүл ашигтай нөхцөл байдлыг бий болгосон захиргааны актыг ойлгоно.”, 38.1-д “Захиргааны актад тавьсан хуулийн шаардлагыг хангахын тулд, эсхүл хууль, захиргааны хэм хэмжээний актад тодорхой заасан бол захиргааны актын үндсэн зохицуулалтад нэмэлт зохицуулалт хийж болно.”, 38.2-д “Захиргааны байгууллага захиргааны акт гаргахдаа энэ хуулийн 38.1-д зааснаас гадна дараах нэмэлт зохицуулалтыг хэрэглэнэ.”, 38.2.4-д “эерэг нөлөөлөл бүхий захиргааны акт урьдчилан тодорхой зүйл хийх, түдгэлзэх, эсхүл тодорхой зүйл хийхийг үүрэг болгох тухай” заасан байна.

4. Энэ талаар аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Хуралай шүүх хуралдааны үед Х.Б-ыг сургуулийн захирлаар томилогдохоос өмнө аймгийн Засаг даргын өрөөнд уулзаж, Х.А-ийн эрх ашгийг хохирохгүйн үүднээс математикийн багшийн сул орон тоонд авч ажиллуулах санал тавихад Х.Б зөвшөөрсөн тул Засаг даргын захирамжийн 3 дахь заалтад үүрэг болгосон тухай тодорхой тайлбарласан болно. Мөн сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байгаа А.А, Ш.К нар математикийн багшийн сул орон тоо одоо хүртэл хадгалагдаж байгаа тухай Х.А-ийг ажиллуулах бүрэн боломжтой гэдгийг шүүх хуралдаанд гэрчээр мэдүүлэг өгөхөд тодорхой

хэлсэн.

5. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар заалтыг шүүх үзэхдээ Х.А-ийн ажил олгогч нь аймгийн Засаг дарга бөгөөд хуулийн энэхүү заалтын дагуу бололцооны дагуу өөр ажил олж өгөх нь ажил олгогч буюу ажлаас чөлөөлсөн этгээд аймгийн Засаг даргад хамаарах асуудал гэдгийг тодорхой тайлбарласан боловч хамтран хариуцагч болох аймгийн Засаг даргад холбогдуулан бололцооны дагуу өөр ажил олж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул аймгийн Засаг даргад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 27 дугаар зүйлийн 27.1-т заасныг зөрчиж байгаа учраас захирал Х.Б болон аймгийн Засаг дарга А.Г нарыг хамтран хариуцагчаар оролцуулж өгөх хүсэлт тус аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018 оны 5 дугаар 03-ны өдөр гаргасан ба 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2018/01256 дугаартай Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар аймгийн Засаг дарга А.Г-ыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан. Иргэн Х.А миний бие шүүх хуралдааны үед зохих албан тушаалтнуудын үйлдлээс болж хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа тул эрх ашгаа хамгаалуулахаар танай шүүхэд хандаж байгаагаа тодорхой тайлбарласан.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дугаар заалтад “Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө” гэж заагдсан тул аймгийн Засаг даргад даалгаж миний гомдлыг давж заалдах журмаар хянаж гомдлын шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн учраас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан боловч хамтран хариуцагчид холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хууль хэрэглээгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулав.

            Нэхэмжлэгч Х.А нь хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуульд холбогдуулан тус сургуулийн математикийн багшийн орон тоонд томилуулах тухай гомдол гаргаж, үндэслэлээ “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг хангуулж өгнө үү” гэж тайлбарлажээ. Хариуцагч Өлгий сумын  бүрэн дунд сургууль нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “математикийн багшийн орон тоо шинээр бий болгох боломжгүй” гэж тайлбарласан байна.

Дээрх шаардлага бүхий иргэний хэрэгт Х.А-ийн хүсэлтээр Баян-Өлгий аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар оролцуулж, хамтран хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн 3 дугаар заалтад Х.А-ийг ажилтай болгох талаар  сургуулийн захирлын зөвшөөрлөөр нэмж тусгасан, уг захирамжийн биелэлтийг хангуулж өгнө үү” гэжээ.

            Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн захирал ажилтай Х.Б нь ажлаас үндэслэлгүй халагдсан тул түүнийг анхан, давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон, ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2.-т заасан үүргээ хэрэгжүүлж, шүүхийн шийдвэрийг биелүүлж түүнийг  бүрэн дунд сургуулийн захирлын ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон үйл баримт тогтоогджээ. Түүнчлэн Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/05 дугаар захирамжаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтан Х.Б-ын эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон Х.А-ийг мөн өдрөөс эхлэн ажлаас чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.  

            Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар “Х.Б-ыг ажилд томилох тухай” захирамжийн 3 дугаар заалтад “Тус сургуулийн захирлаар ажиллаж байсан Х.А-ийг ажлын байраар хангахыг сургуулийн захирал Х.Б-д үүрэг болгосугай.” гэжээ.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын дээрх захирамжууд, Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15.-д зааснаас үзвэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтан болох Х.А-ийн хувьд түүний ажил олгогч нь Баян-Өлгий аймгийн Засаг дарга учраас түүний  бүрэн дунд сургуульд холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн математикийн багшийн ажилд томилуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. 

            Нэхэмжлэгчийн хувьд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургууль нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-т заасан ажил олгогч биш, тэрээр тус сургуулийн математикийн багшийн ажлаас үндэслэлгүй халагдсан гэх үйл баримт тогтоогдоогүй байх тул шүүхээс хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн захиралд Х.А-ийг математикийн багшийн ажилд томилохыг даалгах, үүрэг болгох нь хууль ёсны зарчимд нийцэхгүй.

            Нэхэмжлэгч нь гомдлын шаардлагаа Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2018 оны 01 сарын 19-ний өдрийн Б/06 дугаар захирамжийн 3 дугаар заалтыг үндэслэл болгосон боловч Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2.-т зааснаар багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх нь Ерөнхий боловсролын сургуулийн захирлын эрх хэмжээнд хамаарахаар хуульчилжээ.

            Х.А нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасан “ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтны эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтан” мөн болох нь тогтоогдсон. Хуульд зааснаар ажил олгогч Баян-Өлгий аймгийн Засаг дарга нь Х.А-ээс шүүхэд энэ талаар шаардлага гаргасан эсэхээс үл хамаарч түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй.

Харин нэхэмжлэгч Х.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчийг татан оролцуулсны дараа үүнтэй холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрчлөөгүй, шаардлагын хэмжээг ихэсгээгүй, өөр төрлийн нэхэмжлэл гаргаагүй байх тул түүний хамтран хариуцагч Баян-Өлгий аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын  бүрэн дунд сургуулийн математикийн багшийн ажилд томилуулах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ. Учир нь Баян-Өлгий аймгийн Засаг даргад Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтныг сонгон авч ажиллуулах, өөрчлөх, чөлөөлөх эрх хэмжээг хуулиар олгоогүй байна.

            Иймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургууль, хамтран хариуцагч тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн математикийн багшийн ажилд томилуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулан, Х.А-ийн гомдлыг дээр дурдсан үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 130/ШШ2018/00442 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хасаж,  заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.А-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Өлгий сумын  бүрэн дунд сургууль, хамтран хариуцагч тус аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ерөнхий боловсролын  бүрэн дунд сургуулийн математикийн багшийн ажилд томилуулах тухай” гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Х.А-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

ШҮҮГЧИД                                                       Д.МӨНХӨӨ                                                              

С.ӨМИРБЕК