Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/124

 

 

 2024       03         22                                           2024/ШЦТ/124

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Т

Шүүгдэгч Ж.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Эд холбогдох эрүүгийн 2425000000149 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, 64 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт*******..................тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Орхон аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 223 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 50,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б ургийн овогт Ж-ийн Э /регистрийн дугаар: 00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр хотхоны 11 дүгээр байрны авто грашийн үүдний орчимоос хохирогч Ж.Хы гээгдүүлсэн, түүний эзэмшлийн Х банкны 0000000000 тоот дансны хэрэглээний виза картыг олж, улмаар тус виза картыг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 25 минутаас 14 цаг 43 минутын хооронд эмийн сан болон хүнсний дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудаас 18 удаагийн гүйлгээгээр 319,450 төгрөгийн худалдан авалт хийж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 319,450 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

          -шүүгдэгч Ж.Эын мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна,хохирол төлсөн гэх мэдүүлэг,

          Эрүүгийн 2425000000149 дугаартай хэргийн Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

            -хохирогч Ж.Хы эзэмшлийн 0000000000 дугаар Х банкны дансны хуулга /хх-ийн 11-р тал/

            -Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Жинст” эмийн сангийн хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-14-р тал/

        -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15-р тал/

-хохирогч Ж.Хы мэдүүлсэн: ...Би өөрийн Х банкны виза картаа хаяж гээгдүүлсэн байсан. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 12 цаг 25 минутаас эхлээд миний виза картыг хүн ашиглаад нийт 319,000 мянган төгрөг Эрдэнэт хотын дэлгүүрүүдээр уншуулаад гаргачихсан байсныг мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний виза карт маань чиптэй тэгээд 50,000 төгрөгөөс доош гүйлгээг кодгүй шууд уншчихдаг юм. Мэдээлэл ирдэггүй юм. Би өөрөө банкны аппликейшинээс харж байж мэдсэн. Би яг сайн мэдэхгүй байгаа юм. 7 хоног орчмын өмнө дүүгээ нэг удаа дэлгүүр лүү гаргаснаас хойш л алга болсон байх гэж бодож байгаа. Гэрийн ойролцоо хаясан байх гэж бодоод байгаа. Зөндөө газар байна лээ. Х хүнсний дэлгүүр, Даниста, БүрэнХ, Жинст эмийн сан гээд нэлээн хэдэн газар байсан. Би буруутай этгээдээс хохирлын мөнгө гэж 319,450 төгрөгийг хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг учраагүй. Энэ талаар нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй… гэсэн мэдүүлэг, /хх-ийн 19-20, 22 дахь тал/

-гэрч Н.Цын мэдүүлсэн:..Миний хамтран амьдрагч Ж.Э нь 2024 оны 01 сард байрны гаднаас Х банкны виза карт олж, улмаар түүнийг уншуулж худалдан авалт хийсэн гэдгийг цагдаа нараас сонсож мэдсэн. Энэ талаар Ж.Эаас асуухад тиймээ, би авчихсан юм гэж хэлсэнээс өөр зүйл яриагүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-Орхон аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 223 дугаар таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 48-р тал/

-шүүгдэгч  Ж.Эын яллагдагчаар мэдүүлсэн... Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр шиг санаж байна. Би гэрээс гараад явж байхад байрны грашны үүднээс Х банкны виза карт олсон. Тухайн үед ганцаараа явж байсан. Уг виза картыг ашиглаагүй олон хоног хувцасны халаасанд хийчихсэн байж байгаад нэг өдөр дэлгүүрт орж уншуулж үзэхэд нууц дугаар нэхэхгүйгээр худалдан авалт хийж болж байсан тул тухайн өдрөө хүнсний дэлгүүр болон эмийн сангаас өөрт хэрэгцээтэй нийт 319,450 төгрөгийн худалдан авалт хийсэн. Дахин уг картыг ашиглаагүй хаячихсан. Жаахан халамцуу явж байсан болохоор яг Ха хаясан талаар санахгүй байна... Би хохирогчид 319,450 төгрөгийг буцаан өгч, хохиролгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 06-р тал/

-А банкны 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 027 дугаартай “2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 14 цаг 53 минутанд 1 дугаартай теллерт үйлчлүүлсэн харилцагчийн гүйлгээ хийсэн талаарх мэдээлэл ирүүлсэн албан бичиг” /хх-ийн 51-52-р тал/ зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Ж.Э нь 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум, Дэнж багийн нутаг дэвсгэрт байрлах Баян-Өндөр хотхоны 11 дүгээр байрны авто грашийн үүдний орчмоос хохирогч Ж.Хы гээгдүүлсэн, түүний эзэмшлийн Х банкны 0000000000 тоот дансны виза картыг олж, улмаар  2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цаг 25 минутаас 14 цаг 43 минутын хооронд эмийн сан болон хүнсний дэлгүүр зэрэг үйлчилгээний газруудаас 18 удаагийн гүйлгээгээр нийт 319,450 төгрөгийн худалдан авалт хийж өөрийн хэрэгцээнд зарцуулсан байна.

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг, тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Ж.Эын үйлдлийн улмаас Ж.Хы өмчлөх эрхэд 319,450 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар  тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдсон, нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийн оролцогч нарын эрх ашиг зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

 Шүүгдэгч Ж.Э нь олж авсан виза картаа бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж  бусдын мөнгийг өөртөө зарцуулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол...ял шийтгэнэ” гэж заасан, “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлд гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар заахдаа 4 дэх хэсгийн 4.3-д “бага хэмжээний хохирол “гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” гэж,

     2.5 дугаар зүйлийн “Тайлбар” хэсэгт “Энэ хуульд заасан “нэгж” гэж энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ойлгоно гэж,

      5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж тус тус заасан тул шүүгдэгч Ж.Эын бусдын эд хөрөнгөд учруулсан 319,450 төгрөгийн хохирол нь бага бус хэмжээнээс дээш буюу гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

         Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл нотлогдсон, гэм буруугаа хүлээж, хохирогчид учирсан хохирлыг сайн дураар төлсөн, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.       

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна, ялын талаар саналгүй гэж тус тус дүгнэлт санал гаргасан.

         

           2.Эрүүгийн хариуцлагын талаар.

           Шүүгдэгч Ж.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

          прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд: Хохирогч Ж.Х нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч нь хохирогч Ж.Хы хохирлын мөнгө болох 319,450 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                      

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овгийн Ж-ийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Эыг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сайн дураар төлөх, 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Э нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

 

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ