Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/131

 

 

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Б.А,

         шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн 2419000000162 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин дэлгүүрийн орчимд Тоёота Приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.43 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Номин дэлгүүрийн орчимд Тоёота Приус-20 загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2.43 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 3 ху/, Б.Б-н жолоочийн лавлагаа /хх 39 ху/, эрх бүхий албан тушаалтны Б.Б-н согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоныг илрүүлсэн тэмдэглэл, /хх 2 ху/, амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч хэмжүүрийн 001028 дугаартай гэрчилгээ /хх 3 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 35 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Б.Б-н“...Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Прокуророос санал болгосон ялыг зөвшөөрнө. Хохирол байхгүй байгаа. Хийсэн хэргээ ойлгож, гэмшиж байгаа” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4-д зааснаар шүүгдэгч Б.Б нь оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Д овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар  шүүгдэгч Б.Бд оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.

         4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

         5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАЙГАЛМАА