Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 001/ХТ2025/00008

 

“ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01601 дүгээр магадлалтай,

“ХБ” ХК-ийн нэхэмжлэлтэй

Д.З нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 47,907,382.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“ХБ” ХК нь Д.З, З.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 47,907,382.4 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.З-с 3,384,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож, нэхэмжлэлээс 44,523,234 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч “ХБ” ХК нь нэхэмжлэлийнхээ хамтран хариуцагч З.Б-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох *** дүүргийн **** хороо, **** гудамжны **** тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********2 дугаарт бүртгэлтэй, 80 м.кв талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Ү-********0 дугаарт бүртгэлтэй 68,85 м.кв талбайтай хувийн сууц, Ү-********1 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбайтай хувийн сууц, Г-********4 дугаар бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн зориулалттай өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Н газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 468,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 69,096 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01601 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн байна.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй магадлал гаргасан, хэргийг шийдэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.Иргэний хууль болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч үндсэн зээлийг төлөхөөр тохиролцсон гэсэн тайлбарыг гаргахдаа үүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, энэ талаарх баримт хэрэгт байхгүй атал давж заалдах шатны шүүх тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн явдал болсон. М-ны Ерөнхийлөгч, С-ын хамтарсан 2019.06.10-ны өдрийн А-155, 134 тушаалын хавсралтаар баталсан “Актив ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам”-ын хавсралтад зааснаар зээлийн эргэн төлөлт 90-с дээш хоног хэтэрсэн бол “чанаргүй актив” гэж үзэх бөгөөд Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т заасан үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсныг хэрэгжүүлснийг эргэлзээтэй, бодит байдалтай нийцэхгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ. Мөн Зээлийн гэрээнд зааснаар зээлдэгч нар хугацаандаа үүргээ гүйцэтгэх ёстой бөгөөд үүргээ биелүүлэгүй байдалд банкийг буруутгах нь үндэслэлгүй юм.

4.2.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд:

Талуудын хооронд байгуулсан гэрээний 3.1.4, 3.1.5-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү тооцохоор тохиролцсон. Гэтэл шүүх Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг Улсын дээд шүүхийн тогтоолоор тайлбарласан атал уг хэргийг шийдвэрлэхдээ Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн 53 дугаар тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.3-т заасан үндэслэлд хамаарч байна.

4.3.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлийн тухайд: Банкны зээл нь банк, эрх бүхий хуулийн этгээдээс гэрээний үндсэн дээр тодорхой зориулалт, хугацаа, эргэн төлөгдөх нөхцөлөөр хүүтэй бусад этгээдэд аливаа хэлбэрээр олгосон мөнгөн хөрөнгө бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь Банкны тухай хуульд зааснаар бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох хэлбэрээр тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд шүүхээс баримтаар нотлогдоогүй хариуцагчийн тайлбар, Иргэний болон бусад хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлд хамаарч байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.11.14-ний өдрийн 001/ШХТ2024/01338 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч “ХБ” ХК нь хариуцагч Д.З, З.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,375,149 төгрөг, зээлийн хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,730 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг нийт 47,907,382 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч З.Б-д холбогдох шаардлагаасаа татгалзжээ. З.Б нь 2016.06.22-нд нас барсан байна.

Хариуцагч Д.З зээлийн үүрэгт нийт 63,803,917 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,149 төгрөгийг зөвшөөрч, харин банктай харилцан тохирч хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхөөргүй болсон учир 2015 оны 12 дугаар сараас эхлэн үндсэн зээл төлүүлж, хүүг тооцохоо зогсоосон гэж маргажээ.

Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэхээс өмнө хариуцагч Д.З нь 2024.11.12-ны өдөр нас барсан байх ба түүний эхнэр Д.П эрх залгамжлагчаар тогтоогдож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

8.Анхан шатны шүүх хариуцагч Д.З-с 3,384,148 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ХБ” ХК-д олгож, үлдэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч нь хамтран хариуцагч З.Б-д холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, барьцааны зйүлээс үүргийг хангуулан шийдвэрлэхдээ “...зээлдэгч нь эргэн төлөх хуваарийг удаа дараа зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээг цуцалсан, зөвхөн үндсэн зээлийг төлүүлэхээр харилцан тохиролцсон гэх үйл баримт тогтоогдож байх тул хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 3,375,148 төгрөг, нотариатын зардал 9,000 төгрөг, нийт 3,384,148 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй, ... банкны зүгээс хариуцагчид хандан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх тухай мэдэгдэл, шаардлага хүргүүлж байсан баримтгүй бөгөөд зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтад орлого гэх хэсэгт 68,478,106 төгрөг, зарлага гэх хэсэгт 63,943,361 төгрөг, зээлийн эцсийн үлдэгдэл 3,375,149 төгрөг гэх тооцоолол тусгагдсан..., хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар банк нь мэргэжлийн этгээдийн хувьд хэрэглэгч нарт зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллын талаар тухай бүр мэдэгдэж, хэрэв үүргээ зохих ёсоор гүйцэтгэхгүй тохиолдолд тэдгээрийн гүйцэтгэх үүргийн хэмжээ нэмэгдэх талаар зохих мэдээллийг өгөх үүрэгтэй, хариуцагч нар 2015.10.26-наас хойш үндсэн зээлээс бусад зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөөгүй 8 жилийн хугацаа өнгөрсөн байхад нэхэмжлэгч нь хариуцагч нарт зээлийн хүү, нэмэгдүүлсэн тооцож байгаа болон хүү төлөх талаар шаардаж байгаагүйгээс гадна шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, банк нь зохих ёсоор төлөгдөхгүй байгаа зээлийг буцааж төлүүлэх талаар хуульд заасан арга хэмжээг авах нь зээлдэгчид өрийн дарамт үүсгэхээс сэргийлнэ..., анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтыг тус тус үндэслэн хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,375,148 төгрөгийг нотариатын зардал 9,000 төгрөгийн хамт гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн шийдлийг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлтийг хийжээ.

9.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж ижил шийдвэр гаргасан боловч зээлийн гэрээний нөхцөлийг талууд өөрчилсөн эсэх, зээлдэгчийг үүргээс чөлөөлсөн эсэх талаар хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэх тухайд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

10.“ХБ” ХК нь хариуцагч нартай 2014.03.14-ний өдөр ЗГ/09/14 тоот зээлийн гэрээ, БН/09/14 тоот барьцааны гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 2,2 хувь (жилийн 26,4), 24 сарын хугацаатай зээлдүүлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч Д.З-н өмчлөлийн *** дүүргийн **** хороо, **** гудамжны **** тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-********2 дугаарт бүртгэлтэй, 80 м.кв талбайтай автомашины гражийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Ү-*******0 дугаарт бүртгэлтэй, 68,85 м.кв талбайтай хувийн сууц, Ү-********1 дугаарт бүртгэлтэй, 60 м.кв талбайтай хувийн сууц, Г-********4 дугаарт бүртгэлтэй 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх эрхтэй газар, S-******* арлын дугаартай, улбар шар өнгөтэй, ******* маркийн ***7 УБ улсын дугаартай экскаваторыг барьцаалжээ. (хх-ийн 11-23)

Зээлдэгч нар нь сар бүрийн 14-ний өдөр 2,704,000 төгрөгийг тогтмол төлж 2016.03.14-ний өдөр гэхэд зээлийг төлж дуусгах үүрэг хүлээжээ.

Гэвч хариуцагч нар үндсэн зээлээс 46,624,851 төгрөг, зээлийн хүүнд 17,125,617 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 53,449 төгрөг, нийт 63,803,917 төгрөгийг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 3,375,148 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн ба зээлийн хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,729 төгрөгийг төлөх ёсгүй гэж маргасан байна.

11.Зохигчийн хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 166 дугаар зүйлийн 166.1-д заасныг зөрчөөгүй байна.

Зээлдэгч нар үндсэн зээлээс гадна зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлж байгаад 2015.10.26-ны өдрөөс 2022.01.24 хүртэлх хугацаанд гагцхүү үндсэн зээлийг төлж, 3,375,148 төгрөгийн үүрэг үлдсэн, харин зээлийн хүү 39,222,503 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5,300,729 төгрөг болжээ.

11.1.Энэ үйл баримтыг хоёр шатны шүүх дүгнэхдээ талууд зөвхөн үндсэн зээлийг төлүүлэхээр харилцан тохирсон, тийм ч учраас банкны зүгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардаагүй 8 жил болсон гэж үзсэн.

Зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, зээлийг эргэн төлөгдөх хуваарийн дагуу төлөх үүрэгтэй бөгөөд уг үүргээ зөрчсөн тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гэх хариуцлагыг хүлээдэг. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тодотгон зохицуулсан байна.

Энэ тохиолдолд хариуцлагаас чөлөөлөх эсэхийг талууд гэрээний чөлөөт байдлын зарчмын дагуу шийдвэрлэж болох боловч эрх зүйн ийм тодорхой үйлдэл байхгүй байхад зээл төлөлтийн байдлаас хамаарч, зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлсөн гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх зохицуулалтад нийцээгүй гэж үзнэ. Нэхэмжлэгч болох “ХБ” ХК нь зээлдэгчийг хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөөгүй гэж маргасан бөгөөд зөвхөн үндсэн зээлийг төлүүлэхээр тохиролцсон гэх үйл баримт хариуцагчийн тайлбараас өөр баримтаар тогтоогдоогүй байна. Нөгөө талаар зээлдэгч үүргээ зөрчсөн байхад зээлдүүлэгчийг буруутгах нь үүргийг зохих ёсоор гүйцэтгэх талуудын зарчимд нийцсэнгүй.

11.2.Иймд хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх үүрэгтэй.

Гэрээний хугацаа 2016.03.14-нд дууссан бөгөөд банк үүргээ биелүүлэхийг сануулаагүй, 8 жилийн дараа зээлийн хүү шаардаж байгаа хэргийн нөхцөл байдлыг харгалзан үүргийн хэмжээг багасгах агуулгатай хоёр шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзэв. 2016.11.30-ны байдлаар зээлийн хүүгийн үлдэгдэл 8,389,071 төгрөг, 2016.11.30-ны өдрөөс хойш зээлдэгчийн төлсөн 23,589,852 төгрөгийг үндсэн зээлээс хасвал 3,384,148 төгрөгийн үндсэн зээл тус тус төлөөгүй учир нийт 11,773,219 төгрөгийг (үндсэн зээл 8,389,071 төгрөг, хүү 3,384,148 төгрөг) төлөх үүрэгтэй гэж үзэв.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны зохигчийн аль нэг нь уг эрх зүйн маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол шүүх тэрхүү зохигчийг сонирхогч этгээд буюу эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах явдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно гэж заасан. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд гүйцэтгэгдэж болох бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шинээр явуулах үндэслэл болохгүй тул тухайн үе шатнаас цаашид үргэлжилнэ.

Хариуцагч Д.З-н эрх залгамжлагчаар түүний эхнэр Д.П тогтоогдсон бөгөөд Д.П нь гагцхүү процессын эрх, үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх залгамжлагч болно. Харин эрх залгамжлал нь материаллаг эрх зүйн харилцаанд үйлчлэхгүй учраас Д.П нь зээлийн үүргийг өөрийн эд хөрөнгөөр хариуцах үндэслэлгүй юм. Эрх залгамжлагчийн хариуцлага нь хариуцагч Д.З-н хүлээсэн үүргийн хэмжээнд, зээлийн болон барьцааны гэрээгээр хязгаарлагдах учиртайг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Процессын эрх зүйн эрх залгамжлал нь хариуцагч Д.З-н өр төлбөрийг Д.П хариуцах үндэслэл болохгүй бөгөөд Д.З-н хуваарьт хөрөнгө өвийн журмаар шилжих тохиолдолд гагцхүү уг хөрөнгийн хэмжээгээр өвлөн хариуцах зохицуулалттайг анхаарвал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 210/МА2024/01601 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2024/03497 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...3,384,148...” гэснийг “...11,773,219...” гэж, “...44,523,234...” гэснийг “...36,134,163...” гэж, шийдвэрийн 4 дэх заалтад “...69,096...” гэснийг “...203,321.50...” гэж тус тус өөрчилж, магадлал болон шийдвэрийн бусад заалтыг хэвээр хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.09.18-ны өдөр төлсөн 381,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЦОЛМОН

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                Г.АЛТАНЧИМЭГ

                     ШҮҮГЧИД                                                       Н.БАТЗОРИГ

                                                                                                 Н.БАЯРМАА

                                                                                                 П.ЗОЛЗАЯА