Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1139

 

 

 

 

 

 

   2020               9             3                                           2020/ДШМ/1139               

 

 

 

   Ц.А-д холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Очмандах, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ц.Алтантулгын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Ц.А-д холбогдох эрүүгийн 2003002480182 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Түм овгийн Цэрэнжавын Ц.А-, 19.. оны 2 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, ......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нефтийн инженер мэргэжилтэй, “.........” ХХК-д захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, ............ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........./;

Ц.А- нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 22.06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Шадивлангийн автобусны  3 дугаар буудлын замд “Мицубуши Кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тормосны идэвхжил нь “MNS 4598” стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх.” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрэл асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эмэгтэй Х.К-ыг мөргөж амь насыг нь хохироож, улмаар зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ц.Алтантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Түм овгийн Цэрэнжавын Алтантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Алтантулгын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон нийт 30 хоног буюу 1 сарын хорих ялыг 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид авагдсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, нэг ширхэг жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шийдвэр Гүйцэтгэх албанд хүргүүлж, Ц.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболд гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзэж байна. Учир нь, Ц.Алтантулгын үйлдсэн гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөн байцаагч Н.Батаа 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр намайг өмгөөлөгчийн хамт дуудаж миний эх Х.К-ы биед хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт гарсан талаар мэдэгдэж тус өдрийн 14 цагт танилцуулахаар болсон байдаг. Миний бие өөрийн сонгон авсан өмгөөлөгчийн хамт дуудсан үед очиж шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцаад дуусах үед мөрдөгчөөс “... хохирогчийг дайрсан “Кантер” маркийн автомашины жолооч Ц.А- өмгөөлөгчийн хамт ирсэн, гадаа хүлээж байгаа, та нартай уулзмаар байна гэж хэлүүлсэн” гэж хэлсэн. Тухайн үед түүнийг өмгөөлөгчийн хамт ирсэн талаар огт мэдээгүй байсан юм. Биднийг байцаагчийн өрөөнөөс гарч ирэхэд Ц.А-, өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар нар нь гадаа хүлээж байсан ба тус газрын урд талын тамхи татах цэг дээр бид 4 уулзсан. Миний хувьд Ц.А-тай тэр үед анх удаа уулзсан. Үүнээс өмнө ээжийн ажил явдал болон түүнээс хойшхи хугацаанд хохирогчийн ар гэрийнхэнтэй Ц.А- нэг ч удаа утсаар ярьж, ирж уулзах, уучлалт гуйж байгаагүй тул түүнд маш их гомдолтой байна. Бидний хувьд уулзах санал тавьсан шүүгдэгч, өмгөөлөгч нарын зүгээс ямар асуудал ярих, ямар санал тавихыг мэдэхгүй байсан учир “... та нарт ямар санал байгаа юм, яагаад уулзмаар байна гэсэн юм бэ...” гэхэд тэдний зүгээс “...харин та нарт ямар санал байна” гэж өмгөөлөгч нь асуусан. Тухайн үед би “... хүн мөргөж дайраад, амь насыг нь хохироон зугтаагаад, ирээд уулзаж болдоггүй юм уу, уучлалт гуйж болдоггүй юм уу, хүн дайрчихаад эмнэлгийн түргэн тусламж үзүүлж болдоггүй юм уу.” гэж хэлэхэд Ц.А- “...би тухайн үед хүн байна гэж хараагүй, мэдээгүй. Би маргааш нь өөрөө цагдаа дээр явж ирсэн. Тэгээд одоо яамаар байгаа юм бэ” гэж юу ч болоогүй юм шиг хэлсэн бөгөөд өмгөөлөгч нь “мангар бацаан минь чи яах гээд байгаа юм бэ, чам шиг бацаан тэгдэггүй байхгүй юу” гэх зэргээр маргаан үүссэн. Миний бие тухайн цаг хугацаанд шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, хэргийн газрын фото зураг, ээж маань ямар байдалтай нас барсан тухай фото зургуудыг нэг бүрчлэн хараад сэтгэл санааны хувьд гүн хямралд орчихсон, түүний буруугаас болж төрсөн эхээ алдсан хүний хувьд Ц.Алтантулгын хэлсэн үгнүүдийг сонсоод “...чи одоо юу яриад байгаа юм бэ, яагаад бүхэл бүтэн хүн явж байхад хардаггүй юм. Хүний амь нас хохироочихоод ингэж хэлж байхын оронд уучлалт гуйж болдоггүй юм уу.” гэж уурлахдаа гартаа барьж байсан хар хөх өнгийн тэмдэглэлийн дэвтрийг савахдаа түүний нүдэн тус газарт нь шүргэх шиг болсон. Ц.Алтантулгын хувьд энэ асуудлаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гарган шалгуулснаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татан улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг гэм буруутай тооцож, торгох ял шийтгэл оногдуулсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн буруутай үйлдлээс болж эрүүгийн хариуцлага хүлээгээд байна. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс намайг энэ гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Ц.Алтантулгын өөрийнх нь буруутай үйлдлээс болж гэмт хэрэг үйлдэхэд хүрсэн талаар дүгнэж хэрэв Ц.А- ямар нэгэн байдлаар маргаан эхлүүлээгүй бол энэ гэмт хэрэг гарахгүй байсан байна гэж дүгнэсэн. Шүүгдэгч нь огт гэмшсэн шинж байхгүй, албан ёсоор уучлалт гуйхгүй, үл тоосон байдалтай байсан тул түүнд маш их гомдолтой байна. Түүний буруутай үйлдлээс болж төрсөн эхээ алдаж, өөрөө эрүүгийн хариуцлага хүлэээсэнд маш их гомдолтой байгаа бөгөөд ял хөнгөдсөн гэж үзэж байна. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Алтантулгын өмгөөлөгч Б.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Алтантулгыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд тээврийн хэрэгслийн осол гаргаж бусдын амь насыг хохироосон хэрэгт гэм буруутайд тооцсон. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилгүй байна гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Учир нь, Ц.А- нь анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ц.А- нь 2020 оны 3 дугаар сарын 16-ны шөнийн 22.06 цагийн үед Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлангийн зуслангийн автобусны 3 дугаар буудлын замд “Мицубуши Кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; мөн дүрмийн 4 дүгээр хавсралтын 1.1-т заасан “Ажлын тормосны идэвхжил нь “MNS 4598” стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх.” 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрэл асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч 58 настай, эмэгтэй Х.К-ыг мөргөж амь насыг нь хохироож, улмаар зам тээврийн ослын хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /1 хх 5-16/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 17-20/, Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 23-28/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх 35-40, 42-47/,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболдын “... ээж бид нар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Сэтгүүлчдийн төгөл гэх газар нэг хашаанд амьдарч байсан. Ээж залуудаа осолд ороод нэг хөлөө тайруулсан ба нэг нүд нь хараагүй болсон байсан. Ээж маань группт байдаг байсан. Ээжийн толгой нь даралт нь ихсэхээр өвддөг байснаас өөр бие нь муудаж байгаагүй. Одоо манай ээж 58 настай. Ослын талаар надад мэдэх зүйл байхгүй байна. Би хамгийн сүүлд ээжтэй 2020 оны 3 дугаар сарын 15-ны орой гэртээ уулзсан ба түүнээс хойш уулзаагүй байгаа. Манай ээж хааяа нэг архи уусан байдаг байсан. Түүнээс байнга хэрэглээд байдаггүй. Манай ээжид сэтгэцийн ямар нэгэн өвчин эмгэг байхгүй. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /1 хх 57-58/,

            гэрч Ц.Жаргалсайханы “...зам дээр гэнэт хар зүйл харагдсан ба жолоогоо баруун тийш дарахад арын зүүн талын хэсэгт донсолсон мэдрэмж төрсөн. Урд зам дээр хоёр машинтай хүмүүс зогсоод гар даллаад байхаар нь зогсоод машинаас буугаад очсон чинь “Приус-30” маркийн машины жолооч хэлэхдээ “машинд дайруулсан хүн үхсэн байна, 102 дуудаад байж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зам дээр байсан хар зүйлийг харахад хүн байхыг харсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 65-66/,

            гэрч Н.Энх-Амгалангийн “... Намайг Шадивлангийн уулзвар өнгөрөөд явж байхад нэг гартаа тортой юм барьчихсан. Нөгөө гартаа таяг барьсан, маск зүүсэн хүн төв замын голоор хоёр тусгаарлах цагаан зурвасаар хойноосоо уруудаад явж байхаар нь манай эхнэр тэр хүнийг хараад наана чинь согтуу хүн байх шиг байна гэж хэлсэн. Тэгсэн тэр хүн машин зогсоох гээд байгаа бололтой таягаараа дохиод миний явж байгаа чиглэлийн зам руу орж ирэхэд нь би хоёрдугаар эгнээнээс нэгдүгээр эгнээ рүү шилжиж тойрч гарч явсан. ...” /1 хх 85-86/,

            гэрч Б.Бүрэнжаргалын “...Намайг тухайн замаар хөдөлгөөнд оролцож байхад зам дээр ямар нэгэн осол гарсан зүйл болон зам дээр хүн хэвтэж байгаа зүйл харагдаагүй. Харин тухайн зам нь зорчих 4 эгнээтэй, нэг чиглэлийн урсгал нь 2 эгнээтэй зам байсан ба миний явж байгаа чиглэлийн эгнээ хоорондын замын цагаан зураасан дээр хар бараан хувцастай, настай эмэгтэй хүн зүүн гартаа таяг барьсан зам дээр зогсож байсан. ...” /1 хх 95-97/,

            гэрч О.Эрдэнэ-Очирын “...Намайг зуслангийн зам дээр явж байхад 22 цагийн орчим байх миний урд явсан машины бөгсний улаан гэрэл асахаар нь замд саад байна гэж бодоод зөөлөн явахад 2 эгнээ замын голын цагаан зураас даваад нэг хүн хөндлөн хэвтэж байгаа харагдсан. Би согтуу хүн хэвтэж байх шиг байна, хүн амьтанд гай болох вий дээ гэж бодоод явж байсан” /1 хх 103-104/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 712 дугаартай “цогцост гавлын дух, хоёр ухархайн дээд хана, үнэрийн мэдрэлийн ялтас хамарсан хэлтэрхий үүсгэсэн цөмөрсөн ил хугарал, духны хэсэг дэх шарх, зүүн, баруун зулай чамархайн заадас, суурь яс, зүүн хацар яс руу үргэлжилсэн хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн дух, чамархайн дэлбэн, баруун тал бөмбөлгийн дагзны дэлбэн, зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнгийн гадна хажуу хэсэг, бага тархины дээд гадаргууг хамарсан аалзан хальсан доорхи цус харвалт, хоёр тал бөмбөлгийн духны дэлбэнгийн урд ба доод гадаргуу, баруун тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн доод гадаргуун тархины эдийн няцрал, толгойн хуйхны дотор гадаргуу дахь дух, зулай, дагзны баруун хэсгийн цус хуралт, баруун чамархайн булчинд цус хуралт, хоёр талын уушгины ар гадаргуун цус хуралт, эдийн няцрал, амьсгалын зам царь цусан агууламж, элэгний баруун, зүүн дэлбэнгийн хальсан доорхи цусан хураа, баруун гарын шуу, богтос ясны далд хугарал, зүүн гарын богтос ясны ил хугарал, зүүн шуу, богтос ясны далд хугарал, зүүн гарын богтос ясны ил хугарал, зүүн шуу, зүүн нүдний гадна булан, дээд, доод уруул, баруун гарын эрхий хуруу, долоовор хуруу, дунд хурууны завсарт шарх, дух баруун, зүүн хөмсөг, зүүн нүдний дээд зовхи, баруун шуу, бугуйд зулгаралт, нүдний алимны салстад цус харвалт, баруун гарын долоовор хуруу, зүүн гарын дунд хуруунд цус хуралт, зүүн нүдний доод зовхинд дарагдлын ором, баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 4, 5, 6 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх ба хавирганы хугарлуудаас бусад гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсэх боломжтой ба тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Харин хавирганы хугарлууд нь талийгаачийг нас барах үед юм уу, нас барсны дараа, эмнэлгийн тусламж үзүүлэх үед үүссэн байх боломжтой. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь гавал тархи, цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Химийн шинжилгээгээр цусанд 2.4 промилли, ходоодны шингэнд 2.2 промилли спиртийн зүйл илэрсэн ба талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...” гэсэн дүгнэлт /1 хх 111-112/,

            Хэргийн материалаар хийсэн 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээ 619 дугаартай дүгнэлтийн “Талийгаачид учирсан баруун 2, 3, 4, 5, 6, зүүн 2, 4, 5, 6-р хавирганы хугарал, зүүн нүдний доод зовхин дахь дарагдлын ором нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус бүрдээ нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хавирганы хугарлуудын орчны эдэд цус хуралтгүй, зүүн нүдний доод зовхины дарагдлын ором нь цайвар шаргал өнгөтэй, даргардуу байснаас үзэхэд эдгээр гэмтэл нь талийгаачийг нас барсны дараа үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг нас барсны дараа үүссэн тул амь насанд аюултай гэж үзэхгүй, гэмтлийн зэрэг тогтоохгүй. Тоёота премио маркийн 61-57 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл талийгаачийг нас барсны дараа дайрсан байх боломжтой ба дайрах үед дээрх гэмтлүүд үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /1 хх 124-125/,

            “37-35 УБӨ улсын дугаартай  “Мицүбиши кантер” маркийн автомашины ослын дараа автомашины нүүрэнд, их гэрлийн дээд талд үүссэн хагарлуудыг хэсгүүд тохирч байгаа” талаар дүгнэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 1506 дугаартай дүгнэлт /1 хх 138-140/,

            Автотээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2020 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 12639 дугаартай ““Мицүбиши кантер” маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ...Уг тээврийн хэрэгслийн урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ 24,0 мм, 1-р тэнхлэгийн тоормосны хүч зүүн талдаа 4,9кН, баруун талдаа 6,6кН, зөрүү нь 26% (стандарт 20%) шаардлага хангахгүй байгаа нь уг тээврийн хэрэгслийн рүлийн хуваарилалт байхгүй болох улмаар жолоодлого алдагдах, замын гадаргуугаас хамааран тоормосны мөр уртсах, хальтаргаа гулгаа үүсэх байдлаар зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй юм” гэсэн /1 хх 208-210/,

            Тээврийн цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 249 дугаартай ““Тоёота премио” маркийн 61-57 УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Жаргалсайхан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Мицүбиши кантер маркийн 37-35 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг: 3.4. “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Нэг. Тоормосны систем: 1.1. “Ажлын тормосны идэвхжил нь “MNS 4598” стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх” 3.5. “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрэл асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага, ажилтанд яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах, Арванхоёр. Тээврийн хэрэгслийн хурд. 12.2. “Харанхуй үед болон үзэгдэл хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            Амь хохирогч Х.К- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн: Тав. Явган зорчигчийн үүрэг: 5.12. Явган зорчигчид дараах зүйлийг хориглоно: а/ үзэгдэх хүрээнд явган хүний гарцтай замын гарцгүй хэсгээр, эсхүл явган хүний гарамтай замын гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэсэн дүгнэлт /1 хх 218-219/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Алтантулгыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Ц.Алтантулгын автомашин жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, хорих ял дээр торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон нийт биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоосон нь үйлдсэн хэргийн шинж чанар, учруулсан хор хохирол болон шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон хүнд биш ял байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболдоос “Ц.А-д оногдуулсан ял шийтгэл нь хөнгөдсөн. Шүүгдэгч нь огт гэмшсэн шинжгүй, албан ёсоор уучлалт гуйхгүй, үл тоосон байдалтай байгаад гомдолтой. Түүний буруутай үйлдлээс болж би эрүүгийн хариуцлага хүлээсэндээ маш их гомдолтой” гэсэн утга агуулга бүхий давж заалдсан гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 450 нэгжээс 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж тус тус заасны дагуу анхан шатны шүүх өөрийн бүрэн эрхийн хүрээнд хуульд заасан ял шийтгэл оногдуулсныг хөнгөгдсөн гэж буруутгах хууль зүйн боломжгүй байгаа учраас түүний гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/531 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Ганболдын гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                        Ц.ОЧ

 

 

ШҮҮГЧ                                                                                    Д.ОЧМАНДАХ

 

           

            ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ