Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2018/0663

 

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 128/ШШ2018/0663

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Батсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С дүүргийн 0 дүгээр хороо, А гудамж, 00 дугаар байр, М цогцолбор, М ХХК,

Хариуцагч: Гаалийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Одончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ж.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.М, С.Б нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлдээ: М ХХК нь 2013 оны 07 дугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд импортыг орлож экспортод чиглэсэн барилгын материалын М цогц үйлдвэрийг Дорноговь аймгийн Өргөн сум болон Сүхбаатар дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт барьж байгуулж байна.

Импортыг орлож, экспортод чиглэсэн барилгын материалын үйлдвэрлэлийн М цогц үйлдвэрийг 5 мВт суурилагдсан хүчин чадалтай хаягдал дулаанаас эрчим хүч үйлдвэрлэх байгаль орчинд ээлтэй үйлдвэрийг барихад гаалийн хилээр 2014 оноос 2017 онд нийт 169 удаа 601.270.0513 төгрөгийн үнэ бүхий техник, тоног төхөөрөмж импортоор оруулж ирсэн. Энэхүү үйлдвэрийг барих техник, эдийн засгийн үндэслэлийг анх тооцохдоо ашигт малтмалын нөөц ашигласны тусгай зөвшөөрлийн төлбөр, газар ашигласны төлбөр, ус ашигласны төлбөр, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, аж ахуй нэгжийн албан татвар зэрэг нийт 10 төрлийн холбогдох татварыг тооцож, харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар барилгын материалын үйлдвэр барихаар импортлогдсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр заасны дагуу гаалийн албан татвар төлөхгүй байхаар тооцож, хөрөнгө оруулалтаа татсан. Энэхүү техник эдийн засгийн үндэслэл нь 2013 оны 12 сарын 12-нд урьдчилсан байдлаар батлагдсан. Үүний дагуу М үйлдвэрийг барьсан.

Гаалийн ерөнхий газар нь манай компанийн хуулиар олгосон эрхийг зөрчсөн. Мөн манай компани нь тус гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт хандсан боловч 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай албан бичгээр гаалийн албан татвар ногдуулах тухай мэдэгдсэн. Түүнчлэн манай компани Гаалийн ерөнхий газрын удирдах дээд байгууллага болох Сангийн яаманд гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хүсэлт гаргахад Сангийн яамны зүгээс гаалийн албан татвараас чөлөөлөхөд татгалзах зүйлгүй гэсэн хариу өгсөн. Гэвч Гаалийн ерөнхий газар нь эс үйлдэхүй гарган, гаалийн татвараас чөлөөлсөн шийдвэрийг гаргахгүй байна.

Гаалийн ерөнхий газар нь манай компанийг татвараас чөлөөлөхгүй байгаа хууль бус эс үйлдэхүйн улмаас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.2, 11.2.1, Татварын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4, 17 дугаар зүйлийн 17.1.2, 28 дугаар зүйлийн 28.1.4, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалтаар тус тус баталгаажсан манай компанийн татвараас чөлөөлөгдөх эрх ноцтой зөрчигдөж байна. Улмаар М үйлдвэрийн барилга угсралтын явцад импортлогдсон техник, тоног төхөөрөмжид ногдох гаалийн албан татвар болох 7.386.609.116.320 төгрөгийн татварыг төлөхөд хүрээд байгаа нь манай компанийн санхүүгийн чадавхид маш ноцтой нөлөөлж, төсөл цаашид амжилттай хэрэгжих эсэх нь эргэлзээтэй болоод байна.

Хууль тогтоомжоор олгогдсон манай компанийн татвараас чөлөөлөгдөх эрх

зөрчигдөж байгаа тул энэхүү асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөх хүсэлтийг Гаалийн ерөнхий газарт гаргасан боловч Гаалийн ерөнхий газрын 2015 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03-1/2258 тоот албан бичгээр бидний татвараас чөлөөлөгдөх эрхийг эдлүүлэх бус харин ч гаалийн татвар ногдуулах улсын байцаагчийн акт тогтоохоо мэдэгдсэн.

Ийнхүү Гаалийн ерөнхий газар нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөж буй татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах байгууллагын хувьд хуулиар олгогдсон гаалийн татвараас чөлөөлөгдөх манай компанийн эрхийг эдлүүлэхгүй эс үйлдэхүй гарган, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, төлөх үүрэггүй татварыг төлөхийг шаардаж байна.

Манай компани нь хөрөнгө оруулагчдыг татвараас чөлөөлөхөөр зохицуулсан хуулийг хэрэгжилтийг хангах, хэрэгжилтийг хангуулах тухай үндэслэл шаардлагын хүрээнд Гаалийн ерөнхий газрын харьяалах эрх бүхий дээд шатны албан тушаалтан болох Сангийн сайдад 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 3/1043, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 3/326 тоот албан бичгээр хандахад Сангийн сайдын 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-2/3593 тоот албан бичгээр ...татвараас хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг зөвхөн татварын хуулиар зохицуулахыг заасан байх тул уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой гэсэн хариуг өгсөн. Өөрөөр хэлбэл татвараас чөлөөлөгдөх эрхийг хангахаас татгалзаагүй. Гэвч сайдын харьяаны агентлаг болох Гаалийн ерөнхий газар нь хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн хангаж ажиллах талаар албан бичигт дурдаагүй бөгөөд бодит байдал дээр хуулийг хэрхэн хэрэгжүүлж, биелэлтийг хангах нь тодорхойгүй, захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоо сул байгаагаас манай компанийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдөж, төсөл амжилттай хэрэгжихэд сөргөөр нөлөөлж байна.

Гаалийн тариф, гаалийн албан татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Монгол Улсын нутаг дэвсгэрт импортоор оруулж ирсэн барааг гаалийн тариф ба татвараас чөлөөлөх-өөр, 38 дугаар зүйлийн 38.1.13-д хууль, олон улсын гэрээнд заасан бусад барааг Монгол Улсын гаалийн татвараас чөлөөлнө гэж заасан. Харин Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д Барилгын материалын үйлдвэр барих зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт импортолсон тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлнө гэж заасан.

Өөрөөр хэлбэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13-т заасан хуульд заасан бараа гэдгийг Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-т заасан барилгын материалын үйлдвэрийг

барих зорилгоор оруулж ирсэн техник, тоног төхөөрөмж гэж ойлгож байна.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд барилгын материалын үйлдвэр барих зорилгоор импортлогдсон тоног төхөөрөмжийг албан татвараас чөлөөлнө гэж заасан учраас 7.3 тэрбум төгрөгийн албан татвараас чөлөөлөгдөх нь хууль зүйн үндэслэлтэй.

Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д энэ хууль нь татварын ерөнхий хууль болон энэ хуульд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн актаас бүрдэнэ гэж заасан учраас Хөрөнгө оруулалтын тухай хууль нь Татварын ерөнхий хуулийн бүрдэл хэсэгт хамаарна.

Иймд Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай компанийн чөлөөлөгдвөл зохих 7.386.609.116.320 төгрөгийг гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, Ч.Т, Д.Л нар шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: 2014 онд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд барилгын материалыг үйлдвэрлэснээр импортыг орлож, дотооддоо үйлдвэрлэж эхлэх, улсын чанартай томоохон барилгын материалын үйлдвэр байгуулах арга хэмжээг тухайн үед Сэнж сант ХХК хэрэгжүүлж байсан. Мөн Э, М ХХК-иудын хэрэгжүүлэх хугацаанд импортоор оруулж ирж байгаа материалуудын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварыг 2 жилээр хойшлуулах хуулийн төсөл өргөн барьсан.

Үүний дагуу холбогдох байгууллагуудаар хэлэлцэж, Улсын Их Хурлын чуулганаар батлагдаж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалт болж орсон. Мөн үүнтэй холбоотойгоор Гаалийн тухай хуульд өөрчлөлт орсон.

С ХХК-ийн хувьд 2015 онд анх Засгийн газрын тогтоол гарсан. Улмаар 2017 онд төслийн гүйцэтгэгч компани солигдсон учраас өөрчлөлт оруулмаар байна гэснийн дагуу 2017 онд дахин Засгийн газрын тогтоол гарч, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж, жагсаалтыг шинэчлэн баталсан. Үүний дагуу тухай үеийн Сангийн сайд, Барилга хот байгуулалтын сайд, С ХХК-ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж, Гаалийн ерөнхий газарт ирүүлсэн. Энэхүү гэрээнд Гаалийн байгууллага гарын үсэг зураагүй. Энэхүү гурвалсан гэрээний нэгдүгээр хавсралтаар импортоор орж ирэх тоног төхөөрөмжийг, хоёрдугаар хавсралтаар татварыг хойшлуулж, төлөх хуваарийг баталсан.

Гаалийн байгууллага нь зөвхөн тухайн компанийн импортоор оруулж ирж

байгаа тоног төхөөрөмж, бараа материалын ангиллын кодын дагуу ангилж баталгаажуулж оролцсон бөгөөд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлагийн хувьд Засгийн газрын тогтоолыг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хангах үүрэгтэй. Үүний дагуу гаалийн албан татварыг хойшлуулсан.

Нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-д зааснаар гаалийн албан татвараас чөлөөлөх ёстой гэж байгаа боловч энэхүү Хөрөнгө оруулалтын тухай хууль нь 2013 онд батлагдсан. Хэрэв энэ хуулийн 11.2 дахь заалт тухайн үед байсан бол Гаалийн тарф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь дахь заалтад нэмэлт оруулах шаардлага байхгүй байсан. Нөгөөтээгүүр М ХХК нь гурвалсан гэрээний 2 дугаар хавсралтад дурдсан импортын тоног төхөөрөмжүүдээс өөр тоног төхөөрөмж оруулж ирэхдээ албан татвараа төлөөд явж байсан. Хэрэв Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт зааснаар чөлөөлөгдөх байсан бол тухайн үед татварыг төлөх ёсгүй байсан. Мөн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтаар гаалийн албан татвараас чөлөөлөгдөх байсан юм бол Засгийн газрын тогтоол гаргаж хойшлуулах шаардлага ч байхгүй байсан.

Гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг зөвхөн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулиар зохицуулах хуультай. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1 дахь заалтад гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэл хэмжээгээр ногдуулж болно гэсэн болохоос шууд чөлөөлж, татварыг 0 хувиар тооцно гэсэн заалт биш, гагцхүү гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар тооц гэсэн бол гаалийн байгууллага үл маргалдаж журмаар явах байсан.

Нэхэмжлэгч нь Хөрөнгө оруулалтын тухай хуулиар олгосон боломжийг эдлэх гээд байгаа бол зайлшгүй Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийг хэрэглэх шаардлагатай. Гэтэл Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 11.2.2, 11.2.3-т тус тус заасан салбарын улсын чанартай томоохон төсөл, арга хэмжээнд хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулагчийн тухайн төсөл, арга хэмжээний бүтээн байгуулалтын ажилд зориулан импортоор оруулж ирж байгаа техник, тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргаж болно гэж заасан. Энэ хүрээнд Засгийн газрын тогтоолоор татвар төлөх хугацааг

хойшлуулсан.

Хэрэв гаалийн албан татвараас чөлөөлөх ёстой гэж үзсэн бол хойшлуулахгүйгээр тухайлсан /Жижиг дунд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Атарын гуравдугаар аяныг дэмжих хүрээнд 2005 оноос Хөдөө аж ахуйн зориулалтаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль/ хуулиар чөлөөлөх байсан.

Нөгөөтээгүүр Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.13 дахь заалт нь анх л 2008 онд хууль батлагдахад байсан, одоо ч хэвээрээ байгаа. М ХХК нь 2014 оноос хойш импортын барааг оруулж ирэхдээ дээрх заалтыг үндэслэн татвараас чөлөөлөгдөх хүсэлтийг Гаалийн байгууллага болон Сангийн яаманд тавьж, гаалийн мэдүүлэгтээ татваргүй горимыг сонгож, мэдүүлэх эрх нь Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.13, 57 дугаар зүйлийн 57.1.1 дэх заалтад зааснаар мэдүүлэг гаргагч буюу М ХХК-д байсан. М ХХК нь өөрөө энэ эрхээ хэрэгжүүлээгүй, 2014 оноос үйлдвэр барих зорилгоор барилгын мөтериал болон тоног төхөөрөмжийг оруулж ирэхдээ 5 төрлийн татвар төлөх горимыг өөрсдөө сонгосон. Ямар горим сонгох нь мэдүүлэгчийн эрх бөгөөд гаалийн байгууллага нь тухайн импортлогчийн сонгосон горим, мэдүүлгийг л гаалийн байгууллага баталгаажуулсан.

Өөрөөр хэлбэл М ХХК нь өөрөө импортоор оруулж ирсэн бараанд гаалийн албан татвар 7.3 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 15 тэрбум төгрөгийн албан татвар буюу нийт 22.7 тэрбум төгрөгийн албан татвар төлнө гэдгээ гаалийн байгууллагад мэдүүлсэн. Үүнийгээ төрийн эрх бүхий байгууллагад хандан баталгаажуулахдаа Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь заалтыг үндэслэн гэрээ байгуулсан. Гэрээнийх нь энэ заалт хүчинтэй байгаа учраас татвар төлөх үүрэг нь үүсээд явж байгаа.

Гурвалсан гэрээ нь иргэний хуулийн дагуу хийгдсэн бөгөөд талууд хүсэл зоригоо илэрхийлж, гарын үсгээ зурж, тамга тэмдэгээр баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ бөгөөд энэхүү гэрээг аливаа нэгэн хууль зөрчсөн, хууль бус гэрээ гэж маргаагүй. Дээрх гэрээгээр талууд өөрсдийн эдлэх эрх, хүлээх үүрэг, гэрээ зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээхээр заасан. Иймд үүргээ биелүүлж татварыг төлөх ёстой.

Импортын барааг Монгол Улсын хилээр оруулж ирээгүй, Гаалийн байгууллагад

мэдүүлээгүй байж, гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг техник эдийн засгийн үндэслэлээр шийдвэрлэхгүй.

Улсын чанартай томоохон үнийн дүн бүхий барааны гаалийн албан татварыг чөлөөлөх асуудлыг Гаалийн ерөнхий газар бие даан шийдвэрлэх хууль эрх зүйн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн хугацааг заасан бөгөөд Захиргааны байгууллага шийдвэрийг нэхэмжлэгч компани хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. М ХХК-ийн нэхэмжлэл гаргах хугацаа нь 2014 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дууссан. Үүнээс хойш бараа оруулж ирэх болгонд гаалийн албан татвар ногдуулсан бөгөөд нэхэмжлэл гаргах үндсэн хугацаа дуусаад 5 жил өнгөрсөн. Мөн нэхэмжлэл гаргах хугацааг сэргээлгэх 3 жилийн хугацаа мөн адил дууссан байгааг харгалзан үзэж, шийдвэрээ гаргана уу гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М ХХК нь анх Гаалийн ерөнхий газарт холбогдуулан Гаалийн ерөнхий газрын гаалийн татвараас чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тус компанийг 8.480.051.375,66 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан байх бөгөөд шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, тус гаалийн албан татвараас чөлөөлөх захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасан шийдвэр гаргуулах гэж тодорхойлон, нэхэмжлэлийн үндэслэлээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1-д зааснаар барилгын материалын ... үйлдвэр барихаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөх байтал ... Гаалийн ерөнхий газар нь хуулийн тус зохицуулалтыг хэрэгжүүлэхгүй эс үйлдэхүй гаргаж, ... манай компаний татвараас чөлөөлөгдөх эрхийг эдлүүлэхгүй бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж, хариуцагч нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1 дэх заалт нь гаалийн албан татварыг шууд чөлөөлнө гэсэн заалт биш, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу ... тус компаний татварыг хойшлуулж ирсэн

болно. ... тус компани нь гаалийн татвар төлөх үүрэгтэй гэж тус тус маргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М ХХК нь Дорноговь аймгийн Өргөн суманд болон Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт хуурай аргын жилд 1 сая тонн хүчин чадалтай барилгын материалын үйлдвэрлэлийн М үйлдвэрийг барьж, барилга угсралтын ажлын хугацаанд буюу 2014- 2017 онуудад төслийн бүтээн байгуулалтын ажилд зориулан 147.982.292.904,73 төгрөгийн үнийн дүн бүхий үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүний иж бүрдлийг импортоор оруулж ирсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон, хэргийн оролцогчид энэхүү асуудлаар маргахгүй байна. Харин хэргийн оролцогч нар гаалийн албан татвар төлөх эсэх асуудлаар, өөрөөр хэлбэл хууль хэрэглээний асуудлаар маргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж хуульчлан тогтоожээ.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д Хөрөнгө оруулагч нь хөрөнгө оруулалтыг дэмжих татварын болон татварын бус дэмжлэгийг эдлэх эрхтэй гэж, 10 дугаар зүйлийн 10.1-д Хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын болон татварын бус дэмжлэгээс бүрдэнэ гэж, 11 дүгээр зүйлийн 11.1-д Хөрөнгө оруулагчид дараах хэлбэрээр татварын дэмжлэг үзүүлнэ гэж, 11.1.1-д албан татвараас чөлөөлөх гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т Доор дурдсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж, нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хүртэлх хувь, хэмжээгээр ногдуулж болно гэж, 11.2.1-д барилгын материал ... гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд Монгол Улсын нутаг дэвсгэрт хөрөнгө оруулалтыг дэмжих, хөрөнгө оруулагчид олгох хөрөнгө оруулалтын дэмжлэг нь татварын дэмжлэг байх, барилгын материалын үйлдвэр барихаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчлан тогтоожээ.

Тухайлбал хууль тогтоогчоос Хөрөнгө оруулалтын тухай хуулийг ажлын

хэсгийн хуралдаанаар хэлэлцүүлэх явцад улс орны хэмжээний томоохон төсөл хэрэгжих татварын таатай орчныг бүрдүүлэх зорилгоор хөрөнгө оруулагчид татварын 5 төрлийн дэмжлэг үзүүлэхээр, үүний дотор барилгын материалын үйлдвэр барьсан тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр тогтоосон болох нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгийн 2013 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т Хөрөнгө оруулагчид үзүүлэх ... дэмжлэгийг татварын тухай хууль тогтоомжоор зохицуулна гэж заасан байх бөгөөд Татварын ерөнхий тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Татварын хууль тогтоомж нь ... энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д Монгол Улсын гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Татварын ерөнхий хууль Гаалийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж тус тус хуульчлан тогтоожээ.

Хуулийн дээрх зохицуулалтын агуулгаас үзэхэд тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль нь Гаалийн тариф, гаалийн татварын тухай хууль байх бөгөөд энэхүү харилцаанд Татварын хууль тогтоомжийн бүрэлдэхүүн хэсэг болох энэхүү хуулийн заалтыг хэрэглэнэ гэж үзнэ.

Илүү нарийвчилсан зохицуулалттай хууль болох Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т Гаалийн татвараас чөлөөлөх харилцааг гагцхүү энэ хуулиар зохицуулна, 38.1.13-т хууль, олон улсын гэрээнд заасан бусад барааг гаалийн татвараас чөлөөлөх -өөр тус тус заажээ.

Хууль тогтоогчид энэхүү хуульд гаалийн болон бусад татвар ногдуулах, хураах, төлөх харилцааг эрэмбэ дараалалтайгаар тогтоосон. Тухайлбал 37 дугаар зүйлд гаалийн болон бусад татвар үл ногдуулах, 38 дугаар зүйлд гаалийн татвараас чөлөөлөгдөх бараа-г, 39 дүгээр зүйлд гаалийн болон бусад татвар төлөх, 40 дүгээр зүйлд Гаалийн болон бусад татвар төлөх хугацааг сунгах, хэсэгчлэн төлөх гэж эрэмбэлэн тогтоожээ. Дээрх хуулийн заалтын агуулгаас үзэхэд хариуцагч Гаалийн ерөнхий газар нь гаалийн нутаг дэвсгэрт оруулсан хуульд заасан барааг гаалийн албан татвараас чөлөөлөх үүрэгтэй гэж үзнэ.

Тодруулбал Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 11.2.1-д барилгын материалын үйлдвэр барихаар импортолсон техник, тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх-өөр хуульчлан тогтоосон байх тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д зааснаар уг барааг хуульд заасан бараа гэж үзэж, гаалийн албан татвараас чөлөөлөхөөр байна.

Үүний зэрэгцээ Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, уг хуулийн төслийг хэлэлцээд Төсвийн байнгын хорооноос гарсан 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн санал, дүгнэлт, уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тус байнгын хорооны 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн танилцуулга, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлгээс үзэхэд улсын чанартай төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх зориулалтаар Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан хөрөнгө оруулагчийн оруулж ирж буй импортын барааны хувьд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын төлөх хугацааг 2 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргаж болохоор ялгамжтайгаар тогтоожээ.

Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч М ХХК нь Засгийн газартай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаагүй болох нь тогтоогдож байх тул Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дэх заалтыг /2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлтээр орсон/ энэхүү маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэх ёсгүй бөгөөд Засгийн газраас М ХХК-тай албан татвар төлөх хугацааг сунгах гэрээ байгуулж, гэрээний хугацаанд өөрчлөлт оруулж байсан болон хэсэгчлэн төлүүлэх шийдвэр гаргаж байсан нь нэхэмжлэгч хуулийн этгээдийг гаалийн албан татвар төлүүлэх үндэслэл болохгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээд нь хуулийн хэрэгжилтийг хангуулах хүсэлт, гомдолоо Гаалийн ерөнхий газрын дарга болон Сангийн сайдад 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тус тус гаргаж байсан, Гаалийн ерөнхий газрын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн албан бичгээр ... холбогдох яамдуудад хандах нь зүйтэй гэсэн хариуг хүргүүлж байсан. Сангийн сайд 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 4-2/3593 дугаар албан бичгээр ... уг дэмжлэгийг холбогдох татварын хууль тогтоомжийн дагуу эдлэх боломжтой гэсэн хариуг тус тус хүргүүлж байсан, тус шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан ... нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэсэн тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзэхэд нэгэнт хууль тогтоогчид хуульд заасан барааг гаалийн албан татвараас чөлөөлөхөөр хуульчлан тогтоосон байхад хариуцагч Гаалийн ерөнхий газар нь гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байх бөгөөд энэхүү захиргааны байгууллагын эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх, 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг болон нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.1.13, 38.3 дахь заалт, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, 11.2, 11.2.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлөхгүй байгаа Гаалийн ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 7.386.609.320 төгрөгийн гаалийн албан татвараас чөлөөлсөн захиргааны акт гаргахыг Гаалийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтанд зааснаар нэхэмжлэгч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаалийн ерөнхий газраас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.БАТСҮРЭН