Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 021

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж
 Нарийн бичгийн дарга: Ц.Саранцэцэг
 Улсын яллагч: Б.Ботакөз
 Шүүгдэгч Х.Жагсалагын өмгөөлөгч: Т.Костёр
 Хохирогч нар: Ж.Еркебулан, Х.Жагсалаг
 Шүүгдэгч нар: Ж.Еркебулан, Х.Жагсалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Шеруши бахат овогт Жамишидийн Еркебулан, Уах шахай овогт Хашбайн Жагсалаг нарт холбогдох эрүүгийн 201704000028 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
  Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1988 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шеруши бахат овогт Жамишидийн Еркебулан. РД:БЮ88062550. 
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, яс үндэс казак, 1975 оны 09 дүгээр сарын 28-ний өдөр төрсөн, 42 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрэгтэй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Бугат сумын 3 дугаар багт оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, ухаан санаа бүрэн, урьд ял шийтгүүлж байгаагүй, Уах шахай овогт Хашбайн Жагсалаг. РД:БГ75091816.     
Шүүгдэгч М.Семсерхан нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсоны улмаас Ж.Еркебулан, Х.Жагсалаг нарын биед нь хөнгөн гэмтэл учирсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Ж.Еркебуланы хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Эхнэр бид 2 гэр бүлийн маргааны улмаас эвлэрэн зуучлалд хэрэг маань байсан. Эвлэрүүлэн зуучлагч Х.Асхабыл намайг эхнэр дээрээ байнга оч гэж хэлсэн тул тэднийд очсон. Тухайн үед эхнэр дээрээ очиход баримтанд авагдсан зүйл болж байсан. Би зураг дараад эвлэрүүлэн зуучлагч Х.Асхабылд үзүүлэх гэж байсан. Надад хэн нэгнээс өшөө авах, хэрэлдэж маргалдах санаа байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
         - Шүүгдэгч Х.Жагсалагын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...01 дүгээр сарын 08-ны өдөр М.Еркебулан манайд ирсэн. Би түүнд “чи манайд яагаад дахин дахин ирээд байна вэ” гэж хэлсэн. Улмаар бидний дунд хэрүүл, маргаан үүссэн. Бие биенээсээ уучлалт гуйсан. Одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч Ж.Еркебуланы хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр очиж хүүхдээ бэлэг өгөөд буцаад явсан ба би очиход Х.Берикгүл нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүнтэй хамт пиво уугаад сууж байсан. Тэгээд орой дахиад Берикгүлийн гэрт архи пиво уугаад сууж байгаа зургийг аваад шүүхэд үзүүлье гэж бодоод очиход гэрт нь хадам ах Жагсалаг ирсэн байсан ба намайг Берикгүл чи зайл өдөр ирээд одоо юугаа хийгээд явж байгаа гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би гадаа гараад хаалганы үүдэнд зогсож байхад Х.Жагсалаг гарч ирээд шууд над руу гүйж ирээд хүрэмний малгайнаас барьж аваад нүүр лүү нэг удаа цохиж авсан. Тэгээд малгайнаас барьж аваад хойшоо татахад бид хоёр хоёулаа газар унаад нооцолдож байхад миний дүү болох Рысбол ирээд бид хоёрыг салгаж авсан. Тухайн үед маргалдаж зодолдсон. Нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол саналгүй, хохирогч Х.Жахсылыхаас уучлалт гуйсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Хохирогч Х.Жагсалагын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “ ...23 цаг өнгөрч байхад хүргэн ах болох Ж.Еркебулан хажуудаа дүү болох Рысболыг дагуулаад гэрт орж ирсэн. Тэгээд миний дүү болох Берикгүл ийм орой болсон хойно юугаа хийгээд явж байгаа гээд хөөгөөд гаргасан. Тэр хооронд дүү болох Берикгүл бие заасна гэхэд хамт дагаад гарсан чинь Еркебулан яваагүй гадаа хашааны хаалганы хажууд зогсож байсан ба гүйж ирээд намайг замдаж бариад явсан ба бид хоёр хоорондоо зэрэг газар унаж зодолдож зууралдаж байхад Ж.Еркебуланы дүү болох Рысбол ирээд бид хоёрыг салгаж авсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед болсон асуудлын талаар шүүгдэгчээр мэдүүлэг өгөхдөө хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Гэрч Х.Берикгүлийн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...22:00 цагийн үед ах болох Х.Жагсалаг хөдөөнөөс манайд ирээд хоол цай идээд сууж байтал Ж.Еркебулан дахиад манайд дүү Рысболын хамт орж ирсэн ба тэр үед ах болох Жагсалаг чи түрүүхэн бас ирээд Берикгүлийг хэл амаар доромжлоод явсан ба яах гээд дахин дахин ирээд байна гээд тэр хоёр хоорондоо маргалдах гэхээр нь Ж.Еркебулан, Рысбол нарыг гэрээсээ хөгөөд гаргасан. Тэгээд 5-10 минутын дараа байсан байх гадаа бие бие засах гээд ахыг дагуулаад гарсан чинь Ж.Еркебулан яваагүй хашааны үүдэнд байсан ба Ж.Еркебулан гүйж ирээд ах Жагсалагийн цээжинд нь нэг удаа түлхэхэд газар унасан ба тэгээд тэр хоёр нэг нэгнээ барьж яваад ноцолдож зодолдож байхад Рысбол ирээд салгаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/
- Гэрч Ж.Рысболын хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: ”...Тэдний гэрт очиход Берикгүлийн ах Жагсалаг байсан ба Ж.Еркебуланд чи түрүүн ирээд манай дүүг хэл амаар доромжлоод явсан байна, одоо дахиж яах гэж ирсэн зайл гэхээр нь Ж.Еркебулан гэрээс гарч явсан ба харин би ахын хүүг үнсээд тэдний гэрээс гарч ирсэн чинь Берикгүлийн ах миний араас гарч ирж Ж.Еркебуланыг харчхаад тэр хоёр нэг нэг рүү дайрч барилцаж аваад газарт зэрэг унсан юм. Тэгээд нэг нэгийгээ цохиж байгаа харагдсан. Яг хаана цохисоныг сайн мэдэхгүй байна. Учир нь гадаа харанхуй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24, 27-р хуудас/
- Гэрч Х.Серенайн хэрэг бүртгэлийн шатанд өгсөн: “...22-23 цагийн орчим байсан байх гал тоогооны өрөөнд зураг үзээд сууж байхад гадаа хүмүүсийн чанга чанга дуу гарахар нь гал тогооны өрөөний цонхоор харсан чинь хүмүүс зодолдож байх шиг харагдсан ба бөөн шороо бужигнаж байсан. Тэгээд гадуур хувцаа өмсөөд толгойдоо алчуур боогоод гаднах гэрлээ асаагаад чинь манай байшинг хөлсөлж сууж байгаа Х.Берикгүл түүний ах Жагсалаг үл таних 2 залуу байсан ба Жагсалаг үл таних хоёр залуугийн нэгэнтэй маргалдаж байсан ба би гадаа гараад юу болоод байна гэсэн чинь нөгөө үл таних хоёр залуу нэг нэгний араас гүйгээд яваад өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 
    1. Иргэн Еркебуланы биед тархины битүү гэмтэл, няцаралт, доргилттой, даралттай, хамрын нуруунд шархтай, хавдартай, баруун хацарт шархтай, хавдартай, духны баруун талд шархтай, хавдартай зэрэг зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй.
 2. Дээрх гэмтэл нь 1-10 хоног болсон ба эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь бүгд шинэ гэмтэл болно.   
  3. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно. 
  4. Тархины гэмтлийн хор уршиг үлдэцийг эмчилгээний үр дүнгээс хамаарч дахиж тогтоох болно. 
 5. 1 ширхэг ктг-ийн зураг, 1 ширхэг CD, 4 хуудас өвчний карт зэргийг хавсаргав" гэх дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 41 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: “...
    1. Иргэн Жагсалагын биед баруун талын хацарт, баруун завжинд баруун гарын бугалга, баруун гарын зөв гадаргууд битүү хавдсан зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно.
  2. Дээрх гэмтэл, эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоног үүссэн шинэ гэмтэл болно.   
  3. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно. 
  4. Эмнэлгийн тодорхойлолт 2 ширхэг хавсаргав" гэх дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/
- Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 57 дугаар шинжээчийн дүгнэлтэнд: 
    1. Иргэн Жагсалагын биед тархины доргилт, баруун талын хацарт, баруун завжид, баруун гарын бугалга, баруун гарын зөв гадаргууд битүү хавдсан зөөлөн эдийн бэртэл гэмтэлтэй байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл болно.
  2. Дээрх гэмтэл, эрүүл мэндийг түр сарниулахгүй, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтэл нь 1-10 хоног үүссэн шинэ гэмтэл болно.   
  3. Ерөнхий хөдөлмөрт нөлөөлөхгүй болно. 
  4. Дээрх нэмэлт тархины доргилт нь 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн №41 дугаартай шинжээчийн хөнгөн гэмтлийн зэрэгт нөлөөлөхгүй болно. Өөрөөр хэлбэл дээрх гэмтэл, эрүүл мэндийг түр сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 заалтыг агуулах хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.
    5. Бугат сумын Эрүүл мэндийн тасгийн эмч Аймгүлийн 1 ширхэг тодорхойлолт, 43 дугаартай шинжилгээ хийлгэх тогтоол, 41 тоот шинжээчийн дүгнэлт 1 ширхэг, амбулаторын картын эмчийн үзлэг хийсэн хэсгийн хувилбар 1 хуудас зэрэг хавсаргав" гэх дүгнэлт /хх-ийн 35-р хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв. 
Шүүгдэгч Ж.Еркебулан, Х.Жагсалаг нар нь 2017 оны 01 дүгээр сарын 08-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт “Тирлик” захын ард байрлах Берикгүлийнд гэр бүлийн маргааны улмаас хоорондоо харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрч Х.Берикгүл, Ж.Рысбол, Х.Серенай нарын мэдүүлгүүд, гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. 
Шүүгдэгч Ж.Еркебулан, Х.Жагсалаг нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс тэднийг бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв. 
Шүүгдэгч нарт ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд, харин анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. 
Гэвч шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, хохирол төлбөргүй, мөн хохирогч нь сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Еркебулан, Х.Жагсалаг нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна. 
Шүүгдэгч Х.Жагсалаг нь урьд хөнгөн гэмт хэрэг үйлдэн Прокурорын шатанд хэрэгсэхгүй болсон тухай баримт хавтаст хэргийн 85 дугаар хуудсанд байх боловч, хавтаст хэргийн 60-р хуудсанд авагдсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-ыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 
Харин шүүгдэгч Ж.Еркебулан нь Баян-Өлгий аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар хариуцлагаас чөлөөлөгдөж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 64-66-р хуудас/ авагдсан бөгөөд, мөн Цагдаагийн газрын лавлагаагаар ял шийтгэгдэж байгаагүй болох нь нотлогдож байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ. 
Шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж, шүүгдэгч нарын өмчийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна. 
Хэргийн хамт шүүхэд ирүүлсэн шүүгдэгч нарын Эрүүл мэндийн гэрчилгээг тус тус буцаан олгохоор шийдвэрлэв. 
Хэрэг бүртгэлтийн шатанд шүүгдэгч, хохирогчоор авсан мэдүүлгүүдэд тэдний ургийн овогийг буруу тогтоосон байх тул шүүх улсын бүртгэлд авагдсан ургийн овогоор тус тус зөвтгөн шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэллээ. 
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 285, 286, 290, 294-299  дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
  1. Шүүгдэгч Шеруши бахат овогт Жамшидийн Еркебулан, Уах шахай овогт Хашбайн Жагсалаг нарыг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Еркебулан, Х.Жагсалаг нарт холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлсүгэй.  
3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134-р зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч Х.Жагсалагийн өмч болох 32-89 БӨТ улсын дугаартай “Эксел” маркийн авто машин, шүүгдэгч Ж.Еркебуланы өмч болох “Тошиба” маркийн  21 инчийн зурагт, “Зил” маркийн хөргөгч, 3 хаалгатай шүгээг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай. 
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдож байгаагүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шүүгдэгч нарын Эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг тус тус буцаан олгосугай. 
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Шийтгэх тогтоол уншин танилцуулснаар хүчинтэй болох бөгөөд тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 


                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.АЗЖАРГАЛ