| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/133 |
| Огноо | 2024-06-06 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | С.Б |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 2024/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,
Улсын яллагч С.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Г /цахимаар/,
Шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг оролцуулан шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нарт холбогдох эрүүгийн 2019000960237 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд ........ гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулж, 716.872.000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан буюу хууль бусаар ашигт малтмал ашиглах, олборлох гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд нь мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээж байгаа гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсад 9.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Г.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсад 9.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Ё.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсад 9.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Шүүгдэгч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Нэмж хэлэх зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Улсад 9.000.000 төгрөгийн хохирлыг хувааж төлсөн гэсэн мэдүүлэг,
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би хохирлын үнэлгээ гаргасан “...” ХХК-ийн дүгнэлттэй танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Зохих зөвшөөрөлгүй газрын хэвлийд халдсан гэм буруутай хүнээс техникийн нөхөн сэргээлт болон биологийн нөхөн сэргээлтийн зардал болох 7.100.000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. ...2020 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ........... гэх газарт үзлэг хийж ...эвдрэл орсон аараг толгойг өмнөд талаас нь техник хэрэгсэл ашиглан 10 орчим метрийн өргөн 20 орчим метрийн урттай тэгш өнцөгт хэлбэртэйгээр ухаш үүсгэн ухашийн баруун ба зүүн талд нь үргэлжилсэн шороон овоолго үүсгэсэн байна. Энэ том амсрын ирмэгээс нүхний доод хэсгийн жижиг амсар хүртэл 4.96 метр, өргөн нь 2.3 метр том амсрын ирмэгээс нүдний доод хэсгийн жижиг амсар хүртэл 4.9 метр өргөн гүнтэй хойноос урагш чиглэсэн зуувандуу хэлбэртэй 4.9 метрийн гүнтэй ухаш үүссэн байна. ...Энэ ухашийн доод хэсэгт 44-45 орчим градусын налуутай 3.1 м урттай 60 см өргөн, 80 см урттай жижиг нүхээр гадрын хэвлий рүү нэвтрэлт хийж түүн рүү ороход тэр нүхэн дотор нийт урт 10 метр урт, 1-1.5 метр орчмын өргөнтэй хөндийлж байлаа. Түүний өндөр ойролцоогоор 4-5 м орчим байсан бөгөөд бидний нэвтэрч орсон амны баруун дээд хэсэгт ташуулдсан хөндийлж харагдаж... тухайн аараг толгойн дээд хэсэгт гарч үзлэг хийхэд 4.6 м урт 0.8-1.2м өргөнтэй 5 м гүнтэй шруф /доош ухсан нүх/ байсан. Энэ 2 нүхний хоорондох зай газрын гадаргуу дээр 2.9 м байсан гэснийг бэхжүүлсэн, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт гэсэн мэдүүлэг /1хх 3-8, 7хх 146 ху/,
-Гэрч И.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2014 оноос эхлэн өөрийн үеэл болох Б.Л-тэй хамт Урт цагаан дээр хувь хүнээс алт аваад Монгол банкинд тушаадаг ажлыг өнөөдрийг хүртэл хугацаанд хийж байна ..., ... гэсэн 2 дансыг үеэл Б.Л-гийн хамт эзэмшдэг миний өөрийн хувийн данс бол .... гэсэн Хаан банкны байдаг. Манай үеэл Б.Л-гээс Дорноговь аймгийн бах гээд нэг залуу алтны ханш хэдтэй байна гэж асуусан байсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нөгөө Дорноговь аймгийн бөх бололтой нэг залуу Л-тай хамт орж ирсэн. Тэгээд тэр залуу цүнх юм уу, нэг уутнаас нэлээн их алт гаргаж ирсэн. Тэгээд тэр залуугийн өгсөн алтыг хайлуулах зууханд багтахгүй болохоор 3 хувааж хайлуулсан. Тэгээд би бүх нийт мөнгөн дүнг нь гаргасан тэр гаргасан. Нийт мөнгөн дүнг гэрэл зураг нь миний гар утсан дээр байгаа би танд угаалгаад егье. Тэгээд тэр хүмүүсийн өгсөн алтыг хайлуулж үзээд цэвэр жингээрээ 3 килограмм 431.6 грамм болж байхад шар цайвар царайтай, нөгөө Дорноговь аймгийн бөх гэх хүнээс арай өндөр залуу орж ирсэн. 3,431.6 грамм алт нь мөнгөн дүнгээрээ 434,102,000 болж байсан. Тэр хүмүүс энэ мөнгөө зөвхөн дансаар авна. Мөнгө шилжүүлж авсны дараа явна гэж байсан. Тэгээд Б.Л энэ 2 хүний дансанд мөнгийг нь шилжүүлнэ гээд Хаан банк руу явсан. Бид 2-ын данс дахь мөнгө хүрэхгүй байсан учир зээлэх гэж жоохон хугацаа орсон. Тэгээд мөнгөө шилжүүлчихсэн бололтой нэг цаг гаруйн дараа Лхагваа болчихлоо гэж хэлээд орж ирсэн гэсэн гэсэн мэдүүлэг /1хх 22-23 ху/,
-Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр үдээс өмнө Урт цагааны Хөм буюу манай үйл ажиллагаа эрхэлдэг ажлын байрны гадаа Тулга /Дорноговь аймгийн заан байхаа/-тай таарсан. Т надаас алтны ханш хэдтэй байна гэж асуугаад тэгээд бид 2 манай ажлын өрөөнд орсон. Ажлын өрөөнд ороход манай үеэл И.М байж байсан. Тэгээд Тулга нэг уутнаас нэлээн их алт гаргаж ирээд энийг өгье гэж хэлсэн. Тэгээд тэр алтыг нь хайлуулаад үзэхэд цэвэр 3 килограмм 431.6 грамм алт болсон. Тэгээд тэр алтны ханшийг бодож үзэхэд 434,102,000 төгрөг болсон. Тэгээд энэ мөнгийг тэр хүмүүст шууд өгөх гэхээр бид 2-н дансанд байсан мөнгө хүрэхгүй байсан учир хүмүүсээс мөнгө зээлэх гэж нэлээн удаж байхад гаднаас нэг шар цайвар царайтай залуу орж ирсэн. Тэгээд Т, тэр цар царайтай залуу 2-ыг би дагуулаад урт цагааны Арт хаусын зүүн талд байдаг Хаан банк руу явсан. Xaaн банк руу Т бид 2 opoод байж байхад нөгөө шар цайвар царайтаа залуу араас орж ирсэн. Тэр залуу өөрийгөө Төгсөө гэж танилцуулж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 12 цаг 54 минутад ..... гэсэн дансанд 131,102,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 13 цаг 05 минутад .... гэсэн дансанд 153,000,000 төгрөгийг шилжүүлсэн /энэ хэний данс гэдгийг би мэдэхгүй байна/. 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 14 цаг 03 минутад ... гэсэн дансанд 150,000,000 төгрөгийг тус тус хийлгэсэн. Ингээд нийтдээ 434,102,000 төгрөгийг би Т, Т гэх хүмүүсийн хэлсэн дансанд шилжүүлсэн. Тэгээд тэр 2 хүн явсан дахиж ирээгүй, холбогдоогүй. Бас өмнө нь энэ 2 хүн ирж байгаагүй. Би энэ хүмүүст ямар нэгэн байдлаар өр, зээлгүй, өөр бусад бараа худалдан аваагүй. Цэвэр 3 килограмм 431.6 грамм алт л худалдан авсан гэсэн мэдүүлэг /1хх 24-26 ху/,
-Гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 01 сарын 05-ны өдөр үдээс хойш манай зах дээр миний зарж байсан Киа Бонго-3 маркийн машиныг нэг залуу ирж үзсэн. Тэгээд миний зарж байсан машин таалагдсан бололтой худалдаж авах үнээ 22.000.000 төгрөгөөр тохиролцсон. Тэгээд би тэр залууг авто тээвэр рүү дагуулж яваад өөрийн итгэмжлэлээрээ тэр залууд тээврийн хэрэгслийн улсын дугаар авч өгөөд нэрийг нь шилжүүлж өгсөн. Тэгээд тэр залуу миний ... дугаарын дансанд Хаан банкны ... гэсэн данснаасаа 14 цаг 02 минутад 20.000.000 төгрөг, 14 цаг 03 минутад 2.000.000 төгрөгийг шилжүүлэн миний зарж байсан машиныг 22.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэсэн мэдүүлэг /1хх 42 ху/,
-Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хөдөө адуугаа услах гээд явж байхад манай дүү Б.Б миний ... дугаарын утас руу залгаад "Таны дансанд мөнгө хийчихье, би танд дансны дугаар өгнө, та тэр данснууд руу мөнгө хийгээд өгөөрэй" гэж хэлээд миний ... дугаарын дансыг авсан. Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цаг 54 минутад 131.102.000 төгрөг, 153.000.000 төгрөгийг нэг танихгүй хүний данснаас миний ... гэсэн дансанд шилжүүлүүлсэн. Тэгээд би Б.Бас "энэ чинь юун их мөнгө вэ ямар учир утгатай талаар нь асуухад Б.Б дүү нь компаниа зарж байгаа одоо компанигүй болж байгаа гэж байсан. Тэгээд би Б.Б хэлсэн ... гэсэн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 16 цаг 24 минутад 62.000.000 төгрөгийг махны үнэ, ... гэсэн дансанд тухайн өдрийн 16 цаг 26 минутад 62.000.000 төгрөгийг машины үнэ, ... гэсэн дансанд тухайн өдрийн 16 цаг 27 минутад 62.000.000 ноолуурын үнэ гэсэн утгатайгаар тус тус шилжүүлсэн. Ингээд Б.Б над руу шилжүүлсэн мөнгөнөөс энэ 3 хүний дансанд 186.000.000 төгрөгийг шилжүүлээд дахиад 98.102.000 төгрөг үлдсэн. Энэ мөнгөнөөс 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 14 цаг 57 минутад 37.000,000 төгрөгийг ... гэсэн дансанд машины үнэ гэсэн утгатайгаар, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 16 цаг 38 минутад 20.000.000 төгрөгийг ... гэсэн дансанд зээл гэсэн утгатайгаар, 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 12 цаг 55 минутад 18.000.000 төгрөгийг ... гэсэн утгатайгаар, ... гэсэн дансанд 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр tulgaa гэсэн утгатайгаар 10.000.000 төгрөгийг тус тус Б.Б энэ данс руу ийм мөнгө, ийм утгатай шилжүүлчих гэж хэлж шилжүүлүүлж байсан. Тэгээд л би шилжүүлдэг байсан. Надад мөнгө шилжүүлж өгсөн гэж нэг ч төгрөг өгөөгүй. Миний дансанд хийлгэсэн бүх мөнгөө Б.Б өөрөө бүгдийг нь хүмүүс рүү хийлгээд дууссан гэсэн мэдүүлэг /1хх 45-47 ху/,
-Гэрч Б.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 12 дугаар сарын эхэн үед би Г.Ш ахтай гар утсаар нь холбогдож хийх ажил байна уу гэж асуусан. Яагаад ингэж асуусан бэ гэвэл өмнө нь Эрдэнэ сумын Улаан уул гэх нэртэй газарт Б.Б.Б жоншны овоолгоос жонш ялгах ажлыг Г.Ш ахын удирдлага дор хийж байсан... Сайхандулаан сумын төвөөс 3 орчим километр байрлах газарт Н.Э ах Т, О, М бид 3-ыг хүргэж өгсөн. Бид нарыг хүргэж өгсөн газар нь экскаватороор шороог нь хуулаад 2 талдаа овоолсон уулын бэл газар байсан. Тэр 2 талаараа овоолго үүссэн газрын дотор талд, ертөнцийн зүгээр зүүн хойд хэсэгт бид нар хальт ухсан бололтой нүхнээс шороог нь зөөж гарган цааш үргэлжлүүлэн ухаж эхэлсэн... 30 килограммын савлагаатай 12 шуудай чулуутай алт гаргаж авсан. Энэ алтыг Н.Э цагаан өнгийн Фит маркийн машинаар хөдөө авч яваад угаана гээд 2 удаа зөөсөн. Яг хаашаа явж угаасныг бол мэдэхгүй. Тэгээд үргэлжлүүлэн 4 хоног ухаж байхад дахиад ухаж байсан нүхний тааз хэсэгт судал гарж ирээд 24 цаг ухахад 50 килограммын 8 шуудай чулуутай алт гарж ирсэн. Энэ үед Н.Э ах тэнд Э.М-тэй хамт байсан. Тэгээд удалгүй Б.Б, Е.Э, Б.М, Б.Нр нар ирсэн. Тэгээд тэд нар сүүлд гаргасан алтыг Б.Мын улаан өнгийн ачааны жийпэнд ачаад сайн ухаж байгаарай дахиад юм, алт гарвал хэлээрэй гэж хэлээд явсан... Тэгээд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны 1.200.000 төгрөг, Н 1.000.000 төгрөг, Тэмүүжинд яг хэдийг өгснийг бол өгсөн... над руу фейсбүүкээр холбогдоод цагдаагаас шалгаад байна, болгоомжтой байгаарай, цагдаагаас танай гэр лүү очоод чамайг асуувал мэдэхгүй гэж гэрийнхнийгээ хэлүүлээрэй гэж байсан. Сүүлд хүмүүсээс сонссон чинь тэндээс гаргаж авсан алтаа тушаагаад Н.Э цоо шинэ ланд-200, Г.Ш том ачааны Хово авсан гэж сонсогдсон гэсэн мэдүүлэг /1хх 53-55 ху/,
-Гэрч О.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Намайг ажилд орохоос өмнө Тольт гэх нэртэй газарт иргэд гар аргаар алт ухаж байсан. Тухайн тольт гэх нэртэй газарт алт гараад байдаг юм шиг байна лээ. Ашиглалт, хайгуулын болон түгээмэл тархцын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн талбай Тольт гэх нэртэй газарт байдаггүй. 2020 оны 3 дугаар сарын үед санагдаж байна... Тольт гэх нэртэй газарт манай сумын иргэд Н.Э хэдэн бөхчүүдтэй хамт 2019 оны 12 сард алт ухаж байсан талаар ярьж байсан. Алт ухаж байсан хүмүүсээ Э-ийн аавын гэрт улаан өнгийн ачааны жийп машинаар зөөж амраадаг байсан байх. Аавынх нь гадаа шөнө машин ирж хоноод өглөө байхгүй байдаг байсан гэсэн мэдүүлэг /5хх 94-95 ху/,
-Гэрч Н.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 12 сард манай дүү Н.Э Сайхандулаан сумын төвд байдаг манай аав ээжийн эзгүй байранд 3, 4 хүн авч ирчихсэн сумаас урагш 5-5 км-т байр зарим хүмүүс Тольт гэж ярьдаг зарим хүмүүс Бичигт гэж ярьдаг газарт хүмүүс ажиллуулаад байгаа сураг гарч байсан.... миний сонссоноор Б.Б, Ё.Э, Ш, М нартай нийлж алт ухуулж байгаа сураг гарч сумын төв дээгүүр яриа байсан... 2019 оны 12 сарын сүүлээр санаж байна Б.Б, Ё.Э, Ш, Мгэх хүмүүс сумын төв дээр ирсэн байсан... миний харснаар М тэвштэй Пикап загварын улаан өнгийн машинтай явж байсан гэсэн мэдүүлэг /6хх 185-186, 7хх 215 ху/,
-Гэрч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 12 сард санаж байна М ах өөрийн найз Б.Б, Э нартай нийлж шар юманд /алтанд/ яваад байгаа сураг гарч байсан... М 2019 онд улсын дугаарыг нь санахгүй байна. Улаан өнгийн Пикап машин унаж байгаад манай ах М зарсан гэсэн мэдүүлэг /6хх 188-189 ху/,
-Гэрч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Сайхандулаан суман дээр очоод Э аавынх нь байшинд очсон намайг очиход тухайн байшинд Л байсан Э тухайн үед аймаг явчихсан байсан. Ш, Л, Т бид нар тухайн айлын байшинд хоёр хоног архи уусан. Ш, Л, Т бид нар тухайн айлын байшинд хоёр хоног архи уусан... Шыг аймаг явсны орой нь Н.Э аймгаас ирээд бид нар дахин архи уусан... "Тольт" гэх газарт Н.Э, Л, М бид хэд очсон... М бид хэдийн гарыг амрааж молдокоор ухдаг байсан... эхний хоёр гурав хоногт Э машинаараа бид нарыг хүргэж өгч шороо зөөж байгаад машиных нь мотор эвдрээд М машинаараа бид нарыг хүргэж өгч гарсан чулууг зөөж авдаг болсон... арслан Ё.Э цагаан өнгийн машинтай ирээд нэг хоноод алт ухаж байсан газарт байж байгаад ах дуу нь нас барчихлаа ажил явдал гарсан гээд яваад өгсөн... үүний дараа Б.Б, Н хоёр хар өнгийн жийп машинтай ирээд бид нарын байрлаж байсан Н.Эийн аавынд нэг орой архи ууж байгаад маргааш өглөө бид нартай хамт алт ухаж байхдаа эхнэртэйгээ гадаад явж амраад ирлээ гэж ярьж байсан Сайхандулаан суманд ирэхдээ гадагшаа яваад ирсэн гэж виски архи авч ирсэн байсан. Б.Б, Н хоёрыг ирээд явсны дараа Ш өөрийн найз Т-гийн хамт ирээд өөрөө нэг хоночхоод Т-г үлдээгээд явсан гэсэн мэдүүлэг /5хх 240-242, 6хх 208-209 ху/,
-Гэрч Ё.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Н.Э бид хоёрт адуу малын наймаа хийж байсан зүйл огт байхгүй. Миний өөрийн адуу болон төрсөн дүү Ё.Эын 30 гаран тооны адуу байдаг. Би адуунаас Н.Эөд адуу мал өгч байсан зүйл огт байхгүй гэсэн мэдүүлэг /6хх 191 ху/,
-Гэрч Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2019 оны 3, 4 сард манай Мах өөрийн унадаг байсан улаан өнгийн Мазда Форист маркийн дан бүхээгтэй ачааны жийп машинаа 10.0 сая төгрөгөөр зарж байсан. Тухайн машиныг би 2021 оны 9 сард аав Б-ийн нэр дээр шилжүүлж авсан. 2019 онд надад энэ машиныг зарсны дараа улаан өнгийн 4 хаалгатай ачааны Ниссан маркийн тээврийн хэрэгсэл худалдаж авсан. Сүүлд сонсоход тэр улаан өнгийн 4 хаалгатай Ниссан машинаа Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүнд зарсан гэж байсан гэсэн мэдүүлэг /6хх 193-194 ху/,
-Гэрч С.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Д.Нахыг би танина. Манай сумын хүн байгаа юм. Манайх Н ахын хажуу талын байшинд байдаг... яг цаг хугацаагаар хэн гэдэг хүн ирсэн талаар сайн санахгүй байна. Н ахын байшин 2018 оноос хойш гэж санаж байна ер нь эзгүй байгаад байдаг. Хааяа нэг Н.Э миний таньдгаас хурц арслан Ё.Э, М нартай бас өөр хэд хэдэн бөхчүүдтэй хамт ирчихсэн байж байдаг гэсэн мэдүүлэг /6хх 196 ху/,
-Гэрч Х.Р-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...... тоот дансанд 2020 оны 01 сарын 02-ны өдөр 62.000.000 төгрөг шилжин орсон нь 2015 оноос найз нөхдийн холбоотой болсон өөрийн найз Б.Бас тухайн 62.000.000 төгрөгийг зээлсэн гэсэн мэдүүлэг /5хх 76 ху/,
-Гэрч А.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Монгол банк нь хувь хүн албан байгууллагаас алтыг худалдан авдаг хувь хүн алт зарсан тохиолдолд иргэний үнэмлэхийн хуулбар үнэт металл тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорьцын бичиг зэргийг үзэж байж худалдан авдаг байгууллагаас худалдан авах тохиолдолд лицензийн хуулбар аж ахуй нэгжийн гэрчилгээний хуулбар аж ахуйн нэгж байгууллагын танилцуулга үнэт металл тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорьц зэргийг үзэж байж худалдан авдаг гэсэн мэдүүлэг /7хх 218 ху/,
-Шинжээч Т.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2020 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч .... өөрийн шалгаж байгаа хэрэг бүртгэлтийн 201900096 дугаартай хэрэгт экологи эдийн засгийн үнэлгээ гаргах шинжээч томилсон. Уг тогтоолын дагуу Сайхандулаан сумын "Тольт" гэх нэртэй эвдэгдсэн газарт байгаль орчны хохирлын үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Хуучин ухаш бухсан нүх/ байсан газрын зүүн хойд өнцөгт 5 метрийн урттай, 2 метр орчмын өргөнтэй, баруун хойш чиглэлд 50х60 см-ийн хэмжээтэй амсартай 4.5-5 метр орчмын урт нарийн доош үүсгэсэн хоолойгоор өөрийн биеэр ороход 10 метрийн урттай дунджаар 25-3 метрийн өргөнтэй, 4-5 метр орчмын өндөртэй хөндийлж хөндий орон зай үүссэн байсан. Тэр талбайд хэмжилт хийж талбайн хойд үзүүрээс санамсаргүй аргаар ойролцоогоор 1 килограмм орчим дээж авсан. Авсан дээжээ Ханлаб нэртэй лабораторид шинжлүүлсэн. Шинжилгээний дүнг үндэслэн шинжээчийн дүгнэлтээ гаргасан болно. Миний гаргасан шинжээчийн дүгнэлт дээр бүх зүйл тодорхой байгаа гэсэн мэдүүлэг /5хх 111-112, 6хх 56-57 ху/,
-Сайхан ... ХХК-ийн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 03/09 дугаартай “...Байгаль орчинд нийт 1.9 сая төгрөгийн хохирол учруулсан байна...нөхөн сэргээлтийн зардал 6.6 сая, биологийн нөхөн сэргээлтийн зардал 0.5 нийт 7.1 сая төгрөг зарцуулахаар байна” гэсэн дүгнэлт /5хх 113-140 ху/,
-Ашигт малтмал, газрын тосны газрын 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 8/2869 тоот албан бичиг, тусгай зөвшөөрөл / 5хх 2-4 ху/,
-Байгаль орчин, аялал зуучлалын газрын 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 264 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5хх 6-9 ху/,
-Таван богд ХХК-ийн 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 05/229 дугаартай “JTMHU01J205166442 арлын дугаартай LC200 GX.R petrol high, AT /leather/ загварын автомашиныг Н нь 2020 оны 01-р сарын 17-ны өдөр 2020-05/Б-68 тоот гэрээгээр худалдан авсан нь үнэн болно” гэх албан бичиг, түүний хавсралт /4-р хх47-59 ху/,
-Дорноговь аймаг дахь Монгол банкны хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А/01 дугаартай албан бичиг, түүний хавсралт /5хх 167-169 ху/,
-Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 3-7 ху/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 13-20 ху/,
-А.А-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 12, 38 ху/,
-Б.Л, И.Мнарын Хаан банк дахь ...тоот дансны хуулга /1хх 28 ху/,
-Г.Н-ын Хаан банк дахь ...тоот дансны хуулга /1хх 29, 5хх 51-52 ху/,
-Н.Эийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх ху/,
-Н.Б, О.Б нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 36, 40-41, 3хх 206-250, 4хх 1-44 ху/,
-Н.Бнгийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 37, 5хх 79-83 ху/,
-Д.А-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 39 ху/,
-С.Бгийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 43-44 ху/,
-Г.Нын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 49 ху/,
-Х.Рын Хаан банк дахь ..., ... тоот дансны хуулга /1хх 50, 4хх 84-108 ху/,
-Б.Н-ын Хаан банк дахь .... тоот дансны хуулга /1хх 51, 2хх 121-177 ху/,
-Б.Мын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /1хх 52, 4хх 75-83 ху/,
-Б.Б.Б Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 7-63 ху/,
-Ё.Эын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 65-87, 5хх 45 ху/,
-Н.Э, Д.Н нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 88-120, 5хх 56-59 ху/,
-М.Н-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 180-207 ху/,
-Б.Цэ Хаан банк дахь ... тоот дансны хуулга /2хх 210-250, 3хх 1-52 ху/,
-Б.Л, И.М нарын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 53-98 ху/,
-Б.Лийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 99-115 ху/,
-Л.Н-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 116-139 ху/,
-Д.Б-ын Хаан банк дах ... тоот дансны хуулга /3хх 172 ху/,
-Д.А-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 185-186 ху/,
-Н.Б-гийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 190-196 ху/,
-Г.Н-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /3хх 197-202, 5хх 77 ху/,
-Д.Н-гийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 63-68, 5хх 60-61 ху/,
-Г.Шын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 110-122, 5хх 65-67 ху/,
-Ч.А-гийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 124-132, 5хх 68-69 ху/,
-Б.М-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 133-155, 5хх 46-47 ху/,
-С.Б, Б.Б нарын Хаан банк дахь .... тоот дансны хуулга /4хх 156-166, 7хх 160-167 ху/,
-Б.М-ын Хаан банк дахь ...тоот дансны хуулга /4хх 167-188 ху/,
-Д.А-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 189-206 ху/,
-Б.А-ын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 207-212 ху/,
-Л.Н-ын Хаан банк дахь ...тоот дансны хуулга /4хх 219-221 ху/,
-Г.Цын Хаан банк дахь ... тоот дансны хуулга /4хх 233 ху/,
-Л.Оын Хаан банк дахь ...тоот дансны хуулга /4хх 242-245 ху/,
-Р.Б-ийн Хаан банк дахь ... тоот дансны хуулга /7хх 150-159 ху/,
-Б.Н-ийн Хаан банк дахь ...тоот дансны хуулга /7хх 168-188 ху/,
-Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 58-93, 5хх 243-247, 7хх 221-223 ху/,
-Эд мөрийн баримт хураан авах тухай тогтоол /5хх 17 ху/,
-Дансны гүйлгээнд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /5хх 149-154, 7хх 234-235 ху/,
-Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаартай “... Тоёота Ист маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /6хх 218-219 ху/,
-Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Хас үнэлгээ” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дугаартай “... Ниссан маркийн, ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг ...” гэсэн дүгнэлт, гэрэл зураг /6хх 215-216 ху/,
-Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /6хх 222-223, 7хх 4-5, 14-15, 37-38, 71-72, 88-89 ху/,
-Шийтгэх тогтоолын хуулбар /6хх 32-34, 37-46 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6хх 26-27, 30, 35, 50 ху/
-Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/502 дугаартай, 2023 он 03 дугаар сарын 01-ний өдрийн 2023/ШЗ/120 дугаартай шүүгчийн захирамж зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээр дурдсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Ш, Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн 2019 оны 12 дугаар сарын эхэн үеэс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд Дорноговь аймгийн Сайхандулаан сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Тольт гэх газраас тусгай зөвшөөрөлгүйгээр бусдыг хөлсөөр ажиллуулан, ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд нийт 9.000.000 төгрөгийн хохирол учруулж, 716.872.000 төгрөгийн үнэ бүхий ашигт малтмалыг олборлож, хууль бусаар газрын хэвлийд халдсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-гийн мэдүүлэг, гэрч И.М, В.Л, Н.Б, С.Б, Г.Н, Б.Л, О.Б, Э.Э, Г.Н, Ё.Э, Э.М, С.Ж, М.Б, шинжээч Т.О-ийн мэдүүлэг, “...” ХХК-ны хохирлын шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нар нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Шүүгдэгч нарын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна гэж үзлээ.
Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
Шүүгдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар болон сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн…үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж , 3.3 дугаар зүйлийн 1-д “...Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан…хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ...” гэж, 2-т “...Гэмт хэргийн зохион байгуулагчийг тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн гүйцэтгэгчид тооцно...” гэж, 3.5 дугаар зүйлийн 1-д “...Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ...”, Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...” гэж тус тус гэмт хэрэгт хамтран оролцогчдыг оролцооны хэлбэрээр нь ангилдаг бөгөөд тэдэнд харилцан адилгүй, ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын оролцооны хэлбэрээр ангилахад шүүгдэгч Н.Э нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилж, хамтран оролцогч нарыг үүргийг хуваарилсан байх тул гэмт хэргийн зохион байгуулагчаар, шүүгдэгч Г.Ш нь ажил гүйцэтгүүлэх хүмүүсийг олж илрүүлэн, хамтран ажилласан тул гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд бусад шүүгдэгч нарын тухайд уг гэмт хэргийг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн холбогдох заалтыг журамлан гэмт хэрэг үйлдэхэд хамран оролцсон байдлаар нь ялгамжтай ял оногдуулах нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шыг 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Э, Б.Б, Б.М нарыг тус бүрийг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Хохирлын хувьд шүүдэгч Н.Э, Г.Ш, Б.Б, Ё.Э, Б.М нар нь байгаль орчинд нийт 1.900.000 төгрөгийн, техникийн нөхөн сэргээлтийн зардал 6.600.000 төгрөгийн, биологийн нөхөн сэргээлтийн зардал 500.000 төгрөгийн, нийт 9.000.000 төгрөгийн хохирол төлбөрийг шүүхийн шатанд төлж барагдуулсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна…”, 2 дахь хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” тус тус заасан.
Иймд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Мын эзэмшлийн ...улсын дугаартай FGY60003119 арлын дугаартай Nissan Safari маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, Н.Эийн эзэмшлийн ...улсын дугаартай, NCP600120243 арлын дугаартай, Toyota ist маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч тус бүрээс 3.300.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716.872.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулан улсын орлогод оруулахдаа шүүгдэгч нарын хамаарал бүхий этгээдийнхээ дансаар хийсэн гүйлгээ болон мөрдөгчийн дансанд хийсэн үзлэгийн тэмдэглэл болон хүснэгтэлсэн жагсаалт /7-р хх 234-237-рт/ зэргийг үндэслэл болгон хуваарилж шүүгдэгч Б.Моос 72.000.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Шаас 65.000.000 төгрөгийг, шүүгдэгч Ё.Эаас 61.900.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Бас 73.000.000 төгрөгийг, шүүгдэгч Н.Эөөс 382.972.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Наранбаатараас 62.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тавган дээрээ Minelab GM05, бариул дээрээ Gold monster 1000 гэсэн бичиглэлтэй, Sno:63596655161 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхэг, тавган дээрээ Minelab GPz14, бариул дээрээ GPz7000 гэсэн бичиглэлтэй, дэлгэц хэсгийг скочоор ороосон Sno:72851657860 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхэгийг тус тус улсын орлого болгох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ...улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Б.Б эзэмшлийн 67-77 ДГС улсын дугаартай, JTEBU11F470081600 арлын дугаартай, Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн ... тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, шүүгдэгч Ё.Эын өмчлөлийн ... гэх газар байх 10 тооны адууг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/05 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ... гэх газар байх 10 тооны тэмээ зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн ... арлын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/372 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Б.Н-ын өмчлөлийн .. дугаартай, ... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолыг гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод нөхөн төлөх хүртэл хугацаагаар хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/235 дугаартай тогтоолоор хязгаарлалт тогтоосон Х.Ра-дын Хаан банк дахь ... тоот дансны хязгаарлалтыг хүчингүй болгов.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С овогт Н-ын Э, Б овогт Б.Б, Б овогт Ё.Э, Х овогт Б.М, Б овогт Г.Ш нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Эийг 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шыг 8.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8.000.000 /найман сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Ё.Э, Б.М нарыг тус бүрийг 6.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.0000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М, Г.Ш нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 497.1, 497.3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Б.Мын эзэмшлийн ...улсын дугаартай ... арлын дугаартай Ниссан Сафари маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.000.000 төгрөг, Н.Эийн эзэмшлийн ...улсын дугаартай, ..... арлын дугаартай, Toyota ist маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4.500.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг тэнцүү хувааж шүүгдэгч тус бүрээс 3.300.000 төгрөгийг, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 716.872.000 төгрөгийг шүүгдэгч нарын хамаарал бүхий этгээдийнхээ дансаар хийсэн гүйлгээг харгалзан хувааж шүүгдэгч Б.Моос 72.000.000 төгрөг, шүүгдэгч Г.Шаас 65.000.000 төгрөг, шүүгдэгч Ё.Эаас 61.900.000 төгрөг, шүүгдэгч Б.Бас 73.000.000 төгрөг, шүүгдэгч Н.Эөөс 382.972.000 төгрөгийг, иргэний хариуцагч Б.Н-аас 62.000.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлого болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Minelab GM05, бариул дээрээ Gold monster 1000 гэсэн бичиглэлтэй, Sno:63596655161 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхэг, тавган дээрээ Minelab GPz14, бариул дээрээ GPz7000 гэсэн бичиглэлтэй, дэлгэц хэсгийг скочоор ороосон Sno:72851657860 серийн дугаартай алт хайгч багаж 1 ширхгийг тус тус улсын орлого болгож, шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ...улсын дугаартай Киа Бонго маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 5/01 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Б эзэмшлийн 67-77 ДГС улсын дугаартай, ... арлын дугаартай, Toyota FJ Cruiser маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/04 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн ... тоот орон сууцыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, шүүгдэгч Ё.Эын өмчлөлийн ... гэх газар байх 10 тооны адууг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/05 дугаартай тогтоол, шүүгдэгч Б.Мын өмчлөлийн ... гэх газар байх 10 тооны тэмээ зэргийн эд хөрөнгийг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5/06 дугаартай тогтоол, шүүгдэгч Г.Шын өмчлөлийн ... арлын дугаартай, Beiben North Benz маркийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 5/372 дугаартай тогтоол, иргэний хариуцагч Б.Н-ын өмчлөлийн ... дугаартай, ... тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг битүүмжилсэн Дорноговь аймгийн Прокурорын газрын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 5/03 дугаартай тогтоолыг тус тус гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг улсын орлогод нөхөн төлж дуусгах хүртэл хугацаагаар хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Прокурорын газрын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 5/235 дугаартай тогтоолоор хязгаарлалт тогтоосон Х.Р-ын Хаан банк дахь ... тоот дансны хязгаарлалтыг хүчингүй болгосугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б, Н.Э, Ё.Э, Б.М, Г.Ш нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА