| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-07-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.П |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,
Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-,
Шүүгдэгч К.А- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт К-ы А-т холбогдох эрүүгийн 2413000000207 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19........ оны ........ дүгээр сарын .........-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ......... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ....... дугаар багийн ...... дүгээр гудамжны ............ тоотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 1/9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 110 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, Баян-Өлгий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 5/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1992 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний 450,000 төгрөгөөр торгох ялаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/129 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт К-ы А-, регистрийн дугаар БЮ.................;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар /Толбо нуур/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ........ БӨН улсын дугаартай "УАЗ-31512-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргаСан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7 а..." дахь заалтыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд хохирогч W-L, W-Y нар болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Улсын яллагч М.П- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирлын талаар хохирогч нар ямар нэгэн санал, гомдол гаргаагүй. Хохирогч М.Х-ад учирсан 4,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. М.Х-ад 1,000,000 төгрөг төлж өгөхөө илэрхийлсэн байна. Хохирогч W-L, W-Y нар хохирол нэхэмжлээгүй ба хохирогч нар хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй.” гэв.
2. Шүүгдэгч К.А- мэдүүлэхдээ: “Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Сахрын өвчтэй тул хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна.” гэв.
Эрүүгийн 2413000000207 дугаартай хэргээс, улсын яллагч болон хэргийн оролцогч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
3. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
4. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал (хавтаст хэргийн 03-06 дахь тал),
5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-18 дахь тал),
6. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал),
7. Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас гаргаж авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
8. Хохирогч W-L-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
9. Хохирогч W-Y-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
10. Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 184 дэх тал),
11. Гэрч Т.Н-ы мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
12. Гэрч Г.Б-ы /G-B/ мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
13. Гэрч Г.Б-ы /G-B/ дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дахь тал),
14. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
15. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 215 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 62-68 дахь тал),
16. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
17. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 216 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 75-81 дэх тал),
18. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),
19. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн 215 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 88-109 дэх тал),
20. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай шүүх химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 118-119 дэх тал),
21.Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хэрэгслийн инженер Е.Ж-ы 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал),
22. Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0155 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 129-134 дэх тал),
23. Хохирогч W-L, W-Y болон гэрч /G-B/ нараас гаргасан баталгаа болон түүнийг Монгол хэл дээр орчуулсан баримтууд (хавтаст хэргийн 141-145 дахь тал),
24. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Е.А-ын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал),
25. Яллагдагч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
26. Шүүгдэгч К.А-ээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.А-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
27. Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар /Толбо нуур/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ........ БӨН улсын дугаартай "УАЗ-31512-31514" загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргаСан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн "3.7 а..." дахь заалтыг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд хохирогч W-L, W-Y нар болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
28. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
29. Зам тээврийн осол дээр тогтоосон акт, холбогдогч жолоочийн биеийн байцаалт, хэрэг гарсан газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, осол гарсан замын байдал (хавтаст хэргийн 03-06 дахь тал),
30. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 07-18 дахь тал),
31. Хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 20 дахь тал),
32. Цагдаагийн ерөнхий газрын цахим сангаас гаргаж авсан жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 25-26 дахь тал),
33. Хохирогч W-L-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Толбо сум руу аялж зураг авхуулахаар өглөө 10 цагийн үед гарсан. Тухайн үед танил болох К.А-ийн машинаар төрсөн эгч, эхнэр, К.А-ийн найз гэх нэг залуугийн хамт явсан. Толбо нуурын эрэг очиж зураг авхуулж, байгалийн сайхныг сонирхож байгаад Толбо сумын төв орсон. Толбо сумын төвд К.А-ийн таньдаг хүн байсан бөгөөд тэр айлаас хоол идээд орой 19 цагийн орчим болж байсан байх Толбоос буцахдаа би тээврийн хэрэгслийн хойно жолоочийн суудлын хойд талд суусан. Толбо сумаас гараад явж байхад машин гэнэт замаас гарсан бөгөөд жолооч хүрдээ эргүүлэх гэж оролдсон боловч жолооны хүрд нь эргэхгүй байсан. Тэгээд замаас гарч яваад онхолдсон. Надад гомдол, санал байхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
34. Хохирогч W-Y-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 16-ны өглөө дүү W-L болон түүний эхнэр, тэдгээрийн найз гэх 2 эрэгтэй хүний хамт Толбо нуур луу явсан юм. Толбод очиж зураг татуулж, нуур үзээд Толбо сумын төвд очиж нэг айлаас хоол идэж байгаад орой 20 цагийн үед буцсан юм. Буцаж ирэх замдаа дүү, бэр бид гурав тээврийн хэрэгслийн хойд талын суудалд суусан бөгөөд хоорондоо ярилцаж явж байсан. Харин урд талд нь манай дүү нарын найз гэх анх боомтоос хүлээж авсан залуу жолоо барьж, урд талын суудалд жолооч залуугийн найз нь гэх эрэгтэй сууж явсан. Толбо сумаас гараад нэлээн явсны дараа машин гэнэт замаас гарсан бөгөөд тэрнээс хойш юу болсныг санахгүй байна. Миний одоо нуруу хэсэг өвдөж байна. Эмч нар нурууны нугалмын хугаралттай гэж байна, цээж хэвлий хэсгээр өвдөж байна. Надад гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46-47 дахь тал),
35. Хохирогч М.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн өдөр буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өглөө 09 цаг өнгөрч байхад найз К.А- манай гэрт ирээд Хятад 3 найз ирсэн юм, тэднийг Толбо нууранд хүргэж зураг аваад газар үзүүлмээр байна хамт яваад ирэх үү гэхээр нь тэгье гээд 10 цаг өнгөрч байхад түүний ........ БӨН улсын дугаартай Уаз-31512 загварын тээврийн хэрэгслээр Толбо нуур луу очсон. Тэнд очоод тэр хүмүүс нь зураг авхуулж хэсэг амарч байгаад орой 19 цагийн үед аймаг руу буцаж явах үед би жолоочийн урд суудалд суусан, нөгөө хүмүүс нь хойно суугаад явж байхдаа машин туслах талын зам руу гарч тэгээд онхолдож хэд хэдэн удаа өнхөрсөн, яг хэдэн удаа гэдгийг мэдэхгүй, ухаан алдсан ба нэг сэрэхэд түргэний машин болон цагдаагийн машин ирчихсэн байсан ба биднийг эмнэлэг рүү авч явсан юм. Надад хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, миний эмчилгээний зардалд тэрээр 4,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн одоо надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, уг осол нь санамсаргүй байдлаас болсон тул найзыгаа уучилсан болно...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 184 дэх тал),
36. Гэрч Т.Н-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...түргэн тусламжийн машинаар Толбо сумаас гарч сумын төвөөс 30 км орчим газар яваад ирэх үед засмал замын хажууд УАЗ-469 загварын тээврийн хэрэгсэл замаас гарч онхолдсон байдалтай байсан ба тухайн тээврийн хэрэгслийн хажууд газарт 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн маш хүнд гэмтсэн байдалтай хэвтэж байсан, ...тэгээд намайг очих үед нэг эрэгтэй хүний баруун гарын бугалга хэсэгт зүсэгдсэн, цус алдсан байдалтай байсан бөгөөд тухайн хүнийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч гэх К.А- нь түүний гарт цусыг нь тогтоох зорилгоор ороож уясан байдалтай байсан бөгөөд тухайн гар нь гэмтсэн гэх хүний шархыг нь цэвэрлэж боолт хийсэн ба тухайн газарт хүнд гэмтсэн гэх 3 иргэнд тайвшруулах тариа хийж, аймгийн төвөөс түргэн тусламж ирэх үед бид нар хоёр машинд хувааж суулгаад аймгийн төвд яаралтай тусламжийн тасагт авч ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
37. Гэрч Г.Б-ы /G-B/ мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн өглөө 10 цагийн үед К.А- ах бид гурвыг Толбо нуурыг үзүүлж, аялуулна гэж хэлээд бид хэд К.А- ахын машинтай гарсан. Бид нартай цуг К.А- ахын найз нь гэх нэг эрэгтэй хүн цуг явсан, би тэр хүний нэрийг нь мэдэхгүй, танихгүй хүн байсан. К.А- ах өөрийнхөө машинаа унаад бид гурав болон өөрийнхөө найзтай цуг нийт тавуулаа Толбо нуур чиглэлд өглөөний 10 цагийн үед гарсан бөгөөд өдрийн цагаар Толбо нуурын эргээр аялж, бид гурав байгалийн сайхныг сонирхож, зураг татуулж зугаалсан. Замдаа Толбо нуурын эрэг дээрх амралтын газраар орж гараад Толбо сумын төвд очсон. Тухайн суманд очиж А- ахын таньдаг нэг айлаар орж, хоол унд идэж, орой 20 цаг өнгөрч байхад наашаа аймгийн төв рүү гарсан. Наашаа гарахдаа А- ах өөрийнхөө машинаа жолоодож гарсан бөгөөд тэр хүний баруун талд урд суудалд найз нь сууж явсан, харин хойд суудалд миний нөхөр, хадам эгч бид гурав суусан. Би хойд суудлын дунд нь суусан, нөхөр зүүн талд, хадам эгч баруун талд сууж явсан. Бид хэд сумын төвөөс наашаа гараад засмал замаар явж удаагүй байтал гэнэт А- хоёр гараараа жолооны хүрдийг барьж “энэ жолооны хүрд юу болчихов” гэж хэлээд сандарсан байдалтай хэлэх үед бид нар ч гэсэн айж, сандарсан. Би тухайн үед бүр айгаад урагшаа харахгүйгээр нүдээ аниад хэсэг хугацааны дараа урагшаа хартал машин засмал замын баруун талд байсан шонг мөргөөд замаас гарч онхолдсон, ...ослын дараа бид нар машинаас арай гэж гадагшаа гарсан бөгөөд тухайн үед машин баруун талаараа хажуулдсан байдалтай байсан... тээврийн хэрэгсэл хэр хурдтай явж байсан эсэхийг би анзаарч хараагүй, миний бодлоор дунд зэргийн хурдтай явж байх шиг байсан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),
38. Гэрч Г.Б-ы /G-B/ мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...миний бие тус зам тээврийн ослоор биедээ ил, далд бэртэл гэмтэл аваагүй бөгөөд биеийн байдал маш сайн байгаа. Харин манай нөхөр, хадам эгч W-L, W-Y нар нь БНХАУ-ын Алтай аймагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бөгөөд биеийн байдал сайн болсон, эмч нарын хэлснээр амь насанд аюулгүй, хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж хэлсэн тул одоо гэрийн нөхцөлд эмчлүүлж байгаа юм. Бид нар Монгол улсын иргэн А-тэй найз нөхдийн холбоотой, мөн ажил үүргийн түншүүд болохоор нэг нэгэндээ гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн үед Монгол улсаас БНХАУ руу эмнэлгийн машинаар зөөвөрлөсөн зардал мөнгийг бүгдийг нь А, түүний эхнэр Р- нар гаргасан. Мөн сүүлд Алтай аймагт эмчлүүлж байх үеэр төлбөр мөнгө явуулсан болохоор тухайн осолтой холбоотой ямар нэгэн гомдол, санал, маргах зүйл байхгүй. ...бид Алтай хотод амьдардаг болохоор Монгол улс руу ойрын хугацаанд яваад байж чадахгүй, уг хэрэгт гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй болохоор цаашид шүүх хуралд оролцож чадахгүй, хавтаст хэргийн материалтай танилцахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 140 дахь тал),
39. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай “... БНХАУ-ын иргэн W-L-гийн биед нурууны 12 дугаар нугаламын хугарал, зүүн 6 дугаар хавирганы хугарал, зүүн өвдөгөнд зулгаралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал),
40. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 215 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 62-68 дахь тал),
41. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай "... БНХАУ-ын иргэн W-Y-гийн биед нурууны 4 дүгээр нугаламын хугарал, зүүн шуу, баруун бугалганд цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал),
42. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн 216 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 75-81 дэх тал),
43. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай "...иргэн М.Х-ын биед пневмоторакс, баруун 2, 8 дугаар хавирганы хугарал, баруун бугалга, шуу хэсгээр оёдолтой шархтай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээний үр дүн болон эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтлүүд нь шүүх анагаах ухааны гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-ийн 3.1.6-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал),
44. Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн 215 дугаартай өвчний түүхийн баталгаажуулсан хуулбар (хавтаст хэргийн 88-109 дэх тал),
45. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай “...иргэн К.А-ийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Иргэн К.А-ийн биеэс авсан гэх цусанд 0,9% промиль спирт илрэв. Иргэн К.А- нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх шүүх химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 118-119 дэх тал),
46.Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн автотээврийн хэрэгслийн инженер Е.Ж-ы 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 09 дугаартай “... УАЗ-31514 маркийн ......БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл 40580892 арлын дугаартай, 2004 онд үйлдвэрлэсэн, Монголд 2004 онд орж ирсэн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 12 дугаар багийн иргэн К.А-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байна. Уг тээврийн хэрэгсэл зам тээврийн осолд орсны улмаас тээврийн хэрэгсэлд их хэмжээний эвдрэл гэмтэл үүсэж тээврийн хэрэгслийг дахин ашиглах боломжгүй болсон байна. Шинжилгээнд хүргүүлсэн УАЗ-31514 маркийн ......БӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл нь тухайн тээврийн хэрэгсэл онхолдсоны улмаас үүссэн байна. УАЗ-31514 маркийн ......5ӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн эвдрэл нь тухайн ослын үед үүссэн байна. УАЗ-31514 маркийн ......БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бус байдал нь осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй. УАЗ-31514 маркийн ......БӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тормос, гар тормос жолооны механизм, гэрэлтүүлэх хэрэгслүүдийг шалгах боломжгүй бүрэн эвдрэлтэй байна. Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал байхгүй болно...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 124-125 дахь тал),
47. Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн БӨА-24-0155 дугаартай “2024 оны 5 дугаар сарын байдлаар тогтоолд дурдагдсан 2004 онд ОХУ-д үйлдвэрлэгдсэн, 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Монгол улсад импортлогдсон, УАЗ-31512 загварын 40580892 арлын дугаартай, цагаан саарал өнгийн тээврийн хэрэгсэл 9,000,000 /есөн сая/ төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 129-134 дэх тал),
48. Хохирогч W-L, WANG YOMGXIA болон гэрч /G-B/ нараас гаргасан баталгаа болон түүнийг Монгол хэл дээр орчуулсан баримтууд (хавтаст хэргийн 141-145 дахь тал),
49. Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Е.Аманжолын 2024 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн “...Жолооч К.А- нь ВСD ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй ба түүний жолоодож явсан ......БӨН улсын дугаартай Уаз-31512-31514 загварын тээврийн хэрэгсэл нь К.А-ийн эзэмшлийн, техникийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр үзлэгт хамрагдсан байв. Жолооч К.А- нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 3.7/а-... тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох...-ыг хориглоно...” гэх заалтыг зөрчсөн байна. Жолооч К.А-ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний 3.7/а дахь заалтыг зөрчсөн үйлдэл нь зам тээврийн осол гарах гол шалтгаан болсон байна...” гэх мөрдөгчийн магадлагаа (хавтаст хэргийн 146 дахь тал),
50. Яллагдагч К.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрөө хувиараа малын ченж хийдэг юм. Мөн Хятад улс руу байнга хэрэгцээний бараагаа авахаар явж байхдаа танилцсан W-L түүний эхнэр G-B, түүний төрсөн эгч W-Y нар нь 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсад ирсэн бөгөөд би өөрөө Ховд аймгийн Булган сумын хилийн боомтоос тосож авсан. Тэд нар амарч зугаалах зорилготой ирсэн юм. Тэгээд манай гэрт 2 хоносон бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Толбо нуурыг очиж үзүүлье гэж бодоод өглөө эрт найз М.Х-ын гэрт өглөө 09 цагт очиж түүнийг дагуулж яваад Толбо нууранд очиж амраагаад зураг авхуулаад орой 19 цагийн үед аймаг руу буцаад явж байх замд нар жаргаагүй өөдөөс гялбаад зам сайн харагдахгүй байсан ба шулуун зам дээр замаас хазайгаад гарч онхолдсон. Тэгээд эхлээд би машинаас гарсан тэгээд арын суудлаас с G-B, W-L хоёрыг эхэлж гаргаж авсан. Тэгээд дараа нь урд суудалд сууж байсан Хайратыг татаж гаргасан бөгөөд W-Y өөрөө машинаас гарчихсан байсан. Тухайн үед М.Х- шоконд орчихсон ухаан санаа нь сайнгүй байсан. Тэгээд тэр хавьд явж байсан хүмүүс дуудлага өгсөн юм шиг байсан ба цагдаа ирсэн. Дараа нь эмнэлгийн машин ирээд аймаг руу хүмүүсийг авч явсан. Би М.Х-ын эмчилгээний зардалд 4,000,000 төгрөг өгсөн. Харин бусад Хятад найзууд маань надаас ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй гэсэн бөгөөд намайг уучилсан, гомдолгүй гэсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 170 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
51. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
52. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилжээ.
53. Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, түүний хэр хэмжээг харгалзан үндсэн болон хүндрүүлэх шинжид ангилдаг.
54. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “захиргааны хэм хэмжээний акт” нь Замын хөдөлгөөний дүрэм мөн болох нь дараах байдлаар нотлогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1. “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр дагаж мөрдөх замын хөдөлгөөний нэгдсэн журмыг Замын хөдөлгөөний дүрмээр тогтооно”, 4.2. “Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална” гэж заасан байна. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай “Дүрэм шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм”-ийг хуульд нийцүүлэн шинэчлэн баталсан байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь бүх нийтээр дагаж мөрдөх захиргааны хэм хэмжээний акт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн халдлагын зүйл болох бөгөөд шүүгдэгч К.А- нь автотээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг чанд баримтлах үүрэгтэй.
55. Шүүгдэгч К.А- нь 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Баян-Өлгий аймгийн Толбо сумын 2 дугаар /Толбо нуур/ багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ ........ БӨН улсын дугаартай “УАЗ-31512-31514” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7/а –д “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэж заасныг зөрчсөний улмаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд хохирогч W-L, W-Y нар болон хохирогч М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан байна.
56. Шүүгдэгч К.А- зам тээврийн осол гаргахдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаартай “...иргэн К.А-ийн биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. Иргэн К.А-ийн биеэс авсан гэх цусанд 0,9% промиль спирт илрэв. Иргэн К.А- нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ...” гэх шүүх химийн шинжилгээний шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 118-119 дэх тал)-ээр тогтоогдож байна.
57. Шүүгдэгч К.А- нь тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн үйлдэлдээ санаатай, идэвхтэй үйлдлээр хандсан байх бөгөөд харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч W-L, W-Y, М.Х- нарын эрүүл мэндэд учирсан хүнд хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
58. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч W-L, W-Y, М.Х- нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 385 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 59-60 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 387 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 73-74 дэх тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 388 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 86-87 дахь тал)-үүдээр тогтоогдсон.
59. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн обьектив, субьектив шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос шүүгдэгч К.А-т холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирчээ.
60. Иймд гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүхээс шүүгдэгч К.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
61. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
62. Шүүгдэгч К.А- нь хохирогч М.Х-ад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 4000.000 төгрөг төлж өгсөн ба үлдэгдэл хохирол гэж 1.000.000 төгрөгийг төлж өгөхөөр болж хоорондоо тохиролцсон байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ээс 1.000.000 төгрөг гаргуулан хохирогч М.Х-ад олгох нь зүйтэй.
63. Харин хохирогч W-L, Wang Yongxiа нар нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгч К.А-ийг хохирогч W-L, Wang Yongxiа нарт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
64. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч К.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,
65. Шүүгдэгч К.А-ээс “...хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэх тайлбарыг гаргасан болно.
66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.А- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
67. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
68. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хохирлыг төлөхөө илэрхийлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
69. Шүүгдэгч К.А- нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 172-180 дахь тал/
70. Шүүгдэгч К.А-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон яллагдагчийн хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлахаар шийдвэрлэлээ.
71. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан тул түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан 3 /гурав/ жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэв.
72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тоолохоор тогтоов.
73. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-т оногдуулсан 1 /нэг/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэв.
74. Шүүгдэгч К.А-ийн хувийн байдал, насны байдал, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан прокуророос санал болгосон 2 жилийн хорих ялыг оногдуулахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгох хэрэглэж ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
75. Шүүгдэгч К.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
76. Шүүгдэгч К.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт К-ы А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-д зааснаар шүүгдэгч К.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-т оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч К.А- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.А-ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулан хохирогч М.Х-ад олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч К.А-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК