Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/161

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.П-,

      шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-,

      шүүгдэгч К.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.П-гаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шеруши төлек овогт Каримханы Салдатханд холбогдох эрүүгийн 2413000000218 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

     

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол Улсын иргэн, 19.... оны ..... дугаар сарын ......-ны өдөр, Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ш.т овогт К-ы С-, регистрийн дугаар Б3......................;

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч К.С- нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Ц-Ө” ХХК-ны рестораны арын хаалгаар нь хууль бусаар нэвтэрч, аяга, таваг угаадаг өрөөний ширээн дээр байсан хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн улаан өнгийн гэртэй, 128 GВ багтаамжтай, “Самсунг галакси-14” загварын гар утсаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Ц-д 405,000 /дөрвөн зуун таван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хохирогчид гар утсыг нь буцааж өгсөн ба хохирогчийн зүгээс хохирол, хор уршгийн талаар ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй.” гэв. 

2. Шүүгдэгчээс мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Утсыг нь хохирогчид буцааж өгсөн. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна” гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Гэм буруугийн ямар нэгэн маргаангүй. Зүйлчлэлийн хувьд маргаантай. Олон нийтийн үйлчилгээний газар арын хаалгаар онгорхой байх үед орж ирсэн гэх мэдүүлгийг хохирогч өгсөн. Шүүгдэгч нь ганц бие. Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэг биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл нь таарч байгаа тул тус зүйлчлэлээр гэм буруутайд тооцож өгөхийг хүсэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000218 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

5. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

6. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

7. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

8. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл,, прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

9. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

10. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,

11. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-24-0163 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

12. Яллагдагч К.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэргийг,  

13. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-ээс: “Хохирогчийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

14. Шүүгдэгч К.С-аас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас нотлох баримт шинжлэн судлуулаагүй.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

15. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч К.С-д холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч К.С- нь 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 30 минутын орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/багийн нутаг дэвсгэрт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох “Ц-Ө” ХХК-ны рестораны арын хаалгаар нь хууль бусаар нэвтэрч, аяга, таваг угаадаг өрөөний ширээн дээр байсан хохирогч Б.Ц-гийн эзэмшлийн улаан өнгийн гэртэй, 128 GВ багтаамжтай, “Самсунг галакси-14” загварын гар утсаа хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, хохирогч Б.Ц-д 405,000 /дөрвөн зуун таван мянган/ төгрөгийн хохирол учруулан хулгайлсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/,

18. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09 дэх тал/,

19. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-13 дахь тал/,

20. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 14 дэх тал/,

21. Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл,, прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

22. Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 18 дугаар хуудас/,

23. Хохирогч Б.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...өчигдөр буюу 2024 оны 6 дугаар сарын 07-ны орой 22 цаг 30 минутын орчимд ажил дээрээ байж байгаад аяга, тавгаа угааж цэвэрлэчихээд гал тогооны өрөөнөөсөө гараад ресторан луу орсон. Ингэхдээ өөрийн эзэмшлийн “Самсунг галакси А-14” загварын гар утсаа гал тогооны ширээн дээр үлдээгээд гарсан. Ингээд буцаад гал тогооны өрөөнд орж ирээд гар утсаа авах гэтэл миний гар утас байхгүй байсан. Ингээд ойр орчимд хайгаад олдохгүй болохоор нь цаг оройтсон болохоор нь маргааш цагдаад мэдэгдье гэж бодоод өнөөдөр цагдаад мэдэгдэж байна. Манай гал тогооны арын хаалга онгорхой байсан ба арын өрөөгөөр хүн орж ирээд авчихсан гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 05 дахь тал/,

24. “Ашид билгүүн” ХХК-ны хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн БӨА-24-0163 дугаартай “2024 оны 6 дугаар сарын байдлаар мөрдөгчийн тогтоолд 2023 оны 11 дүгээр сард худалдаж авсан гэх 128gb багтаамжтай Самсунг галакси А-14 загварын гар утас болон гар утасны гэр нийтдээ 450.000 /дөрвөн зуун таван мянган/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-28 дахь тал/,

25. Яллагдагч К.С-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 6 дугаар сарын 07-ны шөнө 22 цаг өнгөрч байхад Цамбагарав рестораны хойд хаалгаар орсон. Тэгээд гал тогооны өрөөнд аяга таваг угаах хэсэг дээр нэг гар утас байхаар нь тэрийг аваад бага зэрэг ус уучихаад буцаад гараад явсан юм. Маргааш нь цагдаа намайг гудамжинд явж байхад олж тогтоож гар утсыг надаас хурааж авсан юм. Би уг гар утсыг өөртөө хэрэглэхээр хулгайлан авч явсан тухайн үед хэн ч байгаагүй учраас намайг гэдгийг мэдэхгүй байх гэж бодсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт.

26. Шүүгдэгч К.С- нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэж, бусдад мэдэгдэлгүй үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нууцаар орсон, хэн нэгэн хүнд хүч хэрэглээгүй, хулгайлагдсан өмчийн эзэд нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй, бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх аргаар бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн дээрх баримтуудаар нотлогдож байна.

27. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд зүйлийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр өөрийн эзэмшилдээ авч, захиран зарцуулах боломжтой болсноор уг хэрэг үйлдэгдэж дууссанд тооцдог.

28. Шүүгдэгч нь хууль бусаар олсон эд зүйлсийг өөрийн дураар захиран зарцуулж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байх тул дээрх хууль бус  үйлдэл нь төгссөн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

29. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан ч энэ гэмт хэргийг хүсэж, шунахайн сэдэлтээр, санаатай үйлдсэнээр хохирогч Б.Ц-д хохирол учирсан байна гэж үзлээ.

30. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс “Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэл нь таарч байгаа тул тус зүйлчлэлээр гэм буруутайд тооцож өгнө үү” гэж маргах боловч шүүгдэгч нь “Ц-Ө” ХХК-ийн рестораны арын хаалгаар хууль бусаар, нууцаар нэвтрэн орж “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан бичгийн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг байр нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хамаарах ба зөвхөн ажилчид нь ордог хашааны арын хаалгаар орж, түүгээр дамжин гал тогооны өрөөнд орж хулгай хийсэн нөхцөл байдал тогтоогдсон тул өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

31. Шүүгдэгч К.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

32. Мөн Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэмт хэргийн тайлбараас үзвэл орон байранд орж, машин механизм ашиглаж үйлдсэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирлын хэмжээ хэд байхаас үл хамаарч хүндрүүлэх нөхцөл байдалтай хулгай хийсэн гэж үзнэ.

33. Иймд шүүгдэгч К.С-ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул  дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.  

34. Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар, ёс суртахууны хүмүүжил дутмаг байдал, дохиолол байхгүй зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

35. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

36. Шүүгдэгч К.С-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Ц-д 405.000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч К.С- нь дээрх гар утсыг биет байдлаар төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзнэ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

37. Эрүүгийн хариуцлагын шүүх  хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг,

38. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т-эс: “Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хангасан. Хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс оногдуулсан 2 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар багасгаж, 1 жилийн хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

39. Шүүгдэгч К.С- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

40. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч К.С-ы үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

41. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ” хэмээн хуульчилсан бөгөөд шүүгдэгч К.С-ы үйлдсэн гэмт хэрэг нь хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

43. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч К.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу ял хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, харин хүндрүүлэх нөхцөл байдалгүй болохыг харгалзан үзлээ.

44. Шүүгдэгч К.С- нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

45. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

46. Шүүгдэгч К.С-ы үйлдсэн гэмт хэргийн шинж, сэдэлт, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон хувийн байдлыг харгалзан үзэж, прокурор, өмгөөлөгч нарын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэв.

42. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч К.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

43. Шүүгдэгч К.С- нь баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг дурдаж байна.

45. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш.т овогт К-ы С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч К.С-ыг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.С-д оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч К.С- нь баривчлагдаж цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт тусгаарласан болон нэгтгэсэн хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч К.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг нь өнөөдрөөс эхлэн тоолсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      А.ДАУРЕНБЕК