Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/163

 

 Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч А.С-,

шүүгдэгч А.Ж- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт А-ийн Ж-т холбогдох эрүүгийн 2413000000223 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 16 цаг 37 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, хүүхэд асрах чөлөөтэй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт А-ийн Ж, регистрийн дугаартай: БЮ............,  

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ж- нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн урд замд ..... УНБ улсын дугаартай “Тоёта Камри” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Е.А-ийн биед зүүн тохой ясны залаа хэсэгт хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн хувьд гэм буруу дээрээ маргадаггүй, баримтаар учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хэрэв хор уршгаа нэхэмжилсэн тохиолдолд төлөхөө илэрхийлсэн нөхцөл байдлууд тогтоогдсон. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, түүнийг хохирогчийн баримтаар нэхэмжилсэн хохирол болох хохирлыг бүрэн төлж барагдуулсан бөгөөд бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна” гэв.

2. Шүүгдэгч А.Ж- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Миний бие үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг гэх 11.876.700 төгрөгийг төлж барагдуулна” гэв.

3. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Хэлэх зүйл байхгүй. Сэтгэл санааны хохиролд 11.876.700  төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

4. Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч А.С- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Материаллаг хохирол төлөгдсөн байгаа тул тэр талаар ямар нэгэн гомдол санал байхгүй. Харин сэтгэл санааны хохирлыг гаргуулж өгөхийг хүсэж байгаа. Хууль зүйн сайдын 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн тушаалаар батлагдсан хүснэгтээс үзвэл хавтаст хэргийн 20, 21 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үзэхэд хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан байна. Хүндэвтэр гэмтэл нь уг хүснэгтээр сэтгэцэд учирсан эмгэгийн зэрэглэлийн 3 дугаар зэрэглэлд хамрагдаж байгаа юм байна. Улсын Дээд шүүхийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан уг хүснэгтийн 3 дугаар зэрэглэл гэдэг хэсгээс үзвэл хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг хооронд гаргуулах, уг хэмжээг шүүх тогтоохоор заасан байна. Тиймээс шүүхийн тогтоосон хэмжээгээр сэтгэл санааны хохирлыг гаргуулах нь зүйтэй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000223 дугаартай эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

5. Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-13 дахь тал),

6. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

7. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар 37 дахь тал),

9. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Е.А-ын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан магадлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),

10. Яллагдагч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

11. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэргийг,

12. Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгч А.С-аас: Хавтаст хэргийн 20,21 дүгээр талд авагдсан шинжээчийн дүгнэлт, 44, 46, 49 дүгээр талд авагдсан яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн үзлэгийн хуудас, үйлчлүүлэгчийн эмнэлэгт хэвтүүлэн эмчлүүлэх тухай баримтуудыг шинжлэн судлуулав.

13. Харин шүүгдэгч А.Ж-, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е- нараас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

14 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

15. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Ж-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

Хэргийн үйл баримт:

16. Шүүгдэгч А.Ж- нь 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 17 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар /Ховд гол/ багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн урд замд ..... УНБ улсын дугаартай “Тоёта Камри” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх, мөн дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Е.А-гийн биед зүүн тохой ясны залаа хэсэгт хугарал гэмтэл бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

17. Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 09-13 дахь тал),

18. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х-ын гаргасан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 364 дугаартай “...насанд хүрээгүй Е.А-гийн биед зүүн тохой ясны залаа хэсэгт хугаралтай, зүүн тохойгоор зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1- т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

19. Насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг өнгөрч байх үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт буюу аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хажууд байх гар утасны дэлгүүр орж, өөрийнхөө гар утсанд гэр аваад буцаад Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын урд талын гэрлэн дохиогүй /зохицуулдаггүй/ гарцаар төв талбай тал руу гарч замын хөдөлгөөнд оролцож байхад ертөнцийн зүгээр зүүн талаас буюу Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургууль талаас цагаан өнгийн ..... УНБ улсын дугаартай Тоёта Камри загварын тээврийн хэрэгсэл ирж урд хэсгээрээ ирж миний баруун талаас мөргөсөн ба би тээврийн хэрэгсэлд мөргүүлж шидэгдэж газар унахдаа зүүн талын тохойгоороо тулж унасан. Уг тээврийн хэрэгсэл намайг мөргөөд зогссон. Тээврийн хэрэгсэлд дайруулсны дараа миний зүүн талын гар маш ихээр өвдөлт мэдрэгдсэн. Улмаар тээврийн хэрэгслийн жолооч машинаасаа буугаад хаалгаа онгойлгож хараад зогсож байсан. Тэгээд би өөрөө хүчээр босож жолоочийн хажууд очиход эмэгтэй хүн байсан. Надад “эмнэлэгт үзүүлэх үү” гэхээр нь би “үгүй, би аавыгаа дуудна” гэж хэлээд өөрийнхөө утсаараа аавыг дуудсан. Тэгээд аав маань ирж түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн. Түргэний эмч нар ирж намайг авч эмнэлэг дээр очиж үзүүлэхэд миний зүүн талын гар тохойны дээд хэсгээр хугарсан байна. Улмаар эмч нар миний хугарсан гаранд гипс хийж өгөөд гэр лүү явуулсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал),

20. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... миний хүү Е.А- нь зам тээврийн осолд өртөж гэмтсэний улмаас зүүн талын гараа хугалсан, мөн машинд дайруулсны улмаас бөөр нь өвдсөн. Хугарсан гарт нь зам тээврийн осол болсон өдрөөс эхэлж гипс хийлгүүлж 7 хоногийн хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирж хугарсан гарын ил шарх учирсан хэсэгт боолт, эмчилгээ хийлгэсэн. Ингэхдээ 8000 төгрөгийн үнэтэй шархны тос 1 ширхэг, 5000 төгрөгийн үнэтэй шархны тос 1 ширхэг, маарал нэг ширхэг 5000 төгрөгөөр 9 ширхэг, гипс нэг ширхгийг 14,000 төгрөгөөр 2 ширхэг тус тус худалдаж авсан. Манайх Бугат сумын 5 дугаар багт амьдардаг бөгөөд гэрээсээ аймгийн Нэгдсэн эмнэлэгт очихын тулд нэг талдаа 4 орчим км зайтай байдаг, ирж буцахдаа 8 орчим км замыг туулдаг. Би хүүхдээ нэгдсэн эмнэлэгт 7 хоногийн хугацаанд ирж үзүүлэхдээ эхнэр А.З-ийн эзэмшлийн ....... БӨҮ улсын дугаартай Хонда Фит загварын тээврийн хэрэгслээр явсан. Тээврийн хэрэгсэл маань АИ-92 төрлийн шатахуун 100км-т 10 л шатахуун зарцуулдаг. Мөн тээврийн хэрэгсэлд мөргүүлж хүүгийн маань бөөр өвдөж болохгүй байхаар нь 2024 оны 5 сарын сүүлээр Бугат сумын эрүүл мэндийн төвд 7 хоногийн хугацаанд хэвтэн эмчилгээ хийлгүүлсэн. Надад дээр дурдагдсан хохиролтой холбоотой гаргаж өгөх бүх баримтууд байгаа. Би баримтуудаа өмгөөлөгчөөрөө дамжуулж гаргаж өгнө” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн дугаар 37 дахь тал),

21. Мөрдөгч, цагдаагийн дэслэгч цолтой Е.А-ын 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн гаргасан “... Жолооч А.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт буюу “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг зөрчсөн байна. Мөн дүрмийн 12.3-р заалт буюу “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Явган зорчигч Е.А- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна. Жолооч А.Ж- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалтыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осол гарсан гол шалтгаан болсон ...” гэх магадлагаа (хавтаст хэргийн 40 дэх тал),

22. Яллагдагч А.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Тухайн үйл явдал болсон өдрийн орой хохирогч хүүхдийг эмч нар үзэж “томографид үзүүлэх шаардлагагүй, 20 хоног гипс хийлгүүлээд эдгэх боломжтой" гэж хэлээд шаардлагатай эм бичиж өгсөн байна. Улмаар би тухайн эмчийн бичиг дээр бичсэн эмийг нийт 57,000 төгрөгийн эм, хэрэгсэл авч өгсөн. Мөн гар утасныхан шилэн наалт хагарсан гэсэн учраас 10,000 төгрөгөөр шилэн наалт хийлгүүлж өгсөн. Тэрний дараа буюу 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хохирогч Е.А-г “Тэнгри мед” эмнэлэгт толгойн МRI 370,000 төгрөг, тохойны МRI 370,000 төгрөг, бүтэн биеийн ЭХО 35,000 төгрөгөөр эмнэлгийн үзлэгт хамруулсан. Хариунууд нь бүгд эрүүл мэнд нь хэвийн гэж гарсан. Мөн би хадам аав, ээжийн хамт тухайн хүүхдийн аав, ээжтэй нь уулзаж ийм зүйл болсонд уучлалт гуйж уулзсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 84-85 дахь тал),

23. Шинжээч К.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...насанд хүрээгүй Е.А-гийн гэмтлийн эдгэрэлтээс хамаарч ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг хор уршиг, үлдэц зэргийг тооцоолж байж зэргийг үндэслэн гаргадаг юм. Одоогийн байдлаар хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг тогтоох боломжгүй. Учир нь насанд хүрээгүй хохирогч Е.А-гийн эрүүл мэндэд учирсан зүүн тохой ясны залаа хэсгийн хугарал бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл нь хүний биеийн орчим учраас 45-60 хоногт бүрэн эдгэрэх боломжтой” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

24. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.Ж-ын замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Е.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, хохирогчийн амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хохирол, хор уршиг учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангид хуульчилсан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн  шинжийг агуулсан, гэм буруутай үйлдэл юм.

25. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтад замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэхийг хөдөлгөөнд оролцож буй иргэнд үүрэг болгожээ.

26. Жолооч Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тохирсон арга хэмжээг авах, явган зорчигчид зогсож зам тавьж өгөх нь түүний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.

27. Шүүгдэгч А.Ж- нь ..... УНБ улсын дугаартай “Тоёота Камри” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” , мөн дүрмийн 16.1 дэх хэсэгт заасан “явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэх заалтыг тус тус зөрчиж, зам хөндлөн гарч байсан явган зорчигч Е.А-г мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь Зам тээврийн ослын газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мөрдөгчийн магадалгаа, шинжээчийн дүгнэлт болон мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

28. Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан гэмтэл нь хүндэвтэр зэрэгт хамаарах бөгөөд хохирогч Е.А-гийн биед нь үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзлээ. (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

29. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд жолооч А.Ж- нь замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй, замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн нь зам тээврийн осол гаргаж хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах шалтгаан нөхцөл болсон бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа нь үндэслэлтэй, хэргийн бодит байдал нийцсэн байх тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

30. Шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэх шинжийг  бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.

31. Иймд шүүгдэгч А.Ж-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хохирогч Е.А-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

32. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч А.Ж-ын хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн байна.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай

33. Шүүх гэм буруутайд тооцогдсон шүүгдэгчээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг гаргуулан хохирогчид  олгож шийдвэрлэх нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.

34. Хохирогч Е.А-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Е- нар нь  мөрдөн шалгах ажиллагааны үед эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэхэд гарсан зардалд 514.695 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохиролд 11.876.700 төгрөг тус тус нэхэмжилсэн болно.

35. Шүүгдэгч А.Ж- нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч талд хохирол, хор уршигт 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн хүсэлт /хавтаст хэргийн 128 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед  өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэргээр тогтоогдож байна.

36. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3. “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.” гэж тус тус заасан бол мөн хуулийн 230.1, 230.2 дахь хэсэгт эдийн бус гэм хорыг хохирогч шаардах эрхтэй бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийг буруутай этгээд мөнгөн хэлбэрээр арилгах талаар хуульчилжээ.

37. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай “Журам, хүснэгт батлах” тухай тушаалын 1 дүгээр хавсралтаар “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ыг, 2 дугаар хавсралтаар “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг тус тус баталсан байх ба уг хүснэгтийн шалгуур үзүүлэлтүүдээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг сэтгэцэд учирсан гэм хорын 3 дугаар зэрэглэлд хамааруулсан байна. 

38. Хохирогчийн гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн баяр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудах зэрэг нь сэтгэцэд учирсан хор уршигт хамаарах бөгөөд хэрэгт цугларсан өвчний түүх, шинжээчийн гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт, эмчилгээ хийлгэсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэхэд “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн гэмтлээс үүдэлтэй үлдэц, нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөл, биеийн шалгуур үзүүлэлтүүдээр хохирогчийн сэтгэцэд гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ.    

39. Шүүгдэгч А.Ж-ын үйлдсэн гэмт хэрэг нь  дээрх журмын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн 3 дугаар зэрэгт хамаарч байх тул Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн жишиг аргачлал”-ын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг /тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ/ 17,995 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 11.876.700 төгрөгийг гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт тооцож шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй байна.

40. Иймд Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан сэтгэл санааны хохиролд шүүгдэгч А.Ж-аас 11.876.700 төгрөгийг гаргуулан хохирогч Е.А-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Е- нарт олгож шийдвэрлэв.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар

41. Шүүгдэгч А.Ж-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй.

42. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.

43. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд анхаарал, болгоомжгүйгээс зам тээврийн осол гаргасан, түргэн тусламж дуудаж, хохирогчид тусламж үзүүлсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн зүйлийн 1.2. “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, хохирлыг төлж барагдуулсан, сэтгэл санааны хохирлыг төлөхөө илэрхийлсэн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэлээ.

44. Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч А.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ” дүгнэлтийг, шүүгдэгчээс “хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг гаргасан болно.

45. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч А.Ж-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

46. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-т оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700000 (хоёр сая долоон зуу) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

47. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Ж-т сануулах нь зүйтэй байна.

48. Шүүгдэгч А.Ж- нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

49. 2413000000223 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

          1. Шүүгдэгч С овогт А-ийн Ж-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ж-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/ хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.Ж-т сануулсугай.

4. Шүүгдэгч А.Ж- нь энэ хэргийн учир баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дүгээр 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан сэтгэл санааны хохиролд шүүгдэгч А.Ж-аас 11.876.700 /арван нэг сая найман зуун далан зургаан мянган долоон зуу/ төгрөгийг гаргуулан хохирогч Е.А-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Е- нарт олгосугай.

6. 2413000000223 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Ж- нь хохирогч Е.А-, түүний хууль ёсны төлөөлөгч А.Е- нарт 1.000.000 /нэг сая/ төгрөгийн хор уршгийг төлсөн болохыг тус тус дурдсугай.

          7. Энэхүү шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК