Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2025 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2025/00020

 

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01927 дугаар магадлалтай,

“П” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“ДЭ” ХХК-д холбогдох

193,341,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.“П” ХХК нь “ДЭ” ХХК-д холбогдуулан 193,341,351 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагч “ДЭ” ХХК-аас нийт 120,943,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгон, үлдсэн 72,398,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “П” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,124,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДЭ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 762,665 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01927 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “ДЭ” ХХК-аас 172,827,705 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 20,513,646 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “762,665” гэснийг “1,022,088” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 1,124,657 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 457,962 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлд заасан 4 үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1.Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт дурдсанчлан гэрээнээс татгалзсан бол уг гэрээгээр харилцан солилцсон зүйлсээ буцаан солилцох үүрэг талууд үүсэх учиртай. Гэтэл давж заалдах шатны шүүх алдангид 51,884,547 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. ...нөгөөтэйгүүр талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсан байхад давж заалдах шатны шүүх гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар дүгнэж, алданги тооцож гаргасан үндэслэлгүй бөгөөд цаашид энэ байдлаар шийдвэл хууль хэрэглээний буруу жишиг тогтоно.

4.2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хэргийн оролцогч өөрөө тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй. Гэтэл давж заалдах шатны шүүх “П” ХХК гэрээний үүргээ биелүүлээгүй, бартерийн орон сууц, автозогсоолыг шилжүүлж өгөөгүй болохыг хариуцагч нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. “П” ХХК гэрээний дагуу орон сууц, автозогсоол шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэдгээ зөвшөөрсөн. Нэхэмжлэгч талын нотлогдоогүй тайлбарыг үндэслэж хариуцагч тал гэрээний хугацаа хэтрүүлсэн, нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан мэтээр дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.3.Шүүх хуралдаанаас өмнө 2 цахилгаан шатанд үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал орон сууц, автозогсоол шилжүүлэх, ачилтын төлбөрийг шилжүүлээгүй тохиолдолд “П” ХХК-ийг үүрэг гүйцэтгэх хугацаагаар Иргэний хуульд зааснаар хариуцагч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иймээс шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

5.Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т-н гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.27-ны өдрийн 001/ШХТ2025/00002 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

6.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

7.Нэхэмжлэгч “П” ХХК, хариуцагч “ДЭ” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, урьдчилгаанд шилжүүлсэн 133,338,863 төгрөгийг, алданги 60,002,488 төгрөгийн хамт нийт 193,341,351 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Тэрээр хариуцагч нь гэрээний дагуу 4 ширхэг цахилгаан шат нийлүүлэх үүргээ биелүүлээгүй учир гэрээнээс татгалзсан, хариуцагчаас шалтгаалж манай барилгын ашиглалтад орох хугацаа хойшилж, орон сууц захиалагч, харилцагч нарын өмнө анз төлөх үр дагавар бий болсон гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч “ДЭ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “П” ХХК гэрээний дагуу төлбөрт тооцон орон сууц, зогсоол шилжүүлэх байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй, манайх эдгээр хөрөнгийг захиран зарцуулж гэрээг биелүүлэх боломжтой байсан, цахилгаан шатны захиалгыг хийсэн байсан, нэхэмжлэгч ачилт хийхээс өмнө төлөх ёстой 8,019 ам.долларыг төлөөгүй, гэрээний үүрэгтээ хариуцлагагүй хандсанаас шалтгаалан үйлдвэрлэгч компанийн хадгалалтын болон цахилгаан шатны төлбөрийн өрөнд орж хохирсон...” гэж маргасан.

8.Анхан шатны шүүх хариуцагчаас 120,943,158 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгон, үлдэх 72,398,193 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба талуудын хооронд худалдах-худалдан авах болон ажил гүйцэтгэх холимог гэрээ байгуулагдсан, хариуцагч нь гэрээнд заасан 4 ширхэг цахилгаан шатыг нийлүүлэх, угсрах, тохируулгын ажил гүйцэтгэх үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсгийг зөрчөөгүй, иймд нэхэмжлэгч нь урьдчилгаанд шилжүүлсэн 120,943,158 төгрөгийг буцаан шаардах эрхтэй, харин гэрээний 6.2-т “...хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлөхөөр тохирсон боловч алданги нь гэрээний нийт үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй байна гэсэн заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцээгүй тул хариуцагчаас алданги гаргуулах үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийжээ.

Давж заалдах шатны шүүх хариуцагчаас 172,827,705 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “П” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,513,646 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...талуудын хооронд холимог гэрээ бус, харин Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээний зүйлийг угсрах, суурилуулах нь худалдах-худалдан авах гэрээний нэмэлт үүрэгт хамаарч байхаас гадна энэ нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг бүрэн агуулаагүй байна..., анхан шатны шүүх гэрээнээс татгалзах үндэслэл, үр дагаврыг Иргэний хуулийн дагуу дүгнэсэн, харин талуудын гэрээний 6.2-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт нийцсэн байх тул  хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн хугацаа буюу 2022.12.12-ны өдрөөс гэрээ дуусгавар болсон 2023.05.04 хүртэл 143 хоногоор тооцож 51,884,547 төгрөгийн алдангийг нэхэмжлэгч нь шаардах эрхтэй...” гэсэн дүгнэлтийг хийсэн байна.

9.Хоёр шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж, зөрүүтэй шийдвэр гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авч, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэжээ.

10.Талууд 2022.05.18-ны өдөр “Улаанбаатар хотын *** дүүргийн **** хороонд хэрэгжиж буй “***” төслийн 2 блок орон сууцны барилгад цахилгаан шат нийлүүлэх, угсралт, суурилуулалтын ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулж, хариуцагч нь БНХАУ-ын K брэндийн LINE 1000 маркийн 1600 кг, 630 кг даац, 1,75 м/сек хурд, 15/15 (B1, 1,4-16) зогсолттой ачаа болон хүн тээврийн 4 иж бүрдэл цахилгаан шатыг захиалж, угсралт, туршилт, тохируулгын ажлыг гүйцэтгэх, нэхэмжлэгч нь 4 ширхэг цахилгаан шатны үнэ 193,696 ам.долларын 20 хувийг бэлэн бус төлөлтөөр, 80 хувийг орон сууцны бартераар төлөх үүргийг тус тус хүлээжээ. Гэрээний 3.4-т төлбөрийн нөхцөлийг тодорхойлсон ба бэлэн төлбөр 24,1 хувь буюу 46,487 ам.доллар, бэлнээр төлөх дүнгийн 20 хувь буюу 38,739 ам.долларыг гэрээг баталгаажуулахад, 4.1% буюу 8,019.36 долларыг ачилт хийхээс хуанлийн 21 хоногийн өмнө төлнө, бартер 80 хувь буюу 154,957 ам.долларт орон сууц, автомашины зогсоолыг 2023 оны 12 сард ашиглалтад орох байраас өгөхөөр тохирсон байна. Гэрээний 2.2-т ерөнхий хугацаа 198 хоног, уг хугацааг төлбөр төлөгдөж эхэлсэн өдрөөс тооцох, цахилгаан шатыг үйлдвэрлэх хугацаа 63 хоног, тээвэрлэлт 60-90 хоног гэж тодорхой заажээ.

Тэдгээрийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж үзсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн байна.

10.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь гэрээ байгуулсан 2022.05.25-ны өдөр хариуцагчид урьдчилгаа төлбөрт 38,739 ам.доллар буюу 120,943,158 төгрөгийг төлсөн, гэрээний 2.2, 3.2-т зааснаар энэ өдрөөс эхлэн 198 хоногийн ерөнхий хугацаа тоологдож эхэлсэн, хариуцагч нь цахилгаан шат үйлдвэрлэх K компанид 2023.06.12-ны өдрийн байдлаар цахилгаан шатны төлбөрийг төлөөгүй, тээвэрлэлт хийгдээгүй байсан учир нэхэмжлэгч нь 8,019.36 ам.долларыг төлөх үүрэггүй, нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа тогтоосон нь 2022.10.03, 2023.05.04-ний өдрийн албан бичигт тусгагдсан, хариуцагч үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан нь хууль зөрчөөгүй талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцсэн байна.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь … буцааж өгөх үүрэгтэй.” гэж заасан тул нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 120,943,158 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, энэ талаар хоёр шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Энэ үндэслэлээр “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүссэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно.

10.2.Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэрээний 6.2-т заасан алдангийн тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцсэн эсэх талаар өөр өөр дүгнэлт хийснээс гадна давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзсан үйл баримтыг хуульд нийцсэн гэж гэрээг дуусгавар болсныг зөвшөөрсөн атлаа гэрээний нэмэлт үүргийг хангаж шийдвэрлэсэн нь зөрчилтэй болжээ. Гэрээний 6.2-т “гүйцэтгэгч гэрээнд заагдсан хугацаанд гэрээт ажлыг гүйцэтгэж чадаагүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээр хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги төлнө. Алданги нь гэрээний нийт үнийн дүнгийн 50%-аас хэтрэхгүй байна” гэсэн тохиролцоо нь агуулгын хувьд алдангийг бичгээр тохирсон, энэ тохиролцоо нь хууль зөрчөөгүй, гагцхүү алдангийн дээд хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс бус гэрээний нийт үнийн дүнгээс тогтоосон нөхцөлийг нь хуульд нийцүүлэн тайлбарлах боломжтой байхад уг тохиролцоог хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт оновчтой болоогүй. Давж заалдах шатны шүүх залруулсан боловч гэрээнээс татгалзах хүртэл хугацааны алдангийг гаргуулсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

10.3.Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээ дуусгавар болох учир энэ тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх мөн адил дуусгавар болж, харин гэрээний нэг тал нь гэрээнээс татгалзсанд буруутай нөгөө талаас гэрээний үүрэг бус, хохирол шаардах эрх үүсэхийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д тодотгон заасан байдаг.

Хэдийгээр талуудын аль нэг нь гэрээнээс татгалзсанаар аливаа үүргийг тухайн цаг мөчөөс дуусгавар болгох боловч энэ нь үүргийн харилцааг өргөн утгаар нь дуусгавар болгодоггүй гэдэг нь гэрээнээс татгалзсаны дараа Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлд заасан хугацаа хэтрүүлснээс үүдэх хохирлыг болон гэрээний зөрчилтэй холбоотой хохирол шаардах эрхээс харагдана. Өөрөөр хэлбэл солилцооны харилцаа дуусгавар болох хүртэл аливаа үүргийн харилцаа оршин тогтнодог зүй тогтол хуулийн эдгээр хэм хэмжээнд тусгагдсан байна.

Алданги нь үүргээ гүйцэтгээгүй эсвэл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүсэх ба үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго агуулах тул бусад үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудын нэгэн адил үндсэн үүргээс хамааралтай үүсдэг акцессор шинжтэй. Үндсэн үүрэг хүчингүй болсон эсхүл дуусгавар болсон бол энэхүү арга хэрэгжих боломжгүй болно.

Шүүхийн практикт “гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгодог тул нэмэлт үүргийг шаардах эрхгүй” гэж, эсхүл талуудын зарчимд үндэслэн хүлээн зөвшөөрсөн хэмжээгээр алдангийг гаргуулсан, эсхүл гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангийг гаргуулж шийдвэрлэсэн тохиолдол байх ба гэрээнээс татгалзах хүртэлх хугацааны алдангийг үүргийн гүйцэтгэлийг хангах арга бус “хохирол” гэсэн агуулгаар тайлбарлаж гаргуулсан тохиолдол нэлээд байна. Онолын хувьд хохирлыг нотолдог бол алданги нь нотлохгүйгээр, хоног тутамд тодорхой хувиар тооцон гаргуулдаг анзын төрөл бөгөөд алдангийг хохирол гэсэн агуулгаар тодорхойлж, үндэслэлээ нотолсон бол энэ нь үүргийн шаардах эрх бус бөгөөд Иргэний хуулийн 222, 227 дугаар зүйлийг зөрчөөгүй юм. Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийг шаардах эрх дуусгавар болох тул зөвхөн хохирол шаардах эрх үүсдэг эрх зүйн нэгдмэл ойлголтыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч “П” ХХК нь гэрээний 6.2-т заасан алдангийн тохиролцоог үндэслэн хариуцагч “ДЭ” ХХК-аас алданги 60,002,488 төгрөгийг шаардсан бөгөөд гэрээний уг нэмэлт үүргийг шаардах эрхгүй тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01927 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2024/02977 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч “ДЭ” ХХК-аас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024.12.06-ны өдөр төлсөн 1,125,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                Н.БАТЗОРИГ

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                            Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                   Н.БАЯРМАА

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

                                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД