Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 022

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Саранцэцэг,
орчуулагч А.Еркегүл,
улсын яллагч Б.Ботакөз,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Костёр,
шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 
Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шеруши төлек овогт Аскерханы Ханат, Ители овогт Баукейн Бахберген нарт холбогдох эрүүгийн 201704000015 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 
Шүүгдэгч А.Ханат: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Шеруши төлек овогт Аскерханы Ханат, БЮ92022735 регистрийн дугаартай, 1992 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, ам бүл-5, эхнэр, гурван хүүхдүүдийн хамт Бугат сумын 4 дүгээр багт оршин суудаг, бага боловсролтой, мэргэжилгүй, Эрчим ХХК-нд галч ажилтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай. 
Шүүгдэгч Б.Бахберген: Монгол Улсын иргэн, яс үндэс казах, Ители овогт Баукейн Бахберген, БЮ94082016 регистрийн дугаартай, 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ам бүл-4, хоёр ах, нэг дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн 9 дүгээр багт оршин суудаг, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай.
Шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нарын холбогдсон гэмт хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нар нь Буянт сумын Шар нуур гэдэг газарт иргэн Д.Маханы бэлчиж байсан адуун сүргээс хүрэн зүсмийн, зөв талын гуянд “Д” тамгатай нэг гүүг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн орой 18 цаг 30 минутын үед шунахайн сэдэлтээр, бүлэглэн, машин механизм хэрэглэн хулгайлж 800000 /найман зуун мянга/ төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ  нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
    - Хохирогч Д.Маханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гэрт сууж байхад надад Цагдаагийн газраас залгаж таны адуун сүргээс адуу мал алдагдсан уу, “Д” үсгэн тамгатай хүрэн зүсмийн гүү хулгайлагдан аймгийн төвд ирсэн байна, та яаралтай ирж энэ гүүг үзнэ үү гэж дуудсан. Тэгээд би хөдөөнөөс аймагт ирж цагдаагийн албан хаагч нартай уулзаад хулгайлагдан ирсэн гэх гүүг очиж надад үзүүлэхэд миний 6 настай, хүрэн зүсний гүү мөн байсан, миний гүүг цагдаа нар надад хүлээлгэж өгсөн. Миний адуун сүргээс алдагдсан гүүг цагдаагийн байгууллага илрүүлж, олж өгсөнд маш их баярлаж байна. Миний гүүг хулгайлсан хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авна уу. ... Миний хүргэн хүү Ханат надаас асуувал өгдөг нэг адуу ш дээ, надад мэдэгдэхгүй хулгайлсан явдалд би гомдож байна. Өөр юу гэхэв дээ бүлэглэн хулгайлсан залуугийн хамт хуулийн дагуу арга хэмжээ авна уу. Өөр надад ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.
    ... 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр би гэртээ байсан, гэрээс гараагүй. Нэг гүү хулгайд алдагдахын өмнөх өдөр нь буюу 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би гэрээс адуун сүргийг үзэж харахаар гарахад Шар нуурын дээд тал буюу Мушгу гэх нэртэй уулын бэлд бүрэн бүтэн бэлчиж байсан. Цагдаагийн байгууллага дуудахаас өмнө би гүү алдагдсаныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 дүгээр хуудас/, 
- Гэрч Х.Бахытханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би намар Их Булан гэдэг газарт хадланд байхад Ханат гэдэг залуутай танилцсан. Дараа нь 2016 оны 11 дүгээр сарын үед хямдхан адуу мал зарна гэж хэлээд яваад байсан ба тухайн үед би адуу авах боломжгүй байсан болохоор ямар нэгэн юм хэлээгүй, тэр чигтээ байсан. Саяхан хэд хоногийн өмнө надад дахин холбогдож хямдхан адуу мал авах уу гэж хэлээд яваад байсан. Би адуу бол байвал авъя гэж хэлсэн. 2017 оны 01 дүгээр сарын 05-ны 20 цаг 30 минутын үед дээрх танил болох Ханат өөрөө ганцаараа мотоциклтой хүрээд ирсэн ба надтай уулзаж надад нэг гүү байна. Мөнгөний хэрэг болоод хямдхан худалдах гэж байна. Та дээр адуу мал байвал авъя гэж хэлсэн болохоор танд аваад ирлээ гэж хэлсэн. Тэр үед би адуу чинь хаана байна, ямар хямдхан адуу юм бэ, хулгайн адуу юм биш үү гэж асуухад Ханат надад хулгайн мал биш ээ, өөрийнхөө гүү юм. Хүний надад өгсөн гүү байгаа, “Д” үсгэн тамгатай, хөдөөнөөс миний нэг найз хөтлөөд авч ирж байна, та бид хоёр урдаас нь гарч тосож авах уу гэж хэлсэн. Би очихгүй, чи өөрөө тосож аваад ир гэж хэлсэн. Тухайн үед миний гар утсыг Ханат гуйж аваад нөгөө гүү хөтөлж ирж байгаа найзтай холбогдож хаана ирж явна гэж дахин дахин залгаж асуугаад манай гэрт сууж, тэгээд шөнийн 23 цаг 30 минутын үед Ханат нөгөө гүү хөтөлж ирж байгаа залуутай утсаар холбогдоход манай гэрт ойрхон ирсэн гэж хэлсэн. Тэгээд Ханат надад хамт гаръя гэж намайг дагуулж гадаа гараад манай гэрээс 300-400 метр зайтай газар мотоциклтой очиход үл таних нэг залуу хүрэн зүсний “Д” үсгэн тамгатай гүүг хөтөлж бид нарын урдаас гараад ирсэн. Ханат намайг мотоциклоос буулгаж, хөтөлж буй гүүний араас туугаарай гэж хэлээд өөрөө мотоциклын гэрлийг унтрааж бид нартай хамт дагаж яваад манай хашаанд ирсэн. Тэгээд хашаанд нөгөө гүүг оруулж уяж тавиад Ханат түүний найз бид гурав гэрт орж ганц хоёр аяга цай ууж байхад үл таних хоёр хүн ирж айраг авахаар манай гэрт ирсэн. Айраг авахаар ирсэн хоёр хүн хашаанд уяж тавьсан адууг хараад хаанаас ирсэн адуу вэ, хэнийх вэ, гарал үүслийн гэрчилгээтэй мал уу гэж асуугаад өөрсдийгөө цагдаагийн алба хаагч нар болохыг танилцуулсан үед Ханат өөрөө хулгайн гүү болохыг хэлж өгсөн. Тэгээд би өөрөө сонин болж Ханатаас чи сая надад хулгайн мал биш, өөрийнхөө гүү гэж хэлсэн биз дээ гэж хэлсэн. Тэгээд цагдаа нар надаас болсон асуудлыг тодруулаад Ханат болон түүний найз хоёрыг шалгана гээд цагдаа руу авч явсан. Үнэндээ би Ханатын авч ирсэн гүүг хулгайн гүү болохыг мэдээгүй болно. А.Ханат надад гэрт нүүрс, хоол, хүнс авах мөнгөгүй, гүүгээ 400000 төгрөгт худалдана гэж хэлсэн үед би дотроосоо сэжиглэж хулгайн гүү байж магадгүй гэж бодоод Ханатаас хулгайн гүү юм биш үү гэж асуухад хулгайн гүү биш ээ, миний өөрийн гүү гэж тамгыг нь хэлж байхаар нь үнэндээ өөрийн гүү юм байна гэж ойлгосон” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
- Гэрч Б.Агиманы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Бахбергений унаж явж байсан мотоцикл Бахбергений өөрийн өмч мөн болно. Гэрчилгээтэй эсэхийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан уг мотоциклыг өөрөө ажил хийж мөнгө олоод худалдаж авсан байсан. Б.Бахбергений мотоциклыг 2016 оны 7 дугаар сарын үед 200000 төгрөгөөр худалдаж авч байсан байх. Энэ талаар Б.Бахберген өөрөө тодорхой хэлэх байх” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/, 
- Гэрч Х.Төлепбергений мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны зун энэ мотоциклыг худалдаж авсан гэж унаж явж байсан. Хэнээс яг хэдэн төгрөгөөр худалдаж авсныг тодорхой мэдэхгүй байна. Бахберген өөрөө болохоор 200 гаруй мянган төгрөгөөр худалдаж авсан гэж хэлж байсан. Мотоцикл нь гэрчилгээтэй эсэхийг мэдэхгүй байна. Цэнхэр өнгийн Мустанг-200 маркийн мотоцикл Бахбергений өмч мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/, 
- Гэрч А.Халигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би гэр бүл болоод тусдаа амьдраад 5 жил болж байна. Ханат бас тусдаа амьдардаг. Ханат нь урьд өмнө ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, өөрөө казах үндэсний көкбар, адуучин тэмцээнд оролцож, амжилт гаргаж байсан. Орос, Хятад, Казахстан улсад очиж тэмцээнд оролцож байсан. Олон улсын хэмжээний мастер цолтой, тамирчин залуу, тамхи татдаг, архи ууж байсныг би хараагүй. Эхнэр, ихэр 2 хүүхдийн хамт амьдардаг, сэргэлэн цовоо, цайлган сэтгэлтэй залуу юм” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, 
- Гэрч  Х.Азатханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... 2016 оны 7 дугаар сарын сүүлээр билүү 8 дугаар сарын эхээр байна уу цэнхэр хөх өнгийн Мустанг-5 маркийн мотоциклыг 250000 төгрөгөөр тохирч худалдаж авсан. Уг тээврийн хэрэгслийг би 2016 оны  хавар Увс аймгийн Ховд сумын иргэнээс 200000 төгрөгөөр худалдаж авсан. Тэр хүнээс худалдаж авахдаа улсын дугааргүй, тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй авсан. Б.Бахбергенд худалдахдаа ч гэрчилгээ, дугааргүй өгсөн. Б.Бахберген надад 250000 төгрөгийг бэлэн өгсөн. Уг мотоциклыг худалдах гэж Ногооннуур сумаас аймгийн төвд авч ирсэн үед Б.Бахберген би худалдаж авъя гэж худалдаад авсан. Уг тээврийн хэрэгсэл нь унаж байсан хуучиндуу мотоцикл байсан. Миний зүгээс Б.Бахбергенээс авах ямар нэгэн авлага, нэхэмжлэх зүйл байхгүй. Надаас худалдаж авсан цэнхэр өнгийн мотоцикл Б.Бахбергений өмч мөн” гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/, 
- Адууг А.Ханат, Б.Бахберген нараас хураан авах тогтоол, хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/,
    - Адууг барьж авсан гэх хашаанд, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, 
    - Гэмт хэрэг үйлдэх үед ашигласан “Мустанг-5” маркийн хар хөх өнгийн мотоциклд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
    - Хураан авах тогтоол, хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23 дугаар хуудас/, 
- Шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51, 57 дугаар хуудас/, 
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /111-112 дугаар хуудас/, 
- Шүүгдэгч Б.Бахберген, А.Ханат нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. 
Шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нар нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 18 цагаас 19 цагийн хооронд Б.Бахбергений өмчлөлийн “Мустанг-5” маркийн мотоциклыг ашиглан Баян-Өлгий аймгийн Буянт сумын “Шар нуур” гэдэг газраас иргэн Д.Маханы 1 ширхэг адууг /гүү/ бүлэглэн хулгайлж 800000 төгрөгний хохирол учруулсан болох нь хохирогч Д.Маханы мэдүүлэг, гэрч Х.Бахытханы мэдүүлэг, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-6 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 7-9 дүгээр хуудас/, хулгай хийхэд ашигласан мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гүү барихад ашигласан олсыг хураан авах тогтоол, тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 21-23 дугаар хуудас/, адуунд үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/, эд мөрийн баримт болон шүүгдэгч нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээсэн мэдүүлгүүд зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна. 
Шүүх хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгийг үнэн зөв бөгөөд, адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоциклд болон олс зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд зэргээр давхар нотлогдож байна гэж үзлээ.
Харин хулгайлагдсан адуунд тогтоосон үнэлгээг гэмт хэрэг гарсан газар нутгийн буюу Буянт сумын Засаг даргын тамгын газрын шинжээчийн үнэлгээгээр үнэлсэн үнэлгээгээр шүүгдэгчид ашигтай байдлаар буюу 800000 төгрөгөөр үнэлснийг үнэн зөв гэж үзлээ. 
Шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор шунахайн сэдэлттэй шууд санаатай уг гэмт хэргийг үйлдэж бусдын өмчлөх эрхэд халдсан байна. 
Шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг хөнгөвчлөх, үйлдлээ түргэсгэх зорилгоор шүүгдэгч Б.Бахбергений өмчлөлтэй улсын дугааргүй Мустанг-5 маркийн мотоцикл ашигласан байх тул машин механизм хэрэглэсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нарыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. 
Шүүх шүүгдэгч нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, ял хүндрүүлэх хөнцөл байдал байхгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тус тус тал бүрээс нь харгалзан үзлээ. 
Шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна. 
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох шүүгдэгч Б.Бахбергений өмч болох улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклыг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна. 
Гэрч Б.Агиман, Х.Төлепберген, Х.Азатхан, шүүгдэгч Б.Бахберген нарын мэдүүлгийг үндэслэн уг мотоцикл нь шүүгдэгч Б.Бахбергений өмч мөн байна гэж үзэв. 
Адууг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлгийг үндэслэл болгон шүүгдэгч нарыг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсыг үндэслэн анх удаа гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзнэ. 
Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдож байгаагүй, тэднээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, хавтаст хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч нарын эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Б.Бахбергений иргэний цахим үнэмлэх зэргийг тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдан ирүүлсэн 19 метрийн урттай, цэнхэр өнгөтэй олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч А.Ханатын  өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах 48 мкв талбайтай, блокон сууц, шүүгдэгч Б.Бахбергений өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах 641 мкв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй гэж дүгнэв. 

    Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294-299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шеруши төлек овогт Аскерханы Ханат, Ители овогт Баукейн Бахберген нарыг бүлэглэж, машин механизм хэрэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч А.Ханатыг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, 
- Шүүгдэгч Б.Бахбергенийг эд хөрөнгө хураах ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. 
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч А.Ханат, Б.Бахберген нарт тус тус оногдуулсан 2 /хоёр/ жил, 5 /тав/ сарын хугацаатай хорих ялыг эрэгтэйчүүдийн жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй. 
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ гэмт хэргийг үйлдэхэд ашигласан цэнхэр өнгөтэй, улсын дугааргүй, Мустанг-5 маркийн мотоциклыг шүүгдэгч Б.Бахбергенээс хурааж, улсын орлого болгосугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч А.Ханатын өмчлөлийн Өлгий сумын 3 дугаар багт байрлах 48 мкв талбайтай блокон сууц, шүүгдэгч Б.Бахбергений өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт байрлах 641 мкв газрыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, тэдний эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, шүүгдэгч Б.Бахбергений иргэний цахим үнэмлэх зэргийг тус тус буцаан олгосугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 19 метрийн урттай олсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай. 
9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ