Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/172

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,

Шүүгдэгч Х.Е- нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Х-ы Е-ад холбогдох эрүүгийн 2413001030184 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19...... оны .. дугаар сарын ......-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц- суманд төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ... ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц- сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, С овогт Х-ы Е-, регистрийн дугаар: БЛ...................,

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Е- нь Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийг 2012 онд төгсөөгүй, тус сургуулийн 0201229804 дугаартай “Мал эмнэл зүйч” мэргэжил бүхий бакалаврын диплом хуурамч гэдгийг мэдсээр байж 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд ............. ажилтнаар ажиллахдаа ашиглан төрд 14,392,268 төгрөгийн хохирол учруулан, хуурамч баримт бичиг ашиглах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагч Д.А- гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Х.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 14.392.268 төгрөгийн улсын орлого болгох саналтай байна” гэв.

2. Шүүгдэгч Х.Е- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Эрүүгийн 2413001030184 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

3. Гэрч Р.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

4. Иргэн Р.Д-ын эзэмшлийн, Монгол Улсын Их сургуулийн бүртгэлийн 0201229804 дугаартай дипломын хуулбар (хавтаст хэргийн 18-24 дэх тал),

5. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар бүхий тушаалын хуулбар (хавтаст хэргийн 27 дахь тал),

6. Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаар бүхий албан бичиг (хавтаст хэргийн 55 дахь тал),

7. Яллагдагч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

8. Иргэний нэхэмжлэгч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

9. Яллагдагч Х.Е-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал) зэрэг баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

10. Харин шүүгдэгч Х.Е-аас хавтаст хэргээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

11. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

 

12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Х.Е-ад холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

13. Шүүгдэгч Х.Е- нь Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийг 2012 онд төгсөөгүй, тус сургуулийн 0201229804 дугаартай “Мал эмнэл зүйч” мэргэжил бүхий бакалаврын диплом хуурамч гэдгийг мэдсээр байж 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 сар хүртэлх хугацаанд ............. ажилтнаар ажиллахдаа ашиглан төрд 14,392,268 төгрөгийн хохирол учруулан, хуурамч баримт бичиг ашигласан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

14. Гэрч Р.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Шинжлэх Ухаан Техникийн их сургуульд материал судлалын багшаар ажилладаг, анх 2010 оноос эхэлж ажиллаж байсан ба одоог хүртэл ажиллаж байна. Нийт 14 жил энэ байгууллагад ажиллаж байна. Би 2009 оноос 203 оны хооронд Монгол Улсын их сургуульд нягтлан бодох бүртгэлээр суралцаж төгссөн ба дунд нь жирэмсний амралт болох 2 жилийн чөлөө авч байсан. Би Монгол Улсын их сургуулийг нягтлан бодох бүртгэлээр суралцаж төгссөн ба төгсөхдөө диплом гардан авч төгссөн, шийдвэр нь 2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн шийдвэрээр Р201229804 дугаартай дипломтой төгссөн. Яг хэзээ гардан авснаа санахгүй байна...” гэх  мэдүүлэг (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

15. Иргэн Р.Д-ын эзэмшлийн, Монгол Улсын Их сургуулийн бүртгэлийн 0201229804 дугаартай дипломын хуулбар (хавтаст хэргийн 18-24 дэх тал),

16. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Б/04 дугаар бүхий тушаалын хуулбар (хавтаст хэргийн 27 дахь тал),

17. Хөдөө Аж Ахуйн их сургуулийн Мал эмнэлэг, биотехнологийн сургуулийн 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 101 дугаартай “Хөдөө аж ахуйн их сургуулийн Мал эмнэлгийн сургуульд Х-ы Е- /БЛ.........../ нь элсэн ороогүй, төгсөөгүй болно” гэх албан бичиг (хавтаст хэргийн 55 дахь тал),

18. Яллагдагч Х.Е-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би Ховд аймагт Хөдөө аж ахуйн их сургуулийн салбар сургуульд 2 жил суралцаад үлдсэн 2 жилийг Улаанбаатар хотод Хөдөө аж ахуйн их сургуульд суралцах ёстой байсан боловч ар гэрийн шалтгаанаар төлбөрийн чадамжгүй учир суралцаж чадаагүй. Тэгээд үлдсэн хоёр жилдээ суралцаагүй учраас таньдаг хүн болох Заманбек гэх Дарханд байдаг зүс таньдаг хүндээ энэ талаар хэлэхэд ...2012 оны 6 сарын эхээр Улаанбаатар хотод уулзаад авч өгч байсан. Би хуурамч диплом ашигласан үйлдэлд хохиролд ямар нэгэн төлбөр төлөөгүй. Гэхдээ төлж барагдуулах болно. Цаашид үнэн зөвөөр суралцаж ажиллах болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 80 дахь тал),

19. Иргэний нэхэмжлэгч Ш.А-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би Ц- сумын ЗДТГ-т нягтлангаар 30 жил ажиллаж байна. Х.Е- нь 2023 оны 3 дугаар сараас Ц- сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын архив, бичиг хэргийн ажилтнаар ажилд орж 2024 оны 6 сар хүртэлх хугацаанд ажиллаж байна. Энэ хугацаанд авсан цалин болох 14,392,268 төгрөгийг авч төрд хохирол учруулсан байх тул уг мөнгийг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал),

20. Яллагдагч Х.Е-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 68 дахь тал) болон шүүгдэгч Х.Е-ын шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрх зүйн дүгнэлт:

21. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх бүрэлдэхүүн үнэллээ.

 

22. Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх,ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.

 

23. Шүүгдэгч Х.Е- нь Хөдөө Аж Ахуйн их сургуулийн эм эмнэлэг, биотехнологийн сургуулийг “Мал эмнэл зүйч” мэргэжлээр төгсөөгүй атлаа D201229804 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч дипломыг ашиглан, ............. ажилтнаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж хууль бус санаагаа хэрэгжүүлсэн байна.

 

24. Шүүгдэгч Х.Е- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн эм эмнэлэг, биотехнологийн сургуулийг бакалавр зэргийн дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, уг хуурамч дипломыг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр ашиглаж, улмаар ............. ажилтнаар ажилд орж, 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сар хүртэл ажилласан болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

25. Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан байна.

 

26. Иймд шүүгдэгч Х.Е-ын үйлдлийг зүйлчилсэн прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

27. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

28. Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Х.Е- нь Хөдөө аж ахуйн их сургуулийн эм эмнэлэг, биотехнологийн сургуулийг “Мал эмнэл зүйч” мэргэжлээр төгсөөгүй атлаа D201229804 дугаартай боловсролын бакалавр зэргийн дипломыг хуурамч дипломыг ашиглан, ............. ажилтнаар 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 3 дугаар сар хүртэл ажиллаж хууль бус санаагаа хэрэгжүүлсээр байсан тул түүний энэхүү хууль бус үйлдлийн улмаас олсон ашгийг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ.

29. Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газрын дарга нь Х.Е-ыг хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүйгээр, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн ба түүнийг хуурамч диплом ашигласан гэдгийг ирүүлснээр буюу Авлигатай тэмцэх газрын 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 05/2884 дугаар албан бичиг ирүүлсэн өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг Х.Е-аас хурааж авах боломжгүй гэж үзлээ.

30. Төрийн албанд баримтлах чадахуйн зарчим /мерит/ гэж иргэнийг төрийн албанд сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, дэвшүүлэх, шагнаж урамшуулах асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг хамааруулан ойлгох бөгөөд ............. ажилтан нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т зааснаар төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

31. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-д зааснаас үзэхэд төрийн тусгай болон төрийн захиргааны албан тушаалд баримтлах “чадахуйн зарчим /мерит/” нь төрийн үйлчилгээний албан тушаалд иргэнийг томилоход заавал баримтлах үндсэн шалгуур болохгүй.

32. Иймд шүүгдэгч Х.Е-ын 2023 оны 03 дугаар сарын 28-наас 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хугацаанд ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 8.938.268 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгч Х.Е-аас гаргуулж, Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын тамгын газарт олгож, илүү нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хоёр Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

33. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600.000 төгрөгийг торгох ял оногдуулж, түүнд оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхдүгнэлтийг гаргасан.

 

34. Шүүгдэгчээс: “Улсын яллагчаас санал болгож буй 600.000 төгрөгийн торгуулийн ялыг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан болно.

 

35. Шүүхээс шүүгдэгч Х.Е-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

37. Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

 

38. Шүүгдэгч Х.Е- урьд ял шийтгүүлж байгаагүй нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

 

39. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Х.Е-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, хохирол нөхөн төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.  

 

40. Шүүгдэгч Х.Е-ын үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, эд хөрөнгө болон хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

41.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

42. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж байна.

 

43.  Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201229804 дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж шийдвэрлэв. 

 

44. Шүүгдэгч Х.Е-ын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт байрлах Ү-0212000244 дугаартай амины орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

45. Шүүгдэгч Х.Е- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Е-ад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1,2,3,5, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1. Шүүгдэгч С овогт Х-ы Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч диплом болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е-ад оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Е- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.  Шүүгдэгч Х.Е- нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Х.Е-аас 8.938.268 /найман сая есөн зуун гучин найман мянган хоёр зуун жаран найм/ төгрөгийг гаргуулан Баян-Өлгий аймгийн Ц- сумын Засаг даргын Тамгын газарт олгосугай.

 

7. Шүүгдэгч Х.Е-ын өмчлөлийн Баян-Өлгий аймгийн Ц- сумын 9 дүгээр багт байрлах Ү-0212000244 дугаартай амины орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалт, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн D201229804 дугаартай хуурамч дипломыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгасугай.

 

9. Шүүгдэгч Х.Е-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       А.ДАУРЕНБЕК