Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/176

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

улсын яллагч Д.А-,

шүүгдэгч Б.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Б-гийн С-д холбогдох эрүүгийн 2413001900251 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсныг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны .... дүгээр сарын .....-ний өдөр Баян-Өлгий аймгийн С- суманд төрсөн, ..... настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, .... ажилтай, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Баян-Өлгий аймгийн С- сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Б-гийн С-, регистрийн дугаар: ПИ...................;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б- сумын 3 дугаар багийн замд .... БӨҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.З-ын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, дунд чөмөгний хугарал гэмтэл учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Гэм буруугийн талаар 

1. Улсын яллагч Д.А- шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг, үр дагаврыг өөрөө ч гэсэн биеэрээ, эх хүнийхээ хувьд эмэгтэй хүний хувьд яллагдагч, шүүгдэгч гэхээсээ илүү эдэлж байгаа болохоор түүнтэй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээрээ тохиролцсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасны дагуу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлаж, хязгаарлалтын бүсийг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээгээр тогтоох саналыг шүүхэд гаргаж байна” гэв.

 

2. Шүүгдэгч Б.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

3. Шүүгдэгч Б.С- нь 2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Баян-Өлгий аймгийн Б- сумын 3 дугаар багийн замд .... БӨҮ улсын дугаартай “Тоёота Приус-20” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, улмаар тухайн тээврийн хэрэгслийн зорчигч насанд хүрээгүй хохирогч Г.З-ын биед гавал ясны хугарал, тархины эдийн няцрал, дунд чөмөгний хугарал гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь жолоочийн согтолтын зэргийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 03-06 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын гаргасан 2024 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 413 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал), мөрдөгчийн 2024 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн магадлагаа (хавтаст хэргийн 76 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), насанд хүрээгүй хохирогч Г.З-ын мөрдөн шалгах ажиллагааны үед дахин мэдүүлсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал), яллагдагч Б.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 103 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэх шинжийг бүрэн агуулжээ.

 

6. Шүүгдэгч Б.С- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

7. Энэ хэргийн улмаас хохирогч тал нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

8. Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.С-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

9. Иймд шүүгдэгч Б.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй байна.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулж байна.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

13. Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

14. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Б-гийн С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.С-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурван) жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч Б.С- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. 2413001900251 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК