| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2020/03302/И |
| Дугаар | 182/ШШ2021/00354 |
| Огноо | 2021-02-03 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 182/ШШ2021/00354
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.А-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ц.Э-т холбогдох,
“Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.А, хариуцагч М.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч Л.А миний бие болон хариуцагч М.Э бид Монгол улсын иргэн бөгөөд 2011 онд танилцан хамтарч амьдарч эхэлсэн бөгөөд Америкийн нэгдсэн улсад амьдарч байхдаа 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Вашингтон хотын Арлингтон газарт гэр бүл болон гэрлэлтээ батлуулсан. Бид тус хотод суралцахын хажуугаар албан ёсоор ажиллаж амьдарч байсан бөгөөд М.Э-тай гэр бүл болсноос хойш 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нар мэндэлсэн бөгөөд эрүүл саруул өсөж бойжиж байна.
М.Э нь гэр бүл болж хамт амьдарснаас хойш надад болон хүүхдүүддээ анхаарал халамж тавьдаггүй, өсгөн хүмүүжүүлэх үүрэгтээ хайнга ханддаг, хол хөндий харилцаатай байсан ба тогтмол ажил огт эрхэлдэггүй хэрнээ архи байнга хэтрүүлэн хэрэглэдэг болсон. Архи уусан үедээ огт өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болдог бөгөөд гадаа гудамж, олон нийтийн газар хүртэл тасарч унтдаг. Найз нөхөдтэйгээ, таньдаг хүмүүстэй явахдаа, ухаан мэдрэлээ алдталаа архи ууж, тасарч унахыг яасан ч тэвчиж чадахгүй. Эцэг, нөхөр хүнийхээ үүргийг умартаж, гэр бүлээ тэжээн тэтгэдэггүй хэрнээ хүүхдүүдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг золин байж архи уудаг, гэртээ байхаас зайлсхийж, хүүхдүүдээ харах болохоор гараад явчихдаг, хүүхдүүд өвөө эмээ дээрээ амарч байх үед эргэж очдоггүй, утсаар ч ярьж яаж байгааг нь асуудалгүй, сэтгэл гаргаж хайрладаггүй хүнтэй цаашид гэр бүл болон хамт амьдрах, хүүхдүүдийнхээ ирээдүй, амь нас, эрүүл мэндийг даатгах боломжгүй тул хариуцагч М.Э-аас гэрлэлтээ цуцлуулахаар шийдсэн. Дээрх байдал 2014 оноос хойш үргэлжилсэн бөгөөд маш удаан тэсэж, эвдэрч амьдралаа авч үлдэхээр оролдсон ба архи уухаа болих, тогтмол ажил хийж, гэр бүл, үр хүүхдэдээ анхаарал тавихыг байнга гуйж, учирлаж, ярилцаж үзсэн ч энэ хүний байдал огт өөрчлөгдөхгүй өнөөдрийг хүрлээ.
Бид 2020 оны 02 дугаар сараас хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд хариуцагч М.Э нь 2020 оны 09 сараас АНУ-руу буцаж явахаар, миний бие Монгол доо хүүхдүүдтэйгээ үлдэж амьдрахаар болсон. Миний бие 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдээ аавтай нь нь уулзахаар очсон ба ... хоногийн дараа хүүхдүүдээ авахаар очиход хүүхдүүдийг өгч явуулахгүй, хаалга дарж зогсоод гаргахгүй уваагүй аашилж байна. Түүнчлэн хүүхдүүдийн гэрчилгээг надаас авахаар шаардаж байгаа бөгөөд хүүхдүүдийг минь Америкийн нэгдсэн улс руу авч явах гэж байна.
Хариуцлагагүй, хүүхдүүдээ хайхарч халамжилдаггүй хүнд хүүхдүүдээ асран хамгаалуулахаар даатгаж үлдээж чадахгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Монгол улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно” гэж заасны дагуу Америкийн нэгдсэн улсад батлуулсан бидний гэрлэлт Монгол Улсад хүчинтэйд тооцогдох тул М.Э бид нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох Э.А, Э.С нарыг миний асрамжид үлдээж, хариуцагч М.Э-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Л.А шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Л.А нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх хүсэлт гаргах учир нь иргэн Ц.Э-тай гэрлэсэн бүртгэл Монгол улсын Иргэний бүртгэлд байхгүй буу бүртгэгдээгүй учраас шаардлагын өөрчилж, хүүхдийн асран хамгаалагч болон тэтгэлийг шийдвэрлэх хүсэлт гаргаж байна.
Ц.Э бид хоёр АНУ-д сурч байхдаа 2011 оны 10 сард танилцан 2012 оны 05 дугаар сараас хамтран амьдарч эхэлсэн. 2012 оны 07 дугаар сарын 24-ны өдөр АНУ-ын Виржина хэмээх газарт гэр бүл болсон. Монгол Улсын бүртгэлийн газар бүртгэл хийлгээгүй. 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нар төрсөн. 2018 онд Монголд ирсэн. 8 жил амьдрах хугацаанд зан аашийн хувьд таарч тохирдоггүй, байнгын хэрүүл маргаантай санал зөрөлддөг байсан. Э-ын хувьд охиныг төрөх үеэс 2016 оноос хойш архи согтууруулах ундаа хэрэглэдэг болсон. Энхбаяр гэртээ байхаас илүү гадуур байхыг илүүд үздэг болсон. 2018 онд Монголдоо буцаж ирээд жил гаран хамт амьдарч байгаад 2020 оны 02 дугаар сараас эхлээд тусдаа амьдарч эхэлсэн. 2020 оны 06 дугаар сард гэрлэлт цуцлах өргөдөл мэдэгдлээ өгөөд, хоёр хүүхдээ асрамжид авах тэтгэлэг тогтоолгох хэрэгтэй хүсэлтээр шүүхэд хандсан. Түүнээс хойш эвлэрүүлэн зуучлах дамжиж явсаар байгаад шүүх хуралд орж байна. Тиймээс хүүхдүүд болох Э.А, Э.С нарыг миний асрамжид үлдээж, хариуцагч Ц.Э-аас хүүхдийн тэтгэлэг тогтоолгож өгнө үү” гэв.
Хариуцагч Б.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А-тай 2011 оны 06 сард танилцсан. 2011 оноос хамт амьдарч байгаад 2012 оны 07 дугаар сарын 24-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. 2012 оны 07 дугаар сард хуримын ёслол хийсэн. 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нар төрсөн. Ааш зан таардаггүй. Баяр ёслолоор дандаа уурладаг зан араншинтай хүн. 2018 онд Монголдоо ирсэн. Тэрнээс хойш хөлөө олох гэж хоёр компанид ажиллаа. Гадаадад 16 наснаасаа 28 нас хүртэл байсан учраас Монголын амьдралыг мэдэхгүй байсан хэцүү байсан. Хэцүү байх үедээ уусан зүйл байгаа. Хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 02 дугаар сарын 02-ноос тусдаа гараад яваад өгсөн. 2020 оны 11 дүгээр сар хүртэл хоёулаа хүүхдүүдээ бодъё гэж хэлсэн боловч өөрийнх шийдвэр гэхээс илүү Азжаргалын гэр бүлийнхэн наад хүнээсээ салаа чиний аз жаргал чухал хүүхдүүдийг нь бид нар хараад өгнө гэсэн. 2020 оны 06 дугаар сар буюу нэхэмжлэл гаргаснаас хойш эвлэрүүлэн зуучлал болоод сэтгэл зүйч дээр очоод явсан боловч энэ хүний санаа бодол өөрчлөгдөөгүй учраас 11 дүгээр сараас шийдвэр гаргаад би ч бас энэ хүнийг хүндэлье гээд гаргасан нэхэмжлэлд нь санал нийлж байна” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.А нь хариуцагч Ц.Э-т холбогдуулан “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.А шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай гэж өөрчилжээ.
Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Ц.Эр нар нь 2011 онд танилцаж, түүнээс хойш хамтран амьдарч эхэлсэн, зохигчид Америкийн нэгдсэн улсад амьдарч байхдаа гэрлэлтээ 2012 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Виржина муж улсын Арлигтон дүүрэгт Виржина муж улсын хуульд заасны дагуу гэрлэлтээ батлуулсан болох нь хэрэгт авагдсан Виржина муж улсын гэрлэлтийн бүртгэл, түүний орчуулгаар тогтоогдож байна. /хх-ийн 12, 13 дугаар тал/
Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Монгол Улсын иргэд хоорондоо, эсхүл Монгол Улсын иргэн нь гадаадын иргэн буюу харьяалалгүй хүнтэй гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэсэн нь энэ хуулийн 9-д харшлахгүй бол Монгол Улсад хүчинтэйд тооцогдоно.” гэж заажээ.
Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Гэрлэсний бүртгэл”, 7 дугаар зүйлийн 7.4-т “Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол Улсын иргэн гэрлэсний бүртгэлд бүртгүүлэх бол энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан баримт бичигт тухайн улсын эрх бүхий байгууллагаас олгосон гэрлэснийг нотолсон баримт бичгийг хавсаргана.” гэж зохицуулжээ.
Нэхэмжлэгч Л.А, хариуцагч Ц.Э нар гадаад улсад тухайн улсын хуулийн дагуу гэрлэлтээ батлуулсан хэдий ч Иргэний улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлээгүй байх тул Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасны дагуу тухайн гэрлэлт Монгол улсад хүчинтэйд тооцогдоогүй байна.
Л.А, Ц.Э нар хамтран амьдарч байх хугацаанд 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нарыг төрүүлсэн бөгөөд Монгол улсад гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан Э.А, Э.С нарын төрсний гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 14, 15 дугаар тал/
Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар гэр бүлээ албан ёсоор бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эцгийг захиргааны, эсхүл шүүхийн журмаар тогтоох бөгөөд 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нарын эцэг нь Ц.Э болох нь захиргааны журмаар тогтоогджээ.
Л.А, Ц.Э нар нь 2020 оны 2 сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүү Э.А, охин Э.С нарыг эх Л.А-ын асрамжид байгаа болох нь талуудын тайлбараар тогтоогдож байгаа бөгөөд хүү Э.А, охин Э.С нарыг эхийн асрамжид үлдээх талаар талууд маргаагүй тул хүү Э.А, охин Э.С нарыг эх Л.А-ын асрамжид хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”, 21 дүгээр зүйлийн 21.5-д гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ”, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасны дагуу эцэг Ц.Э нь хүү Э.А, охин Э.С нарыг тэжээн тэтгэх үүрэгтэй тул мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасны дагуу эцэг Ц.Э-аас тэтгэлэг гаргуулж, хүү Э.А, охин Э.С нарыг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүү Э.А, охин Э.С нар эх Л.А-ын асрамжид байгаа нь Ц.Э-ын хувьд эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэх асран хамгаалах тэжээн тэтгэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээдэг бөгөөд эцэг Ц.Э энэ үүргээ зохих ёсоор биелүүлэхэд эх Л.А нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.С нарыг эх Л.А-ын асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Э.А, 2016 оны 00 дүгээр сарын 00-ний өдөр Э.Села нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр тус тус сар бүр төрсөн эцэг Ц.Э-аар тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,260 төгрөгийг улсын улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ц.Э-аас нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож хариуцагчаас 74,060 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.А-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар Ц.Э-ыг эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх Л.А саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг дурдсугай
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС