Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 182/ШШ2021/00506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б.Ж-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н.З.Д-д холбогдох,

 

“Ажилгүй байсан 9 сар 7 хоногийн цалин 10,113,060 төгрөгийг хариуцагчаас  гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч миний бие нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн “Б.Ж-г ажлаас чөлөөлөх тухай Б/87 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн болно.

Нийслэлийн Засаг даргын Б/87 тоот захирамжийг эс зөвшөөрч миний бие Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хянан шийдвэрлээд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ны өдрийн 128/ШШ2020/0096 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 296 тоот магадлал, УДШ-н Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 285 тоот тогтоол тус тус гарч нэхэмжлэгч миний нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Н.З.д 2020 оны 11 сарын 11-ны өдрийн Б/196 тоот захирамжаар намайг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилсон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04- ний өдрөөс ажилд томилсон 2020.11.11-ны Б/196 тоот захирамж гарсан өдрийг хүртэлх ажилгүй байсан 9 сар 7 /205/ хоногийн цалин 10,113,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхээр шүүхэд хандаж байна. Ажилгүй байсан 9 сар 7 хоногийн цалин 10,113,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах.

Нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгаж, ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацааны цалин 10,063,728 төгрөг гаргуулах” гэв.

 

Хариуцагч Н.З.Д бөгөөд У.Х-ын з-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.Ж-г урьд эрхэлж байсан албан тушаалд нь эргүүлэн томилсон талаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5/87 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах, урьд ажиллаж байсан үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаартай магадлал, Дээд шүүхийн Хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Иймд шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг урд ажиллаж байсан албан тушаалд нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/196 дугаартай захирамжаар томилж шийдвэрлэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2-т заасны дагуу нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Улсын дээд шүүхийн Хяналтын шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаар            гарсан өдрөөс хойш хуульд заасан хугацааны дотор гаргаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Н.З.Д бөгөөд У.Х-ын з-д холбогдуулан “Ажилгүй байсан 9 сар 7 хоногийн цалин 10,113,060 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”  тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа “Ажилгүй байсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл хугацааны цалин 10,063,728 төгрөг гаргуулах” гэж багасгасан байна.

 

            Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 тоот захирамжаар Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаартай шийдвэрээр Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн Б/87 тоот захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны үндсэн цалин, нэмэгдэлтэй тэнцэх хэмжээний 9,755,241 төгрөгийн нөхөн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан Б.Ж-г одоогийн Нийслэлийн Дотоод аудитын газрын даргаар томилохыг Нийслэлийн Засаг даргад даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаар тогтоолоор Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна.

 

Шүүх Б.Ж-г ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, урьд эрхэлж байсан Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын ажилд эгүүлэн тогтоож, Б.Ж-г 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 9,755,421 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба шүүхийн дээрх шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Ажил олгогч Нийслэлийн Засаг  дарга нь нэхэмжлэгч Б.Ж-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Б/196 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Б.Жавзанг Нийслэлийн Дотоод аудитын газрын даргын албан тушаалд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн томилсон болох нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б/196 дугаар захирамж болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Б.Ж-г ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Н.З.Д-аас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гараагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Б.Ж ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойших ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул  ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Иймд нэхэмжлэгч Б.Ж-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 96 дугаар шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс хойш түүнийг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Ж нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш ажил олгогчийн ажилд эгүүлэн томилсон 2020 оны 11 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл нийт 9 сар, 6 хоног ажилгүй байсан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана. 

        

Н.З.Д нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 128/ШШ2020/0096 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 296 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 285 дугаар тогтоолыг 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Б.Ж 2020 оны 12 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иймд нэхэмжлэгч Б.Ж-г 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч Н.З.Д-ын Т.Г-аас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 128/ШШ2020/0096 тоот шийдвэрт заасан олговрын хэмжээ нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтад хамаарахгүй тул дундаж цалин хөлсийг тус шүүх тодорхойлоход уг шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасны дагуу Б.Ж-гийн ажиллаж байсан нэг сарын дундаж цалин хөлс нь 1,085,315 төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 49,332 төгрөг болох нь хэрэгт авагдсан Б.Ж-гийн Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар тогтоогдож байна. Шүүх нэхэмжлэгч Б.Ж-гийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо түүний бүтэн ажилласан сүүлийн гурван сар буюу 2020 оны 01, 02, 03 дугаар саруудын цалингаас тооцсон болохыг дурдаж байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй тул шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцдаг байна.

 

            Иймд шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор 10,063,728 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь заалттай нийцнэ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч Н.З.Д-ын Т.Г-т нэхэмжлэгч Б.Ж-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 10,063,728 төгрөгийг хариуцагч Н.З.Д-ын Т.Г-аас гаргуулан нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл,  хураамж төлсөн тухайн бичилт хийхийг Н.З.Д-ын Т.Г-т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 176,758 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 175,970 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ж-д олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС