Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч, Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Я.С-,

Шүүгдэгч Т.Н- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Т-ын Н-т холбогдох эрүүгийн 2313003710047 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19....... оны ...... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн С- суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, дүүгийн хамт Баян-Өлгий аймгийн С- сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт Т-ын Н-, регистрийн дугаар БИ.............;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Р-” ХХК-ийн “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн С- сумын салбарын түгээгчээр ажиллахдаа тухайн шатахуун түгээх станцаас бензин худалдан авсан мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар хэвлэж үйлдсэн, түүнчлэн хуурамчаар үйлдсэн уг баримтуудыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын системд буюу татварын албаны е-баримт системд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэн ашиглаж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны явцад өгсөн түүний мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар гэм буруугийн талаар маргахгүй байна гэж ойлголоо. Түүнийг шүүхээс гэм буруутайд тооцсон тохиолдолд түүний үйлдлийн улмаас өөрөөр хэлбэл “Р-” компанид учирсан 17.800.000 төгрөгийн хохирол байгаа. Уг хохирлыг “Р-” компанид олгуулах нь зүйтэй. Шүүгдэгч НӨАТ-ын урамшуулалд 2.096.640 төгрөгийг гаргуулан авсан. Иймд уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, татварын байгууллагад буцаан олгуулах нь зүйтэй” гэв.

 

2. Шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугийн талаар маргахгүй. Хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү”  гэв.

 

3. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хохирлын хувьд 2 сая төгрөгийн бодитой мөнгийг төсвөөс авсан байгаа. Уг мөнгийг төлж өгөх болно. Харин 17.800.000 төгрөгийн хувьд иргэний журмаар тухайн компанитай маргалдах шаардлага гарч байгаа тул үүнийг жич нэхэмжлэл гаргах эрхийг нь үлдээж, хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.”  гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2313003710047 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:

4. Иргэн Б.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол.мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал),

5. Худалдаа үйлчилгээний “Р-” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал),

6. “Р-” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай дотоод хяналтын комиссын акт, түүнд хавсаргасан хавсралт (1 дэх хавтаст хэргийн 08-10 дахь тал),

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-18 дахь тал),

8. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал),

9. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

10. Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал),

11. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

12. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

13. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 42-50 дахь тал),

 14. “Р-” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/42 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээнүүдийн хуулбар болон ажлын байрны тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 53-64 дэх тал),

15. “Р-” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 66-81 дэх тал),

16. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 173 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 83-94 дэх тал),

17. ХААН банканд байрших яллагдагч Т.Н-ийн эзэмшлийн ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 101-118, 150-174 дэх тал),

18. ХААН банканд байрших иргэн С.А-ийн эзэмшлийн ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 119-125, 175-192 дахь тал),

19. Яллагдагч Т.Н-ийн эзэмшлийн ............., иргэн С.А-ийн эзэмшлийн ............. дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 96, 193-194 дэх тал),

20. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 127-137 дахь тал),

21. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 138-140 дэх тал),

22. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 209 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 83-141-144 дэх тал),

23. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал),

24. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал),

25. Хохирлын хүснэгт (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),

26. Яллагдагч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал) зэрэг хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

27. Шүүгдэгч Т.Н-, түүний өмгөөлөгч нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

28.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.

29. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Т.Н-т холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

 

Хэргийн үйл баримт:

29. Шүүгдэгч Т.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Р-” ХХК-ийн “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн С- сумын салбарын түгээгчээр ажиллахдаа тухайн шатахуун түгээх станцаас бензин худалдан авсан мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар хэвлэж үйлдсэн, түүнчлэн хуурамчаар үйлдсэн уг баримтуудыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын системд буюу татварын албаны е-баримт системд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэн ашиглаж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэж, ашигласан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:

 

30. Иргэн Б.Ж-аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол.мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал),

 

31. Худалдаа үйлчилгээний “Р-” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 05 дахь тал),

 

32. “Р-” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай дотоод хяналтын комиссын акт, түүнд хавсаргасан хавсралт (1 дэх хавтаст хэргийн 08-10 дахь тал),

 

33. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2023 оны 06 дугаар сарын сүүлээр “Р-” ШТС-ын С- сум дахь салбарын санхүүгийн баримт, тайлан тооцоонд хяналтын ажлыг явуулахад тус салбарын түгээгч ажилтай Т.Н- нь огт борлуулалтын ажлыг явуулаагүй байхдаа би нарийн хэлж мэдэхгүй байна ямар ч гэсэн миний ойлголтоор бол "НӨАТ-ын баримтыг хэвлэн гаргадаг төхөөрөмжөөр хуурамчаар “НӨАТ”-ийн баримтыг хэвлэн гаргасан зөрчил илэрсэн. Тодруулбал огт борлуулалт хийгээгүй байж “Р-” ХХК-ний үйл ажиллагаанд ашиглаж байгаа “НӨАТ”-ийн баримтыг хэвлэн гаргадаг “ПОСС” машинаас хуурамчаар баримт хэвлэн гаргасан байсан ба энэ нь түгээлтийн борлуулалтын мөнгөн дүнгээс зөрүүтэй байсан. Нэг ёсондоо түгээгч нь тухайн “ПОСС” машинаар худалдан авагчийн худалдан авалтын үнийн дүн, борлуулалтын дүнтэй яг адилхан баримтыг хэвлэн гаргаж өгөх ёстой байдаг ба түгээгч Т.Н- огт борлуулалт хийгээгүй байж зохиомлоор “НӨАТ”-ийн баримтыг хэвлэн авч түүнийг e-barimt руу бүртгүүлсэн байсан. Манай IТ инженер Т- тухайн ПОСС машины талаар тодорхой ярих байх, тус машинаар “НӨАТ”-ын баримтыг ямар нэгэн борлуулалт явагдаагүй байхдаа ч дурын мөнгө дүнгээр хэвлэн гаргах боломжтой юм шиг байна лээ. Ингээд нарийн тооцож үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Т.Н нь нийт 178,800,000 төгрөгийн баримтыг хуурамчаар үйлдэж, Татварын албаны e-barimt системд бүртгүүлсэн байсан, ...Т.Н-ийн үйлдлийн улмаас өөрөөр хэлбэл түүний хуурамчаар уншуулсан 178.800.000 төгрөгийн 10 хувийг татварын албанд манай байгууллагаас төлсөн байгаа. Үндсэндээ уг мөнгөн дүнг 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарын хугацаанд манай компани татварын албанд төлсөн...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 15-18 дахь тал),

 

34. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед дахин өгсөн: “...“Р-” ХХК-иас татварт төлсөн 17,800,000 төгрөгийг нэхэмжилж байна. НӨАТ-ын буцаан олголтоос урамшуулал хэлбэрээр орсон мөнгийг төрийг төлөөлөх байгууллага нэхэмжлэх байх. Манай зүгээс зөвхөн 17,800,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 240 дэх тал),

 

35. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...НӨАТ-ын баримт нь санхүүгийн анхан шатны төлбөрийн баримт бөгөөд тодруулбал тухайн төлбөр тооцоог хийгдсэнийг нотлох он, сар, өдөр дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий, нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо, хэмжээ, үнэ, төлбөр, тооцооны татварын дүн зэргийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг хэлнэ. Иймд НӨАТ-ын баримт нь санхүүгийн баримтад хамаарна. НӨАТ-ын буцаан олголтын урамшуулал нь төрөөс олгогдож байгаа асуудал юм. Уг хэргийн хохирлын талаар тодруулж хэлэх юм бол “Р-” ХХК-д учирсан хохирол нь 17,880,000 төгрөг байна. Учир нь татварт “Р-” ХХК нь 17.880.00 төгрөгийн 10 хувийг төлсөн байна. “Р-” ХХК-ийн ажилтан Т.Н- нь хуурамч баримт бүрдүүлж хэвлэн гаргаагүй байсан бол тус компани татварт 178,800,000 төгрөгийн 10 хувийг төлөхгүй байх байсан. Иймд 17,880,000 төгрөгийн хохирол нь “Р-” ХХК-д учирч байгаа юм. Харин 2,096,646 төгрөг болохоор улсаас гарч байгаа мөнгө, иймд уг хохирол улсад учирч байгаа юм. Энэ буцаан олголтын мөнгө болох 2,096,646 төгрөгийг зөвхөн “Р-” ХХК-ийн санхүүгийн баримтыг бүртгүүлснээр олгогдож байгаа урамшуулал гэж ойлгох нь өрөөсгөл ойлголт, иймд уг 2,096,646 төгрөгийн хохирол улсад учирч байгаа юм. “Р-” ХХК нь нь яллагдагч Т.Н-ийн бүртгүүлсэн гэх 178,800,000 төгрөгийн 10 хувийг татварт төлсөн байна. Ашгийн 10 хувийг татварт төлсөн гэсэн ойлголт байхгүй. 1000 төгрөгийн НӨАТ-ын баримт Р- ХХК-иас гарч байгаа бол түүний 10 хувийг татварт төлдөг юм. Т.Н-ийн төрд учруулсан гэх 2,096,646 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 238 дахь тал),

 

36. Гэрч С.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...программ нь “Отa Рlus” /Оньс плас/ гэх нэртэй Монголд үйлдвэрлэгдсэн, лицензтэй программ байгаа, “Р-” ХХК-д 2 дахь жилдээ үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Манай компани энэ жил лицензийн эрхийг дахиад авснаар одоо ашиглагдах боломжтой 350-иад хоног байгаа юм шиг байна лээ. Тус программын талаар ярих юм бол бид нар хөдөө суманд ажиллаж байгаа түгээгч нарын гар утсанд тус программыг суулгаж өгсөн байгаа. Тэрийг өдөр тутмын үйл ажиллагаанд ашиглаж байгаа. Жишээ болгож тайлбарлах юм бол хамгийн түрүүнд программд нэвтрэхдээ дээд хэсэгт нь салбарын хувийн дугаар доод хэсэгт нь нэвтрэх нууц үг, нууц үгийг түгээгч нар бүгд мэднэ. 651833 гэсэн дугаар болохоор С- сумын “ШТС”-ын хувийн дугаар байгаа. За ингээд хувийн дугаар нууц үгээ бүртгүүлж нэвтэрснээр зүүн дээд буланд цуваа хэлбэрийн 3 хөндлөн зурааст гарч ирэх ба түүнд дарснаар хэд хэдэн цэс гарч ирнэ үүнээс “Борлуулалт” гэх хэсэгт нэвтэрч “НӨАТ”-ын баримтыг хэвлэх боломжтой. Баримтыг хэвлээд л мэдээлэл “Татварт” бүртгэгддэг. Борлуулалт хийгдээгүй ч гэсэн мөнгөн дүнг оруулж, баримтыг хэвлэн авах боломжтой. “Борлуулалт” гэх хэсэг рүү нэвтэрч мөнгөн дүнг оруулах ба дараагийн үйлдэл нь “Төлбөр төлөх хэлбэрээ сонгоно уу" гэж гарч ирнэ, уг хэсэгт “Бэлэн мөнгө”, “Qpау”, “Моst mоnеy” гэх хэсгүүдтэй. Үүнээс аль нэгийг сонгож баталгаажуулна. За аль баримт гаргах хувь хүн эсхүл байгууллага үүнээс аль нэгийг нь сонгосон тохиолдолд байгууллагын регистрийн дугаарыг оруулахад л тус байгууллагын сонгоход мэдээлэл гарч ирнэ, тэгээд мэдээллийг илгээх эсхүл хэвлэж гаргах гээд сонголттой үүнээс хэвлэж өгөхийг дарснаар манай байгууллага салбаруудад ашиглагдаж байгаа “Bluetooth” ээр холбогддог жижиг хэлбэрийн принт хийдэг төхөөрөмжөөс хэвлэгдэн баримт гарч ирнэ. Үндсэндээ ажиллах, ашиглагдах горим нь ийм байгаа. Тус программаар тухайн өдөр хэчнээн төгрөгийн борлуулалт хийгдсэн болохыг хянах боломжтой. Тухайн программын мөнгөн дүн хэсэгт дурын мөнгөн дун оруулахад “НӨАТ” болгон хэвлэн гаргаж ирэх боломжтой. Мөн мөнгөн дүнг ажилтан андуурсан гэж үзэхэд 72 цагийн дотор “Баримт буцаах” гэх хэсэг рүү нэвтэрч буцаалт хийх боломжтой юм байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 23-24 дэх тал),

 

37. Гэрч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай компанийн ерөнхий нягтлан бодогч Т-, IТ инженер Т- нар Р- ХХК-ийн С- сум дахь салбараас зөрчил илрүүлэн надад танилцуулсан. Эдгээр алба хаагч нар “Оньс плас” аппликейшнийг үндэслэн Т.Н- гэгч түгээгчээр ажиллаж байсан залуугийн үндэслэлгүй үнийн дүнгээр “НӨАТ”-ын баримтыг хэвлэн гаргаж, ашигласан болохыг надад танилцуулаад би эндээс ажлын хэсгийг Б- гэх хүнээр ахлуулаад С- сум руу явуулсан. Тэнд очиж илэрсэн зөрчлийг Т.Н-эд танилцуулахад тэр өөрөө хүлээн зөвшөөрсөн учир акт үйлдэх гэж ирлээ гээд ажлын хэсгийнхэн надад хэлсэн. Ингээд Т.Н-т компанид учруулсан мөнгөн хохирлыг нөхөн барагдуулахаар хугацаа олгосон боловч тэр нөхөн барагдуулаагүй учир хуулийн байгууллагад хандсан юм. Т.Н-ийн зүгээс хэчнээн төгрөгийн НӨАТ-ын баримтыг уншуулсан, компанид учирсан хохирлыг нэхэмжилж явахаар манай ерөнхий нягтлан бодогч К.Т- төлөөлж явж байгаа...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дугаар хуудас/,

 

38. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...улирал буюу 1-3 дугаар сар хүртэл 1 дүгээр улирал, 4-6 дугаар сар хүртэл 2 дугаар улирал, 7-9 дүгээр сар хүртэл 3 дугаар улирал, 10-12 дугаар сар хүртэл 4 дүгээр улиралд орж явна. Тэгэхээр үндсэндээ дээрх 2 иргэн 2023 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сар хүртэл баримтыг бүртгүүлсэн учир энэ хоёр хүн дээр 1, 2 дугаар улирлын буцаан олголтын үнийн дүнг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл бүртгүүлсэн НӨАТ-ын баримтын үнийн дүнгийн буцаан олголт гэж ойлгож болно. 3 дугаар улиралд орсон буцаан олголт уг хугацаанаас хойш бүртгүүлсэн баримтад хамаарч байна, ...Манайхаас ирүүлсэн албан тоотод зарим нэг мөнгөн дүн буруу бичигдсэн байна би сая баримттай тулгаж үзлээ. Нийт авсан буцаан олголтын мөнгөн дүн 2,112,843.19 төгрөг байна. Үүнээс 3 дугаар улиралд олгогдсон мөнгөн дүнг хасахад Т.Н-, С.А- нарын нийт авсан бодит буцаан олголтын үнийн дүн гарч ирнэ. Р- ХХК-ний зүгээс 178.800.000 төгрөгийн 10 хувийг төлсөн байна. Харин 116,134,340 төгрөгийг болохоор Т.Н-, С.А- нарын буцаан олголт авсан дүнтэй тулгаж гаргасан болохоор уг дүнгээр татварын 10 хувь төлөгдсөн гэж үзэж болохгүй...” гэх гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал),

 

39. Эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл, хавтаст хэрэгт тусгах тухай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 42-50 дахь тал),

 

40. “Р-” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 60 дугаартай, 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн Б/42 дугаартай тушаал, хөдөлмөрийн гэрээ, нууц хадгалах гэрээнүүдийн хуулбар болон ажлын байрны тодорхойлолтын хуулбар (1 дэх хавтаст хэргийн 53-64 дэх тал),

 

41. “Р-” ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 149 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 66-81 дэх тал),

 

42. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 173 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 83-94 дэх тал),

 

43. ХААН банканд байрших яллагдагч Т.Н-ийн эзэмшлийн ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 101-118, 150-174 дэх тал),

 

44. ХААН банканд байрших иргэн С.А-ийн эзэмшлийн ............. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дэх хавтаст хэргийн 119-125, 175-192 дахь тал),

 

45. Яллагдагч Т.Н-ийн эзэмшлийн ............., иргэн С.А-ийн эзэмшлийн ............. дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд (1 дэх хавтаст хэргийн 96, 193-194 дэх тал),

 

46. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 192 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 127-137 дахь тал),

 

47. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 138-140 дэх тал),

 

48. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 209 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан материал (1 дэх хавтаст хэргийн 83-141-144 дэх тал),

 

49. Баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 145 дахь тал),

 

50. Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 147 дахь тал),

 

51. Хохирлын хүснэгт (1 дэх хавтаст хэргийн 204 дэх тал),

 

52. Яллагдагч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...миний бие “Р-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн №60 дугаартай тушаалаар тус компанийн С- сумын шатахуун түгээх станцад нефть хангамжийн операторчноор томилогдон 2023 оны 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан юм. Ажиллах хугацаанд өдөр тутмын үйл ажиллагаандаа “Оньс пласс” гэсэн нэртэй аппликейшнийг суурилуулсан “ПОСС” машиныг ашиглагдаг байсан ба тус “ПОСС” машинаар уг нь иргэдийн худалдан авсан шатахууны үнийн дүнтэй тохирсон “НӨАТ”-ын баримтыг хэвлэж өгөх ёстой байтал би болохоор надад сонирхолтой, амар аргаар мөнгө олох боломжтой юм шиг санагдаад багагүй үнийн дүнтэй “НӨАТ”-ын баримтыг хэвлэн гаргаж өөрийнхөө болон эхнэр С.А-ийн нэр дээр е-баримт руу бүртгүүлж нарийн санахгүй байна ямар ч гэсэн 1 болон 2 дугаар улирлын буцаан олголтыг авсан юм. Баримтыг би өөрөө хэвлээд дандаа би бүртгүүлсэн юм. Энэ хэрэгт манай эхнэрийн оролцоо байхгүй. Ингээд намайг баримтыг хэвлэн гаргаж яваад байсныг байгууллагын тодорхой албан тушаалтнууд мэдээд намайг ажлаас маань чөлөөлсөн. Миний зүгээс тухайн хэвлэж буй “НӨАТ”-ын баримт бүртгэгдэн, эргээд энд нь хариуцлагын асуудал яригдана гэдгийг бол ойлгоогүй юм байна. Надад болохоор ямар нэгэн хариу нэхэлгүй, зүгээр л хэвлэж гаргаад түүнийг бүртгүүлснээр мөнгөтэй болно гэсэн гэнэн, хэнэггүй бодол зангаас минь болж ийм асуудал үүслээ, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрх зүйн дүгнэлт:

53. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүхээс үнэллээ.

 

54. Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол” Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

 

55. Аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т “санхүүгийн баримт гэж нягтлан бодох бүртгэлийн данс, өмч, хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлагын анхан шатны баримт, нягтлан бодох бүртгэлийн журнал, туслах болон ерөнхий дэвтэр, тодруулга болон аж ахуй нэгж, байгууллагын санхүү, эдийн засгийн холбогдох тайлан, бусад баримт бичгийг” ойлгохоор хуульчлан заажээ.

 

56. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.14 дэх заалтад “төлбөрийн баримт” гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгохоор, мөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно: ...3.1.3 дахь заалтад “анхан шатны баримт" гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” ойлгохоор тус тус хуульчилсан байна.

 

57. Шүүгдэгч Т.Н- нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд “Р-” ХХК-ийн “Р-” шатахуун түгээх станцын Баян-Өлгий аймгийн С- сумын салбарын түгээгчээр ажиллахдаа тухайн шатахуун түгээх станцаас бензин худалдан авсан мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар хэвлэж үйлдсэн, түүнчлэн хуурамчаар үйлдсэн уг баримтуудыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын системд буюу татварын албаны е-баримт системд өөрийнхөө нэр дээр бүртгүүлэн ашиглаж мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашигласан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

58. Тодруулбал, шүүгдэгч Т.Н- нь шатахуун түгээх станцаас ямар нэг бензиний борлуулалт хийгээгүй атлаа борлуулалт хийсэн мэтээр санхүүгийн /төлбөрийн/ баримт болох нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар хэвлэж үйлдэж, уг баримтуудыг нэмэгдсэн өртгийн албан татварын удирдлагын системд буюу татварын албаны е-баримт системд өөрийнхөө нэр дээр бүртгүүлсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан гэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

59. Шүүгдэгч Т.Н-ийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан” гэмт хэргээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй.

 

60. Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгчийн мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт болон хуулийн мэдлэггүй байдал шууд нөлөөлсөн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

61. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

 

62. Шүүгдэгч Т.Н-ийн гэм буруутай үйлдлийн улмаас Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд 2.096.646 төгрөгийн, Р-” ХХК-д 17.800.000 төгрөгийн хохирол тус тус учирсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ээс 2.096.646 төгрөг гаргуулан Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд төвлөрүүлж, 17.800.000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

63. Харин шүүгдэгч Т.Н- нь 17.800.000 төгрөгийг төрд үндэслэлгүй төлөгдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдаж байна.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

63. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “Шүүхээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна. Иймд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг гаргаж байна. Уг гэмт хэргийн тухайд 2 төрлийн сонгох ял оногдуулах боломжтой. Торгох болон хорих ял оногдуулах санкцитай. Түүний үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.” гэх дүгнэлтийг,

64. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Энэхүү гэмт хэрэгт хоёр төрлийн ял оногдуулдаг байгаа. Шүүгдэгчийн хувьд 19 сая төгрөгийн хохирлын асуудал бас яригдаж байгаа. Үүнийг төлөхөө өөрөө илэрхийлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх гэсэн ойлголттой байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж заасан тул уг заалтыг хэрэглэж өгөхийг хүсэж байна. Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Одоо 27 настай, эхнэртэйгээ саяхан гэр бүл болсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа мөрдөн байцаалтын шатнаас эхэлж хүлээн зөвшөөрөөд явж байгаа хувийн байдлыг бодвол ямар нэг эвдэрсэн, ямар нэгэн сөрөг үр дагавартай хүн биш юм. Шүүгдэгч болон түүний эхнэр хоёр ажил хөдөлмөр эрхэлдэг тул үндсэн хохирлоо төлөх боломжтой. Энэхүү гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа. Дээрх нөхцөл байдлуудыг харгалзан тэнсэж тодорхой үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэх, эсхүл торгуулийн ял оноож өгөх дүгнэлт гаргаж байна гэх дүгнэлтийг гаргасан болно.

65. Шүүгдэгч Т.Н- нь мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

66. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

67. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

68. Шүүгдэгч Т.Н- урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

69. Шүүгдэгч Т.Н-ийн анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, эд хөрөнгийн байдал, шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах талаар гаргасан санал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах” дүгнэлтийг хүлээн авах шаардлагагүй гэж үзлээ.

70. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн: “Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж тодорхой үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах арга хэмжээ хэрэглэхийг хүсэж байна гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь, шүүгдэгч Т.Н-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой гэж үзсэн болно.

70. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулаагүй байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ял  шийтгэж шийдвэрлэв.

71. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

72. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

73. Шүүгдэгч Т.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

74. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, мөн Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Т-ын Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ийг 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т оногдуулсан 6000 /зургаан мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6000.000 /зургаан сая/  төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5. Шүүгдэгч Т.Н- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, уг хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-ээс 2.096.646 төгрөг гаргуулан Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын нэгдсэн санд төвлөрүүлж, мөн шүүгдэгч Т.Н-ээс 17.800.000 төгрөг гаргуулан хохирогч “Р-” ХХК-д олгосугай.

 

7.  Шүүгдэгч Т.Н- нь 17.800.000 төгрөгийг төрд үндэслэлгүй төлөгдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     А.ДАУРЕНБЕК