| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийгэрийн Амартөгс |
| Хэргийн индекс | 182/2021/03011/И |
| Дугаар | 182/ШШ2021/00504 |
| Огноо | 2021-04-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 04 сарын 19 өдөр
Дугаар 182/ШШ2021/00504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т.О-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.З-д холбогдох
“Түрээсийн төлбөрт 4,725,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагч Г.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Марал-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.О нь Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлааст 20 дугаар гудамж 450 тоотод байрлалтай 410 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч бөгөөд Г.З-д комиссын буюу хуучин хувцас худалдан борлуулах зориулалтаар 2015 оны 06 дугаар сараас талбай түрээсэлж байсан. 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тус байшинд гал гарсны дараа Г.З нь зарж борлуулж байсан бараануудаа аваад, түрээсээ төлөлгүй явсан учраас түрээсийн мөнгөө шаардахаар нэхэмжлэл гаргаж байгаа болно.
Хариуцагч талын зүгээс хариу тайлбартаа би 2 лангууг 1 сарын 180,000 төгрөгөөр түрээслэхээр болсон, улмаар өдрийн 1000 төгрөгөөр буюу сард 30,000 төгрөгийг дэлгүүрийн шал, гадна байдаг модон жорлон цэвэрлэж байхаар тохиролцсон гэж дурдсан. Нэхэмжлэлийн шаардлага 4,725,000 төгрөгөөс 3,150,000 төгрөг болгож багасгаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Түрээслэгч Г.З нь манай байранд 4 жил комиссын бараа зарж, үйл ажиллагаа явуулсан. Эхний хоёр жил түрээсээ дансаар шилжүүлж өгч байсан. Сүүлийн хоёр жил түрээсээ өгөөгүй. Эхний жилдээ хоёр лангуу түрээсэлж байгаад бараа нь багтахгүй болоод гурав дахь лангуугаа авч түрээсэлсэн.
Анх талууд 1 сард 225,000 төгрөгөөр тохирсон үйл явдал болсон. Гэвч хариуцагч Г.З сард 180,000 төгрөгөөр гурван лангууг тохирсон. Гаднах жорлон доторх заалыг өдөрт нэг удаа цэвэрлэдэг. Өдрийн 1000 төгрөг сарын 30,000 төгрөг хасаад сарын 150,000 төгрөг өгч байсан гэсэн. Хоорондоо түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүлээн зөвшөөрч байгаа юм.
Түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл 06 дугаар сарыг оруулахгүйгээр нийт 21 сар, нэг сарын 150,000 төгрөгөөр бодоод 3,150,000 төгрөг болсон. Үнийн дүнг бид өөрсдөө нотлох боломжгүй учраас Г.З-гийн хэлснээр хүлээн зөвшөөрч байгаа юм.” гэв.
Хариуцагч Г.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Т.О нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “3-н лангууг түрээсэлж байсан ... 1 сарын нийт түрээсэнд 225,000 төгрөг төлөх ёстой” гэжээ.
Би 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаасын 20 дугаар гудамжны 450 тоот хаягт байрлах, Т.О-ын эзэмшлийн үл хөдлөх хөрөнгөнд комиссын буюу хуучин хувцас худалдан борлуулахаар талбай түрээслэн ажиллуулдаг байсан. Би тус талбайд харьцаатай лангууг 1 сарын 130,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Миний хажуугийн 2x3 харьцаатай лангуунд ажиллаж байсан хүн ажиллахаа больсон тул 50,000 төгрөг нэмж төлөөд тус лангууг хамтад нь түрээслэхээр Т.О-тай харилцан тохиролцсон. Ингээд би 2 лангууг 1 сарын 180,000 төгрөгөөр түрээслэх болсон. Энэ үед дэлгүүрийн үйлчлэгч ажлаас гарсан тул Т.О намайг дэлгүүрийн цэвэрлэгээний ажлыг хариуцаж ажиллахыг санал болгосон.
Тухайн үед надаас өөр цэвэрлэгээ хийх хүн байхгүй байсан тул би зөвшөөрч өдрийн 1000 төгрөгөөр буюу 1 сард 30,000 төгрөгөөр дэлгүүрийн шал, гадна байдаг модон жорлонг цэвэрлэж байхаар тохирсон. Иймд би түрээсийн төлбөр болох 180,000 төгрөгөөс ажлын хөлс болох 30,000 төгрөгийг суутган тооцож Т.О-т сар бүр 150,000 төгрөг бэлнээр төлдөг байсан.
Мөн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 30-ны өдрийн 182/ШШ2020/01701 дугаартай шийдвэрийн үндэслэх хэсэгт Т.О болон Г.З нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээ байгуулагдсан байна. Тодруулбал, гэрч О.Н-ийн мэдүүлэг болон талуудын тайлбараас уг хувийн сууцанд хэсэгчлэн түрээслэн сард 150,000 төгрөг төлж үйл ажиллагаа явуулдаг байсан гэж үзэхээр байна.” гэсэн байхад Т.О нь нэхэмжлэлдээ түрээсийн үнийг 225,000 гэсэн нь бодит байдлаас зөрүүтэй байна.
Т.О-ын нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд “Г.З нь 2017 оны 09 сараас 2019 оны 06 сар хүртэл нийт 21 сарын түрээс төлөөгүй ..” гэжээ.
Би 2015 оноос хойш сар бүрийн 2-ны өдрөөс 3-ны өдрийн хооронд Т.О-т түрээсийн төлбөрөө бүрэн төлдөг байсан бөгөөд нэг ч удаа хоцроож байгаагүй. Гэтэл Т.О нь сар бүр ирж түрээсийн төлбөр авдаг байсан хэр нь намайг 1 жил 9 сарын түрээсийн төлбөр төлөөгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна.
Т.О нь 1-2 сарын түрээсийн төлбөрөө өгөөгүй түрээслэгчдээс лангуун дээрх барааг нь барьцаанд аваад, хөөгөөд явуулдаг байсан хэр нь надаас 2 жил орчим түрээсийн төлбөрөө аваагүй гэсэн нь бодит байдалтай ер нийцэхгүй байгаа.
Миний зүгээс нэхэмжлэгчид түрээсийн төлбөрөө сар бүр төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл тооцоо гэх зүйл байхгүй.
Намайг тус лангууг түрээслэн ажиллуулах хугацаанд буюу 2019 оны 06 сарын 13-ны өдөр түрээсийн байранд гал гарч, миний худалдан борлуулж, байсан лангуун дээрх бараа бүтээгдэхүүн шатаж надад эд хөрөнгийн хохирол учирсан. Тухайн гал гарах үед би 2019 оны 06 сарын 01-ний өдрөөс сувилалд явахаар болж, түрээсийн төлбөрөө Т.О-т төлөөд 07 сарын 01-ний өдөр хүртэл сувилалд явах болсноо хэлээд лангуугаа хаагаад явсан.
Миний хувьд нэхэмжлэгчийг хохироосон зүйл байхгүй тул Т.О-т түрээсийн төлбөр гэх 4,725,000 сая төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.
Хариуцагч Г.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2015 оны 06 дугаар сарын 01-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13 хүртэл Т.О-ын эзэмшлийн лангууг түрээсэлж байсан. Би анх нэг лангууг 130,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Энэ 130,000 төгрөгийг хоёр жилийн хугацаанд төлсөн. Явц дунд цэвэрлэгээ хийх хөлсийг 130,000 төгрөгөөс 30,000 төгрөг хасагдаад 100,000 төгрөгөөр 4, 5 сар төлсөн. Хажуу талд лангуу хоосон байхаар нь миний бараа багтахгүй байна, чи надад түрээслээч гэхэд за та 50,000 төгрөгөөр түрээсэл гэсэн. Нийт 180,000 төгрөгөөр түрээслээд 30,000 төгрөг хасаад 150,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Сүүлийн хоёр жил өгөх ёстой мөнгөө ганц сар үлдээлгүй төлж байсан. Т.О мэднэ. Тэдэн дотор над шиг түрээсээ нэхүүлэлгүй төлдөг хүн байгаагүй. Би тэтгэвэр аваад өгдөг байсан. Өгөхдөө эхний нэг жил Хаан банкаар өгдөг байсан. Сүүл рүүгээ Т.О-ыг өөрөө авч болох юм байна гэж мэдээд өөрт нь өгдөг байсан эсвэл хажуу талын том дэлгүүр байдаг түрээсэлдэг тэр дэлгүүрт дарга О-д түрээсийн төлбөр гэж бичээд худалдагчид нь өгдөг байсан. Ганц сар ч үлдээж байгаагүй. Рашаан сувилалд явахдаа түрээсээ хүртэл төлөөд явсан.
Зүгээр хүний юманд хоёр жил байгаад байх сэтгэл ухамсар надад байхгүй. Надаас түрээсээ өг гэж нэг ч удаа нэхэж байгаагүй. Би хэзээ ч нэхүүлж байгаагүй. Би хэзээ ч үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би төлсөн надад өшөө төлөх төлбөр байхгүй.” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Т.О нь Г.З-д холбогдуулан “Түрээсийн төлбөрт 4,725,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч Т.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 1,575,000 төгрөгөөр багасгаж, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 3,150,000 төгрөг болгосон болохыг дурдах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Т.О нь хариуцагч Г.З-д өөрийн өмчлөлийн Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 20 дугаар гудамж, 450 тоот хаягт байршилтай хувийн сууцны зориулалттай 410 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зарим хэсэг болох 3 лангууг комиссын буюу хуучин хувцас худалдах зориулалтаар түрээслүүлэхээр харилцан тохиролцож, 2015 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүртэл түрээслэсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Талууд түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй талаар маргаагүй бөгөөд 3 лангууг нэг сарын түрээсийн төлбөрийг 180,000 төгрөгөөр тохиролцож, уг төлбөрөөс Г.З-ийн ажлын хөлс 30,000 төгрөгийг хасаж, сар бүр түрээсийн төлбөрт 150,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, дээрх лангууг 2015 оны 06 дугаар сараас 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаанд Г.З ашигласан талаар маргаагүй байна.
Түүнчлэн, зохигчид 2015 оны 06 дугаар сараас 2017 оны 09 дүгээр сар хүртэл түрээсийн төлбөрийг дансаар төлсөн талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Түрээслэгч Г.З нь манай байранд 4 жил комиссын бараа зарж, үйл ажиллагаа явуулсан. Эхний хоёр жил түрээсээ дансаар шилжүүлж өгч байсан. Сүүлийн хоёр жил түрээсээ өгөөгүй. Гурван лангуу түрээсэлж байсан. Түрээсийн төлбөр нэхэмжилж байгаа нь 2017 оны 09 дүгээр сараас 2019 оны 06 дугаар сар хүртэл 06 дугаар сарыг оруулахгүйгээр нийт 21 сар нэг сарын 150,000 төгрөгөөр бодоод 3,150,000 төгрөг болсон...” гэж тайлбарлажээ.
Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 13 хүртэл Т.О-ын эзэмшлийн лангууг түрээсэлж байсан.
Нийт 180,000 төгрөгөөр түрээслээд 30,000 төгрөг хасаад 150,000 төгрөгөөр түрээсэлж байсан. Сүүлийн хоёр жил өгөх ёстой мөнгөө ганц сар үлдээлгүй төлж байсан.
Ганц сар ч үлдээж байгаагүй. Зүгээр хүний юманд хоёр жил байгаад байх сэтгэл ухамсар надад байхгүй. Хоёр жил байтугай хоёр сар түрээсээ өгөхгүй байхаар хөөгөөд явуулдаг байсан. Намайг яахаар хоёр жил түрээс авахгүй байлгадаг байсан юм бэ? Би төлсөн надад өшөө төлөх төлбөр байхгүй...” гэж маргажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т Түрээсийн гэрээг бичгээр байгуулахаас гадна үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр хүчин төгөлдөр болохоор заажээ.
Талууд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг хуульд заасны дагуу бичгээр байгуулаагүй байх тул уг гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус байна. Дээрх гэрээг бичгээр байгуулаагүй талаар зохигч талууд маргаагүй болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 318 дугаар зүйлийн 318.4-т зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцаан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж заажээ.
Хариуцагч Г.З нь 2017 оны 9 дүгээр сараас хойш Т.О-т түрээсийн төлбөрөө бэлнээр төлдөг байсан бөгөөд түрээсийн төлбөрөө сар бүр төлж байсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл тооцоо байхгүй гэж тайлбарлах боловч энэ талаар хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй ба хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.
Зохигчид эдгээр эрх, үүргийн дагуу нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээдэг.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.
Хариуцагч Г.З нь үл хөдлөх эд хөрөнгийг тодорхой хугацаагаар эзэмшиж, ашиглаж байсан тул түрээсийн лангууг эзэмшиж ашигласнаар үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй учир хариуцагчаас бусдын үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны үнэд 3,150,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлээр нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд шаардах эрхтэй”
Мөн зүйлийн 492.1.1.-д “Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь маргаж буй хөрөнгөө шаардах эрх нь энэхүү зохицуулалтаар буюу бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан гэх үндэслэлээр үүсэж байгаа болно.
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.-д заасан буцаан шаардах эрхэд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-д заасан нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах тул өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгийг ашигласан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэстэй байна.
Үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны нөхөн төлбөрийг талуудын тохиролцсон хэмжээгээр тооцох нь үндэслэлтэй байх тул хариуцагчийн үл хөдлөх эд хөрөнгийг ашигласан хугацааны үлдэгдэл төлбөр 3,150,000 төгрөгийг хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгийг ашигласны нөхөн төлбөрт төлөх үүрэгтэй байна.
Г.З нь Т.О-ын өмчлөлийн 410 м.кв талбай бүхий объектын тодорхой хэсгийг худалдаа үйлчилгээний зориулалтаар хөрөнгийг тодорхой хугацаанд эзэмшиж, ашигласан, хариуцагч Г.З нь эд хөрөнгө ашигласны сарын төлбөр 150,000 төгрөгөөр тохиролцсон гэх тайлбар гаргасан зэргийг үндэслэн Г.З-г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж 3,150,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1-д зааснаар хариуцагч Г.З-аас 3,150,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.О-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Т.О-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 90,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.З-аас 65,350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.О-т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.АМАРТӨГС