| Шүүх | Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттулгын Бадрахгэрэл |
| Хэргийн индекс | 154/2021/00137/И |
| Дугаар | 154/ШШ2021/00160 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 154/ШШ2021/00160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Бадрахгэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Алтай сумын А багт оршин суух, РД: , П овогт Р гийн Б ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, хүсэлт гаргагч Р.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Р.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1983 оноос Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш нэгдэл тарах хүртэл тасралтгүй малчнаар ажиллаж бог мал маллаж байсан юм. Би 5 наснаасаа бие өвдөж сургууль сууж чадаагүй, мөн цэргийн алба хаагаагүй 07-д бүртгүүлсэн юм. Харин их бага наснаасаа аав, ээжийн хамт нэгдлийн мал маллаж байсан. Одоо хүртэл мал маллаж амьдарч байгаа ба 2000 онд сумын аварга малчнаар шалгарч байсан.
Иймд миний 1983-1989 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Р.Б ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Р.Б нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь:
- түүний шүүхэд гаргасан хүсэлт,
- Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн 1168 тоот: Алтай сумын 2 дугаар бригадын 70 дугаар данснаас Р.Б ын 1983-1988, 1990, 1992 оны хөдөлмөрийн хөлсийг хуулбарлан хавсралтаар хүргүүлэв гэх лавлагаа, 70 дугаар дансны хуулбарууд,
- Х.Юндэндоржийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Р.Б нь багаасаа ээж аавынхаа гар дээр мал маллаж байсан. Сургууль соёлд сураагүй. Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж амьдарч байсан. Би 1965 оноос хойш Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байгаад 1969-1972 оны хооронд цэргийн алба хааж ирээд мөн бригаддаа мал маллаж нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан. Р.Б өөрөө бие муутай, байнгын эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байдаг хүн юм. Биеийн байдлаас болоод цэрэгт яваагүй юм... гэх мэдүүлэг,
- Б.Дүгэрийн шүүхэд гэрчээр өгсөн: ...Р.Б нь Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдлийн 2 дугаар бригадад мал маллаж байсан. Р.Б их багаасаа мал дээр гарч 1994 онд Алтайн хөгжил хувьцаат компани тарах хүртэл ажиллаж байсан. Би 1975 онд Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малын их эмчээр очиж ажиллаж байсан. Манайх 1988 онд Булган сум руу шилжиж ирсэн. Тэр хугацаанд Р.Б нь ээж, ах нарынхаа хамт мал маллаж байсан. Би байнга очиж малын тарилга, угаалга хийдэг байсны хувьд сайн мэдэж байна. Р.Б нь хоолойндоо архаг өвчтэй байсан учраас цэргийн албанд яваагүй. Угийн бие муутай хүн юм. Р.Б нь дандаа бог мал маллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно, 43.2 дахь хэсэгт гэрчийг шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр дуудаж мэдүүлэг авна гэсэн байх ба Р.Б ын хүсэлтээр Х.Юндэндорж, Б.Дүгэр нарыг шүүхэд гэрчээр дуудан мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлгийг дээрх хуулийн 37 дугаар зүйлд заасан нотолгооны хэрэгслээр тогтоогдсон нотлох баримт мөн гэж шүүх үзэв.
Иймд Р.Б ын гаргасан хүсэлтийг хангаж, түүний ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар П овогт Р гийн Б ыг 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Ховд аймгийн Алтай сумын Алтайн хөгжил нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ