Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2021/00182

 

 

 

 

 

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 154/ШШ2021/00182

Булган сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймгийн Булган сум дахь Cум дундын шүүхийн шүүгч Ц.Энхжаргал би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Булган суманд 1966 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 55 настай, Ховд аймгийн Булган сумын Байтаг багт оршин суух, /РД:*******/, Көнкөр овогт Чойжингийн Намхайнямын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ч.Намхайням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Ч.Намхайням шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Байтаг багт эцэг эхийн хамт 1981-1993 он дуустал мал маллаж байсан .Нэгдэлд хонь, үхэр маллаж байсан. Тухайн үед ажиллаж байсан бичилттэй хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлж үрэгдүүлсэн байсан сүүлд нөхөж бичүүлж авсан. Иймд миний ажиллаж байсан байдлыг шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү. Би цэргийн алба хаагаагүй эрүүл мэндийн шалтгаантай байсан гэв.

Хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

ҮНДЭСЛЭХ нь:

Ч.Намхайням нь 1981 оны 07 сарын 01-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хүсэлт гаргагч Ч.Намхайнямын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь хүсэлт гаргагчийн шүүхэд ирүүлсэн:

Түүний шүүхэд хандаж гаргасан хүсэлт

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 124 тоот лавлагаа,

Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлээс Ч.Намхайнямд олгосон ажиллаж байсан байдлын талаархи бичилттэй 1981, 1991 оны хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Нэгдлийн бригадын зөвлөлөөс хөдөлмөрийн хөлс болон түүхий эд тушаасан тооцоо хийсэн тооллогын хуудас /нэгдлийн гишүүдийн нэрсийн хамт/

1983, 1988, 1990 онуудад жилийн эцсийн мал тооллогоор мал тоолуулсан нэгдлийн дарга гишүүдийн гарын үсэг бүхий мал тооллогын баримт

Гэрч Жамцын Жаргалсайхан шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1980 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 5 дугаар бригадад бод мал маллаж байсан.Ч.Намхайням нь 1981 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Байтаг багт хонь, үхэр маллаж байсан. Ч.Намхайням нь 300 орчим мал малладаг байсан. Нэгдлийн даргаар М.Баавдай, Байтаг багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Ч.Намхайням нь 1000 малчны зөвлөгөөнд оролцож байсан. Сайн малчин байсан. Ч.Намхайням нь 1981-1993 оныг дуустал мал малласан. Жаргалын зам нэгдэл нь 1990 онд бага хувьчлал болж, 1993 онд их хувьчлал болсон. Малчид малын тооноос хамаарч харилцан адилгүй цалин авдаг ба 80-100 төгрөгний хооронд цалин авдаг байсан. Ч.Намхайням нь тасралтгүй мал маллаж байсан, өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг

Гэрч Даваагийн Данзаагийн шүүхэд гэрчээр мэдүүлсэн: Би 1978 оноос эхлэн Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдлийн Байтаг багт хонь маллаж байсан . Ч.Намхайням нь 1980 оноос эхлэн Булган сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар бригад буюу одоогийн Байтаг багт үхэр маллаж байсан. Ч.Намхайнямын ээж нэгдлийн саальчин саалийн 15 үхэр малладаг байсан. Нэгдэл хөдөөний 4 бригад, сумын төвын бригадтай.Нэгдлийн даргаар М.Баавдай,ня-бо Н.Гунгаажав, Байтаг багийн даргаар Т.Дорж нар ажиллаж байсан. Ч.Намхайням нь нэгдэл тарах хүртэл мал малласан. Ч.Намхайням нь Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байснаас өөр ажил хийж байгаагүй гэх мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Гэрч нарын мэдүүлгээр Жаргалын зам нэгдэл нь 1990 онд бага хувьчлал, 1993 онд их хувьчлал болсон гэж мэдүүлж байгаа нь хүсэлт гаргагч Ч.Намхайням нь Жаргалын зам нэгдэл Жаргалын зам ХК болоход малчнаар ажиллаж байсан гэж үзэх үндэслэл болно.

- Дээрхи нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан баримтууд байх тул хүсэлт гаргагч Ч.Намхайнямыг 1981 оны 07 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Жаргалын зам ХК-д малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Көнкөр овогт Чойжингийн Намхайнямыг 1981 оны 07 сарын 01-ны өдрөөс 1992 оны 05 сарын 05-ны өдөр хүртэл Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар, 1992 оны 05 сарын 05-ны өдрөөс 1993 оны 12 сарын 31-ны өдрийг дуустал Ховд аймгийн Булган сумын Жаргалын зам ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагч Ч.Намхайнямын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ