Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2024 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2024/00294

 

Б.Б, Д.О, Б.У нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/001316 дугаар магадлалтай,

Д.О, Б.Б, Б.У нарын нэхэмжлэлтэй

С.Г-д холбогдох

Гэм хорын хохиролд 116,121,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын өмгөөлөгчдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Н, Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.О, түүний өмгөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгч Б.Б, Д.О, Б.У нар хариуцагч С.Г-д холбогдуулан гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сар бүрээр тооцож 13,150,000 төгрөг, эмчилгээний зардал 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 100,000,000 төгрөг, нийт 116,121,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.  

2.  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч С.Г-с 2,966,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.О, Б.У нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 113,155,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 16,348 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г-с 62,410 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б, Д.О, Б.Унарт олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/001316 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 2,966,300 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчийн эрх залгамжлагч нарт олгохоор шийдвэрлэсэн хэдий ч гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлбөрт 13,150,000 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Учир нь: С.Г-ийн  болгоомжгүй үйлдсэн гэмт хэргийн улмаас Н.Б нь 2021.05.25-ны өдрөөс 2023.10.05-ны өдрийг хүртэл 2 жил 6 сарын туршид байнгын асаргаанд орж, амьдралынхаа эцсийн мөч хүртэл гэр бүлийн хүмүүсийг танихгүй, амьдралын сайн сайхныг мэдэрч чадахгүй байсаар нас барсан. Н.Б нь авто осолд ороогүй байсан бол үр хүүхэд, хань ижил ач зээгийнхээ дэргэд урт удаан, аз жаргалтай, өөрийн дураар ажиллаж хөдөлмөрлөн амьдралын сайхныг мэдэрсээр байх байсныг үгүйсгэхгүй. С.Г-ийн хариуцлагагүй, болгоомжгүй үйлдлээс болж зам тээврийн осолд өртөж, гавал тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл гэх эдгэшгүй өвчтэй болсон.

Гэтэл, анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, талийгаачийг тэтгэвэр авч байсан гэх үндэслэлээр цалин хөлс орлогогүй гэж үзэх боломжгүй хэмээн гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон нөхөн төлбөр 13,150,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хэрхэн арилгах талаар зохицуулсан. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх өндөр насны тэтгэврийг цалин хөлсний орлоготой адилтгаж үзсэн нь үндэслэлгүй юм.

Давж заалдах шатны шүүх “... Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-т “цалин хөлс, түүнтэй адилтгах орлого” гэж Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Иргэний хуульд заасан хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажил олгогчоос сар, улирал, жил тутам, эсхүл тухайн тохиолдол бүрд олгож байгаа шагнал, урамшуулал, хоол, унаа, орон сууцны ашиглалтын төлбөр, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад зориулан мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт, сайн дураар даатгуулагчийн өөрөө мэдүүлсэн орлогыг ойлгоно.” гэж заасан бөгөөд өндөр насны тэтгэвэр нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод тооцогдохгүй гэж дүгнэсэн атлаа Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.1, 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасан “цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын тодорхойлолт нь аливаа гэрээгээр ажиллаж буй этгээдийн цалин хөлснөөс тооцон нийгмийн даатгалын шимтгэл болон ногдох албан татварын орлогыг тодорхойлох, нөхөн төлүүлэхтэй холбоотой зохицуулалт учир Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасны дагуу Н.Б-г цалин хөлс орлогогүй гэж дүгнэхгүй гэсэн нь үндэслэлгүй. Анхан болон давж заалдах шатны шүүх өндөр насны тэтгэвэр нь цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод хамаарах эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, ойлгомжгүй дүгнэлтүүдийг хийсэн. Учир нь: өндөр насны тэтгэвэр гэдэгт хуульд заасан тэтгэвэр тогтоох насны болон ажил хөдөлмөр эрхэлж, шимтгэл төлж ажилласан хугацааны болзол хангасан даатгуулагч иргэнд тэтгэврийн даатгалын сангаас амьжиргааны эх үүсвэр болгон сар бүр олгож байгаа мөнгөн хөрөнгийг ойлгох болохоос ямарваа нэгэн цалин болон түүнтэй адилтгах орлого биш. Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагатай холбоотой Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж, хэрэглэсэн.

Түүнчлэн, нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. Сэтгэцэд учирсан хохирол буюу Н.Б нь авто ослоор бие махбоддоо буюу гавал тархины хүнд гэмтэл авсны улмаас судасны гаралтай цочмог эхлэх тэнэгрэл (Р01.0) гэх сэтгэцийн өвчинтэй болж, тархины үйл ажиллагаа нь бүрэн доголдож, сэтгэн бодох чадвараа алдсан бөгөөд оюун санааны хувьд хэвийн бус, нийгмийн амьдралд оролцох боломжгүй болсноор эрүүл мэндэд нь хохирол учирсан. Хүний амь нас, эрүүл мэндийг мөнгөөр үнэлэх асуудал учир дутагдалтай хэдий ч хүн ёсоор амьдралын сайн сайхныг мэдэрч амьдрах боломжгүй болгож, сэтгэцийн эдгэшгүй өвчин эмгэгтэй болгосны нөхөн төлбөрийг хуулийн хүрээнд хариуцагчаар төлүүлэх нь зүй ёсны асуудал тул гэмт хэргийн улмаас сэтгэцийн эрүүл мэндэд учирсан хохирлыг 100,000,000 төгрөгөөр үнэлж, хариуцагчаас нэхэмжилсэн болно.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт гэм хорын хариуцлагыг зайлшгүй байхаар заасан. Гэтэл, шүүх гэм буруутай этгээдэд хуулиар хүлээсэн хариуцлагыг хүлээлгээгүйд гомдолтой байна. Түүнчлэн, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг нь гэм буруутай этгээдийг хариуцлагаас чөлөөлөх агуулгагүй. Гэм хорыг арилгах нь түүний зүй ёсны үүрэг. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн гэм буруу нотлогдсон байтал анхан болон давж заалдах шатны шүүх түүнд гэм хорыг арилгах, нөхөн төлөх хариуцлага хүлээлгэхгүй байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Мөн, нэхэмжлэгч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжилсэн байтал анхан шатны шүүх сэтгэл санааны хохирол хэмээн шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх уг шийдлийг залруулах боломжгүй гэсэн дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэлгүй орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх ёстой байтал сэтгэл санааны хохирол гэх нэхэмжлэлийн шаардлагад байхгүй зүйлийг дүгнэж, сэтгэцэд учирсан хохирол гэх нэхэмжлэлийг шаардлагыг шийдвэрлээгүй үлдээсэн. Түүнчлэн, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохирлын үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхдээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтэд дурдсан шүүхийн шинжилгээний байгууллагаас өөр шинжилгээ хийхгүй байгууллагыг шинжээчээр томилж хугацаа алдсаны улмаас нэхэмжлэгч шинжилгээг хийлгэж чадаагүй бөгөөд анхан шатны шүүх залруулах боломжгүй ноцтой алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөсөн нь шүүхийн шударга байдалд эргэлзээ төрүүлж байгааг дурдах нь зүйтэй.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн үлдсэн шаардлагууд болох гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөрт 13,150,000 төгрөг гаргуулах, гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчийн сэтгэцэд учирсан хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагуудыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024.11.08-ны өдрийн 001/ШХТ2024/01293 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.  

ХЯНАВАЛ:        

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

7. Нэхэмжлэгч Б.Б, Д.О, Б.У нар хариуцагч С.Г-д холбогдуулан гэмт хэргийн улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон тул сар бүр хөлсний доод хэмжээгээр тооцож нөхөн төлбөр 13,150,000 төгрөг, эмчилгээний зардал 2,966,300 төгрөг, сэтгэцэд учирсан хохирол 100,000,000 төгрөг, нийт 116,121,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба үндэслэлээ, С.Г  нь 2021.05.25-ны өдөр Тоёота Харриэр (Toyota Harrier) маркийн 00-00 БНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа зам тээврийн осол гаргаж Н.Б-ны биед хүнд хохирол учруулсан, ... ослоос хойш тогтмол эм тариа, хагалгаа хийлгэсэн. С.Г нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цаашид гарах зардлыг төлнө, өршөөлд хамруулж өгөөч гэсэн боловч төлбөрийг төлөөгүй. Н.Б нь өндөр насны тэтгэвэрт гарсан боловч хөдөлмөр эрхэлдэг байсан. Эхнэр Д.О Н.Б-г байнга асарч сувилсны улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болсон...” гэж тайлбарласныг,

8. Хариуцагч эс зөвшөөрч “... Н.Б-ны эмчилгээний зардалд эхнэр Д.О-ны эмчилгээний зардал 602,000 төгрөг, гоо сайхны бүтээгдэхүүний төлбөр 66,900 төгрөг, харшлын эмийн төлбөр нь хамааралгүй. Н.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй гэсэн мэдүүлэг өгсөн, ажил хийж байсан гэх баримтгүй. Эрүүл мэндийн байгууллагаас цаашид хөдөлмөр эрхлэх боломжгүй гэх дүгнэлт гаргуулан улсаас тэтгэмж авах боломжтой. Сэтгэцэд учирсан хохирлыг бодитоор үнэлэх боломжгүй...” гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: “...нэхэмжлэгчид хүнд зэргийн гэмтэл учирсантай холбоотой эмчилгээ хийлгэх, бусдын асаргаа шаардлагатай болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул эмчилгээ болон бусдын асаргаанд сувилалд эмчлүүлсэнтэй холбоотой, эмчилгээнд хэрэглэсэн гоо сайхны үйлчилгээтэй эмийн бүтээгдэхүүн худалдан авахад гарсан зардал хохиролд хамааралгүй гэж үзэх боломжгүй, нэхэмжлэгч осолд орохоос өмнө ажил хөдөлмөр эрхэлж байсантай холбоотой зөрүү орлого шаардаагүй бөгөөд орлогогүй байсан үндэслэлээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нөхөн төлбөр шаардсан. Гэвч нэхэмжлэгч тэтгэвэр авч байсан болохоо нэхэмжлэлд дурдсан байх тул цалин хөлс, орлогогүй байсан гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн хохирогчид сэтгэл санааны хохирол учирсан нь тогтоогдсон байх шаардлагатай. Сэтгэл санаанд учирсан хохирлын хэмжээ нотлох баримтаар тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн. 

10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхдээ “... анхан шатны шүүх нэхэмжлэгч талын сэтгэцэд учирсан хохирол 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг сэтгэл санааны хохирол гэж буруу тодорхойлсныг залруулна, Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023.01.01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хууль тогтоогч хүчин төгөлдөр болох хугацааг тухайн хуульд заасан. Иргэний хуульд орсон дээрх өөрчлөлтийг Шүүх шинжилгээний тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульчилсан, Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” байхаар заасан нь хуулийг хүчин төгөлдөр болсон үеэс нь эхлэн үүссэн харилцааг зохицуулахад хэрэглэх агуулгатай зарчим юм. Харин энэхүү хуулийг шинээр батлагдахаас өмнө бий болсон эрх зүйн харилцаанд буюу талийгаач Н.Б-г 2021.05.25-ны өдөр зам тээврийн осолд өртөх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль тогтоомжийг хэрэглэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ, нэхэмжлэгч талын сэтгэцэд учирсан хохирлыг мөнгөн хэлбэрээр тооцож гаргуулахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тухайн осол болсон цаг хугацаанд энэ талаарх эрх зүйн зохицуулалтыг хууль тогтоогч хуульчлаагүй, энэ талаар тухайлсан зохицуулалт байгаагүй байна. Энэ үндэслэлээр 2021.05.25-ны өдөр болсон зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хорын хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэгч талын шаардлагыг 2023.01.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хуулийг хэрэглэн уг маргааныг шүүх хянан шийдвэрлэхгүй...” гэж үзжээ.

11. Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх байдлаар ижил шийдвэр гаргасан хэдий ч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв хэрэглэсэн эсэх талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын хүрээнд хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэлэлцүүлэв.

12. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч С.Г  нь 2021.05.25-ны өдөр Тоёота Харриэр (Toyota harrier) маркийн, 00-00 БНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Замын хөдөлгөөний дүрмийг зөрчин нэхэмжлэгч Н.Б-ны биед хүнд гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон ба хүнд гэмтлийн улмаас нэхэмжлэгчид байнгын асаргаа шаардлагатай болсон үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй, харин нэхэмжлэгч нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол тус тус шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.

Нэхэмжлэгч Н.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2023.10.06-ны өдөр нас барсан тул анхан шатны шүүхийн шүүгчийн 2023.11.21-ний өдрийн 102/ШЗ2023/19990 дугаар захирамжаар Д.О, Б.Уянга, Б.Б нарыг түүний эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.

13. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын ...амь нас, эрүүл мэндэд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж, 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй” гэж тус тус заасан, эдгээр хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болжээ.

14. Хоёр шатны шүүх хариуцагч С.Г-ийн  гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Н.Б-ны эм, эмчилгээ, оношилгооны зардалд нийт 2,966,300 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар гомдол гаргаагүй тул дүгнэх шаардлагагүй.  

15. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 113,155,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зөвхөн сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар дүгнэн олох байсан орлого 13,155,000 төгрөг гаргуулах шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан бол давж заалдах шатны шүүх уг шаардлагын талаар ... Н.Б нь цалин хөлс орлогогүй гэж тооцогдохоор боловч тэтгэврийн орлогыг албан татвараас чөлөөлсөн …тэтгэвэр нь хууль тогтоомжид заасны дагуу үндсэн орлогод тооцогдох тул Н.Б-г цалин хөлс орлогогүй гэж дүгнэхгүй” гэж үзсэн нь ойлгомжгүй болжээ.

16. Хөдөлмөрийн тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт “Ахмад настан, тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж болно” гэж, Ахмад настны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт “Ахмад настан нь хүсэл, сонирхол, эрүүл мэнд, мэдлэг, чадвартаа тохирсон хөдөлмөр эрхлэх, орлого олох эрхтэй.” гэж тус тус заасан. Талийгаач Н.Б өндөр насны тэтгэвэр авдаг хэдий ч Улаанбаатар төмөр замд ажиллаж байсан гэх тайлбарыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасныг хариуцагч үгүйсгээгүй байна.

Иймд Н.Б-ны зам тээврийн осолд орсон 2021.05.25-ны өдрөөс нас барсан 2023.10.06-ны өдөр хүртэл хугацаанд хариуцагчийн буруугаас хөдөлмөр эрхэлж орлого олох боломжгүй болсон тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 13,155,000 төгрөгийн хохирлыг хариуцагч С.Г оос гаргуулах нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж заасантай  нийцнэ гэж үзлээ.   

17. Хоёр шатны шүүх гэмт хэргийн улмаас нэхэмжлэгчид болон түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

18. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт зааснаар гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр төлөхөөр зохицуулсан байсан бөгөөд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар уг заалтыг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж өөрчилсөн, харин уг заалтыг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд тухайлан заагаагүй учир мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар буцаан хэрэглэхгүй.

Түүнчлэн, сэтгэцэд учирсан хохирол гэдэг нь гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн, гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно. Иймээс сэтгэл санааны хохирол, сэтгэцэд учирсан хохирол гэсэн ойлголтыг хоёр шатны шүүх адитган үзэж дүгнэсэн нь буруу биш байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... сэтгэцэд учирсан хохирол гаргуулах шаардлагыг шийдвэрлэхгүй орхиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн.” гэх гомдол үндэслэлгүй.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 210/МА2024/01316 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01638 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн” гэсний дараа “229 дүгээр зүйлийн 229.1” гэж нэмж, “2,966,300” гэснийг “16,121,300” гэж, “113,155,00” гэснийг “100,000,000” гэж, шийдвэрийн 2 дахь заалтын “62,410” гэснийг “238,556” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гомдол нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЦОЛМОН

                                                          ШҮҮГЧИД                                                         Н.БАТЗОРИГ

                                                                                                                                       Н.БАТЧИМЭГ  

                                                                                                                                       Н.БАЯРМАА

                                                                                                                                       П.ЗОЛЗАЯА