Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1183

 

 

 

 

 

 

   2020              9             10                                       2020/ДШМ/1183

 

 

    

   Б.Б-т холбогдох эрүүгийн

        хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ч.Ганбат,

хохирогч Х.Ц-,      

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/550 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2009008200515 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.Б, 19..... оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Архангай аймагт төрсөн, ......... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, “Номин Холдинг” ХХК-д............, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: .........../;

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 582 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар түүний өмчлөлийн газрыг хурааж, 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

            Б.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улсын виз найдвартай гаргаж өгнө хэмээн хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж улмаар хохирогч Х.Ц- нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Алтайн 25-46 тоотод байрлах гэрээсээ интернет банк ашиглан 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 4.000.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500.000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг Х.Ц-гийн нөхөр Б.Батсүрэнгийн “Худалдаа Хөгжлийн Банк”-ны 415020415 дугаартай, Х.Ц-гийн “Хаан Банк”-ны 5062164766 дугаартай данснаас өөрийн “Худалдаа Хөгжлийн Банк”-ны 412030749 дугаарын данс руу шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Б.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-ээс нийт 4.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Ц-д олгож, Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.Б- гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс өмнө нь оногдуулсан хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэхдээ миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүйд гомдолтой байна. Миний бие “Номин Холдинг” ХХК-д эрх зүйн газарт тасралтгүй 18 жил ажилласан. Миний асаргаанд насанд  хүрээгүй 7-17 насны хүүхдүүд, өндөр настай эх, зүрхний шигдээс өвчний улмаас саажилттай, эмнэлгийн хяналтад байхын зэрэгцээ зүүн нүд нь хараагүй болсон нөхөр маань байдаг бөгөөд одоо тэдэндээ маш их санаа зовж байна. Өөрийн буруутай үйлдлээс болж өдий насандаа өндөр настай эх, бага насны хүүхдүүд, нөхрөө асран хамгаалж чадахгүй байгаад маш их харамсаж байна. Хоригдож байх хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарлаа. Хохирогчоос албан ёсоор уучлалт гуйж байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй, хариуцлагатай байхаа амлаж байна. Надад нэг удаа итгэл үзүүлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэв.

            Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ч.Ганбат гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхээс ялыг нэмж нэгтгэхдээ Б.Б-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйл нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хэрэглэж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн байхгүй болж энэ зүйл ангиар ял эдэлж байсан хүмүүс суллагдсан. Иймд ял нэмж нэгтгэхэд өмнөх тогтоолоор оногдуулсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2-т зааснаар оногдуулсан хорих ял хасагдаж тооцогдох ёстой. Учир нь, шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүй гэмт хэрэгт тооцогдохгүй болсон... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж заасан үндэслэлд нийцэж байх тул дээрх ялын тухайд хянаж өгнө үү. Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж хорих 409 дүгээр ангид хоригдож байгаа. Б.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо бүрэн төлж барагдуулсан, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөнгөрүүлэх нөхцөл шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү” гэв.

            Хохирогч Х.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдолтой байна. Хохирлоо барагдуулж авах хүсэлтэй байна. Хохирол төлөгдөөгүй байгаа. Гэтэл давж заалдах гомдолдоо хохирол төлсөн гэж бичсэн байсан. Яагаад одоо болтол хийсэн үйлдэлдээ гэмшихгүй байгаа юм бэ. ...” гэв.

            Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлд зам тээврийн осол гаргаад осол болсон газрыг зориуд орхиж явсан. Мөн бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан шинжийг нь тогтоосон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасны дагуу тухайн үед хэрэгжиж байсан хуулиар шүүгдэгч Б.Б-т 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 3 жилийн хугацаагаар тэнссэн байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Ч.Ганбат нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.

            Шүүгдэгч Б.Б- нь Бүгд Найрамдах Солонгос Улс руу зорчих виз найдвартай гаргаж өгнө гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны дагуу хохирогч Х.Ц- нь өөрийн нөхөр Б.Батсүрэнг явуулах зорилгоор Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд оршин байрлах өөрийн гэрээсээ интернет банк ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 4.0 сая төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 500.0000 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 500.000 төгрөг гээд нийт 5.0 сая төгрөгийг хохирогч Х.Ц-гийн нөхөр Б.Батсүрэнгийн Худалдаа хөгжлийн банкны 41...15 дугаар, хохирогч Х.Ц-гийн өөрийн Хаан банкны 50...66 дугаар данснаас тус тус шүүгдэгч Б.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 41...49 дугаар данс руу шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

            Шүүгдэгч Б.Б-ийн дээрх үйлдэл нь хохирогч Х.Ц-гийн “...Б.Б-ийн ажил болох Билэг их дэлгүүрийн ажлын байран дээр нь очиж уулзахад “манай хамаатнууд бас явах гэж байгаа, манай хоёр хүүхэд, танай нөхөр, бас нэг эгч байгаа. 12 дугаар сарын 20-ны өдрийн нислэгээр явуулна, сургалтанд суугаад сертификат авчих” гэсэн. ...Орой нь 21 цагийн үед өөрийн данснаас нөхрийнхөө Худалдаа хөгжлийн банкны данс руу шилжүүлж байгаад интернет банк ашиглаж 4.000.000 төгрөг шилжүүлсэн. Хороололд манай нөхөр Б.Батсүрэн нэг сургалтанд сууж, 7 хоногийн дараа сертификат нь гарсан. 12 дугаар сарын 18-ны өдөр Б.Б- залгаж “үлдэгдэл 1.0 сая төгрөгөө яаралтай шилжүүл” гэхээр нь хоёр хуваагаад шилжүүлсэн. Тэгээд 20-ны өдөр Б.Б- рүү залгахад “150 хүн 25, 25-аараа гарах болохоор жаахан хүлээ, эхний ээлжийн хүмүүс явах гэж байгаа” гэсэн. 28-ны өдөр холбогдоход өмнө хэлснээ хэлсэн. Оны дараа утсаар дахин холбогдоход 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр манай хоёр хүн ниснэ, танай хүн 20-нд ниснэ, хүлээж бай” гэсэн. ...Тэгээд ажил дээр нь очихоор байдаггүй, утас руу нь залгахаар авдаггүй, хааяа утсаа авахаараа “би 5-6 жилийн ялаа аваад явна, харин чи амьд үлдэхгүй шүү” гэх мэтээр сүрдүүлж эхэлсэн. Би хохирсон мөнгөө олж авмаар байна” /хх18-19/, гэрч Б.Батсүрэнгийн “...өөрийнхөө данснаас эхнэрийн хэлсэн виз гаргана гэсэн хүний данс руу 4.0 сая төгрөг шилжүүлсэн. 7 хоногийн дараа гэсээр байгаад бараг 2 сар болсон. Үлдэгдэл мөнгөө гээд шаардахаар нь 1.0 сая төгрөгийг шилжүүлсэн” /хх24/, гэрч Д.Ганбаярын “...би бүртгэлийн ажилтнаараа Х.Ц- гэх хүнийг шүүлгэхэд тийм нэр байхгүй байсан. Б.Б- гэгч нь ямар нэгэн зүйл зуучилсан зүйл байхгүй. Би Б.Б-ийг танихгүй” /хх25-27/, шүүгдэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар “...Өвөрхангай, Баянхонгор аймагт ажилгүйдлийг бууруулах төслийн хүрээнд манай нөхрийн хамаатны дүү Д.Ганбаяр хэрэгжүүлээд 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Солонгос улс руу хүмүүсийг явуулах байсан. Би Х.Ц- гэх хүнийг оруулаад мөнгө авсан. Би Х.Ц-гаас 5.0 сая төгрөг аваад явуулж чадаагүйдээ гэмшиж байна. Би тэр мөнгийг хүүхдийнхээ сургалтын төлбөрт хэрэглэсэн” /хх4-7/ гэсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мөнгө шилжүүлсэн баримт /хх61-63/, Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх64-67/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан бол...” залилах гэмт хэрэгт тооцож, зохих эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан ба анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн үйлдлийг зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Б- “хийсэн хэрэгтээ гэмшиж байна, ар гэрийн хүнд байдлыг харгалзаж хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү”,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбат “шүүх өмнөх шүүхийн тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд гэмт хэрэг тооцохгүй болсон зүйлийг баримталсан нь буруу тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү. Шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргажээ.

Шүүгдэгч Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар хорих ялыг тэнсэж, 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн хугацаанд энэ гэмт хэргийг үйлдсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-т энэ хэрэгт нь 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныганхаарч үзэлгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан “Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах” журмыг хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ.

Учир нь, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг “Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол ...” гэж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тухайн гэмт хэргийн үндсэн шинжийг “Энэ хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол ...” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, 2002 оны Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт “зам ээврийн осол гаргах” гэмт хэрэг үйлдсэн байхыг шаарддаггүй /энэ шинжээр эрүүжүүлээгүй байсан бол 2015 оны Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн жолооч тухайн осол гаргасан хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан бол тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна.

2015 онд батлагдаж, 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэгт гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа Эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтахыг ойлгоно. 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолыг үзэхэд, шүүгдэгч Б.Б- нь тухайн үед дагаж мөрдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буюу 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдохгүй осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан үйлдэлд ял шийтгүүлсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Б-т ял нэмж нэгтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын зохих заалтыг хүчингүй болгож, энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Ганбатын давж заалдсан гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч Б.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, бусдад учруулсан хохирол, хохирлоос 4.0 сая төгрөг төлөгдөөгүй байдал болон шүүгдэгчийн өөрийн хувийн байдлыг харгалзаж, хуульд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 6 сар хорих ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон байх тул давж заалдсан гомдлуудад дурдагдсан “хорихоос өөр төрлийн ялаар шийтгэх”-ийг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтыг алдаатай байдлаар бичснийг зөвтгөв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/550 дугаартай шийтгэх тогтоолын 3 дахь заалтын: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан буюу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялын хэмжээг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэснийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 гэж дугаарласныг 4 гэж, 7 гэж дугаарласныг 5 гэж, 8 гэж дугаарласныг 6 гэж, 9 гэж дугаарласныг 7 гэж, 10 гэж дугаарласныг 8 гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                                    Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ