| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/173 |
| Огноо | 2024-07-25 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/173
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч Д.А,
шүүгдэгч Ш.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.а овогт Ш-ын Т-д холбогдох эрүүгийн 2413000000250 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авсныг 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 2...... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 1 дүгээр багийн .... дугаар гудамжны ....... тоотод оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 63 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480,000 төгрөгийн торгуулийн ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх У.а овогт Ш-ын Т-, регистрийн дугаартай: БЮ.................;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ .... УБЯ улсын дугаартай, Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар
1. Улсын яллагч Д.А шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгчид дахиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ энэ гэмт хэргийг үйлдэж тээврийн хэрэгсэл жолоодсон болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнтэй эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээгээр тохиролцсон байгаа. Иймд дээрх тохиролцсон хэмжээ болох түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх дүгнэлтийг гаргаж байна” гэв.
2. Шүүгдэгч Ш.Т- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний бие барилга дээр ажилладаг. Тухайн өдөр ядраад мөн аав маань хагалгаанд орсон болохоор бухимдаж байгаад архи ууж, тээврийн хэрэгсэл жолоодсон.” гэв.
3. Шүүгдэгч Ш.Т- нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал дахин 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр согтуурсан үедээ .... УБЯ улсын дугаартай, Тоёота Приус-11 загварын тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 02 дахь тал), эрх бүхий албан тушаалтны “иргэн Ш.Т-н согтуурлын хэмжээг шалгахад 2,55 хувьтай байсан талаарх” тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал), Цагдаагийн ерөнхий газрын “иргэн Ш.Т- нь 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх хасагдсан талаарх” лавлагаа (хавтаст хэргийн 16 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЗШ/1133 дугаартай шийтгэвэр (хавтаст хэргийн 20-22 дахь тал), яллагдагч Ш.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл), зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
4. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
5. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг бүрэн агуулжээ.
6. Шүүгдэгч Ш.Т- нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
7. Энэ хэргийн улмаас бусдад бодит хохирол, хор уршиг учраагүй тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
8. Прокурорын санал болгож, шүүгдэгч Ш.Т-гийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгийн торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Иймд шүүгдэгч Ш.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 төгрөгийн торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
11. Шүүгдэгч Ш.Т- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
12. Шүүгдэгч Ш.Т- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж шийдвэрлэв.
13. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.а овогт Ш-ын Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 (гурван сая) төгрөгөөр торгох ялаар,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3000000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Ш.Т-д сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч Ш.Т- нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. 2413000000250 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК