Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 182/ШШ2021/00555

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Х.х.з.х-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “М” ХХК-д холбогдох,

 

“Тусгай зөвшөөрлийн төлбөрт 36,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.х.з.х-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Х.х.з.х болон М ХХК хоёрын хооронд байгуулагдсан 14500002 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан Монгол Улсын нутаг дэвсгэрт улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх Б ангиллын тусгай зөвшөөрлийн төлбөр 35,000,000 төгрөг, мөн дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан интернэтийн үйлчилгээний зориулалттай тусгай дугаарын тусгай зөвшөөрлийн төлбөр 1,600,000 төгрөг, дээрх хоёр тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 36,600,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай. Нэхэмжлэлийн үндэслэл нь Х.х.з.х нь М.ХХК-ийн хүсэлтийн дагуу 145000002 дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Ноён сүлд ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Энэхүү тусгай зөвшөөрлийг ашиглахад зайлшгүй ашиглах шаардлагатай сүлжээг ашиглах эрхийг баталгаажуулсан сүлжээний дугаарлалтын гэрээг хожим Х.х.з.хноос Ноён сүлд ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Ноён сүлд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Нанзандорж овогтой Ням-Очир нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-ийн нийт энгийн хувьцааны  20 хувийг бэлэглэлийн гэрээгээр эзэмшиж, Ноён сүлд ХХК болон М ХХК нь хамаарал бүхий компаниуд болсон.Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Ноён сүлд компанийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Н.Н М ХХК-ийн нийт энгийн хувьцааны  20 хувийг эзэмших болсон гэдэг үндэслэлээр Ноён сүлд болон М ХХК-аас 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гаргасан 14500002 дугаар тусгай зөвшөөрлийг М ХХК-д шилжүүлэх хүсэлтийг Х.х.з.х хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн. Х.х.з.х-ноос 14500002 дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй хугацаатайгаар шилжүүлэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр М ХХК-д олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг шинэчлэн байгуулжээ. М ХХК нь нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар тусгай зөвшөөрлийн гэрээнд заасан 2010-2013 оныг гурван жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрт 15,000,000 төгрөг, 2013-2014 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 5,000,000 төгрөг, 2014-2015 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 5,000,000  төгрөг, 2015-2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 5,000,000 төгрөг, 2016-2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 5,000,000 төгрөг нийт 35,000,000 төгрөгийн төлбөрийг, М ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар сүлжээний дугаарлалтын гэрээнд заасан 2009-2010 оны тусгай зөвшөөрлийн төлбөр болох 200,000 төгрөг, 2010-2011 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 200,000 төгрөг, 2011-2012 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 200,000, 2012-2013 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 200,000 төгрөг, 2013-2014 оны төлбөр 200,000 төгрөг, 2014-2015 оны  төлбөр 200,000 төгрөг, 2015-2016 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 200,000 төгрөг, 2016-2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөр 200,000 төгрөг нийт 1,600,000 төгрөг , дээрх хоёр тусгай зөвшөөрлийн төлбөр 36,600,000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойших хугацаанд Х.х.з.х-ноос М ХХК-д төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа хороонд бүртгэлтэй хаягаар хүргүүлж байсан. Төлбөрийн нэхэмжлэлийг эх хувиар нь хүргэж, холбоо тогтоохоор бүртгэлтэй хаягаар нь очсон боловч тухайн хаяг нь өөрчлөгдсөн хаяг дээрээ үйл ажиллагаа явуулаагүй байсан. 2020 оны 09 дүгээр сарын 09-ны өдөр 13 цагийн үед ерөнхий захирал Б-тай холбогдоход М гэж компани байхгүй төлөх үндэслэлгүй гэх хариу өгөв. Иймд М ХХК-аас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

Улс хоорондын ярианы үйлчилгээний гэрээний төлбөрт 35,000,000 төгрөг шаардаж байгаа. 2010-2015 оны төлбөр буюу 25,000,000 төгрөг “Ноён сүлд” компанийн өр төлбөрийн асуудал. 2015-2017 он шилжиж авснаас хойших өр төлбөр 10 сая төгрөг нь М компанитай холбогдолтой.

Өмнөх өр төлбөрийг төлөх үүрэг шилжсэн гэж үзэж байгаа.

Тусгай зөвшөөрөл олгосны дараа нөхцөл шаардлагыг тодорхойлж байгаагийн адилаар гэрээг хийж байгаа. Ямар үндэслэлээр шаардаж байна вэ гэхээр Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.10 дахь хэсэгт зааснаар тус тус шаардаж байна.

Харилцаа холбооны тухай хуульд заасан үүрэг шаардаж байна. Харилцаа холбооны тухай хуулийн 25.2.10 дээр төлөх үүрэг хүлээсэн, энэ үүргийн дагуу нэхэмжлэлийг шаардаж байна” гэв.

 

Хариуцагч “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Монгол улсын нутаг дэвсгэрт байрлах Олон улсын хооронд ярих эрх бүхий карт худалдан борлуулах үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл анх “Ноён сүлд” компанид эрх нь авагдсан. Энэ үйл ажиллагааг 2001-2011 оны хооронд явуулж байсан. Энэ хугацаанд нэхэмжлэлд дурдсан 2 тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөд явж байсан. 2008 онд “Ноён сүлд” компани МАХН-ын төв байрны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан. 07 дугаар сарын 01-ний өдрийн үймээнээр шатахад тоног төхөөрөмж болон мөнгө нь шатаад нийт 309,835,000 төгрөгийн хохирол учирсан. Худалдаад авсан байсан картаа зарах үйл ажиллагаа явуулж байгаад “Ноён сүлд” ХХК 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй. 2016 онд нэхэмжлэлд дурдсан үйл баримтууд болсон. н.Ням-Очир гэдэг хүн “Ноён сүлд” компани “М” компанийн хорин хувийг салгаж гарсан. н.Ням-Очир гэдэг хүн өөрөө тусгай зөвшөөрлийг авна гэдэг агуулгаар Х.х.з.хнд хүсэлт гаргасан. “Ноён сүлд” компанийн захирал н.Байгалмаа гэдэг хүн хоёр талаас хүсэлт гаргаад лицензийн эрх нь “М” руу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрээ байгуулсан. “Ноён сүлд” ХХК үйл ажиллагаагаа зогсоогоод техник тоног төхөөрөмжийн хувьд картын хувьд үйл ажиллагаа явуулах боломжгүй боллоо гээд хүсэлтээ өгөөгүй явчихсан. Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.2-т харилцаа холбооны тухай хууль тогтоомжийг зөрчсөн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 15.1.3-т тусгай зөвшөөрөл авсан өдрөөс нэг жил үйл ажиллагаа явуулаагүй этгээдийн тусгай зөвшөөрлийг цуцална гэж нэхэмжлэгчийн яриад байгаа үүргийг заасан. Гэтэл 2012 оноос хойш тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг төлөөгүй нь батлагдаад байхад гэрээ цуцлах үүрэг Х.х.з.х-нд байсан. Энэ үүргээ биелүүлээгүй. Дээр нь 2017 оны  02 дугаар сарын  21-ний өдөр “М” ХХК-тай Х.х.з.х гэрээ байгуулах хүртэл “Ноён сүлд” ХХК дээр энэ эрх байхад “Ноён сүлд” ХХК-тай төлбөр нэхэмжлэх, гэрээ сунгах гэх мэт үйл ажиллагаа явагдаагүй. “М” ХХК-той гэрээ байгуулахдаа 2012 оноос эхлээд 5 жилийн хугацаатай 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл гэрээ байгуулсан. М компани нь Олон улсын интернэт ярианы болон ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Харилцаа холбооны зохицуулах хуулийн 15.1.2, 15.1.3-т заасан үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагаа явуулаагүй. Өмнө нь нотлох баримтаар өгч байгаа Мэдээлэл холбооны сүлжээ компанитай харилцаа холбооны гэрээ байгуулж байж үйл ажиллагаа явуулдаг. Энэ гэрээ байгуулагдаагүй. Ийм учраас М буюу Ноён сүлд компани 2011 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь батлагдаж байгаа юм. 2017 оны 02 дугаар сарын 21-ны өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гарахдаа буюу тусгай зөвшөөрлийн нэхэмжлэлд дурдсан төлбөрүүдийг нэхэмжлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр төлбөрийн нэхэмжлэл байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Гэрээ байгуулсан өдөр 2017 оны 02 дугаар сарын  21-нээс хойш болон өмнө нь ямар нэгэн байдлаар  олон улсын интернэт яриа явуулах үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 338.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Х.х.з.г хэлж байсан энэ үүргээ биелүүлээгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

             ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.х.з.х нь хариуцагч “М” ХХК-д холбогдуулан “14500002 (044/Б/IDD14) дугаар бүхий “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-нд заасан “Монгол улсын нутаг дэвсгэрт улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангилал”-ийн тусгай зөвшөөрлийн төлбөр 35,000,000 төгрөг, 14500002 (044/Б/IDD14) дугаар бүхий “Тусгай зөвшөөрлийн гэрээний” хавсралт Сүлжээний дугаарлалтын гэрээ”-нд заасан Интернэтийн үйлчилгээний зориулалттай тусгай дугаарлалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 1,600,000, нийт 36,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Х.х.з.х нь “Ноён сүлд” ХХК-д 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 5 жилийн хугацаатай улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх хүрээнд улс хоорондын ярианы үйлчилгээ /VoIP/ үзүүлэх чиглэлээр 044/Б/IDD14 дугаартай, “Б” ангиллын тусгай зөвшөөрлийг олгосон талаар талууд маргаагүй байна.

 

Дээрх тусгай зөвшөөрлийн дагуу нэхэмжлэгч Х.х.з.х нь “Ноён сүлд” ХХК-тай “Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн” гэрээ байгуулагдсан байх бөгөөд, уг гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Ноён сүлд” ХХК нь Монгол улсад улс хоорондын ярианы үйлчилгээ эрхэлж, Х.х.з.хнд тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн байна. /хх-ийн 26-31 дүгээр тал/

 

Түүнчлэн, Х.х.з.хны 2014 оны 13 тоот тогтоол болон улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх 044/Б/IDD 14 тусгай зөвшөөрлийн 4.4-р заалтыг үндэслэж “Ноён сүлд” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлд зориулж сүлжээний 1689 дугаарлалтыг цахилгаан холбооны сүлжээнд ашиглах, дугаар эзэмшигч нь зохицуулах хорооноос баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд заасны дагуу дугаарлалтын төлбөрийг жил бүр төлөхөөр талууд тохиролцжээ. /хх-ийн 20 дугаар тал/

 

Хариуцагч “М” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.х.з.хнд хүсэлт гаргаж “Ноён сүлд” ХХК-ийн нэр дээрх олон улсын телефон ярианы үйлчилгээ эрхлэх 044/Б/IDD 14 дугаартай тусгай зөвшөөрлийн үйлчилгээ эрхлэх эрхийг шилжүүлэн олгуулах хүсэлт болон “Ноён сүлд” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Х.х.з.хнд үйл ажиллагааны чиглэл, компанийн бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор тусгай зөвшөөрлөө хөрөнгө оруулагчийн хамаарал бүхий “М” ХХК-д шилжүүлэх хүсэлт гаргажээ.

 

Дээрх хүсэлтийн дагуу 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Х.х.з.хноос “Ноён сүлд” ХХК-тай байгуулсан 044/Б/IDD 14 тоот тусгай зөвшөөрлийн гэрээний дугаарлалт болон эзэмшилд өөрчлөлт оруулан “М” ХХК-тай 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 145000002 тоот Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээг 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл байгуулсан байна. /хх-ийн 13-18 дугаар тал/

 

Өөрөөр хэлбэл, Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын тусгай зөвшөөрлийн эзэмшигч нь хариуцагч “М” ХХК болсон байх бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч болон гэрээний хувьд гэрээний тал буюу эзэмшигч өөрчлөгдсөн гэж үзэхээр байна.

 

Дээрх байдал нь зохигчдын тайлбар, “Ноён сүлд” ХХК, “М” ХХК-ийн хүсэлт, 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 14500002 тоот “Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн” гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 044/Б/IDD 14 тоот “Улсын хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээ, 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Ноён сүлд” ХХК-д олгосон сүлжээний дугаарлалтын гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдсон.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...14500002 (044/Б/IDD14) дугаартай тусгай зөвшөөрлийг анх 2010 оны 03 дугаар сарын 05-ны өдөр “Ноён Сүлд” ХХК олгож, “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г байгуулсан.

”Сүлжээний дугаарлалтын гэрээ”-г хожим “Ноён Сүлд” ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан байна.

14500002 (044/Б/IDD14) дугаартай тусгай зөвшөөрлийг 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрийг дуустал хүчинтэй хугацаатайгаар шилжүүлэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр “М” ХХК-д олгож, “Тусгай зөвшөөрлийн гэрээ”-г байгуулжээ.

2010-2017 оны тусгай зөвшөөрлийн нийт төлбөр 35,000,000 төгрөгийн төлбөрийг, “Сүлжээний дугаарлалтын гэрээ”-нд заасан 2009-2017 оны тусгай зөвшөөрлийн төлбөр, нийт 1,600.000 төгрөг, нийт төлбөр 36.600.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй. Өмнөх өр төлбөрийг төлөх үүрэг шилжсэн гэж үзэж байгаа.

Ямар үндэслэлээр шаардаж байна вэ гэхээр Харилцаа холбооны тухай хуулийн 9.1.2, 25.2.10 дахь хэсэгт зааснаар тус тус шаардаж байна.

Харилцаа холбооны тухай хуульд заасан үүрэг шаардаж байна...” гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “... “Ноён сүлд” ХХК нь 2011 оноос олон улсын ярианы үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн. 2016 онд “Ноён сүлд” ХХК-ийн эзэмшил өөр хүнд шилжиж, үйл ажиллагаа нь өөрчлөгдсөн учир “М” ХХК-ийг тусад нь гаргаж энэ үйл ажиллагааны хүрээнд автоматаар “М” ХХК-ийн үйл ажиллагаа 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс тусгай зөвшөөрөл шилжсэн.

“М” ХХК нь бие дааж олон улсын ярианы эрхийн үйлчилгээ явуулаагүй, “Ноён сүлд” ХХК нь улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх үйл ажиллагаа нь 2011 оноор дуусгавар болсон болно.

Мөн Харилцаа холбооны тухай хуулийн 15.1.2, 15.1.3 дахь заалтын хүрээнд “Ноён сүлд” ХХК нь болон “М” ХХК-ийн улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл 2011 оноос цуцлагдсан байх хуулийн зохицуулалттай байна.

2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гарахдаа буюу тусгай зөвшөөрлийн нэхэмжлэлд дурдсан төлбөрүүдийг нэхэмжлэхдээ 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр болон 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн хоёр төлбөрийн нэхэмжлэл байгаа. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байдаг. Гэрээ байгуулсан өдөр 2017 оны 02 дугаар сарын  21-нээс хойш болон өмнө нь ямар нэгэн байдлаар олон улсын интернэт яриа явуулах үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой байна. Гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа буюу нэхэмжлэл  гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзэж байгаа учраас Иргэний хуулийн 338.3-т заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа дууссан шаардлагуудыг хооронд нь тооцож үүргийг дуусгавар болгож болно гэсэн заалтын дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харилцаа холбооны зохицуулах газар хэлж байсан энэ үүргээ биелүүлээгүй...” гэж маргажээ.

 

Талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцаа нь худалдах-худалдан авах гэрээний харилцаанд хамаарах бөгөөд энэхүү харилцаанаас үүссэн маргаан буюу аливаа шаардах эрх нь Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээний эрх зүйн зохицуулалтад хамаарч байх бөгөөд хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ.

 

Харилцаа холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлд сүлжээ, үйлчилгээ, үйлчлэгч, хэрэглэгч, харилцаа холбоо гэсэн хуулийн нэр томьёог тайлбарласан байх ба, 3.1.6-д хэрэглэгч гэж харилцаа холбооны үйлчилгээ үзүүлэх гэрээнд үйлчилгээг худалдан авах эрхтэйгээр оролцож байгаа иргэн, хуулийн этгээдийг ойлгоно, 3.1.10-т харилцаа холбоо гэж цахилгаан холбоо, радио телевиз, шуудан, мэдээллийн технологийн бүх төрлийг ойлгоно, 16 дугаар зүйлийн 16.1-д харилцаа холбооны сүлжээ нь цахилгаан холбоо, шуудан, радио, телевизийн болон мэдээллийн /интернэт, компьютер зэрэг бусад/ сүлжээнээс бүрдэнэ гэж тус тус заасан байна. Иймд илүү нарийвчилсан зохицуулалтыг Харилцаа холбооны тухай хууль байна гэж үзлээ.

 

Хариуцагч “М” ХХК нь дээрх гэрээний дагуу тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсон байх бөгөөд гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй байна.

 

Уг төлбөрийг төлөхийг Х.х.з.хноос 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл, 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл хэрэгт авагдсан байна.

 

Тусгай зөвшөөрлийн гэрээний 3 дугаар зүйлийн тусгай зөвшөөрлөөр олгогдсон эрх, хэмжээ хэсгийн 3.1-д Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх. Энэхүү зөвшөөрлийн хүрээнд улс хоорондын ярианы үйлчилгээ (VoIP) үзүүлнэ.

 

6 дугаар зүйлийн тусгай зөвшөөрөл эзэмшигчид үзүүлсэн зохицуулалтын үйлчилгээний хөлс хэсгийн 6.1-д Зөвшөөрөл эзэмшигч нь шинээр зөвшөөрөл авч байгаа тохиолдолд зөвшөөрлийн төлбөрийг зохицуулах хорооноос баталсан “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үзүүлэх зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ”-нд зааснаар тусгай зөвшөөрөл, эрхийн бичиг олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс хойш 30 хоногийн дотор тусгай зөвшөөрөл, эрхийн бичгийн гэрээ байгуулж, Зохицуулах хорооны Голомт банкны... дансанд нэхэмжлэхийн дагуу төлнө,

 

6.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журам”-ын дагуу ээлжит жилийн төлбөрийг тусгай зөвшөөрөл олгосон тухай шийдвэр гарсан өдрөөс нэг сарын өмнө Зохицуулах хорооны Голомт банкин дахь .... тоот дансанд төлнө,

 

Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2.-т хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох, хугацааг сунгах, тусгай зөвшөөрөлд нэмэлт, өөрчлөлт оруулах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлага болон холбогдох журмыг батлах, гэрээ байгуулах, биелэлтэд хяналт тавих;

 

25 дугаар зүйлийн 25.1‑д үйлчлэгч нь дараах эрхтэй байна, 25 дугаар зүйлийн 25.1.2‑т хэрэглэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол үйлчилгээг зогсоох, гэрээг цуцлах, 25.2.10-т зохицуулалтын үйлчилгээний хөлс төлөх;

 

26 дугаар зүйлийн 26.2‑т хэрэглэгч дараах үүрэгтэй байна, 26.2.2‑т харилцаа холбооны үйлчилгээний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж тус тус зохицуулсан.

 

Иймд нэхэмжлэгч Х.х.з.х нь хариуцагч “М” ХХК-иас хууль болон гэрээний дээрх заалтын дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х.х.з.х нь хариуцагч “М” ХХК-иас тусгай зөвшөөрөлийн гэрээнийн дагуу 2010-2011 оны төлбөр, сүлжээний дугаарлалтын гэрээнийн дагуу 2009-2011 оны төлбөрийг нэхэмжилсэн боловч хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улс хоорондын ярианы үйлчилгээ эрхлэх “Б” ангиллын зөвшөөрлийн гэрээ 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаа хамаарч байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хугацааны төлбөрийг хариуцагчаас шаардах эрхгүй гэж үзлээ.

 

Түүнчлэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гэрээний үүрэг шаардсан байх бөгөөд нэхэмжлэгчийн шаардлага гаргах хугацаа нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан зохицуулалтад хамаарч байна.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 оны төлбөр шаардсан шаардлагын тухайд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1, 76.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолдог бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсдэг.

 

Нэхэмжлэгч Х.х.з.хны итгэмжлэгдсэн төлөөлөгч Харилцаа холбооны тухай хуульд заасны дагуу төлөх төлбөр шаардсан гэж тайлбарладаг бөгөөд шүүх талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний төлбөрийг шаардах эрх 2017 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн үүссэн гэж үзэхээр байна. Гэтэл нэхэмжлэгч Х.х.з.х нь 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлээ шүүхэд гаргасан байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа төлбөр төлөх үүрэг үүснээс хойших хугацаанд төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа бүртгэлтэй хаягаар хүргүүлж байсан гэж тайлбарлах боловч энэ талаар баримт байхгүй бөгөөд уг нэхэмжлэлийн шаардлагыг 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Худалдах-худалдан авах гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх бөгөөд шүүхэд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүйгээс гадна үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан буюу өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүйгээр хугацааг дахин шинээр эхлэн тоолох Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийг 79.1, 79.7-д заасан үндэслэл үүсээгүй болно.

 

Нөгөө талаар, Иргэний хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг түр зогсоох нөхцөл байдал үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Хөөн хэлэлцэх хугацааг хариуцагч өнгөрөөсөн явдал хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүх Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хугацааг сэргээх боломжгүй юм.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, зогссон, үүргийн гүйцэтгэлийг хариуцагч тал хүлээн зөвшөөрсөн гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч Х.х.з.х нь хуульд заасан хугацааны дотор шүүхэд хандаж чадаагүй шалтгаан нь баримтаар тогтоогдоогүй болно.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх  шалтгаанаар хэтрүүлснээ баримтаар нотлоогүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т ”зохигч, түүний төлөөлөгч  нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа  эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй ба тэрээр нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзлээ.

 

Иймд шүүх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэж, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх үндэслэлээр хариуцагч “М” ХХК-д холбогдох, нэхэмжлэгч Х.х.з.хны 36,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

            Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 75 дугаар зүйлийн 75.2.1, Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10, 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 36,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.х.з.х-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах  эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             И.АМАРТӨГС