Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 182/ШШ2021/00645

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.А-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-т холбогдох,

 

“Ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, Н.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Аг 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Анхан шатны №182/ШШ2020/00356 тоот ажилд эргүүлэн томилох, ажилгүй байсан өдрүүдийн цалинтай тэмцэх нөхөн олговор олгох гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч “Э.Х.Ү.ү.т.п” ОНӨТҮГ шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй ажилд авахгүй нааш цааш нь удаа дараа явуулж цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохироосон.

Ингээд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын даргын Б/26 тоот тушаалаар Олон нийт хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсон. Ажилд томилогдох хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг олгож өгөх талаар зохих дээд шатны байгууллага албан тушаалтанд хандсан боловч шийдвэрлэж өгөх талаар зохих дээд шатны байгууллага албан тушаалтанд хандсан боловч шийдвэрлэж өгөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №182/ШШ2020/00356 тоот шийдвэрийг шийдэж өгөлгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №Б/26 тоот тушаал гарч ажилд эгүүлэн томилсон. Нөхөн олговор болох 3,857,963 төгрөгийг өнөөдрийг хүртэл шийдэж өгөөгүй ба 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх цалинтай тэнцэх 6,680,000 төгрөгийг амралтын мөнгө болох 734,850 төгрөг, нийт 7,414,850 төгрөгийн нөхөн олговрыг гаргуулж өгнө үү” гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гын шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Иргэний  шүүхэд удаа дараа хандаад хамгийн сүүлд 2020 оны 5 дугаар сарын  14-нд хоёр шатны шүүх хурал болоод албадан шийдвэрлүүлэх хүсэлт өгсөн. Хоёр шатны шүүхийн шийдвэр гараад А-г ажилд нь эргүүлэн томилж өгөөч гэж удаа дараа хүсэлт тавихад хариу өгөөгүй. Миний бие хүсэлт гаргаж өгсөн. Хүсэлтдээ Давж заалдах магадлалыг албадан биелүүлж өгөөч гэж хүсэлт гаргаад Шүүхийн шийдвэрт очсон. Шүүхийн шийдвэрээс шийдэж өгөхгүй байсаар 09 дүгээр сарын 24-ны өдөр дахин хүсэлт өгөөд тэр хүсэлтийг үндэслэн Шүүхийн шийдвэрээс шахалт үзүүлэн 10 дугаар сарын 05-ны өдөр ажилд нь томилсон. А ажилд ороод ямар ч ажиллах боломжгүй, А ажилд ороод ажиллах байраар хангаж өгөхгүй байсан учир хүүхэд асрах чөлөө олгуулсан. 2020 оны 02 дугаар сарын 12-аас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ажилд орсон хугацааны цалин, амралтын мөнгийг олгож өгөөч гэж удаа дараа хүсэлт тавиад шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй яваад байгаа. Ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 02 дугаар сарын 12-аас 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн  7,414,850 төгрөгийг олгож өгнө” гэв.

 

Хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хурал болсны дараагаар Э.Аг ажилд нь эгүүлэн томилох талаар тус газрын ажилтан тухай үеийн Газрын дарга Г.Наранбаяр, Захиргааны хэлтсийн дарга Д.Энх-Амгалан нар нь удаа дараа дуудсан боловч ирж уулзаагүй.

Ингэж явсаар 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр анх ирж уулзсан өдрөөс Э.Аг ажилд эгүүлэн томилсон болно.

“Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГазар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.Аг ажилд нь эгүүлэн томилох хүсэлтэй байсан. Харин нэхэмжлэгч нь удаа дараа дуудсан боловч ирж уулзаагүй нь санаатайгаар хугацаа хожсон үйлдэл байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.

 

Хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Давж заалдах шатны шүүх хурал болсон. Шүүх хурлын дараа н.Н дарга Э.Аг дуудсан ирээгүй учраас тушаалыг гаргаагүй гэдэг тайлбарыг өгсөн. Хэдийгээр шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй байсан боловч тухайн цаг үед ажил дээр нь өөр ажилтан ажиллаж байсан. Ажилд томилъё хүрээд ирээч оронд нь байгаа ажилтныг чөлөөлье гээд удаа дараа н.Н дарга, н.Э-А гэдэг хүмүүс ярихад ирэхгүй байсан учраас тухайн үед тушаалыг гаргаж өгөөгүй. Дараа нь ирж уулзсаны дараа тушаалыг гаргаж өгсөн. Тийм учраас шүүхэд гэрчээр оролцуулъя гэдэг хүсэлт гаргасан. Тийм ч учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 10 дугаар сарын  07-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага нь ажилгүй байсан хугацааны цалин амралтын мөнгө гаргах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх шаардлагад 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн цалинг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Энэ хооронд ажилд эргүүлэн томилох тухай шаардлага байхгүй гэдгийг харгалзан үзнэ үү. Ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулъя гэж байгаа. Тухайн анхан шатны шүүхийн шийдвэрээс ажилд томилох хугацаа байгаа. Энэ хугацаанд ажилдаа томилуулах үгүйгээ нэхэмжлэлдээ дурдаагүй, нэхэмжлэлийн шаардлага ажилд эргүүлэн томилох шаардлага харагдахгүй байна. Амралтын мөнгийг яаж тооцож байгаа  талаар хэдэн жил ажиллаж байгаагаа нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Тухайн ажилтны ажилласан жилээс нь хамаарч амралтын мөнгийг олгодог, Хөдөлмөрийн тухай хуулийн 79-д заасан. Тиймээс амралтын мөнгө болоод нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

                                                                                                                        ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-т холбогдуулан “Ажилгүй байсан хугацааны цалин, амралтын мөнгийг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

 

            Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨААТҮГ-ын даргын 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар Э.х.ү.ү.т.п” ОНӨААТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ба, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 14-ны өдрийн 182/ШШ2020/00356 дугаартай шийдвэрээр “Э.х.ү.ү.т.п”  ОНӨААТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт нийт 3,857,963 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэнд даатгалын дэвтэрт бичилт хийж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

 

Дээрх шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 809 дүгээр магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримт зэргээр нотлогдож байна. /хх-ийн 7-10, 11-14 дүгээр тал/

 

Шүүх Э.А-г ажлаас үндэслэлгүй халсан гэж үзэж, урьд эрхэлж байсан “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3,857,963 төгрөгийг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байх ба дээрх шүүхийн дээрх шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар дахин нотлохгүй болно.

 

Ажил олгогч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын дарга нь нэхэмжлэгч Э.А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсон шийдвэрийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.Аг олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн томилсон болох нь “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-ын даргын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/26 дугаар тушаал болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-ийн 3 дугаар тал/

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан учир Э.А-г ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “Э.х.ү.ү.т.п”  ОНӨТҮГ-аас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гараагүй, эсхүл давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх хянаад гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гараагүй, эсхүл давж заалдах шатны шүүхийн магадлалд гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн буюу өөрчилсөн тогтоол гаргасан бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болдог байна. Энэ утгаар ажил олгогч хууль бус шийдвэр гаргасны үр дагаврыг ажилтны ажилгүй байсан бүх хугацаанд, түүний дотор гурван шатны шүүхээр тухайн эрх зүйн маргаан хянан шийдвэрлэгдэх хугацааг багтаан хариуцах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан шаардлагад нийцнэ.

 

Өөрөөр хэлбэл, ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гараагүй бол ажилтан шүүхэд эрхээ хамгаалуулахаар хандах үндэслэл үүсэхгүй байсны адил эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг ажил олгогч хүндэтгэн биелүүлэх, эсхүл эс зөвшөөрч, гомдол гаргах нь түүний эрхийн асуудал тул гомдол гаргасны үр дагаврыг хариуцах хууль зүйн үндэслэлтэй болно

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар хэргийн оролцогч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй ба шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй болно. Харин шүүхээр шийдвэрлэгдсэн маргаантай холбоотой боловч өөр үндэслэлтэй өөр шаардлагыг шүүхээр хянан шийдвэрлүүлэхэд шүүхийн урьд гарсан шийдвэр саад болох учиргүй юм.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.А ажлаас үндэслэлгүй халагдсан үйл баримтын талаар тухайн хэргийн оролцогчид дахин маргах эрхгүйгээс гадна түүнийг ажилд эгүүлэн тогтоох, ажлаас халагдсан өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговрыг олгох зэрэг асуудлаар шүүх дахин шийдвэр гаргахгүй боловч шүүхийн шийдвэр гарснаас хойших ажилд эгүүлэн томилох хүртэлх хугацаанд ажилгүй байсан үеийн цалинтай тэнцэх нөхөх олговрын асуудлаар ажилтан шүүхэд хандах эрхтэй байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно.

 

            Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т “Мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцно.” гэж заасан байх тул  ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно.

 

Иймд нэхэмжлэгч Э.А-г урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон Чингэлтэй дүүргийн Иргэний  хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 356 дугаар шийдвэр гарсан 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс хойш түүнийг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ажилд нь томилох хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэснээс хойш ажил олгогчийн ажилд эгүүлэн томилсон 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт ажлын 159 хоног ажилгүй байсан байна.

 

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргахаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд заасны дагуу гомдлоо гаргана. 

        

“Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 128/ШШ2020/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 809 дугаар магадлалыг 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр биелүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч Э.А 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Хөдөлмөрийн тухай хуульд заасан гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж үзнэ. 

 

Иймд нэхэмжлэгч Э.Аг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-аас гаргуулах нь зүйтэй байна.

Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт нэхэмжлэгч Э.А-гийн сарын дундаж цалинг 805,303 төгрөг гэж тодохойлсон байх тул ажилтны сарын дундаж цалинг 805,303 төгрөг буюу нэг өдрийн 37,455 төгрөг гэж тооцсон болно.

 

Нэхэмжлэгч Э.А-гийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор нь 5,955,345 төгрөг болж байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-аас 5,955,345 төгрөг гаргуулан Э.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 724,655 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй  болгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь ээлжийн амралтын олговор 734,850 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийн шаардлагын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно”, 55.2-т “Ээлжийн амралтын олговрыг ажилтны тухайн ажлын жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтооно.”, мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.” гэж тус тус заасан байна.

 

Нэхэмжлэгч Э.А нь 2020 онд ээлжийн амралт эдэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүнийг хариуцагчийн тушаалаар 2019  оны 09 дүгээр сарын 16-ны өдөр ажлаас чөлөөлснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 356 дугаар шийдвэрээр ажилд нь эгүүлэн томилж, тэрээр ажилдаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс буцаан томилогдож, 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс хүүхэд асрах чөлөө олгогдсон буюу 2020 онд ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй байна.

 

Хуульд зааснаар Э.А нь ээлжийн амралт эдэлсэн боловч тухайн амралтын хугацааны олговрыг аваагүй тохиолдолд шаардах эрхтэй бөгөөд харин ээлжийн амралт эдлээгүй ажлаас чөлөөлөгдсөн бол ажилгүй байсан хугацааны олговрыг шаардах эрхтэй юм. Иймд Э.А-г ажил үүргээ биеэр гүйцэтгээгүй тул ээлжийн амралтын олговор 734,850 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасны дагуу хариуцагч “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-т нэхэмжлэгч Э.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасаж тооцож, нөхөн бичилт хийхийг даалгах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

            1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг тус тус баримтлан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,955,345 төгрөгийг хариуцагч “Э.х.ү.ү.т.п”  ОНӨТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,459,505 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл,  хураамж төлсөн тухайн бичилт хийхийг “Э.х.ү.ү.т.п” ОНӨТҮГ-т даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133,587 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 110,235 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгосугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               И.АМАРТӨГС