| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Акраны Дауренбек |
| Хэргийн индекс | 161/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/180 |
| Огноо | 2024-08-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/180
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-,
шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А-,
шүүгдэгч М.Н-, М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А-ээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ийн Б-, Х овогт М-ийн Н- нарт холбогдох эрүүгийн 2413000000177 дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 46 минутад хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 19..... оны ..... дугаар сарын ....-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, ....... настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эх, дүүгийн хамт Баян-Өлгий аймаг Улаанхус сумын ........ дугаар багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх Х овогт М-ийн Б-, регистрийн дугаартай: БЮ........;
2. Монгол Улсын иргэн, 19.... оны .... дугаар сарын ....-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, .... настай, эрэгтэй, дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг Өлгий сумын ..... дүгээр багт оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Х овогт М-ийн Н-, регистрийн дугаартай: БЮ............;
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь бүлэглэн, хамтран оролцож 2024 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ..... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” баарны бүжгийн талбайд үл ойлголцох маргааны улмаас иргэн Ж.Р-ыг гартаа барьсан модоор толгой, нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд зүүн чих, баруун гарын долоовор хуруунд шалбарсан шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна. Хохирогчийн хувьд хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй, мөн түүний хууль ёсны төлөөлөгчөөс хохирол, хор уршгийн талаар баримт гаргаж өгөөгүй, хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ” гэв.
2. Шүүгдэгч М.Н- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр архи уухгүй, бүжиглэхээр очсон. Тухайн газарт таньдаг хүнд салгаж аваарай гэж хэлэхэд нэг хүн толгой тус газарт маань шилээр цохисон. Ухаан алдсан. Дараа нь юу болсныг мэдэхгүй. Өөрийгөө хамгаалахын тулд буруу зүйлд холбогдсон бол уучлал гуйж байна” гэв.
3. Шүүгдэгч М.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.
4. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.А- шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н- нь гэм буруугаа хүлээж байгаа. Харин шүүгдэгч М.Б- нь гэм буруугүй гэж байх тул хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2413000000177 дугаартай хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд улсын яллагчаас:
5. Эд зүйл /дүрс бичлэг бүхий сиди/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,
6. Хохирогч Ж.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
7. Хохирогч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
8. Гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
9. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичмэл, бичмэл бус нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
10. Шүүгдэгч М.Н-, М.Б-, түүний өмгөөлөгч С.А- нараас хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас шинжлэн судлуулаагүй болно.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
11.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгчийн хувийн байдлын талаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хамааралтай, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байна.
12. Шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч М.Н-, М.Б- нарт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
Хэргийн үйл баримт:
13. Шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь бүлэглэн, хамтран оролцож 2024 оны 4 дүгээр сарын 10-ны шөнийн 23 цагийн орчимд Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Думан” баарны бүжгийн талбайд үл ойлголцох маргааны улмаас иргэн Ж.Р-ыг гартаа барьсан модоор толгой, нүүр хэсэг рүү нь цохиж, эрүүл мэндэд зүүн чих, баруун гарын долоовор хуруунд шалбарсан шархтай гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
14. Эд зүйл /дүрс бичлэг бүхий сиди/-д үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 08-10 дахь тал/,
15. Хохирогч Ж.Р-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз болох Х.Е-ы хамт гадуур явж пиво уугаад 22 цагийн үед “Думан” бааранд бүжиглэхээр очсон. Тухайн үед бид хоёр хоёулхнаа байсан. Очиход бүжгийн талбай дээр хүмүүс бүжиглэж байсан. Тухайн үед бүжгийн талбайд зүс таних А-, түүний хажууд нэг эмэгтэй нар явж байсан. Тэд нартай хамт бүжиглэж байсан. Мөн зүс таних А- гэдэг залуу бас бүжиглэж байсан. Тухайн үед А- бид нартай нийлээгүй бөгөөд өөрөө зайдуу газар бүжиглэж байсан. Тэгэхэд араас хар өнгийн савхи өмссөн залуу ирж дахин дахин шүргээд байсан. Тэгээд би тэр залуугаас “чи яагаад намайг шүргээд байгаа юм бэ” гэхэд тэр залуу миний чихэнд "уучлаарай намайг араас тэр нэг саравчтай малгай өмссөн залуу дахин дахин түлхээд тэрнээс болж би танд ирж мөргөлдөөд байна" гэж хэлээд манай хойд талд бүжиглэж байсан нэг залууг харуулсан. Тэгээд би нөгөө залууг дагуулаад тэр залуу дээр очиж юм ярих гэхэд намайг түлхэх гэж байсан уу, цохих гэж байсан уу, тэгэхэд би түүнийг нэг удаа зүүн гараараа нүүрэн тус газар цохисон юм. Тэр үед нөгөө залуу шууд шал руу унасан. Тэгээд шууд тэнд зодоон эхэлсэн. Тэр нөгөө залуу дайраад байхаар нь би түүнийг дахин нэг удаа хүчтэй цохисон юм. Кассын хажууд тэгэхэд Е-ыг зодож байхаар нь би очоод нөгөө залууг дахин нэг удаа цохиж тэр хэсэгт зодоон эхэлсэн. Тухайн үед Е- бид хоёрыг нөгөө намайг цохисон залуу болон түүний хажууд явсан улаан малгай өмссөн залуу нар цохиж эхэлсэн бөгөөд бид дөрвийн дунд харилцан зодоон үүссэн. Тэр үед А- салгах гэж их оролдсон боловч нөгөө анх надад зодуулсан залуу хүч өгөөгүй. Тэр хэсэгт хэсэг зодолдож байгаад, Думан баарны үүдний коридорт гарч ирээд нөгөө залууг би дахин нэг удаа цохисон юм. Тэгэхэд бид нарыг баарны хамгаалагч нар болон бусад хүмүүс салгаж гадаа гаргасан. Е- бид хоёр гадаа байж байгаад Е- бид хоёр хоорондоо “энэ маргааш асуудал болох вий дээ, орж ярилцъя гэж” хэлээд орох гэхэд хаалгыг хэн нэгэн цаанаас дарж байсан. Би уг хаалгыг өшиглөж түрүүлж ороход нөгөө бид нартай зодолдсон хоёр залуу гартаа сандлын хугархай мод авсан шууд над руу дайрч хоёр талаас нүүр, нүдгүй цохиж зодож эхэлсэн. Тухайн үед миний толгой маш хүчтэй өвдсөн бөгөөд зүүн талын чихний араас цус гарсан юм. Тэгж байтал Е- орж ирэхэд нөгөө хоёр залуу мөн адил гартаа байсан модоор Е-ыг зодож, нүүр, нүдгүй цохиж газар унагааж газар унасны дараа ч гэсэн түүний толгой хэсэг, нүүр хэсэгт цохиж зодсон. Н-ыг бол ихэвчлэн би зодсон юм. Харин Е- бид хоёрыг Н- болон түүний хажууд байсан залуу Б- нар сандлын хөлөөр толгой нүүргүй цохисон. Тухайн асуудлын улмаас тэр үед миний зүүн талын чихний хойд хэсгээр, дагз хэсгийн зүүн талаараа цус гарч толгой хагарсан байсан. Тэрнээс хойш 7 хоног өнгөрч байгаа тул нээх их гэмтэл шарх илрээгүй. Хамар хавдаж байгаад хэд хоногийн дараа зүгээр болсон. Хоёр талын нүдний зовхины доод хэсгээр жоохон хөхөрсөн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-28 дахь тал/,
16. Хохирогч Х.Е-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр буюу 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр найз болох Р-той тааралдаж бид хоёр гадуур явж хэдэн пиво уусан. Тэгээд орой 22 цаг өнгөрч байхад жоохон бүжиглэх санаатай Думан бааранд очсон. Думанд очиход бүжгийн талбай дээр нь хүмүүс бүжиглэж байсан. Тэр бүжиглэж байсан хүмүүсийн дунд орж бүжиглэж байсан. Тэгж байтал Р- нэг залуучуудтай зодолдож эхэлсэн. Би очоод салгах гэтэл Р-ын зодолдож байсан нөгөө залуус намайг зодож эхэлсэн. Тэгж байтал тэнд байсан зүс таних залуу А- нь ирж салгаж байсан. Тэгэхэд нөгөө Р-ын зодож байсан залуусын нэгийг нь Р- дахин цохиж газар унагаасан. Тэгэхэд тэнд дахин зодоон гараад намайг Р-ын зодож байсан залуугийн хажууд явсан улаан өнгийн саравчтай малгай өмссөн залуу хоёр зодож эхэлсэн. Би тухайн үед зугтаж касс руу явах гэж байхад миний хөлнөөс нөгөө Р-ын цохиж унагаасан залуу нь барьж аваад зууралдаж миний өмдийг доош нь татаж шувталсан. Тэр үед би өмдөө өргөж аваад касс руу зугтаж очиход араас нөгөө Р-ын зодсон хар хөх өнгийн цамц өмссөн залуу гүйж ирээд намайг толгой нүүр хэсэгт цохиход би нүүрээ хоёр гараараа халхалж авсан. Тэгэхэд нөгөө залуу миний нуруу хэсэг рүү цохиж байсан. Намайг цохиж байсан залууг Н-, түүний хажууд хамт явсан улаан өнгийн саравчтай малгай өмссөн залууг Б- гэдэг талаар цагдаагийн байгууллагад ирсний дараа мэдсэн. Тухайн үед намайг кассын хажууд цохисон залууг Н- гэдэг юм байна. Тэр залуу намайг цохиж байхад түүний хажууд Р- ирж түүний нүүрэн тус газар нэг удаа цохисон. Тэр газар дахин зодоон гарсан бөгөөд Р-ын урьд нь цохиж унагаасан Н- гэдэг залуу, түүний хажууд явсан саравчтай улаан малгай өмссөн залуус хоорондоо зодолдсон юм. Намайг улаан малгай өмссөн залуу болох Б- нь хэд хэдэн удаа цохиж байсан. Тухайн үед би тэд нарт нэг их гар хүрч чадаагүй бөгөөд Р-, Н-, Б- нар нэг нэгнийгээ ээлжилж цохисон юм. Тэгж байтал тэнд байсан хүмүүс бид нарыг салгасан бөгөөд Р-ыг улаан малгай өмссөн Б- цохиж түлхэх үед Р- хойшоо унасан. Тэгээд босч ирэхэд дахин улаан малгай өмссөн залуу руу очиход тэр залуу Р-ыг дахин нэг удаа өшиглөж авсан. Тэгэхэд дахин бид нарын хооронд бужигнаан үүсч зодолдсон бөгөөд намайг тэнд байсан Н-, Б- нар хэд хэдэн удаа цохиж авсан. Тэгж байтал тэнд байсан хүмүүс салгаж Думан баарны үүдний амбаар хэсэгт гарсан. Тэгэхэд Р- дотор талаас гарч ирээд Н- гэдэг залууг дахин нэг цохиж тэнд дахин зодоон болсон. Тэнд байсан хүмүүс бид нарыг салгаж авсан бөгөөд Р- бид хоёр гадаа гарсан. Гадаа гараад хоорондоо “очиж тэр залуустай учраа ольё” гэж бодоод Думан баарны үүдний хэсэгт дахин ороход Н- Б- нар гартаа байсан модоор эхэлж орсон Р-ыг толгойг цохиж байсан. Араас нь орсон намайг ч гэсэн Н-, Б- хоёр гартаа модоор нүүр нүдгүй цохиж эхэлсэн. Тэгэхэд Р- гадаа зугтаж гарсан ба намайг Н- Б- нар гартаа байсан модоор цохиж байхад би газар унахад ч гэсэн миний нүүр, толгой руу модоор тэр хоёр цохисон. Би өөрийн нүүр толгойг хамгаалж хэвтсэн бөгөөд намайг тэр хоёр хэд хэдэн удаа модоор цохиж байснаа больсон. Тэгээд би толгойгоо өргөөд сууж байхад тэнд байсан Н- гэдэг залуу гадаа гарсан байсан ба дахин орж ирээд миний нүүрэн тус газар нэг өшиглөсөн. Тэгээд цагдаа нар ирж байна гэсэн бөгөөд цагдаа нар ирээд Б- нарыг авч яваад Р- бид хоёрыг үлдээгээд явсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
17. Гэрч Х.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн үед М.Н-ын гэрээс хоол идэж аваад "Думан” бааранд очсон. Думанд очоод хувцсаа тайлаад шууд бүжиглэж эхэлсэн. Бүжгийн талбай дээр бүжиглэж байсан нэг залуу М.Н-ыг ирж мөргөсөн. Тэр үед М.Н- нөгөө залууг түлхэж явуулсан. Тэгэхэд дахин ирж шүргэж мөргөсөн. Тэр үед М.Н- дахин түлхсэн. Тухайн үед хар өнгийн савхин куртик өмссөн нэг залуу ирж М.Н-ыг хувцаснаас татахад М.Н- түүнийг цохих шиг болсон. Эсвэл тэр залуу цохисон уу? тэнд шууд зодоон эхэлсэн. Тухайн үед М.Н-, түүний эхнэр Жанар, бас нэг залуу байсан. Тэр залууг танихгүй. Тэгээд зодоон бүжгийн талбай дээр эхэлсэн. Тухайн үед М.Н- тэнд ухаан алдсан. Тухайн үед бүжгийн талбайн гэрлүүд асаж байсан тул сайн харагдахгүй байсан. Тэгээд М.Н- бүжгийн талбайгаас босоод хажууд нь байгаа саравчтай малгай өмссөн залуугийн хамт хоёр залуутай зодолдож эхэлсэн. Тэр үед тэд нар нэг нэгнийгээ зодож байсан. Тухайн үед би тэр хавьд байгаагүй ба дараа нь тэд нар Думаны үүдний хэсэгт гарах үед араас нь очсон. Тухайн үед тэнд байсан хүмүүс тэднийг салгаад нөгөө М.Н- нартай зодолдож байсан хоёр залууг гадагшаа гаргачихсан. Тэгэхэд М.Н- очоод буланд байсан нэг модон сандлыг авч шаланд цохиж хагалж хажууд байсан залуу ч гэсэн тэр сандлын хагархайнаас авч халаасандаа хийсэн. Тэгж байтал нөгөө залуучуудын хар өнгийн савхин куртик өмссөн нь ороод ирсэн. Тэр үед М.Н- хажууд байдаг улаан өнгийн саравчтай малгай өмссөн залуу хоёр нөгөө залууг шууд нүүр, толгойгүй гартаа байсан модоор цохиж эхэлсэн. Тэгэхэд араас нь нөгөө хар савхи өмссөн залуугийн хамт явсан махлаг залуу орж ирэхэд түүнийг ч гэсэн газарт унатал нь модоор цохисон юм. Тэр залуу шаланд хэвтчихсэн. Тухайн үед би М.Н- болон түүний хажууд байсан залууд та нар хүн зодохоо болиоч тэгж хүн зодож болохгүй одоо цагдаа ирнэ гэж хэлсэн. Тэгэхэд тэр залуус ерөөсөө хүч өгөөгүй. Тэгж байтал цагдаа ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
18. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е-ын 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 312 дугаартай “...Ж.Р-ын биед зүүн чих, баруун гарын долоовор хуруунд шалбарсан шархтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 50-51 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт.
19. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
20. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлсон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
21. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 12 дугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
22. Шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь хохирогчийн дээрх хуулиар баталгаажуулсан эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, цохиж, өшиглөн, түүний биед зүүн чих, баруун гарын долоовор хуруунд шалбарсан шархтай гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул тэднийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
23. Хохирогч Ж.Р-ын эрүүл мэндэд учирсан “биед зүүн чих, баруун гарын долоовор хуруунд шалбарсан шарх” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч М.Н-, М.Б- нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх ба шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
24. Иймд шүүгдэгч М.Н-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй.
25. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, гудамж талбай, олон нийтийн газар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хангалтгүй нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж шүүх дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
26. Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
27. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ж.Р- /нас барсан/-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч Ж.Р- /нас барсан/, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Б- нараас хохирол, хор уршигтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар.
28. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас: “Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрт нь 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” дүгнэлтийг,
29. Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс: “Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчаас санал болгосон 340 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг багасгаж 300 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,
30. “Шүүгдэгч М.Н-, М.Б- нараас: “Зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргасан болно.
31. Шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
33. Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримт болон хэрэгт авагдсан шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-, М.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
34. Шүүгдэгч М.Б- нь хувийн байдлын хувьд урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, шүүгдэгч М.Н- нь хувийн байдлын хувьд урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЦТ/137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссэн болох нь тогтоогдож байна. /хавтаст хэргийн 136-140 дэх тал/
35. Иймд шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Н-, М.Б- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нарын хүсэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-ыг 3 /гурван/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч М.Б-ийг 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Н-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэр бүлийн байдал, гэм бурууд тохирсон бөгөөд түүнийг цээрлүүлэх болон нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
36. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа:
Эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад тодорхой газар очихыг хориглох;
Эрх бүхий байгууллагын хяналтад шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх;
Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр зорчих гэсэн үүргүүдээс нэгийг, эсхүл хэд хэдийг сонгож хүлээлгэхээр хуульчилжээ.
37. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сум болон Улаанхус сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэхээр тогтов.
38. Тодруулбал, шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээнд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлснээс хойш хугацаанд Баян-Өлгий аймгийн Өлгий сум болон Улаанхус сумын нутгаас оршин суух газраа өөрчлөх бол, мөн хаа нэгтээ зорчих бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хяналт тавьж буй албанаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай бөгөөд хэрэв ажил хөдөлмөр эрхлэхээр болсон тохиолдолд ажил гэр хоорондын зорчих хөдөлгөөний зөвшөөрлийг авсан байх үүргийг хүлээнэ.
39. Хэрэв шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулах нь зүйтэй.
40. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.
41. Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь баривчлагдаж, цагдан хоригдоогүй, тэдний хувийн бичиг баримт ирээгүй, энэ хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, энэ хэрэгт нэгтгэсэн болон энэ хэргээс тусгаарласан хэрэг байхгүй болохыг дурдаж байна.
42. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
43. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ийн Б-, Х овогт М-ийн Н- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч М.Б-т 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч М.Н-, М.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сум болон Улаанхус сумын нутаг дэвсгэрээс буюу өөрийн оршин суугаа газраас явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-, М.Б- нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн Арван наймдугаар бүлэгт заасан журмаар гүйцэтгэх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч М.Н-, М.Б- нараас гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
8. Шүүгдэгч М.Н-, М.Б- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ А.ДАУРЕНБЕК