Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/151

 

 

2024        04          08                                          2024/ШЦТ/151

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Г.А

Хохирогч Д.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа

Шүүгдэгч Б.Ла нарыг оролцуулан хийж Орхон аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Лад холбогдох эрүүгийн 2325002320370 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токарьчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5 ээж, хүүхдүүдийн хамт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ..........тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овогт Б Ла /регистрийн дугаар: /00000000/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ла нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 9-1 а тоот хаягт байрлах блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан агуулахад нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулан хулгайлах гэмт хэрэгт холбогдож Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

                           

ТОДОРХОЙЛОХ нь:

      1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

       Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:.

  -шүүгдэгч Б.Лагийн мэдүүлсэн: 2023 оны 5 сарын 26-нд Б ирээд “блокны зуурагч машин янзлалцаж өгөөч” гэсэн. 2-3 хоног янзалсан, дуусаагүй байсан. Тэгээд тэр өдөр 2-3 хүн ирж архи ууцгаасан.Тэгээд Бын машиныг би бариад хороолол явж байгаад нэг машин шүргээд, Б надад” журмын хашаа руу аваад явж мэднэ, дунд хайрцагнаас юмнуудаа авчих” гэсэн тул би аваад кармандаа хийсэн. Тэгээд надад түлхүүрээ үлдээгээд чи ирж байгаарай гэсэн. Би архи уугаад тасраад хамаг юмыг нь алдсан. Үйлдлээ сайн санахгүй гэх мэдүүлэг,

          -хохирогч Д.Бын мэдүүлсэн: Ла бид нар урдны танил. Би очоод блокны зуурагч машин янзлаад өгөөч гээд 3 хоног хамт ажилласан. Б бас хамт ажилласан. 3 хоног ажилласан, хамт архи уусан. Би хөдөө яваад ирсэн. Лад би түлхүүр өгөөгүй. 1 илүү түлхүүр машины дунд хайрцагт байдаг, алга болсон байсан. Хөдөөнөөс ирээд өөрт байсан түлхүүрээр гаражийг онгойлгож ороход хамаг юм алга болсон байсан. Би уг нь Лаг авсан гэж бодоогүй. Юмнуудаа хайгаад төмрийн зах, техникийн захаар явж байхад миний мотор байсан. Тэгээд Лаг хайсан. Моторыг бол 1 хүн өргөж авч явах боломжгүй. Хөдөө явахаас өмнө 3-уулаа архи уугаад хорооллын эцэст машинаа Лад бариулж яваад машин шүргэсэн. Хохирлыг төлсөн гэх мэдүүлэг,

        - 2325002320370 дугаартай эрүүгийн хэргийн прокурорын яллах дүгнэлт түүний хавсралтад заасан:

-хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /хх-ийн 8-10-р тал/

-хохирогч Д.Бын мэдүүлсэн:...Би 2023.05.23-2023.05.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн самбарын ертөнцийн зүгээр урд талд байрлах хаяг тодорхойгүй төмөр хаалгатай, хятад төмөр цоожтой, бетоноор баригдсан гражид Б Ла гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. Тэгээд 2023.05.26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гражаа түгжиж яваад 2023.05.29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн байж цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход 380 вольтоор ажилладаг цемент зуурагчийн мотор 1 ширхэг /2021 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, Кэн брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 170,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 70,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, ком багажны түлхүүр /Орхон аймгийн техникийн захаас 2022 онд 100,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ тус тус алга болсон байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах эрэн хайж техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Ла надад цемент зуурагчийн моторыг авч ирж худалдсан гэсэн мотор нь зэс голтой болохоор зэсийг нь үнэлүүлээд худалдсан байх шиг байсан, яг хэдэн төгрөгт авсныг нь мэдэхгүй байна. Би төмрийн хаягдал авдаг хүнийг танихгүй, харин Лаг таниад байсан. Бусад эд зүйлс нь олдоогүй. Тэгээд би эд зүйлсээ хайж дуусчхаад хорооллын эцсийн шатахуун түгээх станц дээр явж байсан чинь Б Латай тааран чи миний эд зүйлсийг хулгайлан авсан байна, эргүүлээд өгчих гэсэн чинь авахын хувьд авсан, гэхдээ хаана яаж тавьсан гэдгээ санахгүй байна гээд байхаар нь дагуулан явж байсан чинь нэг айлын хашаа руу ороод алга болчихсон, дахиж уулзаж болон холбоо тогтоож чадахгүй байгаа. Б.Ла бид хоёр бага ангидаа нэг ангид хамт суралцаж байсан эртний танилууд байгаа юм, токарчин мэргэжилтэй болохоор ажилдаа туслуулах гээд л тухайн өдрүүд хамт ажилласан. Гэр нь Цагаанчулуут багийн 35-2 тоотод байдаг, холбоо барих утасны дугаар нь 99353115, эхнэр хүүхэдтэй талаар мэдэхгүй байна. өөр зүйл мэдэхгүй. Миний бодлоор алга болсон цоожны түлхүүрийг Б.Ла аваад надад мэдэгдэлгүйгээр нууцаар граж руу нэвтрэн орж миний эзэмшлийг эд зүйлсийг авсан гэж бодож байна, угаасаа өөр түлхүүр надаас өөр хүнд байхгүй байсан. Гомдолтой байна, хуулийн дагуу шийдэж өгнө үү....гэх мэдүүлэг /хх-ийн 13-р тал/

-гэрч Т.Т-ын мэдүүлсэн:.. Б.Ла нь хэзээ билээ миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлд ганцаараа манай хаягдал төмөр худалдан авдаг .............. тоот хаягтай хашаанд ирж жижиг эвдэрсэн мотор авч ирээд моторын гадна талын төмөр болон дотор талд нь байдаг зэс утастай нь надад 17,000 төгрөгт тооцон худалдаж мөнгийг нь өөрөө аваад явсан. Би Б.Лагаас ямар учиртай мотор болох талаар тодруулан асуухад миний өөрийн хэрэглэж байсан мотор байгаа юм, эвдэрсэн болохоор нь ашиглахгүй байсан юм, тэгээд худалдаж байна гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Б.Ла надад мотор худалдахдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй явж байсан. Өөр эд зүйл надад худалдан борлуулаагүй. Б.Лагийн надад зарсан мотор нь жижиг хэмжээтэй, зуурагчид ашиглаж болохуйц, саарал өнгийн төмөр гадаргуутай, эвдэрхий дахиж ашиглаж болохооргүй байсан. Тэгээд хэд хоногийн дараа санагдаж байна, Б.Лад эд зүйлсээ алдсан гээд нэг эрэгтэй хүн түүнийг дагуулан над дээр ирээд зурагчны мотор танд худалдсан уу гэж асуухаар нь худалдсан талаар хэлэхэд дагуулан хашаанаас гараад явсан, тэгээд уг өдрөөс хойш дахиж Б.Латай уулзаагүй. Таны харуулж байгаа Б Ла гэдэг хүнийг зураг нь миний ярьж байгаа хүн мөн байна... гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

-Гэрч О.С-гийн мэдүүлсэн....Д.Б нь манай нөхөр Л.Батмөнх бид хоёрын эзэмшлийн Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 9 дүгээр гудамжны 1а тоот хаягтай 98 мкв гражийг 2023.05.15-ны өдрөөс 2023.06.15-ны өдрийг хүртэлх хугацаанд 1 сарын 300,000 төгрөгөөр блок үйлдвэрлэх зорилгоор түрээслэхэд нь түүнийг таньдаг болсон юм. Д.Б манай гражийг түрээслэхэд ямар нэгэн гэрээ байгуулаагүй бид хоёр ярилцаж тохиролцоод түрээслэх болсон юм. Нөхөр Батмөнхийн нэр дээр л байдаг болохоос бид хоёрын дундын өмч байгаа юм. Хэргийн талаар надад мэдэх зүйл байхгүй. .. гэх мэдүүлэг /хх-ийн 24-р тал/

-Орхон аймгийн Баян-Өндөр сумын .......тоотын үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн №000000000 дугаар улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 26-27-р тал/

-“Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-ОРХ/6874 дугаартай:... Багажны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1,185,000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов гэх дүгнэлт /хх-ийн 32-36-р тал/

-шүүгдэгч Б.Лагийн хохирол төлсөн баримт /хх-ийн 94-р тал/

-шүүгдэгч Б.Лагийн яллагдагчаар мэдүүлсэн:... Тухайн үед надад гаражийн цоожны түлхүүр байсан гэдгийг бол санаж байгаа боловч яг хэзээ хэрхэн яаж орж эд зүйлс авсан гэдгээ санахгүй байна, учир нь архи уухаараа би болсон үйл явдлыг санахгүй эрүүл хүн шиг зүгээр яваад байдаг юм. Тэгээд Д.Бын хамт төмөр худалдан авдаг хүн дээр очиход миний бие моторыг худалдсан гэдгээ мэдсэн.Тийм болохоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 54-р тал/ зэргийг шинжлэн судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Ла нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 9-1 а тоот хаягт байрлах Д.Бын түрээсээр эзэмшиж, блокны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар тоног төхөөрөмжөө хадгалж байсан гаражид  байсан 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд Д.Бын хүсэлтээр хамт ажилласан ба 5 дугаар сарын 26-наас 29-ний хооронд Д.Батбаатарыг хөдөө явсан хойгуур уг гаражид байсан 380 вольтын цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг зөвшөөрөлгүй авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаархи мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Лагийн үйлдлийн улмаас хохирогч Д.Бт 1,185,000 төгрөгийн хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогч Д.Бын... 2023.05.29-ний өдөр би граждаа ирэхэд гражийн хаалганд зүүсэн байж цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гражийн цоожийг нээж дотогш ороход 380 вольтоор ажилладаг цемент зуурагчийн мотор 1 ширхэг /2021 онд хувь хүнээс 500,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, Кэн брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 170,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ жижиг гар төмөр тасдагч 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 70,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, баттерэйтэй гар дрилл 1 ширхэг /Улаанбаатар хотын 100 айлаас 2022 онд 80,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/, ком багажны түлхүүр /Орхон аймгийн техникийн захаас 2022 онд 100,000 төгрөгөөр худалдан авч байсан гэх/ тус тус алга болсон байхаар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах эрэн хайж техникийн зах болон хаягдал төмөр авдаг цэгээс тус тус очин асуухад хаягдал төмөр авдаг хүн нь Ла надад цемент зуурагчийн моторыг авч ирэн худалдсан гэсэн мотор нь зэс голтой болохоор зэсийг нь үнэлүүлээд худалдсан байх шиг байсан, яг хэдэн төгрөгөөр авсанг нь мэдэхгүй байна..... гэх мэдүүлэг, гэрч Т.Төмөрбатын мэдүүлсэн:.. Б.Ла нь хэзээ билээ миний санаж байгаагаар 2023 оны 05 дугаар сарын сүүлд ганцаараа манай хаягдал төмөр худалдан авдаг Цагаанчулуут багийн 1-1 тоот хаягтай хашаанд ирж жижиг эвдэрсэн мотор авч ирээд моторын гадна талын төмөр болон дотор талд нь байдаг зэс утастай нь надад 17,000 төгрөгт тооцон худалдаж мөнгийг нь өөрөө аваад явсан...Өөр эд зүйл надад худалдан борлуулаагүй үйлдэл байхгүй... гэх мэдүүлэг, “Ашид Билгүүн” ХХК-ний 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №ТХҮ-ОРХ/6874 дугаартай:... Багажны зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 05 дугаар сарын байдлаар 1,185,000 /нэг сая нэг зуун наян таван мянга/ төгрөг байх боломжтойг тодорхойлов” гэх дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Лагийн үйлдлийг прокурор зүйлчлэхдээ, гаражид хууль бусаар нэвтэрсэн буюу түлхүүрийг нууцаар авч нэвтэрч хулгайлсан гэж Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

 Шүүх хуралдаанаар хэргийн талаар хэлэлцэхэд, Б.Ла нь уг гаражид байсан моторыг зөвшөөрөлгүй авч хаягдал төмөр худалдаж авдаг цэгт борлуулсан болох нь тогтоогдсон боловч, гаражийн 1ш түлхүүр хэзээ алга болсон, Б.Ла хэзээ хаанаас яаж авсан болох нь тогтоогдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зөрүүтэй байна.

Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад...Би 2023.05.23-2023.05.26-ны өдрийг хүртэлх хугацаанд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн самбарын ертөнцийн зүгээр урд талд байрлах хаяг тодорхойгүй төмөр хаалгатай, хятад төмөр цоожтой, бетоноор баригдсан гаражид Б Ла гэдэг эртний танилын хамтаар зуурагч машины гол төмрийг шайрганд суулгаж зоруулах ажлыг хийж байх явцад гаражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр нь алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон. Тэгээд 2023.05.26-ны өдрийн өглөө 11 цагийн үед гаражаа түгжиж яваад 2023.05.29-ний өдөр би гараждаа ирэхэд гаражийн хаалганд зүүсэн байсан цоож түгжээтэй байсан бөгөөд би өөрт байсан нэг түлхүүрээрээ гаражийн цоожийг нээж дотогш ороход...”гэж, Б.Ла яллагдагчаар:... Тухайн үед надад гаражийн цоожны түлхүүр байсан гэдгийг бол санаж байгаа боловч яг хэзээ хэрхэн яаж орж эд зүйлс авсан гэдгээ санахгүй байна, учир нь архи уухаараа би болсон үйл явдлыг санахгүй эрүүл хүн шиг зүгээр яваад байдаг юм. Тэгээд Д.Бын хамт төмөр худалдан авдаг хүн дээр очиход миний бие моторыг худалдсан гэдгээ мэдсэн...”гэж,

 шүүх хуралдаанд, шүүгдэгч Б.Ла ...Тэгээд тэр өдөр 2-3 хүн ирж гаражид архи ууцгаасан.Тэгээд Бын машиныг би бариад хороолол явж байгаад нэг машин шүргээд, Б надад ”журмын хашаа руу аваад явж мэднэ, дунд хайрцгаас юмнуудаа авчих” гэсэн тул би түлхүүр зэргийг аваад кармандаа хийсэн. Тэгээд надад түлхүүрээ үлдээгээд чи ирж байгаарай гэсэн. Би архи уугаад тасраад хамаг юмыг нь алдсан. Үйлдлээ сайн санахгүй...”гэж,

хохирогч Д.Б: ... 3 хоног хамт ажилласан. Б бас хамт ажилласан, хамт архи уусан. Би хөдөө яваад ирсэн. Лад би түлхүүр өгөөгүй.1 илүү түлхүүр машины дунд хайрцагт байдаг байсан, алга болсон байсан. Хөдөөнөөс ирээд өөрт байсан түлхүүрээр гаражийг онгойлгож ороход хамаг юм алга болсон байсан... Хөдөө явахаас өмнө 3-уулаа архи уугаад хорооллын эцэст машинаа Лад бариулж яваад машин шүргэсэн... гэж тус тус мэдүүлсэн ба,

эдгээр мэдүүлгээр, хохирогч Быг хөдөө явахын урьд өдөр гаражид 3-уулаа архи уугаад, Д.Бын машиныг Б.Ла нь жолоодоод явж байгаад хорооллын эцэст бусдын машиныг шүргэж осол гаргасан гэх шүүгдэгчийн мэдүүлгийг хохирогч үгүйсгэсэнгүй.

Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон энэ нөхцөл байдал нь, хохирогчийн “...гаражийн цоожны илүү байсан нэг ширхэг түлхүүр алга болохоор нь хэсэг тухайн хэсэгт хайж байгаад хаясан юм байх гэж бодоод орхисон...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн “...Тэгээд тэр өдөр 2-3 хүн ирж архи ууцгаасан. Тэгээд Бын машиныг би бариад хороолол явж байгаад нэг машин шүргээд, Б надад” журмын хашаа руу аваад явж мэднэ, дунд хайрцагнаас юмнуудаа авчих” гэсэн тул би түлхүүр зэргийг аваад кармандаа хийсэн. Тэгээд надад түлхүүрээ үлдээгээд чи ирж байгаарай гэсэн...”гэх мэдүүлгүүдийн ноцтой зөрүүтэй байдлыг нотолсон ба зөвхөн хохирогчийн мэдүүлгээр “түлхүүрийг нууцаар авсан” гэж дүгнэх нь хэргийн бодит байдал бүрэн хангалттай нотлох баримтаар нотлогдсон байх хуулийн шаардлага, зарчимд нийцэхгүй байна.

Хэргийн мөрдөн байцаалтаар, түлхүүрийг Б.Ла нь хаанаас, хэдийд, яаж авсныг шалгаж тогтоогоогүй, хохирогчийн мэдүүлгийг шалгах ажиллагааг хийгээгүй, үндэслэлгүйгээр хүндрүүлэн зүйлчилсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж заасныг баримтлан, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

         Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        Шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол...ял шийтгэнэ” гэж заасан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байх тул Б.Лаг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.   

 

Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч нь Б.Ла нь 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс 29-ний өдрийн хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум, Рашаант багийн 9-1 а тоот хаягт агуулахад түлхүүр ашиглан нэвтэрч хохирогч Д.Бын эзэмшлийн 380 вольт цемент зуурагчийн мотор 1 ширхэг, Кен брендийн гар түрдэг хөрөө 1 ширхэг, Кен брендийн жижиг гар төмөр тастагч 1 ширхэг, Кен брендийн баттерэйтэй гар дрилл 1 ширхэг, түлхүүр багажны ком 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,185,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан бусдад төлөх төлбөргүй гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа: Тэр өдөр 3-уулаа архи уугаад аль аль нь согтуу байсан. Лагаар машинаа бариулж яваад хорооллын эцэст бусдын машинтай шүргэлцсэн. Тэгээд машиныг журамлаж магадгүй гээд машины дунд хайрцгаас юмнуудыг ав гэж Б хэлсэн, Ла нь авсан. Энэ талаар Ла мөрдөн байцаалтад мэдүүлж чадаагүй. Архи их уудаг, ярихдаа муу хүн. Б нь түлхүүрээ Лад үлдээгээгүй бол хулгай орсныг мэдээд шууд Цагдаад хандах байсан. Түлхүүрийг хэзээ хаанаас яаж авсныг тогтоогоогүй. Нэвтэрсэн хулгай гэж үзэхгүй, зүйлчлэлийг хөнгөрүүлнэ үү. Хохирлыг бүрэн төлсөн гэж тус тус мэтгэлцсэн.

Өмгөөлөгчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж зааснаар шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай эсэх талаар эргэлзээтэй нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

2.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан,

 -шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг сонгохдоо хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж,

-шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч: 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай  гэж,

-шүүгдэгчийн өмгөөлөгч: 3 хүүхдийн хамт амьдардаг, өрх толгойлсон эцэг. Токарь хийж амьдралаа авч явдаг, Орхон аймгаас гарч ажил хийдэг. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулна уу гэж тус тус санал гаргасан.

 

3.Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

 

Хохирогч Д.Бт учирсан 1,185,000 төгрөгийн хохирол бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

Шүүгдэгч 25 хоног урьдчилан цагдан хоригдсон хоногийг Эрүүгийн хуульд зааснаар цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцон эдлэх ялд оруулан тооцож,100 цагийн ялыг эдлүүлэхээр заалаа.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт Б Лад холбогдуулан Орхон аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-ыг 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Лд оногдуулсан ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч Б.Л-ын цагдан хоригдсон 25 хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас 200 цагийг хасаж, 100 цагийн ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Лад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ