Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/168

 

 

 2024       04          17                                          2024/ШЦТ/168

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал

Улсын яллагч Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эад холбогдох эрүүгийн 2425000000213 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, технологийн инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6 эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум.............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Т ургийн овогт Б-ын Э /РД:00000000/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны гадна хохирогч Г.Бын ...  цагдаагийн албан хаагч ажпаа хийж байхад та боль" гэж хэлсний улмаас маргалдан улмаар хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь"нэг шүдний хугарал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

     1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

       -шүүгдэгч Б.Эын мэдүүлсэн: Яллах дүгнэлтэд бичигдсэн зүйл бүгд үнэн зөв. Гэм буруугаа хүлээж байна. Сайн дураараа хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан гэх мэдүүлэг,

         Прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан:

            -Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 16-р тал/

            -“Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хяналтын камерт” үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17-23-р тал/

-хохирогч Г.Бын мэдүүлсэн:...2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би найз Алтансүхийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Б” бааранд орсон. Манай найз надаас түрүүлээд яваад өгсөн. Баар хаах үеэр харих гээд гадаа гартал нэг цагдаа нэг залууг авч явах гээд байгаа бололтой нөгөөдөх нь эсэргүүцэл үзүүлээд байсан. Тэгэхээр нь би согтуудаа дуугай байхгүй “ахаа та болиоч цагдаа ажлаа хийж байна шүү дээ” гэж хэлээд хүнд нүүр рүүгээ цохиулсан. Намайг цохичхоод зугтаахаар нь би араас нь хөөж очиж барьж авсан. Тэндээ би цохиулсан гэх залуутай зууралдаад цагдаа руу явъя гэж хэлсэн. Тэгээд такси бариад цагдаа дээр ирсэн…Миний урд талын шүд хугарсан. Одоо би Нарру шүдний эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээс асууж тодруулах зүйлгүй, санал хүсэлт алга. Миний зүгээс шүднийхээ эмчилгээний мөнгө төгрөгөө төлүүлнэ. Өөр ямар нэгэн санал хүсэл байхгүй. Миний сэтгэцэд хор уршиг учраагүй, тогтоолгох шаардлагагүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-р тал/

-гэрч М.Бгийн мэдүүлсэн... Би тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон. Тэр үед Эыг Б гэх залууг цохисныг анзаараагүй. Тэр залуу Этай зууралдаад хөөцөлдөөд байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 23-р тал/

-гэрч А.Бийн мэдүүлсэн:. “...Бараан саарал өнгийн куртиктэй залууг хар өнгийн куртиктэй залуу түрүүлээд нүүр лүү нь цохиод авсан. Тэгсэн сэгсгэр үстэй нь залуу нь дундуур нь орж салгаж байсан. Тэгээд цааш ноцолдоод хэн хэнээ л цохиод байх шиг харагдсан. Цааш анхаарч хараа ч үгүй..” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 32-р тал/,

-гэрч Э.Бгийн мэдүүлсэн... 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин багийн нутаг дэвсгэрт ажиллагаа явуулдаг "Б" баарны гадаа хөл хөдөлгөөн ихтэй байна гэх дуудлагын дагуу нэмэлтээр Бадарч, Б, Б бид дөрөв очсон. Тэгсэн тус баарны гадаа гурван залуу зодолдоод ч байгаа юм уу бүү мэд маргалдаж байсан. Сүртэй ч зодоон цохион хийхгүй хэрнээ муудалцаад байсан. Үс нь арай урт гэмээр нэг залуу салгаж байсан. Нөгөө хоёр нь барьцалдаж аваад зууралдаад байсан. Би юу гэж хэлж муудалцаад байгааг анзаараагүй. Намайг харахад хэн хэнийгээ цохиод байсан би яг тодорхой хэлж мэдэхгүй байна. Сүртэй ч нэг нэгнээ цохиогүй...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 34-р тал/,

-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Э.Батбаярын 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 242 дугаартай ... .Г.Бын биед 1 шүдний хугарал, зүүн бугалгад цус хуралт, зүүн гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх нэг шүдний хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээчийн дүгнэлт /хэргийн 39-40-р тал/

-Шүүгдэгч Б.Эын яллагдагчаар мэдүүлсэн...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би уг хэргийн талаар яримааргүй байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Өөр нэмж ярих зүйгүй " гэх мэдүүлэг, /хэргийн 55-р тал/

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 72-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 02 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Б баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Бын "... та цагдаагийн албан хаагч ажлаа хийж байна шүү дээ" гэж хэлснээр шалтаглан хохирогчийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд "нэг шүдний хугарал" бүхий хөнгөн хохирол учруулжээ.   

        Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Б.Эын үйлдлийн улмаас Г.Бын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,

Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.

        Шүүгдэгч Б.Эын хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

       Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй.

      Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хохирлоо төлсөн байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,

     -шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаврыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, хохирол төлсөн гэж тус тус санал дүгнэлт гаргасан.                            

          2.Эрүүгийн хариуцлагын талаар.     

       Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,

         5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

        Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.        

        3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:

       Хохирогч Г.Б нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн, шүүгдэгч хохирогчийн эмчилгээний төлбөрт 600,000 төгрөг төлсөн тухай баримт /хх-ийн 83-р тал/ авагдсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурьдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т ургийн овогт Б-ын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг хуурцгийг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.

6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.АРИУНЦЭЦЭГ