Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 1184

 

 

 

 

 

 

    2020             9             10                                        2020/ДШМ/1184

 

 

 

   Ө.Г-од холбогдох эрүүгийн

       хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Ганзориг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1635 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Ундрахын бичсэн 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаартай эсэргүүцлийг үндэслэн      Ө.Г-од холбогдох эрүүгийн 2008000001009 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигин овгийн Ө.Г, 19.... оны 8 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ........ настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ..................../;

 Ө.Г- нь 2020 оны 5 дугаар сарын 19-ний шөнө 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 43-2 тоот болон гэрт нь хонохоор ирсэн найз Б.М-гийн эзэмшлийн “Samsung S8 plus” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ө.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд хохирогч Б.М- болох гэрч Б.Аздэлгэр, А.Болормаа нар нь шүүгдэгч Ө.Г-той найз нөхдийн харилцаатай. Тухайн өдөр шүүгдэгчийн гэр болох Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 42-2 тоотод согтууруулах ундааны зүйл уусан, маргааш өглөө нь хохирогчийн гар утас олдоогүй гэх шалтгаанаар цагдаа дуудсан үйл баримт тогтоогдлоо. Мөн хохирогч Б.М- мэдүүлэгтээ “...албаны нохойгоор үнэртүүлтэл Ганболдын гэрт байсан чемоданаас нь миний гар утас олдсон юм... миний бодлоор санаатайгаар авч нуусан гэж бодож байна...” гэжээ.

Мөн гэрч Б.Азбилэг мэдүүлэгтээ “... Ө.Г-ын гэр нь нэг давхар өвлийн байшин дундуураа ханан пийшинтэй том өрөөний хэсгийн хойд талын дэлгэгддэг орон дээр Ө.Г- нь Б.М-тай, би газраар А.Болормаатай хамт унтсан” гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. Мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлон тогтоосон байх шаардлагатай. Шүүхээс шүүгдэгч болон хохирогч, гэрч нар тухайн үед ямар хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан, хоорондоо ноцолдож тоглосон эсэх, маргааш өглөө нь буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ямар байдалтай байсан, хохирогч болон шүүгдэгч хоорондоо ямар харилцаатай эсэх, хохирогчийн гар утас цэнэгтэй эсвэл цэнэг нь дуусаад унтарсан эсэх /гар утас олдоход цэнэгтэй байсан эсэх/-ийг тогтоох, гар утас гарч ирсэн гэх цүнх хаана байрлаж байсан эсэх нь гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтооход ач холбогдолтой гэж дүгнэлээ. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийх үндэслэл тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурор Б.Ундрах бичсэн эсэргүүцэлдээ: “... хохирогч Б.М- нь өөрийн гар утсаа Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 43-2 тоотод алга болсон талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн бөгөөд хохирогчийн алдсан эд зүйлсийг захиран зарцуулах эрхгүй этгээд болох Ө.Г- нь авч нуусан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон дуудлага, мэдээллийн дагуу хэргийн газар очсон 24 цагийн жижүүрийн үүрэг гүйцэтгэгч цагдаа Х.Барьмидийн гэрчээр өгсөн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч Ө.Г- нь хохирогчийн эд зүйлийг дур мэдэн авч нуусан, энэ талаар цагдаагийн байгууллагад сайн дураар мэдэгдээгүй, хохирогчийн эд зүйлсийг сайн дурын үндсэн дээр цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгөөгүй, хохирогч хулгайн гэмт хэрэг гарсан талаар цагдаагийн байгууллагад дуудлага өгсний дагуу цагдаагийн алба хаагч албаны нохой ашиглаж хохирогчийн эд зүйлсийг шүүгдэгчийн чемодан дотроос олж авсан, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнэлгээг тогтоолгоход 350.000 төгрөг болсон зэрэг шүүгдэгчийн гэм бурууг нотлох хангалттай баримтууд хэрэгт авагдсан байхад шүүгч нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ямар нэмэлт ажиллагаа хийлгэх нь тодорхойгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор А.Ганзориг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг дэмжиж байна. Архи согтууруулах ундаа хэр хэрэглэсэн байсан эсэх нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Мөн хохирогч, яллагдагч нар дотно харьцаа байхгүй байсан гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар нотлогдсон. Иймд шунахай сэдэлтээр хүний эд зүйлийг нууцаар авсан болох нь тогтоогдсон. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Ө.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурьдсан асуудлаар хязгаарлалгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх “шүүгдэгч Ө.Г-ын хэрэгт шүүгдэгч болон хохирогч, гэрч нар тухайн үед ямар хэмжээний согтууруулах ундааны зүйл уусан, хоорондоо ноцолдож тоглосон эсэх, маргааш өглөө нь буюу 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр ямар байдалтай байсан, хохирогч болон шүүгдэгч хоорондоо ямар харилцаатай эсэх, хохирогчийн гар утас цэнэгтэй эсвэл цэнэг нь дууссаад унтарсан эсэх /гар утас олдоход цэнэгтэй байсан эсэх/-ийг тогтоох, утас гарч ирсэн гэх цүнх хаана байрлаж байсан эсэх нь гэмт хэргийн сэдэл, зорилгыг тогтооход ач холбогдолтой” гэсэн дүгнэлт хийж, шүүгчийн захирамж үйлдэн хэргийг прокурорт буцаасан байна.  

Хэргийг прокурорт буцаасан дээрх шүүгчийн захирамжийг “хүчингүй болгож, тухайн хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх”-ээр давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Учир нь, мөрдөн шалгах ажиллагаагаар Ө.Г-од холбогдох хэрэгт “дуудлагын дагуу очиж албаны үнэрлэгч нохой ашиглан алдагдсан гэх гар утсыг ягаан өнгийн цүнхнээс олсон” талаарх цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудсыг үндэслэн тухайн алба хаагч Х.Барьмидаас гэрчийн мэдүүлэг авч, эд зүйл /гар утас/ түр хураан авч, үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж, хохирогч Б.М-, гэрч Б.Аздэлгэр, А.Болормаа, Д.Болормаа нараас тус тус мэдүүлэг авч, алдагдсан эд хөрөнгийн үнэлгээг эрх бүхий байгууллагаас хийлгүүлж, яллагдагчаар татах тогтоол үйлдэн “үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа” талаар түүнээс мэдүүлэг авах зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулжээ.

Анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Г-ын “гар утсыг хулгайлснаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчийн гар утсыг хулгайлан авах гэсэн санаа зорилго байгаагүй, санамсаргүй чемоданд хийсэн байсан, би мөрдөгчид утас хулгайлаагүй гэхэд битгий худлаа ярь гэхээр нь айсандаа худлаа хэлсэн юм, гар утсыг согтуу байсан болохоор хаана хийсэн байсныг нь санахгүй байсан” гэх зэрэг мэдүүлгийг үндэслэж, шүүгдэгч, хохирогч нарын харьцааны талаар болон гар утас цэнэгтэй байсан эсэх, гар утас олдсон цүнх нь хаана байсан”-ыг мөрдөн шалгах ажиллагаагаар нөхөн гүйцэтгэж шүүхэд хэргийг дахин ирүүлэх талаар дүгнэлт хийж, хэргийг буцаасан нь хэргийн бодит байдлыг тогтооход болон шүүх хэргийг хянан шийдвэрлэж шийдвэр гаргахад нөлөөлөхүйц хэмжээний ач холбогдолтой байж чадахгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах ажиллагаанаас гадна шүүхийн шатанд гүйцэтгэх зохицуулалттайг анхаарч, шүүх хуралдаанаар хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой.

Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Ө.Г-од холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу эцэслэн шийдвэрлэх боломжтой байх тул хэрэгт хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЗ/1635 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Ө.Г-од холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.  

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Ө.Г-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                    Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                                    Б.ЗОРИГ