| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
| Хэргийн индекс | 181/2024/00353/И |
| Дугаар | 001/ХТ2025/00017 |
| Огноо | 2025-01-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2025 оны 01 сарын 07 өдөр
Дугаар 001/ХТ2025/00017
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Батзориг, Н.Баярмаа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01964 дүгээр магадлалтай,
М.С-ын нэхэмжлэлтэй,
“С” ХХК-д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч Ч.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М, хариуцагчийн төлөөлөгч Ч.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч М.С нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч М.С-ыг хариуцагч “С” ХХК-ийн менежерийн ажлын байранд эгүүлэн тогтоож, хариуцагч “С” ХХК-аас дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт нийт 28,696,645 /хорин найман сая зургаан зуун ерэн зургаан мянга зургаан зуун дөчин тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.С-д олгон, хариуцагч “С” ХХК-д нийгмийн даатгалын шимтгэл болон эрүүл мэндийн даатгалын хураамжийн нөхөн бичилт хийхийг даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.С-ын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид нийт 371,633 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01964 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгч Ч.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, мөн хуулийн 172.2.4-д заасан “хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Шүүхүүд нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ илт нэг талыг баримталсан, хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй. маргаанд хамааралтай хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр, магадлал бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангагдсангүй.
4.1.Нотлох баримтуудыг үнэлж дүгнэхдээ хэт нэг талыг баримталсан, хариуцагчийн хариу тайлбар, татгалзалд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй гэх гомдлын тухайд: “С” ХХК-ийн захирлын 2023.11.30-ны өдрийн Т/018 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” гэх үндэслэлээр нэхэмжлэгч М.С-ыг ажлаас чөлөөлсөн.
Компанийн бүтцэд өөрчлөлт орж орон тоо цөөрч байгаа тухайг болон энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөх болсноо нэхэмжлэгч тухайн үед маш сайн мэдэж байсан, үүний улмаас түүнд хохирол учраагүй, хуульд заасан бүх тэтгэмж цалинг бүрэн олгосон нь дараах үйл баримтуудаар тогтоогддог. Үүнд:
1. Компанийн “Бүтэц орон тоо өөрчлөх тухай” Т/017 дугаар тушаал нь 2023.10.02-ны өдөр буюу М.С-ыг ажлаас чөлөөлөхөөс 1 сар гаруйн өмнө гарсан. Холбогдох хүмүүст нөхцөл байдлыг хэлж ойлгуулсан.
2. М.С-той хамт анх ажилд орсон хүмүүс бүгд орон тоо цөөрөх нөхцөл байдал үүссэнийг зөвшөөрч чөлөөлөгдсөн
3. М.С-ын өөрийнх нь хүсэлтийг хүндэтгэж сарын хугацаанд үргэлжлүүлэн ажиллуулахаар тохирч ажиллуулсан,
4. Энэ хугацааны цалин, тэтгэмж бүрэн олгогдсон.
Энэ талаар бид шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан, нэхэмжлэгчийн зүгээс ч эдгээрийг үгүйсгээгүй, “...бүтэц орон тооны өөрчлөлтөөр ажлын байр хасагдсан...” гэж маргаагүй байгааг шүүх анхаараагүй. Холбогдох нотлох баримтууд хэрэгт бүрэн байгаа. Нэхэмжлэгч нь зөвхөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “Ажил олгогч энэ хуулийн ...80.1.1-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй” гэж заасныг үндэслэн “...бичгээр мэдэгдэл өгөлгүйгээр ажлаас халсан...хохироосон ...” гэж маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
Харин хариуцагчийн зүгээс бичгээр мэдэгдээгүй болохыг үгүйсгээгүй ч ажлаас халах нөхцөл үүссэнийг хуульд заасан хугацаанд мэдэгдсэн гэдгээ хангалттай тайлбарлаж, үүнийгээ нотлох үүргээ биелүүлсэн байтал шүүх хариуцагчийн тайлбар, нотлох баримтад ач холбогдол өгөлгүйгээр нэхэмжлэгчийн тайлбарт хэт хөтлөгдөж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “..хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тус тус заасныг зөрчсөн. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “... хариуцагч нь 30-с доошгүй хоногийн өмнө ...бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн болох нь тогтоогдохгүй ...” гэж, давж заалдах шатны шүүх “...хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар бүх ажилтнуудад танилцуулсан, М.С-той уулзаж тайлбарлаж байсан гэх боловч ийнхүү мэдэгдсэн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй”, “...тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлоогүй” гэжээ. Дээрх байдлаар анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар “...бичгээр мэдэгдэх...” хуулийн шаардлагыг биелүүлээгүй гэж, харин давж заалдах шатны шүүх “мэдэгдсэн гэх тайлбараа нотолж чадаагүй” гэж хуулиар тавигдсан шаардлагыг өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгааг хяналтын шатны шүүх анхаарч зөвтгөх нь цаашид анхаарах хууль хэрэглээний чухал асуудал гэж үзнэ.
4.2.Маргаанд хамааралтай хуулийг хэт явцуу байдлаар буруу тайлбарлаж, хууль хэрэглээний алдаа гаргасан гэх гомдлын тухайд: Хариуцагчийн хувьд “...бичгээр мэдэгдээгүй ч мэдэгдсэн болохоо...нотлох шаардлагатай...” гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хууль хэрэглээний хувьд зөв гэж үзэж байгаа юм. /Нотолсоор байтал буруу дүгнэлт хийсэнтэй санал нийлэхгүй/
Мэдэгдэл ямар хэлбэртэй байхыг тодорхойлсон хуулийн энэ заалт биелэгдээгүй нь /бичгээр мэдэгдэл өгөөгүй/ дангаараа тушаалыг хууль бус гэх үндэслэл болохгүй. Орон тоо хасагдсанаас үүссэн үр дагаврыг хариуцагч хэрхэн хангаж ажилласан байдлыг хуулийн шаардлагад нийцүүлэн холбогдох зохицуулалттай уялдуулан маргааны үйл баримтад хамааруулж хэрэглээгүйд гомдолтой байна.
Хууль тогтоогчийн зүгээс ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаас 30-с доошгүй хоногийн өмнө ажилтанд заавал мэдэгдсэн байх зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуульд оруулсан нь ажилтан гэнэт ажилгүй болох эрсдэлийг бий болгохоос сэргийлэх, эрхийг нь хамгаалах зарчмыг баримталсан нь ажилтанд эерэг үр дагавар бүхий зохицуулалт гэдэг нь ойлгомжтой. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагчийг зөвхөн “...бичгээр мэдэгдээгүй, мэдэгдсэнээ нотлоогүй ...” гэх хэт өрөөсгөл дүгнэлт хийхдээ ажил олгогч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалснаас ажилтанд эерэг үр дагавар бий болгосон үгүйг тухайн хуулийн зохицуулалт харилцан шүтэлцээ, логик уялдаа холбоог хуулийн системчлэлийн үүднээс авч үзэн хэрэглэх ёстой байсан.
Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.5-д “энэ хуулийн 80.4-т заасны дагуу мэдэгдэл авсан ажилтнаар ажил үүргийг нь үргэлжлүүлэн гүйцэтгүүлэх шаардлагагүй, эсхүл боломжгүй гэж ажил олгогч үзвэл түүний дундаж цалин хөлснөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах хүртэлх хугацаагаар тооцсон олговор олгож, ажиллуулахгүй байж болно”, 82 дугаар зүйлийн 82.1-д “энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, 82.1.1.-т “тухайн аж ахуйн нэгж, байгууллагад зургаан сараас хоёр жил хүртэл ажилласан бол нэг ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх” гэж тус тус заажээ.
Хариуцагчийн зүгээс энэ хуулийн дагуу тодорхой хугацаанд ажиллуулсан, бүх цалин олговор, тэтгэмжийг нэхэмжлэгчид олгосон, хуульд заасан үүргээ биелүүлсэн, үүнийг шүүх огт анхаарч үзэж, дүгнээгүйг дээр дурдсан. Нэхэмжлэгч хуульд заасан бүх боломжоор хангагдсан, хохирсон зүйл огт байхгүй, харин ч шүүхийн энэ үндэслэлгүй шийдвэрээс болж хариуцагч давхар хохирч байгаа үнэн бодит байдлыг хяналтын шатны шүүх анхааралдаа авна уу. Орон тоо хасагдсан нөхцөл бий болсон гэдгийг шүүхүүд нэгэнт дүгнэсэн атлаа, хуулийг хэт явцуу тайлбарлаж байхгүй ажлын байранд үргэлжлүүлэн ажиллуулахаар, үүгээр ч зогсохгүй ажилгүй байсан бүх хугацааны цалин гэж 28 сая гаруй төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж байгаад гомдолтой байгаагаа дахин илэрхийлж байна.
Иймд хариуцагчийн гомдлыг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
5.Хариуцагчийн төлөөлөгч Ч.О-ын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024.12.27-ны өдрийн 001/ШХТ2025/00001 дүгээр тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч М.С хариуцагч “С” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... 2022.09.28-ны өдөр “С” ХХК-д менежерээр томилогдон ажиллаж байгаад 2023.11.30-ны өдрийн Т/018 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдөж, 2023.12.08-ны өдөр тушаалаа гардан авч, ажлаа хүлээлгэн өгсөн. Ажиллах хугацаанд ямар нэгэн сахилгын зөрчил дутагдал гаргаж байгаагүй, үүргээ биелүүлж, чин сэтгэлээсээ ажилласан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх ёстой. Гэтэл бичгээр мэдэгдээгүй, борлуулалт муу байна гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэгчийг 2023.11.30-ны өдрийн Т/018 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар 2023.12.01-ний өдрөөс менежерийн албан тушаалаас чөлөөлсөн, тушаалыг нэхэмжлэгч 2023.12.08-ны өдөр гардаж авсан талаар зохигч маргаагүй. Тус компанийн гүйцэтгэх захирлын 2023.10.02-ны өдрийн Т/017 дугаар бүтэц, орон тоог өөрчлөх тухай тушаал болон тушаалын 1 дүгээр хавсралтад зааснаар менежерийн ажлын байр хасагдсан ба гүйцэтгэх захирал нь компанийн бүтэц, орон тоог өөрчлөх эрх бүхий этгээд болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг орон тоо хасагдсан үндэслэлээр цуцалж буй тохиолдолд нэхэмжлэгчид энэ тухай 30-с доошгүй хоногийн өмнө бичгээр эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх үүрэгтэй боловч мэдэгдсэн нь тогтоогдоогүй. Иймээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй” гэж дүгнэсэн байна.
10.Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг өөрчилсөн боловч нэхэмжлэлийг хангасан шийдлийг хэвээр үлдээжээ. Давж заалдах шатны шүүх компанийн бүтэц, орон тоонд өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн ажлын байрны орон тоо хасагдсан нь тогтоогдсон, гэвч ажилтанд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг өгсөн болохоо нотлоогүй гэсэн дүгнэлтийг хийжээ.
11.Анхан болон давж заалдах шатны шүүх адил шийдвэр гаргасан хэдий ч зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн үндэслэлд хэрэглэвэл зохих Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасан хэм хэмжээг зөв хэрэглэсэн эсэх талаархи хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлийн хүрээнд хэргийг хянан хэлэлцэв.
12.Хяналтын шатны шүүхээс дараахь дүгнэлтийг хийж шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
13.Хэргийн баримт, зохигчийн тайлбараар нэхэмжлэгч М.С нь хариуцагч “С” ХХК-д 2022.09.28-ны өдрөөс менежерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2023.11.30-ны өдрийн Т/018 дугаар тушаалаар 2023.12.01-ны өдрөөс ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогджээ.
14.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлийг хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2023.10.02-ны өдөр Т/017 дугаар тушаалаар компанийн бүтэц орон тоог өөрчлөх шийдвэр гаргах эрхтэй болох нь тогтоогдоогүй гэж үзсэн, харин давж заалдах шатны шүүх үүнийг үгүйсгэсэн нь зөв боловч хангалттай дүгнэлт хийгээгүй байна.
14.1.Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэлүүдийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-т заасан ба үүнд 80.1.1-д ...ажлын байр хасагдсан нөхцөл хамаарахыг хуульчилжээ.
Ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн байгууллагын зохион байгуулалтын өмнөх бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болсныг ойлгох бөгөөд энэ талаархи шийдвэрийг байгууллагын эрх бүхий этгээд тодорхой үндэслэл, журмын дагуу шийдвэрлэсэн байхыг хууль шаардана.
14.2.Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар энэ хуулийн 62.1-д зааснаас гадна дараахь асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 62.2.11-т заасан “компанийн дүрмээр тогтоосон бусад асуудал” гэсэн зохицуулалтыг үндэслэж хариуцагч “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.О нь бүтэц орон тоог өөрчлөх шийдвэр гаргах эрхгүй гэсэн нь хэрэгт авагдсан баримтыг бүрэн үнэлээгүйгээс дээрх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.
14.3.Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийни 59.1-т “Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна” гэж, мөн зүйлийн 59.2-т “ нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан.
Хэрэгт авагдсан “С” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд тус компани нь нэг хувьцаа эзэмшигчтэй, эцсийн өмчлөгч нь нэг иргэн, гүйцэтгэх захирал Ч.О гэж бүртгэгджээ. Гүйцэтгэх захирал Ч.О-ыг тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч бөгөөд тэрээр эрх бүхий этгээдийн хувьд бүхий л шийдвэрийг гаргадаг гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан, түүний тайлбар нь компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хэргийн бусад баримт болох компанийн орон тоог нэмэгдүүлэх тухай 2022.09.27-ны өдрийн 2022/09/27/01 дугаар тушаал, Ц.Э, М.С нарыг ажилд томилох тухай тушаал, М.С-той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн орон тоог цөөрүүлэх тухай 2023.10.02-ны өдөр Т/017 дугаар тушаал зэргээр тогтоогдсон байна. /хх-2-4, 11, 18-21, 26-28-р тал/
14.4.Иймд Ч.О нь 100 хувийн хувьцаа эзэмшигч тул компанийн бүтэц орон тоог өөрчлөх шийдвэр гаргах эрхийг хуульд зааснаар хэрэгжүүлэх эрх бүхий этгээд мөн.
15.”С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.О нь 2022.09.27-ны өдрийн 2022/09/27/01 дугаар тушаалаар тус компанийн өмнөх орон тоог нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, ерөнхий захирал, менежерийн..: ажлын байрны орон тоог шинээр бий болгож тус компани нийт 14 ажилтантай байхаар баталж, улмаар өөрөө ерөнхий захирлын орон тоонд ажиллах, гүйцэтгэх захирлаар Ц.Э-ыг, менежерээр М.С-ыг ажиллуулахаар томилж тушаал гаргасан, хожим нь 2023.10.02-ны өдөр Т/017 дугаар тушаалаар компанийн бүтэц, орон тоог өөрчилж ерөнхий захирлын болон менежерийн... ажлын байрыг хасч, нийт 11 ажилтантай байхаар тогтсон, Ц.Э 2023.09.26-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарах өргөдөл өгсөн, түүний хүсэлтийг үндэслэн 2023.09.30-ны өдрөөс ажлаас чөлөөлсөн, эдгээр баримт хэрэгт авагджээ.
Мөн хариуцагчаас 2022 онд тус компани 13.952 тн буюу 47,3 сая төгрөгийн дизелийн түлш борлуулсан, 2023 онд 8.313 тн буюу 26,7 сая төгрөгийн дизелийн түлш борлуулсан нь борлуулалт 40 хувиар буурсан, үүнээс гол харилцагч “Ш” ХК-д 2022 онд 8.386 тн-г нийлүүлсэн бол 2023 онд 4,549 тн-г нийлүүлсэн гэсэн тооцоолол баримтыг гаргасан нь хэрэгт авагдсан байна.
Дээр дурдсан баримтуудыг нэхэмжлэгч няцаагаагүй байна.
Эдгээрээс, компанийн эрх бүхий этгээд тодорхой бодит нөхцөл, шалтгааны улмаас шинээр нэмсэн ерөнхий захирлын болон менежерийн ажлын байрны орон тоог хассан гэж дүгнэх үндэслэлтэй.
16.Түүнчлэн, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлийг тухайн компанийн бүтцээс ажлын байрны орон тоо хасагдсан үндэслэлээр ажилтанг ажлаас чөлөөлөх бол энэ тухай мэдэгдлийг ажил олгогч 30 хоногийн өмнө бичгээр болон цахим хэлбэрээр өгөх үүрэгтэй тухай хуулийн зохицуулалтыг хариуцагч зөрчсөн, мэдэгдсэн гэх боловч энэ тайлбараа нотлоогүй гэж үзсэн байна.
16.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т “ ...80.1.1...-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заажээ.
16.2.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... бичгээр мэдэгдээгүй, борлуулалт муу байна гэсэн шалтгаанаар удирдлага дуудаж ажлаас халсан...” гэж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “... хариуцагч нь 30 хоногийн өмнө мэдэгдэх буюу бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулж авах ёстой, энэ мэдэгдээгүй гэсэн маргаангүй асуудал дээр шүүх дүгнэлт хийх эрхгүй” гэсэн, хариуцагч “...нэхэмжлэгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар бичгээр мэдэгдэл өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч байна, тодорхой нөхцөл байдал үүссэний улмаас компанийн шинээр нэмсэн орон тоог хасч цаашид ажиллуулах боломжгүй болсон, энэ нөхцөл байдлыг нэхэмжлэгч мэдсэн, түүнтэй энэ талаар ярьж ойлголцсон...” гэж зохигч мэтгэлцсэн.
16.3.Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасан ажлын байр хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөх тохиолдолд ажилтанд энэ тухайгаа 30 хоногийн өмнө мэдэгдэх тухай үүрэгжүүлсэн зохицуулалт нь ажилтан өөрийгөө ажлаас чөлөөлөгдөх болж буйг урьдчилан мэдэж, дараагийн ажил олох боломж нөхцөлийг олгох зорилготой.
Хуульд мэдэгдэх үүргийг хэлбэрийн хувьд бичгээр эсхүл цахимаар гэж заасан, энэхүү хэлбэрийн шаардлагыг хариуцагч зөрчсөн боловч тухайн компанид бодитоор орон тоо хасах үндэслэл бүрдэн, эрх бүхий этгээд шийдвэр гаргаж, энэ талаар амаар, эсхүл бодит нөхцөл байдлаас ажилтан лавтай мэдсэн тохиолдолд гагцхүү мэдэгдэх хэлбэрийн шаардлагыг хангаагүй нь орон тоо бодитоор байхгүй байгаа байгууллагад ажилтанг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн авах үүргийг хүлээлгэх үндэслэл болохгүй юм.
Зохигчийн мэтгэлцээн, үйл явдал өрнөсөн нөхцөл байдлаас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх тухай бичгээр мэдэгдээгүй боловч нэхэмжлэгч орон тоо цөөрөх болсон шалтгаан нөхцөл, ажлын байр хасагдаж байгааг мэдсэн гэж үзэхээр байна.
17.Дээр дурдсан дүгнэлтүүдээс үзвэл хариуцагч “С” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал Ч.С нь тодорхой үндэслэл шалтгаанаар компанийн бүтцэд шинээр орон тоо бий болгосон, үүссэн бодит нөхцөл байдлаас орон тоог буцаан цөөрүүлсэн байх бөгөөд уг шийдвэрийг 2023.10.02-ны өдөр гаргасан боловч хэрэгжүүлж, нэхэмжлэгчийг шууд ажилгүй болгохгүйгээр 2 сар цалинтай ажиллуулж, 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгож, ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасныг зөрчөөгүй.
Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь хуульд харшлахгүй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2024/03127 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 210/МА2024/01964 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “С” ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд өмнө авч байсан цалин, хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, нөхөн бичилт хийлгэхийг хүссэн М.С-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК нь 2024.12.10-ны өдөр төлсөн 371,633 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАЯРМАА
Х.ЭРДЭНЭСУВД