Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 128/ШШ2017/766

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: С ХХК /РД:

Хариуцагч: Ашигт малтмал газрын тосны газар, Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч дарга, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаар ...., .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, дугаар ...., .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Г нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Манай компани нь Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Дагналтай нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын XV-.... тоот тусгай зөвшөөрлийг 2002 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс, Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт орших Шар усны булаг нэртэй газарт XV-.... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2002 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш тус тус эзэмшиж, дээрх талбайнуудад олон сая төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий хайгуулын ажил хийж, нөөцийг тогтоосон билээ.

Гэтэл ашигт малтмалын газар манай компанийн эзэмшиж байсан XV-.... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дуусгавар болсон хэмээн 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, XV-.... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 09 дүгээс сарын 13-ны өдөр дуусгавар болсон хэмээн 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус бүртгэж, тусгай зөвшөөрлүүдийн эрхийг бүртгэж хүчин төгөлдөр бус болгосон бөгөөд Ашиг малтмал, газрын тосны газраас 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн2/.... тоот шийдвэрээр тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхээс татгалзсан хариу өгсөн.

Манай компани 2002 оноос 2009 оны хооронд хийсэн хайгуулын ажлуудын тайлангаа нэгтгэж, улмаар 2009 оны 06 дугаар сард Хайгуулын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулж, нөөцөө Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын тушаалаар улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, тайлангаа Геологийн фондод тушаасан байдаг.

Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй. гэж заасны дагуу өөрийн ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд буюу 2009 оны 08 дугаар сард ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан тул хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тодорхойгүй хугацаагаар шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу хэлсэн.

Бидний зүгээс хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжгүй нөхцөл байдал бий болсон тул тусгай зөвшөөрлүүдийнхээ хүчин төгөлдөр байдлаа хадгалах үүднээс Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл, шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах саналыг Уул уурхайн хэлтэст гаргасан боловч бичгээр хариу өгөхгүй байсан тул Уул уурхайн хэлтсийн дарга С.Б уулзахад хуулийн үйлчлэлд хамрагдсан компаниудын хувьд Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах болон Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломж одоогоор байхгүй байна, дээд шатны байгууллагаас ийм чиглэл ирсэн, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг хангах үүднээс Засгийн газрын холбогдох тогтоолууд гарна гэсэн хариу өгсөн.

2010, 2011 онуудад, мөн 2013 оны 06 дугаар сард тус тус Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээ байгуулах хүсэлтээ Уул, уурхайн хэлтэст удаа дараа өгч, уулзаж байсан боловч эхлээд танайхтай ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжтой, гэснээ дараа нь танай албан бичгүүд олдохгүй байна гээд шийдээгүй тул арга буюу тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлаа хадгалж үлдэхийн тулд 2014 оны тусгай зөвшөөрлүүдийг төлбөрийг хугацаанд нь төлсөн. Энэ үед Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд тус журмын дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулж, хамтран ажиллахыг хүссэн манай компанийн удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлэж өгөөгүй.

Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-т заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдсан 721 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа манай компанийн XV-...., XV-.... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцсан. Гэтэл XV-...., XV-.... тоот хайгуулын талбайн бүх хэсэгт үйл ажиллагаа явуулахыг хориглож, манай компанийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүр мөсөн хязгаарласан.

Засгийн газрын 2011 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговор олгох журам-ын дагуу төр нөхөн олговор төлөх үүрэгтэй бөгөөд одоо болтол манай компанид нөхөн олговор олгоогүй. Манай компанийн зүгээс Төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрт хүлээцтэй хандаж, нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээхээс өөр аргагүй хүнд нөхцөл байдалд орсон.

2014 оны 07 дугаар сард Ашиг малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж улмаар Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 289 дүгээр тогтоолын хавсралтаар урт нэртэй хуулийн хилийн заагийн солбицлыг шинэчлэн тогтоосноор өмнө нь уг тусгай зөвшөөрлийн хэсэгчлэн давхцалтай байсан талбайн зарим хэсэг нь уг хилийн заагт хамаарахгүй болж үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг авч шийдвэрлэхээр болсон.

Үүний дагуу бид Ашигт малтмалын газрын Уул, уурхайн хэлтэс, Кадастрын хэлтэст удаа дараа хандахад хууль буцаж үйлчлэхгүйгээр батлагдсан, эсхүл танай тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан учраас танай тусгай зөвшөөрлүүдийн талбайн солбицолд өөрчлөлт оруулж, үйл ажиллагаа явуулах эрхийг олгох боломжгүй гэсэн хууль зүйн үндэслэлгүй хариу өгч байсан.

Энэ нөхцөл байдал нь манай компанийн олон жилийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж байгаа бөгөөд бид урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болоод Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй байна, урт нэртэй хуулийн хэрэгжилтийг өөрчлөлт ортол хүлээ гэсэн хариунд үндэслэж өдий болтол хүлээсэн. Манай компанийн хувьд урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлыг төрөөс хадгалах үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг бүхэлд нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад дууссан хэмээн үндэслэлгүйгээр хариу өгч, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг удаа дараа шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас тусгай зөвшөөрлийн эрхээ алдаж, хохирч байна.

2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 109 тоотоор Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Б-д  хандахад Тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа дуусгавар болсон тул тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх боломжгүй байна гэсэн 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 1.... тоот шийдвэр гаргасныг бид Ашигт малтмал, газрын тосны газрын бичиг хэргээс 2017 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсан. Хайгуулын ажлаа хийгээд нөөцөө тогтоочихсон, цаашид хайгуулын үйл ажиллагаа хийх шаардлагагүй, гагцхүү ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч байсан тусгай зөвшөөрөл эзэмшигч манай компанид хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулахаар өргөдөл гаргаж, төлбөр төлөх үндэслэл, шаардлага байхгүй юм. Ийм байтал манай компанийн тусгай зөвшөөрлүүдийн эрхийг дуусгавар болгож, залруулахаас татгалзаж байгаа нь манай компанид туйлын хүндээр тусаж байна.

Манай компанийн эзэмшиж байсан XV-...., XV-.... тоот хайгуулын талбайнуудад хийгдэх хайгуулын ажил аль эрт 2009 онд дуусаж, мөн оны 06 дугаар сард нөөцийн тайлангаа батлуулсан. Төрөөс тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр гэж төлөхгүй байгаа хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байсаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон хэмээн сэргээхээс татгалзаж байгаа нь дээрх хайгуулын талбайд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж нөөцийг тогтоон, ашиглахад бэлэн болгосон манай компанийг энэ олон жил гаргасан зардлаа нөхөж чадахгүй маш хүнд нөхцөл байдалд оруулж, наад захын төрөөс олгох нөхөн олговор авах боломжийг хязгаарласан шийдвэр боллоо.

Хэрэв хуулийн хугацаанд нь нөхөн олговрыг олгоод тусгай зөвшөөрлийг цуцалсан эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг цаг тухайд нь шийдвэрлэсэн бол одоогийн энэ нөхцөл байдал үүсэхгүй бай байсан. Ашиглалтын тусгай зөвшөөрөл авах талаарх хуульд заасан бүх болзол шаардлагаа хангасан манай компанид ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгохгүй байсаар тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлыг дуусгавар болгон бүртгэсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газар өөрсдийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас манай компанийг хохироож, тусгай зөвшөөрлүүдийг сэргээхээс татгалзаж байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... шийдвэрт гомдолтой байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, манай компанийн эзэмшиж байсан ашигт малтмалын XV-....,XV-.... тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн асуудал хариуцсан орлогч даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрх хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэх үндэслэлээр дуусгавар болсон тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хугацааг сунгуулах замаар тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлд Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах асуудлыг Төрийн захиргааны байгууллага харьяалан шийдвэрлэхээр заасан бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Төрийн захиргааны байгууллагын ... кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13-11.1.23-т заасан асуудлыг эрхэлнэ, гээд 11.1.14.хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих; 11.1.6. ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэхээр заасан байна.

Манай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эрх хэмжээ хуулиар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст харьяалагдаж байх тул Кадастрын хэлтсийг хамтран хариуцагчаар татаж, С ХХК-ийн эзэмшиж байсан XV-...., XV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж, эрхийг сэргээхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ... С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах гэжээ.

Дээрх тусгай зөвшөөрлүүд нь Монгол Улсын Их Хурдаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль, түүнд нийцүүлэн Засгийн газраас баталж мөрдүүлсэн ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хилийн заагтай хэсэгчлэн давхцаж, үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална, 56.1.3 дахь хэсэгт хайгуулын ...талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж заасны дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцсоны үндсэн дээр нөхөх олговрыг бүрэн төлсөн тохиолдолд л хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлүүдийг захиргааны байгууллага цуцлах үүрэгтэй.

Харин нөхөх олговрын талаар төрөөс тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тохиролцож чадаагүй (нөхөх олговрын хэмжээг тусгай зөвшөөрөл эзэмшигч үндэслэлгүйгээр хүлээн зөвшөөрөөгүй гэх мэтээр ямар нэгэн байдлаар тохиролцоонд хүрээгүй) эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч нөхөн олговор авахгүйгээр талбайг дахин ашиглах боломжтой болтол тусгай зөвшөөрлөө хүчин төгөлдөр хадгалж үлдэхийг хүссэн бол төрөөс тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах нь хууль болоод шударга ёсонд нийцнэ.

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болох харилцаа нь тухайн тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг тоолох замаар үүсэх ба хугацааг тоолохдоо тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлөө хуульд заасны дагуу эзэмшиж, ашиглаж чадаж байгаа эсэх, чадахгүй байгаа бол шалтгааныг нь тодруулж, тэр нь тусгай зөвшөөрөл эзэмшигчээс шалтгаалахгүй хүнд нөхцөл байдал, хүндэтгэн үзэх шалтгаантай бол хугацааг зогсоож, тусгай зөвшөөрлийг хүчин төгөлдөр хэвээр хадгалах нь зүйтэй.

С ХХК-ийн тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаа нь эрх зүйн тодорхойгүй хүнд нөхцөл байдалд байх үед нь тоологдож дууссаны улмаас тусгай зөвшөөрлүүд дуусгавар болсон. Гэтэл энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгаж өгөхийг хүсч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад тус Хэлтсээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр татгалзсан хариу өгсөн нь хууль бус юм.

XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Кадастрын хэлтсийн хариу нь С ХХК-ийн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараах эрх эдэлнэ, 21.1.5. энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах эрхийг зөрчиж, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдсан тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн уг тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасны дагуу олон жил хөрөнгө, хүч зарцуулан хайгуул хийсэн талбайдаа давуу эрхтэйгээр ашиглалтын тусгай зөвшөөрөл олж авч, ашигт малтмал ашиглах боломж /ашиг сонирхол/-ийг хязгаарлаж байгаа юм.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 10.3.4 дэх хэсэгт захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах... гэж заасан байх тул С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, ...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч С ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нямжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Уг тусгай зөвшөөрлүүдийн хамрах талбай нь 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр батлагдсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын холбогдох тогтоолуудаар хориглосон хилийн заагтай хэсэгчлэн давхацсаны улмаас манай компани үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болсон.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараах үндэслэлээр цуцална гээд 56.1.3-д хайгуулын болон уурхайн талбайг энэ хуулийн 13.1.3-т заасны дагуу нөөц болон тусгай хэрэгцээнд авч, эсхүл тухайн талбайд ашигт малтмал хайх, ашиглахыг хуулиар хориглож нөхөх олговрыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бүрэн төлсөн гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, нэгэнт нөхөх олговрыг бүрэн төлсний үндсэн дээр тусгай зөвшөөрлийг цуцлах эрх зүйн харилцаа үүснэ, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө хадгалахыг хүсч байгаа бол тусгай зөвшөөрлийг цуцлах харилцаа үүсэхгүй, харин ч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлыг хадгалах харилцаа үүсэх ёстой.

Гэтэл С ХХК-ийн дээрх тусгай зөвшөөрлүүдийн хугацааг ашигт малтмал хайх, ашиглахыг хориглочихсон байх хугацаанд нь хугацааг тоолон, улмаар дуусгавар болгоод Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу хүчин төгөлдөр байх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр тусгай зөвшөөрлийн хугацааг дуусгавар болгосон байдаг. Үүнтэй холбогдуулан манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хандахад тийнхүү хугацааг сунгахаас татгалзсан шийдвэр гаргасан.

Ашигт малтмалын газраас тусгай зөвшөөрөл олгоод түүнд хугацаа тогтоож байгаа бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу уг тусгай зөвшөөрлийг эзэмшиж, ашиглаж байх үед нь хугацааг тоолохоос бус тусгай зөвшөөрөл эзэмшигчээс үл шалтгаалах нөхцөл байдал байсаар байхад болон тусгай зөвшөөрөл эзэмшигчээс түүний тусгай зөвшөөрлийн талбай нь хориглосон талбайн хилийн заагаас чөлөөлөгдөх үед тэрээр цаашид үргэлжлүүлэн эзэмшиж, ашиглах хүсэлтэй байгаа эсэх саналыг нь харгалзахгүйгээр дуусгавар болгож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-д заасантай нийцэхгүй байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал газрын тосны газар, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-...., ХV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

1.     Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Дагналтай нэртэй газар орших 2342 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулынXV-.... дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 633 дугаар шийдвэрээр анх Ц.М ХХК-д олгосон байна.

Ц.М ХХК нь ашигт малтмалын хайгуулын .... дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2004 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 891 дүгээр шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн иргэн Бямбадоржийн Энхтуулд шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

Иргэн Бямбадоржийн Энхтуул нь ашигт малтмалын хайгуулын .... дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 537 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн С ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

2.     Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутаг Шар усны булаг нэртэй газар орших 3252 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийг Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2002 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 633 дугаар шийдвэрээр анх иргэн Ө.Г-д олгосон байна.

Иргэн Ө.Г нь ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2005 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1305 дугаар шийдвэрээр 1601 гектар талбайг буцаан өгч, 1651 гектар талбай үлдсэнийг гэрчилгээний хавсралтад бичиж, тэмдэглэгээ хийсэн байна.

Иргэн Ө.Г нь ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайг хэсэгчлэн буцаан өгөх өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба хянан үзэж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 933 дугаар шийдвэрээр 813 гектар талбайг буцаан өгч 838 гектар талбай үлдсэнийг гэрчилгээний хавсралтад бичиж тэмдэглэгээ хийсэн байна.

Иргэн Ө.Г нь ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийг шилжүүлэх өргөдөл гаргасныг Геологи, уул уурхайн кадастрын алба өргөдлийн материалыг Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасан хянан шийдвэрлэх ажиллагааг хийж Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 235 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсгийг үндэслэн С ХХК-д шилжүүлснийг бүртгэж, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийсэн байна.

С ХХК-ийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын XV-.... дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа 2010 оны 09 дүгээр сарын 04-ны өдөр тус тус дуусгавар болсныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 387 тоот шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Геологи, уул уурхайн кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг биелүүлж Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2012 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 269 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл байхаар тооцсон байна.

2009 онд батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 174 дүгээр тогтоолоор хилийн заагийг хэсэгчлэн тогтоож батлан гаргасан бөгөөд уг тогтоолд дурдагдсан 7211 солбицлыг Геологи, уул уурхайн кадастрын мэдээллийн санд бүртгэсэн.

Дээрх солбицлуудыг бүртгэсний дараа шүүж үзэхэд ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхцалтай байсан.

Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 299 дүгээр тогтоолоор батлагдсан Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд нөхөн олговор олгох журмын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө хүсэлтээ ирүүлэх тухай зарыг өдөр тутмын сонин болох Зууны мэдээ сонины 2011 оны 10 дугаар сарын 10/11-ний өдрийн 239/240 дугааруудад, Үндэсний шуудан, Үнэн сонинуудад тус тус нийтэлсэн ба Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ www.mram.gov.mn цахим хуудсанд байрлуулж мэдээлсэн болно.

Гэтэл С ХХК нь нөхөн олговрын журмын 3 дугаар зүйлийн 3.4.2-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газартай давхцалтай тусгай зөвшөөрлийн жагсаалтыг өдөр тутмын хэвлэлд нийтэлснээс хойш 90 хоногийн дотор нөхөн олговор авах тухай хүсэлт гаргаагүй гэсэн заалтын дагуу 2012 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс өмнө ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүд дээрээ нөхөх олговор авах тухай хүсэлтээ хууль, журамд заасан хугацаанд гаргаагүй байна.

Хуулиар хориглосон, хязгаарласан давхцалтай байсан мөн нөхөх олговор авах талаар хууль, журамд заасан хугацаанд албан хүсэлтээ ирүүлээгүй аж ахуйн нэгжүүдийг хэрхэн шийдвэрлэх талаар Ашигт малтмалын газарт ирүүлсэн Сангийн яамны 2012 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 3-2/1458 тоот албан бичигт хүсэлтээ хугацаандаа гаргаагүй аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох үндэслэлгүй болохыг дурдсан байна.

С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-.... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссаныг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын XV-.... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссаныг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус дууссаныг Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1. дэх хэсэгт заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд дуусгавар болгож бүртгэсэн.

Учир нь 2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5. дахь хэсэгт зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байсан бөгөөд дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг тусгай зөвшөөрлүүдийн талбай дээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах, эсвэл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нээлттэй, боломжтой байсан.

Кадастрын хэлтсийн бүртгэлийн Уул уурхайн кадастрын компьютержсэн системд С ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул сэргээн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын .... тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссаныг 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр, ашигт малтмалын хайгуулын .... тоот тусгай зөвшөөрлийн хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр дууссаныг 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр тус тус Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасныг үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн бүртгэлийн санд дуусгавар болгож бүртгэсэн.

Учир нь 2013 онд үйлчилж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д зааснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн нийт хугацаа 9 жил байсан бөгөөд дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө уг зөвшөөрлүүдийн талбай дээрээ Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах, эсхүл Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй, боломжтой байсан.

Кадастрын хэлтсийн бүртгэлийн санд С ХХК-ийн дээрх ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болсон тул сэргээн шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭЛ:

Нэхэмжлэгч С ХХК нь С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ХV-...., ХV-.... дугаартай тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхээс татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн салбарын асуудал хариуцсан орлогч даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот шийдвэрийг хүчингүй болгож, тусгай зөвшөөрлүүдийн эрхийг сэргээхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан.

Улмаар нэхэмжлэгч С ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахыг Кадастрын хэлтэст даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн дугаар .... тоот дүгнэлтийг үндэслэн Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Нөөц хүлээн авч, бүртгэх тухай дугаар 335 тоот тушаалаар С ХХК-ийн ХV-.... тоот болон ХV-.... тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд тодорхой нөөцийг хүлээн авч, ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо, бүртгэлд бүртгэсэн байна.

Нэхэмжлэгч С ХХК нь ХV-.... тоот болон ХV-.... тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн дагуу хайгуулын үйл ажиллагаа явуулж тодорхой хүч, хөрөнгө, зардал гаргаж нөөцөө тогтоолгож, нөөцөө улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дээрх нөөцөө бүртгүүлсэнтэй холбоотой үйл баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч компани нь хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий талбай дээрээ ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, эсхүл ашиглалтын өмнөх гэрээ байгуулах, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа сунгуулах зэрэг ямар нэг хэлбэрээр хайгуулын тусгай зөвшөөрлүүдтэй талбайг цаашид эзэмших, ашиглах хүсэл зоригтой байсан болох нь тогтоогдож байна.

Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 387 дугаар шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн ХV-.... тоот болон ХV-.... тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сэргээж, 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3-д энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах гэж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хуульчилсан байна.

Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусах үед буюу 2013 онд Ашигт малтмалын тухай хуулийн 23 дугаар зүйлийн дагуу ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе, уг үе нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 3 жилээс илүүгүй байх, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах зэрэг хуулийн зохицуулалт үйлчилж байсан ба С ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хүчинтэй хугацаа 2013 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дууссан байх ба тухайн үед үйлчилж байсан хуулийн зохицуулалтын дагуу ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хууль зүйн боломжтой байжээ.

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5 дахь заалтад 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орж хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 2 удаа сунгуулах эрхтэй байсныг 3 удаа сунгуулах эрхтэй болгож өөрчилсөн ба нэхэмжлэгч нь 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа нэг удаа сунгуулах хууль зүйн боломжтой болжээ.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно, 4.3-д Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно гэж хуульчилсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн Хилийн заагийг хэсэгчлэн тогтоох тухай 174 дүгээр тогтоолын хавсралтаар Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн хилийн зааг-ийг баталсан байна.

Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуультай холбогдуулан гарсан Засгийн газрын тогтоолуудаас шалтгаалж нэхэмжлэгч С ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, ашиглалтын өмнөх гэрээ байгуулах, хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаагаа сунгуулах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлж чадаагүй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч С ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ: ...өөрийн ашигт малтмалын хайгуулын XV-...., XV-.... тоот тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байх хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Их Хурлаас 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль батлагдсан тул хуулийн үйлчлэлд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг тодорхойгүй хугацаагаар шийдвэрлэх боломжгүй хэмээн хариу хэлсэн, манай компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай хуулиар хориглосон талбайтай хэсэгчлэн давхацсан, Засгийн газрын 2011 оны 299 дүгээр тогтоолоор батлагдсан нөхөн олговор олгох журмын дагуу төр нөхөн олговор төлөх үүрэгтэй бөгөөд одоо болтол манай компанид нөхөн олговор олгоогүй, манай компанийн зүгээс төрөөс явуулж байгаа бодлого, шийдвэрт хүлээцтэй хандаж, нөхцөл байдал өөрчлөгдөхийг хүлээхээс өөр аргагүй хүнд нөхцөл байдалд орсон, эдгээр нөхцөл байдал нь манай компанийн олон жилийн үйл ажиллагааны үр дүн, хөрөнгө оруулалтыг үнэгүйдүүлж байгаа бөгөөд бид урт нэртэй хуулийн хэрэгжилтээс болоод ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах боломжгүй байна, манай компанийн хувьд урт нэртэй хуульд хамрагдсан тусгай зөвшөөрлүүдийн хүчин төгөлдөр байдлыг төрөөс хадгалах үүргээ биелүүлээгүй, үйл ажиллагаа явуулах эрхийг бүхэлд нь хязгаарлаж, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаагүй байхад дууссан хэмээн үндэслэлгүйгээр хариу өгч, ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг удаа дараа шийдвэрлэлгүй орхигдуулсны улмаас тусгай зөвшөөрлийн эрхээ алдаж, төрөөс тусгай зөвшөөрлийн нөхөн төлбөр гэж төлөхгүй байгаа хэрнээ ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байсаар тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусгавар болсон хэмээн сэргээхээс татгалзаж байгаа нь дээрх хайгуулын талбайд хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулж нөөцийг тогтоон, ашиглахад бэлэн болгосон манай компанийг энэ олон жил гаргасан зардлаа нөхөж чадахгүй маш хүнд нөхцөл байдалд оруулж байна... гэсэн агуулгаар тайлбарлаж байгаа нь үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Мөн Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон уг хуультай холбогдуулан гарсан Засгийн газрын тогтоолуудын улмаас С ХХК-д хүнд нөхцөл байдал үүссэн гэж үзэж Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимаас 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр № ..... тоот Хүнд нөхцөл байдлын гэрчилгээ-г олгосон байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.3, 21.1.5-д заасныг болон 23 дугаар зүйл /тус 23 дугаар зүйлийг 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/-ийн 23.1, 23.2, 23.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж С ХХК-ийн эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын дугаар ...., .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2/.... тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, дугаар ...., .... тоот тусгай зөвшөөрлүүдийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгахыг Ашиг малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б