| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
| Хэргийн индекс | 171/2024/0179/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/181 |
| Огноо | 2024-04-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н. |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/181
2024 04 24 2024/ШЦТ/181
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал
Улсын яллагч Н.Д
Шүүгдэгч Т.Н нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Нид холбогдох эрүүгийн 2425000000216 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, П ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******,*******, ............................ тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Б ургийн овогт Т. Н, регистрийн дугаар:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Н нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын*******ийн ............................ тоотод хамтран амьдрагч, хохирогч Ц.Ныг архи уулаа, оройтож ирлээ гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийг ундааны сав шидсэнд уурлаж 7 хуйлж ороосон сураар нуруу тус газар нь ороолгож эрүүл мэндэд нь “нуруу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хэргийн үйл баримт, нотлогдсон байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
-шүүгдэгч Т.Нийн мэдүүлсэн: Гэм буруугаа хүлээж байна гэх мэдүүлэг
эрүүгийн 2425000000216 дугаартай хэргийн прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
-Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 11-13-р тал/
-Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 16-24-р тал/
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-28-р тал/
-Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 31-33-р тал/
-хохирогч Ц.Нын мэдүүлсэн:...2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 00 цагийн орчимд Орхон аймгийн*******ийн ............................ тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ганцаараа явж орсон. Тэгсэн манай нөхөр Т.Н ганцаараа гэртээ байсан. Ороод нөхөртэйгөө маргалдсан. Учир нь би ууж байсан ундааны сав авч шидсэн чинь урдаас манай нөхөр уурлаад сур аваад нуруу руу шидчихсэн. Тэгсэн хөхрөөд улайчихсан байсан. Би гадуур найз нөхдийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Миний биед учирсан бэртэл гэмтэл юу ч байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-н 36-р тал/
-гэрч Ц.Б-ын мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугаар сарын 23-аас 24-нийг шилжих шөнө “Жагаа байна цагдаа дагуулаад хүрээд ир над руу битгий залгаарай” гэх мессежийг ах Ц.Батбаатар руу явуулсан байсан. Над руу тэр мессежийг нь ах Б явуулсан. Тэгээд би Орхон аймгийн цагдаагийн газрын 7035102 дугаарын утсанд дуудлага мэдээлэл өгчхөөд цагдаа дагуулаад Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уртын гол багт гэрт нь яваад очсон. Тэгсэн манай эгч Н хамтран амьдрагч Нийн хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тал шил архи ширээн дээр нь харагдаж байсан. Гэр орон нь гэж замбараагүй байсан. Энэ суран ташуураар намайг ороолгосон гэж суран ташуур харуулаад уйлаад байсан. Тэгээд хөдөлгөөнтийн хоёр цагдаа Нийг гэрээс нь аваад гарсан... гэх мэдүүлэг /хх-ийн 38-р тал/
-гэрч Б.Б-ын мэдүүлсэн:.. 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед манай дүү Ц.Наас над руу “Ж байна намайг ирээд аваач над руу битгий залгаараа” гэх чат бичсэн. Тэгээд би дүү******* руу тухайн чатыг нь явуулчхаад устгаад хаячихсан. Би тухайн үед ажилтай болохоор Б-ыг очоодох гэж явуулсан. Би тухайн орой уулзаагүй. 2024 оны 02 дугаар сарын 24-ний шөнө жижүүрт гарч байсан. Юунаас болоод яагаад зодуулсан талаар мэдэхгүй байна....гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/
-шинжээч Э.Б-ын мэдүүлсэн:.. Ц.Нын биед үүссэн нуруунд цус хуралт гэмтлүүд нь бүгд нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь цохих цохигдох үед үүсэх боломжтой...Бусад гэмтэл нь дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтэл нь биеийннийт гадаргуугын нэг хувиас их талбайг хамарч байна" гэх мэдүүлэг /хх-ийн 46,48-р тал/
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 244 дугаартай “...Ц.Нын биед нуруу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн алга, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52-р тал/
-Шүүгдэгч Т.Нийн яллагдагчаар мэдүүлсэн... Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум,*******ийн ......тоотод хамтран амьдрагч, хохирогч Ц.Ныг архи уулаа, оройтож ирлээ гэх шалтгаанаар маргалдаж хохирогчийг ундааны сав шидсэнд уурлаж 7 хуйлж ороосон сураар нуруу тус газар нь ороолгож эрүүл мэндэд нь “нуруу, зүүн бугалга, зүүн толгой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…..гэх мэдүүлэг /хх-ийн 61-р тал/
-Эд зүйл, баримт, бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 84-86-р тал/зэргийг нотлох баримтаар судлахад дараах үйл баримт тогтоогдлоо.
Шүүгдэгч Т.Н нь 2024 оны 02 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын*******ийн ............................ тоотод гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч, хохирогч Ц.Ныг “архи уулаа, оройтож ирлээ” гэж шалтаглан маргалдаж хохирогчийг ундааны сав шидсэнд уурлаж 7 хуйлж ороосон сураар нуруу цээжин тус газар нь ороолгож эрүүл мэндэд нь “нуруу, зүүн бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Цагдаагийн газрын гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, яллагдагчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, дээрх үйл баримтын талаарх мэдээллийг агуулсан хэрэгт хамааралтай, хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд хангалттай байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Т.Нийн үйлдлийн улмаас Ц.Нын биед хөнгөн зэргийн гэмтэл хохирол учирсан шууд шалтгаант холбоотой болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж,
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан.
Шүүгдэгч Т.Нийн хүний эрүүл мэндэд санаатай үйлдлээр халдаж хөнгөн зэргийн гэмтэл хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй, нийгэмд аюултай, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж хохирол хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдэл мөн бөгөөд хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Т.Нийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж, прокурорын санал болгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан байх тул хүсэлтийг хүлээн авч 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял санал болгосон гэж,
-шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж: Сайн дураараа гэм буруугаа хүлээж байна. Яллах дүгнэлтийн агуулга, санал болгосон ялын агуулга үр дагаварыг ойлгосон. Мөрдөн шалгах ажиллагаанд миний эрхийг ямар нэг байдлаар зөрчөөгүй, гэж тус тус санал дүгнэлт гаргасан.
2.Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”,
5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасанд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.
3. Хохирол төлбөр, бусад асуудлын тухайд:
Хохирогч Ц.Н нь шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэж шүүхэд мэдэгдсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуйлж ороосон сурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Т-гийн Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нид шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Т.Нид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хуйлж ороосон сурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ