Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2024/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Хосбаяр, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго “шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 400’000 төгрөгөөр торгуулж, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашиныг: 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр  согтуугаар буюу 2.34 хувийн согтолттойгоор;

- 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр согтуугаар буюу 0.35 хувийн согтолттойгоор тус тус жолоодсон нь нотлогдсон” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Жолоочийн согтуурлыг Alcotest багажаар шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас), эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас), Ховд аймгийн Цагдаагийн газрын албан бичгийн хуулбар (хавтаст хэргийн 8 дугаар хуудас), физик-химийн хэмжих хэрэгслийн баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар (хавтаст хэргийн 9 дүгээр хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас), Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримт (хавтаст хэргийн 67 дугаар хуудас), хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын хуулбар (хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас), шүүгдэгч *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 42 дугаар хуудас), Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 13 дугаар хуудас);

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 94 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын гаргасан ам бүлийн тодорхойлолт, *******ын *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, *******ын *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа зэрэг болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 12 дугаар (Цамбагарав) багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ Toyota Allion загварын, 58-01 ХОА улсын дугаартай автомашин жолоодсон нь эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэлийн хуулбар (хавтаст хэргийн 27 дугаар хуудас), шүүгдэгч *******ын холбогдогчоор өгсөн мэдүүлгийн хуулбар (хавтаст хэргийн 28 дугаар хуудас), жолоочийн согтуурлыг шалгасан “амьсгал дахь спиртийн агууламж 2.50 промиль” гэх тэмдэглэлийн хуулбар (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч ******* тухайн үед “B, C, CE” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан нь Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” (хавтаст хэргийн 30 дугаар хуудас) гэх баримтын хуулбараар нотлогдсон байна.

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* шүүгдэгч *******ын дээрх үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар зүйлчлэн, тус заалтад зааснаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400’000 төгрөгөөр торгох, 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах шийтгэл оногдуулсан нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-ны хуулбараар нотлогджээ.

2.2. Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт иргэн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ T.Corolla маркийн ******* ХОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоныг Samsung A52 маркийн утсаар 1 минут 12 секундийн бичлэгтэй” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дугаар хуудас);

- Жолоочийн согтуурлыг шалгасан “...ийн *******ыг Alcotest 7510 багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 2.34 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 6 дугаар хуудас);

-  Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 13 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад согтууруулах ундаа хэрэглэж Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин жолоодсон нь тогтоогджээ.

2.3. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Алтанцэцэг “*******ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин жолоодсон” гэх үйлдэлд эрүүгийн дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тогтоол (хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас) үйлджээ.

Гэтэл шүүгдэгч ******* нь дахин буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад согтууруулах ундаа хэрэглэж Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин жолоодсон болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан “...2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт иргэн ******* нь ******* ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас);

- Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай “...Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн нутаг дэвсгэрт ******* ХОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодож явсныг түр саатуулж” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 66 дугаар хуудас);

- Жолоочийн согтуурлыг шалгасан “...ийн *******ыг Alcotest 7510 багажаар шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 0.35 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдсон” гэх агуулгатай тэмдэглэл (хавтаст хэргийн 65 дугаар хуудас);

-  Цагдаагийн ерөнхий газрын “жолоочийн лавлагаа, мэдээлэл” гэх баримтын хуулбар (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) зэргээр тогтоогдож байна.

2.4. Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго: “шүүгдэгч *******ын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад согтуурсан үедээ Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин жолоодсон” үйлдлийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн ******* дугаартай хэрэг (хавтаст хэргийн 35-37 дугаар хуудас);

- мөн “шүүгдэгч *******ын дахин буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаа дуусаагүй байхад согтуурсан үедээ Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин жолоодсон” үйлдлийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, эрүүгийн дугаартай хэрэг (хавтаст хэргийн 101-103 дугаар хуудас) тус тус үүсгэжээ.

Ховд аймгийн прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонго 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 20 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас)-оор шүүгдэгч *******ын яллагдагчаар татагдсан эрүүгийн ******* дугаартай хэрэгт мөн түүнийг яллагдагчаар татагдсан эрүүгийн дугаартай хэргийг нэгтгэсэн байна.

2.5. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байх бөгөөд уг хугацаа дуусаагүй байхад Ховд аймгийн Жаргалант сумын 5 дугаар (Буянт) багийн нутаг дэвсгэрт Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 2.34 хувийн согтолтойгоор, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0.35 хувийн согтолтойгоор тус тус жолоодсон үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноор жолоочийн анхаарал төвлөрөлт алдагдаж, самбаачлах чадвар буурснаар өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэл нэмэгддэг. Өөрөөр хэлбэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гарах зам тээврийн осол, зөрчил улам нэмэгдэж, улмаар хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учрах хохирол, хор уршгийн хэмжээ нэмэгдэж байгаа тул хууль тогтоогчоос үргэлжилсэн үйлдлээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүний үйлдлийг нийгэмд аюултайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.

3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт тус зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно гэж тодорхойлжээ. Шүүгдэгч ******* Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус жолоодох үед амьсгал дахь спиртийн агууламжийн хэмжээ 0.20 промиль (%)-ээс дээш гарсан тул түүнийг согтуурсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тодорхойлжээ.

Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* шүүгдэгч *******ын “B, C, CE” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай шийтгэлийн хуудас (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас)-аар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хассан байх тул шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “механикжсан тээврийн хэрэгсэл гэж мопедоос бусад, хөдөлгүүрээр тоноглогдсон тээврийн хэрэгслийг ойлгоно” гэж тодорхойлсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт зааснаар “тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно. Шүүгдэгчийн тухай үед жолоодож явсан Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашин нь Эрүүгийн хуульд заасан “тээврийн хэрэгсэл” гэх ойлголтод хамаарч байна.

3.4. Шүүгдэгч *******ын Toyota corolla axio загварын, ******* ХОА улсын дугаартай автомашиныг 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр, 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус тус жолоодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх шинжийг бүрэн хангасан байна.

3.5. Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Энэхүү гэмт хэргийн улмаас хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигддөг буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн аюулгүй байдалд шууд заналхийлдэг сөрөг үр дагавартай гэмт хэрэг юм.

Өөрөөр хэлбэл энэхүү гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учирдаггүй, хохирол, хор уршгийн хэмжээг мөнгөн дүнгээр тооцож, нөхөн төлүүлэх боломжгүй юм. Иймд шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 47 дугаар хуудас), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 52, 94 дүгээр хуудас), шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн өгсөн: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн Засаг даргын гаргасан ам бүлийн тодорхойлолт, *******ын *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, *******ын *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүйн лавлагаа зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдлоо.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  5’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” гэх санал;

- шүүгдэгчийн өмгөөлөгч “...Прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5’000’000 төгрөгөөр торгож, уг ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг дэмжиж байна. 2 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж өгнө үү” гэх агуулгатай санал тус тус гаргажээ.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь  хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар заажээ.

Улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар шүүгдэгчид оногдуулах үндсэн ялын төрөл, хэмжээний хувьд маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тодорхой эрхэлсэн ажилтай, урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа дахин согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5’000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болохоор хуульчилжээ.

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “нийгмийн даатгалаа төлөөд гар дээрээ 1’600’000 төгрөгийн цалин авдаг” гэх агуулгатай тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтууд (хавтаст хэргийн 52, 94 дүгээр хуудас) зэргээр шүүгдэгч нь сард 1’600’000 төгрөгийн орлоготой болох нь нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагч, өмгөөлөгч нарын гаргасан саналыг хангаж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 8 (найман) сарын хугацаанд буюу сар бүр 625’000 (зургаан зуун хорин таван мянган) төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч *******т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) авчээ. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрлөөр болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ургийн овогт ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 5’000 (таван мянган) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5’000’000 (таван сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 625’000 (зургаан зуун хорин таван мянган) төгрөгөөр 8 (найман) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь баривчлагдаагүй, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА