| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2024/0132/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/136 |
| Огноо | 2024-06-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.А |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/136
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга Г.Ууганзул,
улсын яллагч Б.А,
шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э,
шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Г-д холбогдох эрүүгийн 2419000000196 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Т.Г
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Т.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 00 цаг 25 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн Буянт-Ухаа гудамжид ...улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Т.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны шөнө 00 цаг 25 минутад Дорноговь аймгийн Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн Буянт-Ухаа гудамжид ...улсын дугаартай “Nissan Juke” маркийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан байх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодсон үйл баримт тогтоогдож байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 1 ху/, яллагдагч Т.Гын гэрчээр өгсөн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цагийн үед гэртээ ганцаараа байж байхад найз Б ирсэн. Тэгээд Б бид хоёр гэрийн хөргөгчид байсан “Хараа” нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг хувааж ууж дуусгасан...Тэгээд би автомашинаа 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 23 цагийн үед О-ын хашаанаас ...улсын дугаартай “Ниссан Жуке” маркийн автомашинаа Б-ын хамт авчихаад дөнгөж хөдлөөд хашаанаас гараад явж байгаад цагдаатай тааралдаж шалгуулж тээврийн хэрэгслийг журмын хашаанд хийлгүүлсэн” гэсэн мэдүүлэг /хх 6 ху/, зөрчлийн лавлагаа /хх 19 ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 32 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Т.Гын “...Гэм буруугаа ойлгож байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй, ойлгож байгаа. Прокурорын ялын саналыг зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Т.Г-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.
Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Б.Баттулгад танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч Т.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4-д зааснаар шүүгдэгч Т.Г нь ажил сургууль, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Т.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 3 дахь хэсгийн 3.3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Т.Г нь ажил сургууль, оршин суух газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг тогтоож, шүүхээс хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчвөл шүүх шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Т.Гад оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАЙГАЛМАА