Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2021/02583

 

  

 

                                                         

 

 

   

 

 

2021 оны 10 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2021/02583                               Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Лын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Д” ХХК-д холбогдох,

хууль бус эзэмшлээс автомашин болон гар утас гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч С.Л, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Эрдэнэхүү, нарийн бичгийн дарга Б.Бат-Эрхэм нар оролцов.        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 4 сараас “Д” ХХК-д борлуулагчаар ажилд орж, 2021.08.10-ны өдөр хүртэл ажилласан. Тус компани нь энэ өдрөөс намайг ажиллуулаагүй бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан гэх боловч өнөөдрийг хүртэл тушаалыг гардуулж өгөөгүй. Тус компанийн захирал Ганбат нь 2021.08.23-ны өдөр намайг ажил дээр дуудан уулзахад компаниас их хэмжээний мөнгө дутсан, бид чамайг шалгана, мөнгөө төл, машиныхаа түлхүүрийг өг гээд миний эзэмшлийн Субару форестер маркийн 2008 онд үйлдвэрлэгдсэн, 49-65 УБМ улсын дугаартай, хар өнгөтэй автомашин болон Айфон 11 про гар утсыг хураан аваад өнөөдрийг хүртэл буцаан өгөхгүй байгаа тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү. Хариуцагч компани нэхэмжлэгчийн эзэмшлийн автомашин болон гар утсыг хууль бусаар эзэмшилдээ авсан. Хариуцагчаас хариу тайлбар өгөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Гар утасны хувьд Иргэний хуулийн 91 дүгээр зүйлд зааснаар хөдлөх эд хөрөнгө учраас тухайн утсын эзэмшигч нь эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцно. Нэхэмжлэгч гар утсыг худалдан авсан нотлох баримтгүй боловч хариуцагч эзэмшлийн хувьд маргахгүй байна. Надад холбоотой эрүүгийн хэрэг үүсээгүй, би хөдөлмөрийн маргаан гаргаагүй. Тухайн гар утсанд миний болон гэр бүлийн зураг, ID хаяг, хурууны хээ, утасны дугаар, дугаарын сим зэрэг бүгд миний нэр дээр байдаг гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

С.Л нь “Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс автомашин болон гар утас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, шаардлагын үндэслэлээ намайг ажлаас чөлөөлж, их хэмжээний мөнгө дутсан, бид чамайг шалгана гээд хууль бусаар эд хөрөнгийг минь эзэмшилдээ авсан гэж тайлбарлалаа.

 

Хариуцагч нь маргаж татгалзсан тайлбарыг ирүүлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой тайлбар, баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй тул мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.

 

Хэрэгт авагдсан баримтаар Субару форестер маркийн SH5019200 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, хар өнгөтэй тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч 2019.05.23-ны өдөр “Жи эс би капитал” ББСБ-д зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан, нэхэмжлэгч эзэмшиж, ашиглаж байсан нь 2021.09.07-ны өдрийн 21/1283 дугаар албан тоотоор нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ гэж, 90 дүгээр зүйлийн 90.1-д хөрөнгийг хууль ёсоор эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэж тодорхойлсноор дээрх эд хөрөнгийн шударга эзэмшигч гэж нэхэмжлэгчийг, шударга бус эзэмшигч гэж хариуцагчийг үзнэ.

 

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгийг буцаан өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.

 

Айфон 11 про гар утсыг эзэмшдэг талаар баримтыг нэхэмжлэгч гаргаж өгөх боломжгүй гэж тайлбарлах ба тухайн гар утсанд нэхэмжлэгчийн болон гэр бүлийн зураг, нэхэмжлэгчийн ID хаяг, хурууны хээ, дугаарын сим зэрэг нэг бүрийн шинжээр тодорхойлж байх тул Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-д зааснаар тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцохоор байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгч тухайн эд хөрөнгийн өмчлөгчийн хувьд хууль ёсны байх, хариуцагчийн эзэмшил нь хууль бус тохиолдолд шаардах эрх үүсэх юм.

 

Уг хэрэгт хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил, өмчлөл хууль ёсны эсэхэд маргаагүй, хариуцагч нь дээрх эд хөрөнгүүдийг хууль ёсоор эзэмшиж байгаа талаар маргаж, баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр С.Лын эзэмшлийн Субару форестер маркийн SH5019200 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, хар өнгөтэй автомашин болон нэхэмжлэгчийн болон гэр бүлийн зураг, нэхэмжлэгчийн ID хаяг, хурууны хээ, хадгалагдсан  дугаарын симтэй, Айфон 11 про маркийн цагаан өнгийн гар утсыг тус тус хариуцагч “Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 225,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1, 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг баримтлан Субару форестер маркийн SH5019200 арлын дугаартай, 2008 онд үйлдвэрлэгдсэн, улсын дугаартай, хар өнгөтэй автомашин болон нэхэмжлэгчийн болон гэр бүлийн зураг, нэхэмжлэгчийн ID хаяг, хурууны хээ, хадгалагдсан  дугаарын симтэй, Айфон 11 про маркийн цагаан өнгийн гар утсыг тус тус “Д” ХХК-ийн хууль бус эзэмшлээс гаргуулан, Лт олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 225,450 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хураамжид 225,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ