Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/137

 

 

 

 

 

   

 

                                

     

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

         улсын яллагч Ц.Ц,

         хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А,

         шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2419000500198 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, С.Б

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт авто зам дээр УАЗ загварын -улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” болон 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах үүргээ зөрчин улмаар замд аюул тулгарсныг мэдсэн даруй тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас Б.Ций эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Б нь 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт авто зам дээр УАЗ загварын ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах үүргээ зөрчин улмаар замд аюул тулгарсныг мэдсэн даруй тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас Б.Ций эрүүл мэндэд зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Агийн “...Намайг 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн орчимд Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 3 дугаар баг өндөр элс гэх газарт байх гэртээ байж байхад нөхөр С.Б над руу залган охин Б.Ц бил хоёр Хөвсгөл сумын Нарийн элс гэх газарт машинтай уначихлаа гэж хэлэхээр нь би гэрээсээ ах Н-ийн хамт машинтай осол болсон газар нь очиход манай хүний жолоодож явсан УАЗ маркийн ...ДГС улсын дугаартай саарал өнгийн машин нь шороон замд хөндлөн машины хамар хэсэг нь зүүн урд зүгт харсан байдалтай зогссон байсан” гэсэн мэдүүлэг /хх 18 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 02/129 дугаартай “...Б.Ций биед зүүн дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх 45-46 ху/, мөрдөгчийн “...С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах зүйл, заалтуудыг зөрчсөн байна гэж үзлээ. Үүнд: 12.1 Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг  харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн магадалгаа /хх 53 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч С.Бгийн “...Гэм буруугаа ойлгож байгаа. Миний буруу. Хальтираад унасан. Зогсоох арга хэмжээ авах боломж байгаагүй. Охин бие нь гайгүй, одоо хичээлдээ явж байгаа. Хэргийн хувьд маргахгүй” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч С.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйл “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, 12.3 дугаар зүйл “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж замын нөхцөл байдалд тохируулан тээврийн хэрэгслийн хурдыг сонгож явах үүргээ зөрчин улмаар замд аюул тулгарсныг мэдсэн даруй тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авна гэж тус тус заасныг тус тус зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч С.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч С.Бд танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч С.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар оногдуулсан 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлж шийдвэрлэлээ.

        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж заасан.

         Иймд шүүгдэгч С.Бд оногдуулсан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолох нь зүйтэй.

          Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч О овогт С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, уг ялаас чөлөөлсүгэй.

         3.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хугацааг тоолсугай.

         5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Б.БАЙГАЛМАА