Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
Хэргийн индекс | 102/2021/01000/И |
Дугаар | 102/ШШ2021/02620 |
Огноо | 2021-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 102/ШШ2021/02620
|
|
|
2021 оны 10 сарын 18 өдөр Дугаар 102/ШШ2021/02620 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Уийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Мод холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 391,725,000 /гурван зуун ерэн нэгэн сая долоон зуун хорин таван мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар, хариуцагч Б.М, нарийн бичгийн дарга Ш.Лхамсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2014 онд үл хөдпөх хөрөнгө зуучлалалын компанийн захирал ажилтай Б.М гэдэг хүнтэй танилцаад өөрийн оффист уулзаад ХУД, 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 97 байр, 907 тоот болон зоорийн давхрын 17 тоот зогсоолын хамт нийт 261.150.000 төгрөгөөр заруулахаар тохиролцсон. Тэгээд 2015 оны 10 сард Б.М надад “Таны байр зарагдахгүй байна, оронд нь дүнзэн хаусууд хурдан зарагдаж байгаа учир би Оросоос дүнз оруулж байгаа, тийм болохоор та энэ байраа Ц.Энхбадрал гэх хүнд шилжүүлчих, энэ хүн бол миний найз, бизнесийн хамтрагч, найдвэртай хүн” гэж хэлээд би утсаар ярьсан байгаа та очоод уулзаж гэрээ байгуулах хэрэгтэй гэсэн. Би Ц.Энхбадралтай гэрээ байгуулах талаар ярилцаж байхад Б.М надтай “Хан-уул дүүргийн 11 хороо Зайсан Ар зайсан гудамж 97 5айр 907 тоот болон зоорийн давхрын 17 тоот зогсоолын хамтаар нийт 261.150.000 төгрөгөөр худалдан авах” нөхцөлтэй 1 жилийн хугацаатай “Хамтран ажиллах гэрээ”-г байгуулахдаа гаражийн хамт 3 өрөө орон сууцыг худалдан авах, төлбөрийн хүү болгож, сонгосон загварын дагуу дүнзэн байшин барьж хүлээлгэн өгөх; Дүнзэн хауз хотхон барих бизнест хөрөнгө оруулж хамтран ажиллах. Тус гэрээний 1.2.2-т зааснаар дүнзэн хаус хотхон барих бизнест хамтран ажиллах тохиолдолд тусгай гэрээ хийхээр тохиролцсон. Би Б.Мод итгэж Ц.Энхбадралын эхнэр Э.Цолмонтой гэрээ байгуулах нөхцөл тавьсан тул түүнийг нь хүлээн авч 2015.10.12-ны өдөр В/907 дугаар “Эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулан төлбөр нь бүрэн төлөгдсөн, үлдэгдэл өр төлбөргүй “1В байр,907 тоот 100,53 мкв 3 өрөө орон сууц, 1В-17 тоот автомашины зогсоол”-ын хамт шилжүүлэн өгсөн. Гэвч би Б.Мтой байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”, түүний хүсэлтээр Э.Цолмонтой байгуулсан “Эрх шилжүүлэх гэрээ” тус бүрийн үр шимийг хүртэж чадаагүй учир 2016.12.01-нд Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулах үед Б.М “261,150,000 төгрөгийг графикаар төлнө” гэсэн “Баталгаа” гаргаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзуулах шийдвэр гаргуулсан бөгөөд 2017.02.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017.04.26-ны өдөр 12,000,000 төгрөгийг төлснөөс өөр ямар нэг төлбөрийг өнөөдрийг хүртэл хийгээгүй байна. Иймд би “Э.Цолмонтой байгуулсан 2015.10.12-ны өдөр 1В/907 тоот “Эрх шилжүүлэх гэрээ”-ээс татгалзаж, орон сууцаа буцаан гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох“ нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний нэхэмжлэл гаргасан боловч “Б.М шүүхэд “хамтран ажиллах гэрээг Б.У эгчтэй байгуулсан. гэрээний дагуу орон сууц, авто зогсоолын төлбөрийг төлөх байсан. Э.Цолмонтой байгуулсан, тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүрэг дуусгавар болсон. Харин Б.Утэй байгуулсан хамтран ажиллах гэрээний үүрэг дуусаагүй, хоорондын тооцоо байгаа, би үүнийг өөрөө төлж дуусгана” гэсэн мэдүүлэг, шүүхээс хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд давж заалдах болон хяналтын гомдол гаргасан боловч анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн. Би 2019 онд Б.М, Э.Цолмон, Ц.Энхбадрал нарт холбогдуулан “Залилах” гэмт хэрэгт шалгуулах талаар Баянзүрх дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн прокурорын газар, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол, нэхэмжлэлийн шаардлага тус тус гарган мөрдөн шалгуулсан боловч 2020.06.26-ны өдрийн хяналтын прокурорын 3631 дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоолоор хаасан. Иймд надтай Б.Мын “Хан-уул дүүрэг, 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 97 байр 907 тоот болон зоорийн давхрын 17 тоот зогсоолын хамтаар 261.150.000 төгрөгөөр худалдан авах” нөхцөлтэй байгуулсан “Хамтран ажиллах гэрээ”-ний 1.3.4-д “орон сууцны үнэ 261,150,000 төгрөг”, 2.1.1,-д “гэрээний 1.2.1-д зааснаар орон сууцыг худалдан авах тохиолдолд төлбөрийг 1 жилийн дараа бүрэн төлж дуусгасан байна, 5.3-д зааснаар “Талуудын хооронд маргаан үүссэн тохиолдолд шүүхэр шийдвэрлүүлнэ”, 4.4-т “Маргааныг эвийн журмаар шийдвэрлэж чадахгүй бол хууль хяналтын байгууллагаар шийдвэрлүүлнэ”, 4.6-д талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй үед нөгөө талдаа дараах торгууль эсхүл алданги төлнө, 4.6.1-д үүргийн гүйцэтгэлийн хожимдуулсан хоног тутам 0,01% алданги төлнө” гэсний дагуу орон сууцны үнэ 261,150,000 төгрөг, алданги 130,575,000 төгрөг, бүгд 391,725,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Би алдангийг авна. Бүтэн 6 жил хохирсон тул 22,000,000 төгрөгөө ч мөн авна гэв.
Хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би тухайн үед үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг байсан. Могул тауны 907 байрнаас гадна 909 байрыг зуучилж зарж борлуулдаг байсан. 907 байрыг яагаад авах санал тавьсан бэ гэхээр нэхэмжлэгчийн гаргасан саналын дагуу байрыг зарах гэтэл хүмүүс машин, байр оролцуулъя гэдэг байсан. Төвийн дулаанд холбогдоогүй, байрны үнэ унаад, тухайн үед би Ар гүнт, Гачууртад дүнзэн байшин барьж байсан. Би нэхэмжлэгчид санал гаргаад, хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус байрыг сонирхож байсан Цолмонд газар, үл хөдлөх хөрөнгө оролцуулаад, бэлэн мөнгө авахгүйгээр бартер солилцоо хийж уг байрыг худалдан борлуулсан. 2015 оноос эхлээд эдийн засгийн хүндрэлд орсон. Бартераар авсан үл хөдлөх хөрөнгөөр өөрийн ажилд хөрөнгө оруулсан. Эдийн засгийн байдал хүнд болж, алдагдалд ороод дампуурч эхэлсэн. 2-3 жил ямар ч орлогогүй болсон. Дүүгээ уучлаарай гэж Д.У эгчид хэлмээр байна. Алданги төлөх боломжгүй, 239,150,000 төгрөгийг төлнө гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Д.У нь Б.Мод холбогдуулан гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн төлбөр 261,150,000 төгрөг, алданги 130,575,000 төгрөг, нийт 391,725,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тул төлбөрийг гаргуулж, анз тооцно гэж, хариуцагч нь өгснөө хасаад үлдэх төлбөрийг зөвшөөрнө, эдийн засгийн байдлаас хамаарч алданги төлөхгүй гэж маргалаа.
Зохигч Хан-Уул дүүрэг, 11 хороо, Зайсан Ар зайсан гудамж, 97 байр, 907 тоот 3 өрөө орон сууц болон автомашины 17 тоот зогсоолын хамт нийт 261,150,000 төгрөгөөр тохиролцон гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох зарчимд нийцсэн, хүсэл зоригоо илэрхийлснээр хэлцэл хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, хөрөнгөө хүлээн авах үүргийг зохицуулсан байна.
Хэдийгээр хамтран ажиллах гэрээ гэж тодорхойлсон боловч нөхцөл, агуулгаас дүгнэхэд талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, худалдагч тал болох нэхэмжлэгч нь худалдан авагч болох хариуцагчийн хэлсний дагуу Э.Цолмонтой гэрээ байгуулан, захиалгын эрхээ шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
Э.Цолмонгоос Б.М нь газар, үл хөдлөх хөрөнгө оролцуулан бартер солилцоо хийж, бартераар авсан үл хөдлөх хөрөнгийг зарж өөрийн ажилд хөрөнгө оруулсан, 239,150,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч маргахгүй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид 2017.02.10-ны өдөр 10,000,000 төгрөг, 2017.04.26-ны өдөр 12,000,000 төгрөг, нийт 22,000,000 төгрөгийг төлсөн байх тул нэхэмжлэгч нь үлдэх төлбөрийг шаардах эрхтэй ба худалдах, худалдан авах гэрээний үндсэн үүрэгт хариуцагчаас 239,150,000 төгрөгийг гаргууллаа.
Талууд уг гэрээний 4.6.1 дэх заалтаар үүргийн гүйцэтгэлийг хожимдуулсан хоног тутамд 0,01 хувийн алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасанд нийцжээ.
Хариуцагч Б.М нь гэрээ байгуулснаас 1 жилийн дараа 2016.10.14-ны өдрөөс үүргээ гүйцэтгэх байсан тул энэ өдрөөс хойш 261,150,000 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр хийсэн 2017.04.26-ны өдрийг хүртэл 261,150,000 төгрөгийн 0,01 хувийн алданги 26,115 төгрөгийг хугацаа хэтрүүлсэн 180 хоногийн алдангид 4,700,000 төгрөг, 2017.04.26-ны өдрөөс 239,150,000 төгрөгийг төлөөгүй байх тул шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл 1460 хоногийн алдангид /239,150,000х0,01х1460/ 34,915,900 төгрөг буюу /4,700,000+34,915,900/ нийт 39,616,600 төгрөгийг алдангид тооцон, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасанд нийцүүлэн 130,575,000 төгрөг гэж тодорхойлж байгаа нь үндэслэлгүй байна. Учир нь тухайн хуулийн зохицуулалтаар анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хэтэрсэн тохиолдолд 50 хувиас хэтрэхгүй байх заалтад нийцүүлэн тооцоолох юм. Гэтэл талуудын тохиролцсон 0,01 хувийн алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрээгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Б.Моос худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд /239,150,000+39,616,600/ нийт 278,766,600 төгрөг гаргуулан, Д.Ут олгож, шаардлагаас үлдэх 112,958,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,116,575 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,551,783 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан Моос худалдах, худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 278,766,600 /хоёр зуун далан найман сая долоон зуун жаран зургаан мянга зургаан зуу/ төгрөг гаргуулан, Ут олгож, шаардлагаас үлдэх 112,958,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 2,116,575 төгрөгийг орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,551,783 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй ба шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ