Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар  2024/ШЦТ/139

 

 

 

 

 

   

 

                                

    

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Байгалмаа даргалж,

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр,

         улсын яллагч Б.А,

         шүүгдэгчийн өмгөөлөгч З.А,

         шүүгдэгч Н.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Од холбогдох эрүүгийн 2419000000214 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

         Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.О

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Н.О нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23 цаг 50 минутын үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газарт хохирогч М.Дтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний хэвлий, зүүн гуя хэсэгт хутгалж, хэвлий гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.О нь 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 23:50 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэр Цагаан толгой гэх газарт хохирогч М.Дтэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүний хэвлий, зүүн гуя хэсэгт хутгалж, хэвлий гуяны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан үйл баримт тогтоогдож байна.

          Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч М.Д-ийн "...О, Г хоёр хоорондоо маргалдаад өөд өөдөөсөө босоод ирэхэд би загнаад хоёр тийш нь холдуулж суулгасан. Тэгтэл Н.О та хоёр намайг эвсэж зодох гэлээ гээд уурлаад байсан. Тэгээд Н.О бид хоёр маргалдаад гэрээс гарсан. Тэгтэл гэрийн гадаа Н.О намайг хэвлий хэсэгт дараа нь зүүн гуя хэсэгт хутгалсан. Тэгэхээр нь би хутгыг авах гээд ноцолдсон. ... надад гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй. Би Н.Оээс хохирлоо барагдуулж авсан" гэсэн мэдүүлэг /хх 17, 68 ху/, гэрч Б.Дашнямын "...нэг сэртэл Н.О ирсэн Д-ийн зүүн гуя, хэвлий хэсэгт хутгалсан байсан” гэсэн мэдүүлэг /хх 12 ху/, гэрч Г.Г-ын “...нэг мэдэхэд М.Д ах хэвлий хэсэгт болон зүүн гуя хэсэгтээ хутгалуулсан байсан. Тэгээд хэн хутгалсан юм бэ гэхэд Н.О хутгалсан гэж М.Д ах хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх 14 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх 3-7 ху/, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан “Н-ийн Н.О ...0,45 хувийн тоон үзүүлэлттэй” гэсэн тэмдэглэл /хх 8 ху/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №02/211 дугаартай “1. М.Д-ийн биед хэвлий, зүүн гуяны шар гэмтэл тогтоогдлоо. 3. Учирсан гэмтэл нь тус бүрдээ болон нийлээд Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх 28 ху/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын “...Тухайн гэмт хэргийн улмаас иргэн М.Д нь эрүүл мэндийн даатгалаас сангаас 314.977 төгрөгийн зардал нь Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 314.977 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг Н.Оээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх 87 ху/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Н.Оийн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрнө. Маргах зүйлгүй, Прокурорын ялыг хүлээн зөвшөөрнө. Хохирол 1.000.000 төгрөгийг төлсөн. Эрүүл мэндийн даатгалын төлбөр 314.977 төгрөгийг төлсөн” гэсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгч Н.Оийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

         Шүүгдэгч Н.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирол төлбөргүй байдал нь хуульд заасан шаардлагыг хангаж байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.Од танилцуулсан зэрэг нь хуульд нийцсэн байна.

           Иймд шүүгдэгч Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.

          Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 1.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нь хохирол төлбөргүй талаар хүсэлтээ ирүүлсэн /хх 121 ху/ тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б овогт Н.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Оийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.О нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

         4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шаргал өнгийн модон иштэй, 25 см-ын урттай хутга 1 ширхгийг шийтгэх тогтол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

         6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрт прокурор, оролцогч энэ хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах журмаар гомдол эсэргүүцэл гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Б.БАЙГАЛМАА